| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0763/Э |
| Дугаар | 012 |
| Огноо | 2020-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 012
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
улсын яллагч Г.Эсэн,
хохирогч Ж.Б,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ш.Бат-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Х овогт М-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910018250813 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар аймаг, Баруун-Урт суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, утас засварчин мэргэжилтэй, хувиараа утас засвар ажлуулдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, урьд нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт М-н Б /РД: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр хохирогч Ж.Б-г амарч байхад нь буюу 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр танилцъя гэж хоргоон, улмаар маргалдаж түүний биед зүүн хөлний тавхайн дээд гадаргуу, долоовор хурууны угийн дээд гадаргуу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Ж.Б: “...2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед салхинд гарахаар 2 хүүхдийн хамт Туул гол дээр очсон. Би хүүхдүүдээ гол руу оруулчихаад сууж байтал энэ залуу ирээд шоудъя гэсэн, шүүгдэгчийг архи уусан байхаар нь юу ч дуугарахгүйгээр сууж байсан байрлалаа өөрчилж суусан. Гэтэл юундаа маяглаад байгаа юм гэхээр нь би тантай танилцахгүй, хүүхэдтэйгээ явж байна, тэнд өөр олон охид, хүүхэн байна, тийшээ яв гэж хэлтэл суугаад байсан. Тэгэхээр нь би байрлалаа дахиад өөрчилж суугаад, би амгалан тайван байж байгаад явмаар байна, би гадаадад олон жил амьдарч байгаад ирсэн, чи ингээд яв гэж хэлтэл битгий хуцаад бай гээд янз бүрийн үг хэлээд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эргээд хартал “цагдаа нар хэрэг илрүүлж чаддаггүй юм, янхан минь, чамайг энд алчихъя” гээд байсан. Тэгээд намайг гол руу чирч оруулахад миний утас хагараад, хөл шалбарсан. Шүүгдэгч цагдаагийн машин ирэхэд зугтаагаад гүйсэн. Миний гар утсан дээр шүүгдэгчийн зугтааж зураг байгаа. Шүүгдэгчийн футволк нь урагдсан, би уурандаа чи эмэгтэй хүний хөлийг ийм болголоо гээд шүүгдэгчийг 2 удаа цохисон. Эмчид үзүүлэхэд та явж болохгүй, хөлний тавхай гэмтсэн байна гэсэн. Би эмчид шүүгдэгчийг 2 удаа цохисон та үзээд өгөөрэй гэхэд, эмч шүүгдэгчид үзлэг хийгээд зүгээр байна гэсэн. Хэрэв тэнд байсан хүмүүс намайг авраагүй байсан бол би үхэх байсан байх. Надтай хамт явж байсан 2 хүүхэд хоёулаа эмэгтэй хүүхэд байсан. Тухайн үед хүүхдүүдийг хүчиндэх байсныг ч үгүйсгэхгүй. Шүүгдэгч намайг усанд живүүлж ална гээд байсан. Би тухайн үед өвдгөндөө гүн шарх авч, хүнд сорвитой болсон. Сорви арилахгүй байгаа, тухайн үед өдөр бүр боолгохгүй л бол идээлдэг байсан. Эмчилгээний зардалд 400,000-500,000 төгрөгийн зардал гарсан. Зуны улиралд орчуулга хийж орлого олох хамгийн орлоготой үе. Гэтэл орчуулагч хүний хувьд мөнгө олдог үеэрээ орчуулга хийж чадаагүй. Би 7 хоногийн орчуулга хийгээгүй мөнгийг нэхэмжилсэн. Би гэрээт орчуулгандаа явж чадаагүй тул 1500 доллар олж чадаагүй. 2,995,000 төгрөг нэхэмжилж байна. Мөн гар утас эвдэрсэн. Намайг гол руу чирээд оруулчихна гэж бодоогүй, цагдаа дуудахаар айгаад холдох байх гэж бодсон. Би нийт 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.
Шүүгдэгч М.Б: “...Би 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр найз Отгонтөгс, Гэрэлт-Од нартай Зайсангийн гүүрэн архи ууж байгаад хохирогч Баярмаатай танилцах гэж очсон. Гэхдээ хохирогчийн хөл, гарыг нь гэмтээгээгүй. Хөлийг нь шалбалсан асуудал байхгүй. Хохирогч өөрөө унаж гэмтсэн, намайг цагдаа нар ирээд машиндаа суулгаад аваад явсан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ж.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн гүүрний доор голын эрэгт сууж байхад 15 цаг 15 минутын орчим үл таних 40-50 орчим насны согтуу, дээгүүрээ цээж нүцгэн эрэгтэй хүн ирээд хөөе янхаан өнөө шөнө жаргая гээд байхаар нь би согтуу хүнтэй юм яриад яахав гээд дуугараагүй, сууж байсан газраасаа жоохон холдсон, тэгтэл араас ирээд чи муу пизда, гичий, янхан гэх зэргээр доромжлоод байхаар нь та тийшээ очоод суучих, хоёр хүүхэд сонслоо, муухай шдээ гэтэл чи муу пизда үхсэндээ үнэд ороод байгаа юм гэхээр нь би өөртэй чинь ярихыг хүсэхгүй байна, та холдоод өг л дөө, би хоёр хүүхэдтэйгээ сайхан амармаар байна гэсэн чинь чи үхсэндээ маяглаад байгаа юм, алцгар хүүхэн гээд байсан. Тэгэхээр нь би ингээд байвал цагдаа дуудахаас өөр арга байхгүй гэж хэлсэн чинь цагдаа яг ирж харагдаач, новшийн цагдаа нар юу ч хийж чаддаггүй гэх зэргээр юм яриад байхаар нь шууд цагдаа дуудсан. Тухайн үед намайг цагдаа дуудсаныг мэдсэн бөгөөд над руу тэр хүн ойртож ирээд ингээд цагдаа дууд, цагдаагийн янхан гээд миний футволкны энгэрээс заамдаад чирээд гол руу орох гээд байсан, би чирэгдээд эсэргүүцсэн бөгөөд чирсээр байгаад гол руу орсон, тэгээд мөрөн дээр дараад чамайг ингээд живүүлээд алчихъя гээд дарсан, би өвдөглөсөн, өвдөг хэсгээрээ чулуунд цохиж шалбарсан, миний зүүн өвдөг шалбарч цус гарсан, тэгээд дахиад энгэрээс заамдаад ус руу дараад байсан, хажуунаас үл таних хүн ирж салгасан. Намайг зодсон хүн зугтах гэхээр нь намайг салгасан эрэгтэй тэр хүнийг явуулаагүй, тэгээд цагдаа ирсэн.
Тухайн хүнийг танихгүй, цагдаа авчирч саатуулсан. Тухайн хүн миний энгэр хэсгээс заамдаж хоолойг боосон, миний өвдгөөр чулуу мөргүүлсэн өвдөг шалбарсан, ус руу чирсэн, чирэх явцад миний баруун хөлийн ул хэсэг язарсан, намайг дээрээс дараад усанд живүүлэх гээд байсан. Тухайн үед би гар утсаа барьж байсан, барьсан чигтээ чирэгдээд ус руу орсон, тэр үед миний гар утас усанд норсон, одоо ажиллагаагүй болсон, гар утасны дэлгэцний доод хэсэгт хагарсан, дэлгэц хэсэгт ямар ч сэвгүй байсан, би уг гар утсыг жилийн өмнө 250,000 төгрөгөөр Теди төвөөс авч байсан. Намайг усанд живүүлж, зодож байхад гар утас эвдэрсэн, манай хоёр хүүхдийг айлгасан сэтгэл санаа нь цочирдсон, сэтгэл санааны болон бие махбодийн хувьд гомдолтой байна...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч Н.Отгонтөгс мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр Б, Гэрэлт-Од нарын хамт нэг шил Хараа нэртэй архи уугаад байж байхад Б босоод тэнд нэг гайгүй хүүхэн байна, танилцчихаад ирье гээд явсан. Тэр хооронд би усанд сэлчихээд гарч ирэхэд Б тухайн хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэгээд маргалдаад байж байхад нь би найзыгаа очиж авсан. Тун удалгүй цагдаагийн ажилтан нар ирж Б болон тухайн хүүхнийг аваад явсан. Би яг цохиж зодсон эсэхийг хараагүй, намайг усанд сэлчихээд гараад ирэхэд маргалдаад зогсож байсан. Тухайн хүүхэн өвдөг халцарчихлаа гээд Б рүү дайраад байсан..." /хх-ийн 16-17/ гэсэн,
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах Зайсангийн гүүрний доор хоёр найзын хамт нэг шил 0,75 литрийн архи уусан, тухайн голын эрэг дээр хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй байхаар нь очиж уулзаад танилцъя гэтэл цаашаа зайлаач гэж хэлсэн. Би тухайн үед зайлна гэж юу байдаг юм гэж хэлээд чи өөрөө зайл гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн над руу дайрч миний футволкыг урсан. Над руу дайрч байхдаа өөрөө газар унаж өөрийнхөө өвдгийг гэмтээсэн...” /хх-ийн 14-15/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн №8961 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “ ...Дүгнэлт 1. Ж.Б-гийн биед зүүн хөлний тавхайн дээд гадаргуу, долоовор хурууны угийн дээд гадаргуу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 19 хуудас/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 6/,
- Хохирлын баримт /хх-ийн 22-23/,
- “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 57/,
- Шүүгдэгч М.Б-ийн хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 34/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-38/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 40/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Б-эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул голын эрэг дээр Ж.Б-г амарч байхад нь очиж “танилцъя” гэж хоргоож, улмаар маргалдан түүний эрүүл мэндэд “зүүн хөлний тавхайн дээд гадаргуу, долоовор хурууны угийн дээд гадаргуу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ж.Б-гийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг өнгөрч байхад гэрээсээ гарч 2 хүүхдийн хамт Зайсангийн гүүрний доор голын эрэг дээр сууж байхад 15 цаг 15 минутын орчим үл таних 40-50 орчим насны дээгүүрээ цээж нүцгэн, согтуу эрэгтэй хүн ирээд “хөөе янхаан, өнөө шөнө жаргая” гээд байхаар нь би согтуу хүнтэй юм яриад яахав гэж бодоод юм хэлээгүй, тэгээд сууж байсан газраасаа жоохон холдсон, тэгтэл араас ирээд “чи муу пизда, гичий, янхан” гэх зэргээр доромжлоод байхаар нь “та тийшээ очоод суучих, хоёр хүүхэд сонслоо муухай шдээ” гэхэд “чи муу пизда, үхсэндээ үнэд ороод байгаа юм” гэхээр нь би өөртэй чинь ярихыг хүсэхгүй байна, та холдоод өг л дөө, би хоёр хүүхэдтэйгээ сайхан амармаар байна гэсэн чинь “чи үхсэндээ маяглаад байгаа юм, алцгар хүүхэн” гээд байсан. ...Тэгэхээр нь би ингээд байвал цагдаа дуудахаас өөр арга байхгүй гэж хэлээд цагдаа дуудсан. Тухайн үед намайг цагдаа дуудсаныг мэдээд над руу тэр хүн ойртож ирээд ингээд цагдаа дууд, цагдаагийн янхан гээд миний футволкны энгэрээс заамдаад чирээд гол руу орох гээд байсан, би чирэгдээд эсэргүүцсэн бөгөөд чирсээр байгаад гол руу орсон, тэгээд мөрөн дээр дараад чамайг ингээд живүүлээд алчихъя гээд дарсан, би өвдөглөсөн, өвдөг хэсгээрээ чулуунд цохиж шалбарсан, миний зүүн өвдөг шалбарч цус гарсан, тэгээд дахиад энгэрээс заамдаад ус руу дараад байсан, хажуунаас үл таних хүн ирж салгасан. Би гар утсаа бариад чирэгдээд ус руу орсон, тэр үед миний гар утас усанд норсон, одоо ажиллагаагүй байгаа...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч Н.Отгонтөгсийн “...Би 2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Туул голын эрэг дээр Б, Гэрэлт-Одын хамт нэг шил архи уугаад байж байтал Б босоод тэнд нэг гайгүй хүүхэн байна, танилцчихаад ирье гээд явсан. ...Намайг усанд сэлчихээд гарч ирэхэд Б тухайн хүүхэнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би очиж найзыгаа авсан. Тун удалгүй цагдаагийн ажилтан нар ирж Б болон тухайн хүүхнийг аваад явсан. Би яг цохиж зодсон эсэхийг хараагүй. Тухайн хүүхэн өвдөг халцарчихлаа гээд Б рүү дайраад байсан...” /хх-ийн 16-17/ гэсэн, шүүгдэгч М.Бийн “...2019 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Зайсангийн гүүрний доор хоёр найзын хамт нэг шил архи уусан, голын эрэг дээр хоёр хүүхэдтэй нэг эмэгтэй байхаар нь очиж уулзаад танилцъя гэтэл цаашаа зайлаач гэж хэлсэн. Тухайн үед би зайлна гэж юу байдаг юм, чи өөрөө зайл гэж хэлсэн. Тэгтэл тэр хүүхэн над руу дайрч миний футволкыг урсан. Над руу дайрч байхдаа өөрөө газар унаж өөрийнхөө өвдгийг гэмтээсэн...” /хх-ийн 14-15/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №8961 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ж.Бгийн биед зүүн хөлний тавхайн дээд гадаргуу, долоовор хурууны угийн дээд гадаргуу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хх-ийн 19 хуудас/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 6/, хохирлын баримт /хх-ийн 22-23/, “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /хх-ийн 57/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Б-гийн эрүүл мэндэд зүүн хөлний тавхайн дээд гадаргуу, долоовор хурууны угийн дээд гадаргуу, зүүн өвдөгний зулгаралт, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөлийн тавхайн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан, мөн гэмт хэрэг гарах үед хохирогчийн хэрэглэж байсан LG-X240 загварын гар утас эвдэрсэн бөгөөд шүүх хуралдаанд оролцсон хохирогч эмчилгээний зардал, шүүгдэгчид зодуулсны улмаас тухайн үед орчуулга хийж олох ёстой байсан орлого, гар утасны төлбөр гэж нийтдээ 2,972,300 төгрөг нэхэмжилжээ.
Хэрэгт авагдсан хохирогчийн эмчилгээний зардалд 227,100 төгрөгийн баримт /хх-ийн 22-23/, гар утасны 70,000 /хх-ийн 57/ төгрөгийн баримтууд нь хуульд заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж байх тул гэм буруутайд этгээдээс гаргуулж, хохирогчид олгох нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь тухайн гэмт хэрэг гарч 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрөөс 27-ны өдрийг хүртэл “Кэй Тү” ХХК-тай орчуулга хийхээр гэрээ байгуулсан байсан, орчуулгыг шууд хийдэг учир өндөр төлбөртэй, нэг цагийн 100 ам.долларын хөлстэй ажилладаг, энэ ажлууд цуцлагдсан гэж мэдүүлжээ.
Хавтаст хэргийн 58 дугаар талд “Кэй Тү” ХХК-ийн тодорхойлолт авагдсан, энэ тодорхойлолтоос өөр баримт /орчуулга хийх тухай гэрээ, Монгол банкны төгрөгийн болон ам.долларын ханшийн баримт, бусад баримт гэх мэт/ хэрэгт авагдаагүйн дээр уг тодорхойлолтыг үндэслэн хохирогч Ж.Бг гэмт хэрэг гарсны дараа орчуулга хийж, орлого олох байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул орчуулгын зардалтай холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед хохирогчтой танилцья гээд очсон, хохирогч танилцахгүй гээд аашилсан, түүний биед би гар хүрээгүй, хохирогч өөрөө усанд унаж гэмтэл авсан, миний гэм буруутай үйлдэл байхгүй, харин миний өмсөж байсан футболкыг хохирогч урсан...” гэж мэдүүлэх бөгөөд шүүгдэгчийн ингэж мэдүүлсийн нотолсон баримт хэрэгт авагдаагүйн дээр хохирогч Ж.Б, гэрч Н.Отгонтөгс нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Шүүх хуульд заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн хэргээ хүлээдэггүй, гэмт хэрэг гарахад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал болон ажил эрхэлдэггүй хувийн байдлыг харгалзан түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910018250813 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М-н Б-ийг 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б-д оногдуулсан 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б-эд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ээс 297,100 /хоёр зуун ерэн долоон мянга нэг зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.Б-д олгож, хохирогч Ж.Б нь гэмт хэргийн улмаас орчуулга хийж чадаагүйтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1910018250813 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР