Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2018/00940

 

НША ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар магадлалтай,

НША ХХК-ийн нэхэмжлэлтэй

РНК ХХК-д холбогдох,        

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38.042.589 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй, алданги 22.157.599 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнх-Ачит, хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч НША ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр РНК ХХК-тай ажил гүйцэтгэх тухай 014 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр манай компани Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй Роял Кроун Вилла цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын хаалга, цонхны ажлыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу хаалга, цонхыг хугацаанд нь хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. Гэрээний 4.1-д ажлын хөлс 55.532.831 төгрөг болсон боловч талууд харилцан тохиролцон 44.315.198 төгрөг байхаар тусгасан. Үүнээс захиалагч урьдчилгаа төлбөрт нийт 18.953.472 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл 25.361.726 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 4.4-т заасны дагуу үлдэгдэл төлбөрт тооцогдох алданги 12.680.863 төгрөг болж байна. Иймд ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт хариуцагч РНК ХХК-иас нийт 38.042.589 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч РНК ХХК-ийн төлөөлөгчийн шүүхэд гарсан тайлбарт: ...Талуудын хооронд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор Роял Кроун Вилла цогцолборын 402 дугаар барилгын 1 дүгээр давхрын хаалга, цонхыг үйлдвэрээс нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Гэрээний 1.3-д заасан хугацаанд хариуцагч үүргээ гүйцэтгээгүй, 4.1.1-д заасны дагуу манай компани урьдчилгаа санхүүжилт болох 15.953.472 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн болно. Гүйцэтгэгч гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэж, хийсэн ажлаа актаар хүлээлцэж өгснөөр төлбөр хийгдэхээр гэрээнд заасан байтал урьдчилгаа төлбөр аван ажлаа эхэлснээс хойш тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ өөрсдөө хангалтгүй биелүүлсэн, алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, энэ тухайгаа мэдэгдэхдээ нэмэлт санхүүжилт хүссэн хүсэлтийг удаа дараа манай компанид гаргаж байсан. Мөн уг гэрээний 4.13-д заасны дагуу гэрээт ажлыг актаар хүлээн авснаас хойш 1 жилийн хугацаа тоологдох ёстой юм. Гэтэл гүйцэтгэгч гэрээт ажлаа актаар хүлээлгэж өгөөгүй байж магадлашгүй засварын баталгаа болох 4.431.520 төгрөгийг нэмж тооцон нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Гүйцэтгэгч НША ХХК нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээт ажлын гүйцэтгэлийн актыг хүлээлгэн өгөөгүй 3 жил гаруйн хугацаанд бүрэн гүйцэтгээгүйгээс гэрээний үлдэгдэл төлбөр болон алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хариуцагч РНК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гарсан сөрөг нэхэмжлэлд: ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д захиалгат цонх хаалгыг барилгын үйлдвэрлэлийн талбайд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн угсарч суурилуулна.” гэж гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг тодорхой заасан бөгөөд гүйцэтгэгч НША ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй болох нь “РНК” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 тоот мэдэгдэл, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 тоот албан бичгийн хариу болон “НША” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/54 тоот мэдэгдэл зэргээр нотлогдож байна. Гүйцэтгэгч нь өөрсдийн буруутай ажиллагаа, хариуцлагагүй байдлын улмаас материалаа алдаатай захиалж авчирснаа хүлээн зөвшөөрсөн, гэрээт ажлын гүйцэтгэлийн хугацаа хэтэрсэн, гэрээт ажлыг дутуу хийсэн зэрэг гэрээний үүргийн зөрчлүүд гаргаж байсан. Иймд гэрээний 4.5-д дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч НША ХХК-иас алданги 22.157.599 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч НША ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарт: ...Манай компани гэрээнд заасан үүргийнхээ дагуу хаалга, цонхыг хугацаанд нь хийж захиалагч талд хүлээлгэж өгсөн. РНК ХХК нь ажлыг актаар хүлээж аваагүй атлаа хүлээлгэж өгсөнгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь манай компанийн хийсэн ажил одоо ч тэр хэвээрээ байгаа бөгөөд Улсын комисс хүртэл тус барилгыг хүлээж авч ашиглалтад оруулж, оршин суугчид байрандаа орсон бодит нөхцөл байдал байгаа. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан РНК ХХК-иас 25.361.726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч НША ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12.680.863 төгрөг болон НША ХХК-иас алданги 22.157.599 төгрөг гаргуулах тухай РНК ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 348.200 төгрөг, хариуцагчийн төлсөн 284.759 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268.738 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч РНК ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхчимэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.3-д захиалгат цонх хаалгыг барилгын үйлдвэрлэлийн талбайд 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор бүрэн угсарч суурилуулна.” гэж гэрээний үүргийн гүйцэтгэлийн хугацааг тодорхой заасан бөгөөд гүйцэтгэгч компани болох НША ХХК нь гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй. Энэ нь “РНК” ХХК-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 434 тоот мэдэгдэл, 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 60 тоот албан бичгийн хариу болон “НША” ХХК-ийн 2014 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 2/54 тоот мэдэгдэл, мөн түрээслэгч “Кито проперти менежмент” ХХК-ийн 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн шаардлага хүргүүлэх тухай албан бичгүүдээр нотлогдож байхад шүүх дээрхи баримтыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх заалтыг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна. Учир нь энэ баримтаар гэрээт ажлыг хугацаандаа хийж гүйцэтгэсэн эсэх нь харагддаг. Ажил гүйцэтгэх гэрээний 4.1.2-д “Гүйцэтгэгч нь гэрээт ажлыг бүрэн гүйцэтгэж эцсийн гүйцэтгэлийг актаар хүлээлцсэний дараа үлдэгдэл төлбөрийг шилжүүлэхээр тохиролцсон. Ажил гүйцэтгэх гэрээний гол зүйл нь ажлын үр бөгөөд ажлын үр дүнг актаар хүлээлгэн өгч, үүний дараа төлбөрийг төлөхөөр талууд тохиролцсон ч гүйцэтгэгч гэрээт ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй, хүлээлгэх өгөх талаар мэдэгдсэн баримтуудыг гэрээний 4.1.2 дахь заалттай хамааралтай талаас авч үзээгүй нь нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлээгүй гэж үзнэ. Түүнчлэн шүүхийн шийдвэрт цонхонд хийгдсэн резин адил бус өөр өөр хэмжээтэй хийгдсэн, даравч шил хоёрын хооронд зай гарсан, зай гарсан хэсгийг бөглөхдөө зориулалтын бусаар силикон шахсан гэсэн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээний 1.5.2 болон 1.5.9 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул ажлыг доголдолтой гэж хүлээн аваагүй, дээрхи байдлыг нотлуулахаар хүсэлт гарган, Л.Энхбаярыг гэрчээр асуусан, гэрч доголтой байсан гэдгийг нотолсон байтал хариуцагч нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Бид хуульд нийцсэн гэрээ байгуулж, гэрээний нөхцлөө харилцан тохиролцсон, гүйцэтгэгч тал гэрээний шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байтал гэрээний гол нөхцлийг зөрчиж, доголдолтой ажлаа хүлээн ав гэж албан бичиг хүргүүлсэнийг захиалагч тал өөрсдөө хүлээн аваагүй байсан мэтээр тайлбарласныг шүүх хүлээн авч, хэрэгт хамааралтай нотлох баримтыг үнэлэлгүй, нэхэмжлэгчийн тайлбарыг шийдвэрийн үндэслэл болгож байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байтал уг шиидвэрийг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч НША ХХК хариуцагч РНК ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 38.042.589 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, сөрөг нэхэмжлэл гаргаж, алдангид 22.157.599 төгрөг шаарджээ.

Анхан шатны шүүх 25.361.726 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 12.680.863 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Зохигчийн хооронд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, НША ХХК нь Роял кроун вилла цогцолборын 402 дугаар байрны 1 дүгээр давхрын 28 ширхэг хаалга, цонхыг 2013 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дотор чанар, стандартын түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх, захиалагч РНК ХХК нь ажлын хөлс 44.315.198 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэн, нэхэмжлэгч НША ХХК-ийг ажлын хөлсний үлдэгдэл төлбөр шаардах эрхтэй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ажил гүйцэтгэгч НША ХХК нь гэрээнд заасан ажил буюу 28 ширхэг хаалга, цонхыг өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн бөгөөд захиалагч нь уг ажлыг хүлээн авч, Роял кроун вилла цогцолборын 402 дугаар байрыг 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдөр улсын комисст хүлээлгэн өгсөн байх тул хариуцагчийн ажлыг актаар хүлээлгэн өгөөгүй гэх татгалзал үндэслэлгүй ба ажлын хөлсийг төлөх үүргийг хүлээнэ. Харин гүйцэтгэсэн ажил доголдолтой бол захиалагч хуульд зааснаар гүйцэтгэгчид хандаж,  гомдлын шаардлага гаргах эрхтэй байсан боловч энэ талаархи өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотлоогүй, Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2-т зааснаар шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй байна. 

Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээнд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний нийт үнийн дүнгээс тооцохоор тохиролцсон нь хуулийн агуулгад нийцээгүй байх тул хэн аль нь алданги шаардах эрхгүй гэж үзсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. Иймд нэхэмжлэгч ажлын гүйцэтгэлийг хугацаанд хүлээлгэн өгөөгүй хэдий ч хариуцагч нь алданги шаардах эрхгүй тул сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй юм.

Хэргийн баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын үндэслэлийг хянаад хяналтын шатны шүүхээс хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаа, хууль хэрэглэх асуудлаар алдаа гаргаагүй гэж дүгнэв.

Дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 181/ШШ2017/03005 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 467 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 285.000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ