Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 24

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын иргэн Ц.У-н нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Улсын бүртгэгчид холбогдох

“Эцгийн нэр болон төрсөн он, өдрийг зөвөөр бүртгэж залруулахыг улсын бүртгэлийн ажилтанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь  1962 онд Өвөрхангай аймгийн Дэлгэрэх төрөхөд төрсөн. Төрсний бүртгэлийн лавлагаанд төрсөн он, сар, өдөр зөв боловч эцгийн нэр Ц.Ц гэж андууран бичиж мөн миний цахим үнэмлэх дээр миний төрсөн оныг 1962 онд төрснийг 1963 он гэж, төрсөн өдрийг 16 гэхийг 12 гэж андуурагдан бүртгэгдсэн байна. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл эцгийн нэр болон төрсөн он зөрүүтэй байна гэсэн үндэслэлээр тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байгаа тул миний эцгийн нэр болон төрсөн оныг зөвөөр бүртгэж залруулахыг улсын бүртгэлийн ажилтанд даалгаж өгнө үү... миний бие тэтгэврээ тогтоолгохоор 2017 оны 8 дугаар сард улсын бүртгэлийн архиваас лавлагаа авснаар би өөрийгөө 1962 онд төрсөн гэдгийг мэдсэн гэв.

Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын улсын бүртгэгч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: “...Д.Н миний бие тус сумын 6 дугаар багийн иргэн Ц.У-н шүүхэд өгсөн материалтай танилцан үзэхэд Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архиваас шалган үзэхэд нотлох баримт олдоогүй. Иймд шүүхийн журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанаар гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Нэхэмжлэгчээс “Миний эцгийн нэр болон төрсөн оныг зөвөөр бүртгэж залруулахыг улсын бүртгэлийн ажилтанд даалгах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан. Гэвч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэлийнхээ шаардлагыг “Уламнэмэх миний төрсний бүртгэлд эцгийн нэрийг “Ц” гэхийг “Ц” гэж, регистрийн дугаар олгохдоо төрсөн оныг “1962” байхыг “1963” гэж, төрсөн өдрийг “16” байхыг “12” гэж тус тус буруу бүртгэснийг залруулан бүртгэхийг Тарагт сумын улсын бүртгэгчид даалгах тухай” гэж тодруулав.

Шүүх хуралдааны ирцийн тухайд: Тус шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцох тухайгаа мэдэгдсэн байсан боловч 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ар гэрийн гачигдал гарсны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон тул өөрийгөө байлцуулалгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ тус шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 02-ны өглөө 0920 цагт утсаар мэдэгдсэн[1], нэхэмжлэгч нь хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлүүлэхээр саналаа хэлж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэв.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-3.1.6-д зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв, бодитой бөгөөд нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд энэ нь иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэх зарчимтай. Нөгөө талаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар иргэний улсын бүртгэлийн төрөлд “төрсний” болон “иргэний үнэмлэхиийн” бүртгэлүүд хамаарч байна. Түүнчлэн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар “төрсний бүртгэл” нь “иргэний гэр бүлийн байдлын бүртгэл”-ийн төрөлд хамаарна. Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар Монгол Улсын иргэний үнэмлэхэд түүний регистрийн дугаарыг заавал бичнэ.

Нэг. Төрсний бүртгэлд эцгийн нэрийг “Ц” гэж буруу бүртгэснийг “Ц” болгон зөвтгөн бүртгүүлэхийг хүссэн шаардлагын тухайд: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцэг, эхийн иргэний үнэмлэх болон гэрлэлтийн гэрчилгээг үндэслэн бүртгэхээр заасан.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй Монгол Улсын иргэний паспорт болон регистрийн дугаар олгох бүртгэлийн “МАЯГТ-1, ХААТР-Б” баримт[2]-анд “Цэрэндов” гэх нэртэй иргэний баримт хадгалагдаагүй байх ба “Ц” гэх нэртэй иргэдийн баримтанд нэхэмжлэгч Ц.У-н эцгийг “Хаймчигийн Ц 1915 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн” гэж бүртгэжээ. Үүнээс дүгнэхэд Уламнэмэхийн эцэг нь “Цэрэндов” биш “Цэрэндондов” байсан болох нь тогтоогдож байна.           

Хэдийгээр нэхэмжлэгчийн төрсний бүртгэлд “эцгийн нэр” хэсэгт “Ц” гэж бүртгэсэн байгаа ч түүний эцгийн цээж зураг болон гарын үсгийн баталгаа бүхий баримт нь “МАЯГТ 1, ХААТР Б” баримт байх тул нэхэмжлэгчийн төрсөн эцгийн нэрийг “Ц” гэдэг байсан нь нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Хоёр. Нэхэмжлэгч Ц.У-д регистрийн дугаар олгохдоо 1963 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн мэтээр зөрүүтэй бүртгэснийг “1962 оны 8 дугаар сарын 16”-ны өдөр төрсөн болгон зөвтгөхийг улсын бүртгэгчид даалгуулахыг хүссэн шаардлагын тухайд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар батлагдсан “Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар “Регистрийн дугаар” нь иргэний улсын бүртгэлд бүртгэгдсэн  Монгол Улсын иргэнийг нэгэн утгатай тодорхойлсон үсэг, тооноос бүтсэн нийлмэл кодыг хэлэх бөгөөд уг дугаарын эхний 2 орон буюу үсэг нь регистрийн дугаар авч байгаа иргэний байнга оршин суудаг аймаг /дүүрэг/, сум /хороо/-ны код, дараагийн 6 орон нь төрсөн он, сар, өдөр, 9 дэх орон нь хүйс, сүүлийн орон нь хяналтын код байна.

Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-д улсын бүртгэгч нь иргэний төрсний гэрчилгээнд үндэслэн иргэний үнэмлэх олгох учиртай бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлд Монгол Улсын иргэн бүр регистрийн дугаартай байх ба уг дугаарыг иргэний үнэмлэхэд бичихээр хуульчилсан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад: Нэхэмжлэгч Ц.Уламнэмэх[3] нь Өвөрхангай аймгийн Тарагт суманд 1962 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Цэрэндондов, Чимэд нарын гэр бүлд төрсөн болох нь тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт хадгалагдаж буй сан хөмрөгийн 01, хадгаламжийн нэгжийн 18 дугаар бүхий Тарагт сумын 1962-1963 оны төрөлтийн бүртгэл буюу “ТӨРӨЛТ 1962-1963” гэх баримт[4]-ын 121 дүгээр хуудасны 70 дугаарт бүртгэгдсэн бүртгэлээр нотлогдож байна.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийг 1963 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн мэтээр регистрийн дугаарыг олгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт заасан “...нотлох баримтанд үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” гэснийг зөрчжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2010 оны 331 дүгээр тушаалаар батлагдсан “Регистрийн дугаарыг шинээр олгох, өөрчлөх, хүчингүй болгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1.3-т регистрийн дугаарыг буруу олгосон /регистрийн дугаарыг ...баримт бичиг дээрх мэдээллээс зөрүүтэй олгосон.../ бол регистрийн дугаарыг өөрчилж дахин олгохыг журмалсан байна.

Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэгт шүүх нь “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоох” эрхэм зорилготой болохыг хуульчилсан байдаг бол Иргэний бүртгэлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар иргэний бүртгэлтэй холбоотой үүссэн маргааныг шүүх харъяалан шийдвэрлэхээр заасан.

Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус зааснаар аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд орсон өөрчлөлтийг үндэслэн Иргэний бүртгэл мэдээллийн санд өөрчлөлт оруулж болох бөгөөд иргэний бүртгэлийн ажилтан нь уг өөрчлөлтийн бичилтийг үндэслэн иргэний баримт бичгийг шинэчлэн иргэнд олгохоор зохицуулсан байна. 

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5 болон Иргэний бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т тус тус зааснаар шүүхийн шийдвэрийн дагуу иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг улсын бүртгэгчид олгожээ.

Иймд шүүхээс нэхэмжлэгч Монгол Улсын иргэн  Боржигон овогт У-н төрсний бүртгэлийн “эцгийн нэр” хэсэгт “Ц” гэснийг “Ц” болгон өөрчлөх, мөн түүний регистрийн дугаарт “төрсөн он, өдөр”-ийг “...630812...” гэж 1963 оны 8 дугаар сарын 12-ны өдөр төрсөн мэтээр буруу дугаар олгосныг залруулан “...620816...” гэж 1962 оны 8 дугаар сарын 16-ны өдөр төрснөөр зөвтгөн өөрчлөлт оруулахыг хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын улсын бүртгэгчид тус тус даалгаж, нэхэмжлэгч Ц.У-н эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 28 дугаар зүйл, 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.1.4, 31.3, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан Монгол Улсын иргэн Боржигон овогт Уламнэмэхийн төрсний бүртгэлийн “эцгийн нэр” хэсэгт “Ц” гэснийг “Ц” гэж, мөн түүний регистрийн дугаарт “төрсөн он, өдөр”-ийг “...630812...”гэж буруу дугаар олгосныг залруулан “...620816...” гэж өөрчилж дахин олгохыг хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын улсын бүртгэгчид тус тус даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1, 123 дугаар зүйлийн 123.3-т тус тус зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, давж заалдах журмаар гомдол гаргаагүй этгээд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.БАТЧИМЭГ

 


[1] Хэргийн 24 дүгээр хуудас.

[2] Хэргийн 25-30 дугаар хуудас. Тус шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан баримт.

[3] Хэргийн 3 дугаар хуудас. Төрсний бүртгэлийн лавлагаа.

[4] Хэргийн 28 дугаар хуудас. Шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргасан баримт.