Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 209

 

“Амия ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01033 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Амия ББСБ” ХХК,

Хариуцагч Т.Энхтуяа, Э.Энхзориг нарт холбогдлох,

 

1 007 669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Т.Энхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Учрал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний төлөөлөгч Б.Учрал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нартай тохиролцсоны дагуу 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 937 дугаартай эвлэрлийн гэрээг байгуулсан. Уг эвлэрлийн гэрээг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1493 тоот шүүгчийн захирамжаар талуудын эвлэрлийг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүйгээс манай байгууллага 1 007 669 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардалд төлсөн. Иймд дээрх хохирол болох 1 007 669 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Т.Энхтуяа, Э.Энхзориг нараас хохирол 1 007 669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Амия ББСБ” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 740 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Энхтуяа, Э.Энхзориг нараас улсын тэмдэгтийн хураамжид 28 740 төгрөгийг гаргуулан “Амия ББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагчаас хохиролд 1 007 669 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 28 740 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн шүүх хуралдаанд оролцуулалгүй миний эрхийг зөрчсөн, хэргийг шүүх бүрэлдэхүүнтэй шийдвэрлээгүй. Шийдвэр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд хариуцагч оролцоогүй бөгөөд хэрэгт хамааралгүй гэрээг үндэслэн хохирол гэх 1 007 669 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, тайлбар, хэргийн баримтын хүрээнд шийдвэрийг зөвтгөх боломжтой байна.

Нэхэмжлэгч “Амия ББСБ” ХХК нь 1 007 669 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ хариуцагч Т.Энхтуяа, Э.Энхзориг нар шүүгчийн захирамжийг биелүүлээгүйгээс манай байгууллага 1 007 669 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх зардалд төлсөнтэй холбоотой учирсан хохирлоо гаргуулахаар шаардлага гаргасныг зөвшөөрөх эсэх талаар хариуцагч нараас шүүхэд тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд ирүүлээгүй байна.

Хариуцагч Т.Энхтуяа, Э.Энхзориг нар 14 395 260 төгрөгийг төлөхийг зөвшөөрч нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 937 дугаартай эвлэрлийн гэрээ байгуулсныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШЗ2016/01493 дугаар захирамжаар эвлэрлийг баталсан бөгөөд хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр  шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа хийгдсэн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. /хх 9,10/

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нэхэмжлэгч “Амияа ББСБ” ХХК-ийн хооронд 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 16/2689 дугаартай “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр төлбөр төлөгчөөс нийт 14 395 260 төгрөгийн төлбөрийг гаргуулах, төлбөр төлөгдсөн тохиолдолд төлбөр авагч нь төлбөрийн үнийн дүнгийн 7 хувиар тооцон шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулахаар харилцан тохиролцож, 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 1 007 669 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт заасанд нийцжээ. /хх 4,7/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн урамшууллыг гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас гаргуулахаар зохицуулсан бөгөөд урамшуулал нь мөн хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй.

Түүнчлэн шүүхийн шийдвэрийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд албадан гүйцэтгэх талаар шүүгчийн захирамжид заасан бөгөөд шийдвэр гүйцэтгэгчтэй урамшууллын гэрээ байгуулах эсэх нь төлбөр авагч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр шийдвэрлэх асуудал учраас төлбөр төлөгчийн гэм буруутай эс үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэхгүй юм.

Иймд “Амияа ББСБ” ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албатай байгуулсан гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, өөрсдийн хүсэл зоригийн дагуу хийсэн гэрээний  үүргээ биелүүлж шүүхийн шийдвэр гүйцэтгэгчид урамшуулал төлснийг хариуцагч нарын эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхтэй холбоотой учирсан хохирлыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан хохиролд тооцох хууль зүйн үндэслэлгүй юм.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 183/ШШ2016/01033 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Амия ББСБ” ХХК-ийн 1 007 669 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 740 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           А.МӨНХЗУЛ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ