| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0033/Э |
| Дугаар | 016 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 016
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн, шүүгдэгч Б.С, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ч овогт Б-н С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910025150837 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2001 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Чингис СООСЭ сургуулийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт , ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ч овогт Б-н С /РД: 000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хиллс” хотхоны харуул М.О-г 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим автомашины хаалт удаан онгойлгож, өвөөг маань хараасан байна гэх шалтгаанаар маргалдаж түүний биед “хамрын үзүүрийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.С: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой уулзаж, уучлал гуйсан, хохирогчтойгоо эвлэрсэн, хохиролд 250,000 төгрөг төлсөн, надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч М.О мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хилсс” хотхоны харуул, хамгаалагчаар ажиллаж байхад 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед өөрийн ажлын байр болох хотхоны машин ордог хэсэг дээр үүрэг гүйцэтгэж байхад 07-75 УНМ улсын дугаартай хар өнгийн авто машиныг барьж байсан 50 гаран насны эрэгтэй хүн цонх тогшоод хаалгаа онгойлго гэж хэлэхээр нь би хаалтаа дээшлүүлсэн тэгтэл тэр ах машин дээрээ очиж суугаад орохгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би сүртэй юм бэ? машинаа оруулчихаач, таны ард олон машин байна гэхэд, тэр ах уурлаж машинаасаа бууж ирээд харуулын байрны хаалгыг онгойлго гээд өшиглөсөн. Тэр үед би айгаад онгойлгоогүй, ирээд цонх тогшихоор нь би цонхоо онгойлгосон чинь тэр ах миний өмсөж байсан хувцаснаас татаад цээжин биеийг минь гаргасан. Тэгтэл хүүхэд нь гэх залуу хажуугаар орж ирээд намайг татаад, миний нүүрлүү гараараа цохисон. Тэгээд СӨХ-ны ажилтан ирээд салгасан чинь хүүхэд нь миний нүүр лүү хөлөөрөө өшиглөсөн, миний хамарнаас цус гарсан. Тэгээд тэр хүмүүс яваад өгсөн..." /хх-ийн 11-12/ гэсэн,
Гэрч Э.Эрдэнэбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хилсс” хотхон руу зээ хүү Сумъяабэйсийн хамтаар 07-75 УНМ улсын дугаартай Гантөмөр гэх хүний машиныг бариад хотхон руу орох гэтэл хаалт нь онгойхгүй удсан. Би машинаас буугаад хаалга онгойлгочихооч гээд цонхны цаанаас хэлсэн чинь харуулын байранд эрэгтэй, эмэгтэй 2 харуул байсан, утсаа оролдоод доошоо тонгойсон байсан, тэгээд хэлсэн чинь та машинаа дуут дохио өгөхгүй яасан юм бэ гэхээр нь би дуут дохио зөндөө өгсөн гэхэд намайг дуугүй цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд байгаа юм гэж хэлсэн, тэр үед вакум цонхны салхивч нь онгорхой байсан, миний гарыг хавчсан тэгэхээр нь би машиндаа суугаад хөдлөх гээд сууж байтал араас янз бүрийн хараалын үг хэлсэн. Би эргэж буугаад юу гээд байгаа юм бэ гээд очсон. Тэгтэл хамт явж байсан зээ хүү Сумъяабэйс машинаас бууж ирээд хаалга тайл гэж хэлсэн чинь хаалгаа тайлахгүй байсан. Би уурандаа харуул залуугийн өмсөж байсан хувцаснаас нь татсан, тэгтэл зээ хүү Сумъяабэйс бас хажуугаар орж ирээд тэр залуугийн цээжин хэсгийг салхивчаар гаргаж ирээд нүүр лүү нь цохисон..." /хх-ийн 18-20/ гэсэн,
Гэрч О.Саранчимэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажилладаг “Хан Хиллс” хотхоны СӨХ-ны диспечерийн ажлаа хийж байтал 20 цагийн үед гадаа дуу чимээ гарахаар нь би цонхоороо хартал манай хотхоны харуул Оюунбилэгийг цонхоор нь доош татаад үл таних залуу, өвөөтэйгөө нийлээд маргалдаж байсан. Би очоод юу болоод байгаа юм бэ, ярилцаж болохгүй юм уу гэж хэлсэн. Намайг гараад очтол өвөөтэйгөө хамт явж байсан залуу Оюунбилэгийн нүүр лүү нэг удаа цохисон. Намайг очиход харуул Оюунбилэгийн хамарнаас нь цус гарсан байсан. Тэгээд манай СӨХ-ны байр луу орж нүүрээ угаах гэж байхад нь харахад зүүн нүдний хажуу хэсэг нь хөх туяатай болсон байсан...” /хх-ийн 22-23/,
Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хан Хилс хотхон руу өвөө Эрдэнэбилэгийн хамт 07-75 УНМ улсын дугаартай авто машинтай орох гэтэл авто машины хаалт нь онгойхгүй удсан. Өвөө бид хоёр харуулыг 2-3 минут хүлээж зогссон, араас машинууд сигнаалдаад байсан. Өвөө машинаасаа буугаад харуулын байран дээр очоод цонхыг нь тогшсон, тэр үед цонхны хаалт нээгдсэн. Өвөө буцаад машиндаа суух гэтэл өвөөг янз бүрийн хараалын үгээр хэлээд сүртэй пизда вэ? гэж хэлсэн. Тэр үед өвөө машинаасаа буцаж буугаад харуулын байрлуу очсон. Тэгээд маргалдаад байх шиг байсан, араас машинууд сигнаалдаад байсан болохоор би машиныг нь бариад замаа чөлөөлөөд 10 метр орчим газар явж байрлуулчихаад өвөөгийн байгаа харуулын байранд очсон. Харуул Оюунбилэг өвөөг та одоо давраад байгаа юм бишүү, цаашаа зайл гээд цонхоо хаахдаа өвөөгийн гарыг хавчсан, тэгэхээр нь би хажуунаас нь гараа оруулаад өмсөж байсан хувцаснаас нь татаад өөр лүүгээ ойртуулах гэтэл миний гарыг хавчсан. Би Оюунбилэгийн өмсөж байсан хувцаснаас нь татаад гаргах гэтэл багтахгүй байсан. Тэгэхээр нь би гараа зангидаад 1-2 удаа нүүрэнд нь цохисон, тэгээд өвөө боль гээд салгасан..." /хх-ийн 46-47/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №8961 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.О-ийн хамрын үзүүрийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27 хуудас/ гэсэн дүгнэлт,
- Гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 4/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6/,
- Хүний гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/,
- Шүүгдэгч Б.С-н хувийн байдалтай холбоотой ял шалгах хуудас /хх-ийн 48/, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 56/, сургуулийн тодорхойлолт /хх-ийн 57/, гэрч Э.Эрдэнэбүрэн, Т.Наранбаатар нарын мэдүүлэг /хх-ийн 61-62, 63-64/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.С- д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Б.С нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Хиллс” хотхоны харуул М.О-ийг 2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн орчим ажлаа хийж байхад нь автомашины хаалт удаан онгойлгож, өвөөг маань хэл амаар доромжиллоо гэх шалтгаанаар маргалдаж түүний биед “хамрын үзүүрийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч М.О-ийн “...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед машин ордог хэсэгт үүрэг гүйцэтгэж байхад 07-75 УНМ улсын дугаартай хар өнгийн авто машиныг барьж байсан 50 гаран насны эрэгтэй хүн цонх тогшоод хаалга онгойлго гэж хэлэхээр нь би хаалтаа дээшлүүлсэн, тэгтэл тэр ах машиндаа суугаад орохгүй зогсоод байсан. Тэгэхээр нь би сүртэй юм бэ? машинаа оруулчихаач, таны ард олон машин байна гэхэд тэр ах уурлаж машинаасаа бууж ирээд харуулын байрны хаалгыг онгойлго гээд өшиглөсөн. Тэгтэл хүүхэд нь гэх залуу хажуугаар орж ирээд намайг татаад, миний нүүрэнд гараараа цохиж, хөлөөрөө өшиглөсөн, миний хамарнаас цус гарсан..." /хх-ийн 11-12/ гэсэн, гэрч Э.Эрдэнэбилэгийн "...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед “Хан Хилсс” хотхон руу зээ хүү Сумъяабэйсийн хамт 07-75 УНМ улсын дугаартай машинтай орох гэтэл хаалт нь онгойхгүй удсан. Би машинаас буугаад хаалгаа онгойлгочихооч гэхэд та дуут дохио өгөхгүй яасан юм гэхээр нь би дуут дохио зөндөө өгсөн гэхэд намайг дуугүй цаашаа зайл гэж хэлсэн. Би уурандаа харуул залуугийн өмсөж байсан хувцаснаас татсан, тэгтэл зээ хүү Сумъяабэйс хажуугаар орж ирээд тэр залуугийн цээжин хэсгийг салхивчаар гаргаж ирээд нүүр лүү нь цохисон..." /хх-ийн 18-20/ гэсэн, гэрч О.Саранчимэгийн “...2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр би өөрийн ажилладаг “Хан Хиллс” хотхоны СӨХ-ны диспечерийн ажлаа хийж байхад 20 цагийн үед гадаа дуу чимээ гарахаар нь цонхоороо харахад манай хотхоны харуул Оюунбилэгийг цонхоор нь доош татаад үл таних залуу, өвөөтэйгөө нийлээд маргалдаж байсан. Би очоод юу болоод байгаа юм бэ, ярилцаж болохгүй юм уу гэж хэлсэн. Намайг гараад очиход өвөөтэйгөө хамт явж байсан залуу Оюунбилэгийн нүүрэнд нэг удаа цохисон. Оюунбилэгийн хамарнаас нь цус гарсан...” /хх-ийн 22-23/ гэсэн, шүүгдэгч Б.Сумъяабэйсийн “...2019 оны 10 дугаар сарын 27-ны орой 20 цагийн үед “Хан Хилс” хотхон руу өвөө Эрдэнэбилэгийн хамт 07-75 УНМ улсын дугаартай авто машинтай орох гэтэл авто машины хаалт нь онгойхгүй удсан. Өвөө бид хоёр харуулыг 2-3 минут хүлээж зогссон, араас машинууд сигнаалдаад байсан. Өвөө буцаад машиндаа суух гэтэл өвөөг янз бүрийн хараалын үгээр хэлээд сүртэй пизда вэ гэж хэлсэн. Тэгээд маргалдаад байх шиг байсан, араас машинууд сигнаалдаад байсан болохоор би машиныг нь бариад замаа чөлөөлөөд 10 метр орчим газар явж байрлуулчихаад өвөөгийн байгаа харуулын байранд очсон. Би Оюунбилэгийн өмсөж байсан хувцаснаас нь татаад гаргах гэтэл багтахгүй байсан. Тэгэхээр нь би гараа зангидаад 1-2 удаа нүүрэнд нь цохисон, тэгээд өвөө боль гээд салгасан..." /хх-ийн 46-47/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний газрын 2019 оны №8961 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. М.О-ийн хамрын үзүүрийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн цохих, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 27 хуудас/ гэсэн дүгнэлт, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-6/, хүний гадна биед үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.О-ийн эрүүл мэндэд хамрын үзүүрийн зулгаралт, зүүн зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой хохирол төлбөрт 250,000 гаргуулж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт гаргасан /хх-ийн 70/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн зүйл хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулаагүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй түүний хувийн байдлыг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910025150837 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Б-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н С-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.С оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 1910025150837 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн 1910025150837 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч М.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР