Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 030

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл /томилолтоор/, шүүгдэгч Э.Б, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э овогт Э-н Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910025310854 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, группт байдаг, ам бүл 1, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Э овогт Э-н Б /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одуунваанчиг” шүдний эмнэлэг дотроос тус эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Г.П-н “ОППО” маркийн гар утсыг нууц далд аргаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.Б: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр би шүдээ янзлуулах гээд үзүүлдэг эмнэлэг дээрээ очсон, эмчид үзүүлчихээд гарч ирэхэд миний гадуур хувцасан дээр гар утас байсан, аятайхан утас байхаар нь өөрөө хэрэглэе гэж бодоод гадуур хувцастайгаа хамт аваад гарсан, миний буруу, ийм гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Гар утсанд өөрийнхөө дугаарыг хийгээд ашиглаад явж байхад цагдаагаас дуудсан, гар утасны эзэнд би гар утсыг нь 20,000 төгрөгтэй хамт өгсөн, утсан дээрх мэдээллүүдээ сэргээгээрэй гэсэн, өөр баримттай хохирол байвал группынхээ мөнгийг авч байгаад төлөх болно. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй, миний нас өндөр болсон, дээр нь би сахар гэдэг өвчтэй, хөлний хуруунууд идээлсэн, явж чадахгүй байгаа, надад нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүйгээр нэг удаа боломж олгож, тэнсэж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.П мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би шүдээ янзлуулахаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо “Одуунваанчиг” нэртэй шүдний эмнэлэгт 10 цагт очсон. Тэгээд шүдээ үзүүлэхээр орсон, тухайн үед манай найз Б.Гаадмаа үүдэнд миний цүнх куртик хоёрыг хараад үлдсэн. Тэгээд бараг 40 орчим минут эмчилгээ хийлгэж байгаад гарч ирсэн, би гар утсаа цүнхэн дотроо хийсэн байсан бөгөөд намайг эмчилгээтэй байх хооронд манай найз Б.Гаадмаа утас дуугарахаар нь аваад дууг нь хаагаад хажуудаа тавьчихсан гэсэн, тэгээд миний утсыг авахаа мартаад сандал дээр тавьчихсан байсан, тэгтэл алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр камер шүүж үзтэл бичлэгт манай найз Б.Гаадмаа миний утсыг гаргаж ирээд хажуудаа сандал дээр тавьж байгаа нь харагдсан, үл таних эрэгтэй хүн миний орсон эмчилгээний өрөөнөөс гарч ирээд сандал дээр байсан гар утсыг аваад куртикаа хагас өмсөөд гарч байгаа нь бичигдсэн байсан.

Би гар утсаа Э.Б гэх хүнээс буцааж авсан боловч доторх зүйлийг нь устгасан байсан, үүнийг сэргээлгэхээр 35,000 төгрөг төлсөн баримт аваагүй, мөн тухайн үед би энэ асуудлаас болж камер шүүж үзчихээд гараад ирэхэд миний машиныг ачсан байсан, тэгээд 60,000 төгрөг төлж машинаа авсан. Э.Б гэх хүн нь миний утсыг 20,000 төгрөгтэй өгсөн, энэ 20,000 төгрөгөөр гар утасныхаа юмнуудыг суулгуулаарай гэж өгсөн. Мөн би үнэлгээ хийлгэхэд 20,000 төгрөг төлсөн. Миний хувьд Э.Б гэх хүнээс машин ачуулсан 60,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн 20,000 төгрөг гаргаад өгчихвөл болно. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Гар утсаа бүрэн бүтэн авсан..." /хх-ийн 8-9, 43/ гэсэн,

 

Гэрч Б.Гаадмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: "...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одуунваанчиг” шүдний эмнэлэгт манай найз шүдээ янзлуулах гээд орсон. Би хүлээлгийн өрөөнд хувцас цүнхийг нь хараад сууж байсан. Тэгтэл нэг настай эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд манай найзын утас дуугарахаар нь хүн машин гаргах гэж байгаа юм байх гэж бодоод гар утсыг нь хартал ангийх нь хүүхэд байсан. Тэгэхээр нь би утсыг хажуу талдаа тавиад орхисон байсан. Тэгтэл тухайн настай эрэгтэй хүн 15-20 минутын дараа гарч ирээд хажуу талд тайлаад орхисон куртикаа аваад явахдаа дээр нь байсан гар утсыг аваад явсан байсан..." /хх-ийн 13-14/ гэсэн,

 

Гэрч Б.Цэцэгдарь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би эмнэлэг дээрээ байж байхад манайд үйлчлүүлж байсан эгч гар утсаа хулгайд алдаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлэгт тэр эгчээс гадна хоёр хүн үйлчлүүлж байсан. Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд манай эмнэлэгт үйлчлүүлдэг ах авсан байсан...” /хх-ийн 15-17/,

 

Шүүгдэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Одуун ваанчиг” шүдний эмнэлэгт хиймэл шүдээ янзлуулаад ойролцоогоор 10 цагийн орчим гарч ирэхэд үүдэнд сандал дээр байсан миний куртикэн дээр нэг гар утас байсан. Би тухайн үед миний гар утас байх гэж бодоод аваад гарсан, тэгтэл өөр хүний гар утас байсан. Гайгүй утас байхаар нь өөрөө аваад явчихсан. Тэгээд би доторх юмыг нь устгаад, кодыг нь тайлуулаад өөрийнхөө дугаарыг хийгээд баръя гэж бодсон..." /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд,

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Эд зүйл хураан авсан зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4-5/,

- Ашид билгүүн ХХК-ийн гар утасны үнэлгээ /хх-ийн 18/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/,

- Шүүгдэгч Э.Б-н  хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 28/,  оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, гэрч Ж.Өлзийдолгорын мэдүүлэг /хх-ийн 45/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 51/, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-ийн 56-71/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Одуунваанчиг” шүдний эмнэлэг дотроос тус эмнэлэгт үйлчлүүлж байсан иргэн Г.Пгийн “ОППО” маркийн гар утсыг нууц далд аргаар, хууль бусаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.П-гийн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би шүдээ янзлуулахаар “Одуунваанчиг” нэртэй шүдний эмнэлэгт 10 цагт очсон. ...40 орчим минут эмчилгээ хийлгэж байгаад гарч ирсэн, би гар утсаа цүнхэн дотроо хийсэн байсан бөгөөд намайг эмчилгээтэй байх хооронд манай найз Б.Гаадмаа утас дуугарахаар нь аваад дууг нь хаагаад хажуудаа тавьчихсан гэсэн, тэгээд миний утсыг авахаа мартаад сандал дээр тавьчихсан байсан, тэгтэл алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр камер шүүж үзтэл бичлэгт манай найз Б.Гаадмаа миний утсыг гаргаж ирээд хажуудаа сандал дээр тавьж байгаа нь харагдсан, үл таних эрэгтэй хүн миний орсон эмчилгээний өрөөнөөс гарч ирээд сандал дээр байсан гар утсыг аваад куртикээ хагас өмсөөд гарч байгаа нь бичигдсэн байсан..." /хх-ийн 8-9, 43/ гэсэн, гэрч Б.Гаадмаагийн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Одуунваанчиг” шүдний эмнэлэгт манай найз шүдээ янзлуулах гээд орсон. Би хүлээлгийн өрөөнд хувцас цүнхийг нь хараад сууж байсан. Тэгтэл нэг настай  эрэгтэй хүн орж ирсэн. Тэгээд манай найзын утас дуугарахаар нь хүн машин гаргах гэж байгаа юм байх гэж бодоод гар утсыг нь хартал ангийх нь хүүхэд байсан. Тэгэхээр нь би утсыг хажуу талдаа тавиад орхисон байсан. Тэгтэл тухайн настай эрэгтэй хүн 15-20 минутын дараа гарч ирээд хажуу талд тайлаад орхисон куртикаа аваад явахдаа дээр нь байсан гар утсыг аваад явсан байсан...” /хх-ийн 13-14/ гэсэн, гэрч Б.Цэцэгдарийн “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр би эмнэлэг дээрээ байж байтал, манайд үйлчлүүлж байсан эгч гар утсаа хулгайд алдаа гэж хэлсэн. Тухайн үед манай эмнэлэгт тэр эгчээс гадна хоёр хүн үйлчлүүлж байсан. Тэгээд би хяналтын камераа шүүж үзэхэд манай эмнэлэгт үйлчлүүлдэг ах авсан байсан...” /хх-ийн 15-17/, шүүгдэгч Э.Бы “...2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр “Одуунваанчиг” шүдний эмнэлэгт хиймэл шүдээ янзлуулаад ойролцоогоор 10 цагийн орчим гарч ирэхэд үүдэнд сандал дээр байсан миний куртикэн дээр нэг гар утас байсан. Би тухайн үед миний гар утас байх гэж бодоод аваад гарсан, тэгтэл өөр хүний гар утас байсан...” /хх-ийн 39-40/ гэсэн мэдүүлгүүд, өргөдөл /хх-ийн 3/, эд зүйл хураан авсан зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 4-5/, “Ашид билгүүн” ХХК-ийн гар утасны үнэлгээ /хх-ийн 18/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-22/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч О.Баярсайханы дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Г.П гэмт хэргийн улмаас хар өнгийн “Оппо” маркийн гар утас хулгайд алдаж, 500,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 5/ хохирогчид эд зүйлийг нь буцаан өгсөн, хохирогч Г.П нь эмнэлгийн камер шүүгээд гараад ирэхэд машиныг маань ачсан байсан, үүний төлбөр 60,000 төгрөг, гар утасны үнэлгээ 20,000 төгрөгөөр хийлгэсэн, нийт 80,000 төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч тухайн өдөр унаж явсан тээврийн хэрэгслийг ачуулсан, гар утсан дээрх баримт, мэдээллийг төлбөртэй сэргээлгэсэн гэх боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохирогч 80,000 төгрөгөөр хохирсон талаараа нотлож чадаагүй байх тул хохирогчийн нэхэмжилсэн 80,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Э.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Э.Б өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл шалтгаалсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг түүний хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хязгаарласан хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910025310854 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:            

 

1. Шүүгдэгч Э овогт Э-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ыг ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд шүүгдэгч Э-н Б зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон хязгаарлалтыг зөрчсөн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Э.Б-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

5. Эрүүгийн 1910025310854 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.Б энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

         

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                           Д.АЛТАНЖИГҮҮР