Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 040

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж /томилолтоор/, шүүгдэгч Н.М, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Н-н М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910025670884 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, гавьяа шагналгүй, урьд нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 200 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Н-н М /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 9 дүгээр байрны 10 тоотод ээжийнхээ гэрт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эх С.О-тэй маргалдаж түүнийг түлхэж унагаан түүний биед дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.М: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхийн шатанд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч С.Олзод мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед гэртээ ортол, манай хүү Мөнгөншагай архи уучихсан унтаж байхаар нь миний уур хүрээд чи яагаад архи уугаад байгаа юм гээд загнаад хацар руу нь алгадсан чинь Мөнгөншагай босч ирээд яагаад намайг алгадаад байгаа юм гээд уурлаж байснаа миний цээж хэсэг рүү гараараа түлхээд намайг унагаасан. Би хойшоогоо унах үедээ толгойны ар хэсгээрээ зуух мөргөж унаад толгойгоо хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Надад одоо гомдол санал байхгүй...” /хх-ийн 10-11/ гэсэн,

 

Гэрч О.Отгонбат мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед гэртээ байж байтал манай дүү Мөнгөншагай гаднаас орж ирээд хүүхдийн сандал дээр хөлөө тавиад унтаж байсан чинь ээж уурлаад алгадтал Мөнгөншагай яагаад байгаа юм, дандаа намайг дарамталж байх юм гээд ээжтэй маргалдаж байснаа ээжийг түлхсэн чинь ээж хойшоо унахдаа зуухны ирмэгт толгойгоо цохиод толгойгоо хагалчихаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 19-21/ гэсэн,

 

Шүүгдэгч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ унтаж байтал ээж гаднаас орж ирээд намайн архи уусан байна гэж уурлаад загнахаар нь би маргалдсан чинь ээж намайг цохиод байхаар нь би гэрээс гарах гэсэн чинь миний хувцаснаас татаад намайг цохих гээд гараа далайхаар нь би ээжийг түлхсэн чинь ээж хойшоогоо унахдаа толгойгоороо зуух мөргөж унаад толгойгоо хагалсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй...” /хх-ийн 44-46/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №1334 дүгээр дүгнэлтэд: “Дүгнэлт 1. С.О-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,

 

- Гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагаа /хх-ийн 2-3/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-6/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 31-39/,

- Шүүгдэгч Н.М-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Н.Чулуунбаатарын мэдүүлэг /хх-ийн 22-24/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/,  шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-65/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Н.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Н.М нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо, Арьс ширний 80 айлын 9 дүгээр байрны 10 тоот эхийнхээ гэрт 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн эх С.О-тэй маргалдаж түүнийг түлхэж унагаан түүний биед дагзны хуйханд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч С.О-ийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед гэртээ ортол, манай хүү Мөнгөншагай архи уучихсан унтаж байхаар нь миний уур хүрээд чи яагаад архи уугаад байгаа юм гэж загнаад хацар руу нь алгадсан чинь Мөнгөншагай босч ирээд яагаад намайг алгадаад байгаа юм гээд уурлаж байснаа миний цээж хэсэг рүү гараараа түлхээд намайг унагаасан. Би хойшоогоо унах үедээ толгойны ар хэсгээрээ зуух мөргөж унаад толгойгоо хагалсан...” /хх-ийн 10-11/ гэсэн, гэрч О.Отгонбатын “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны орой 19 цагийн үед гэртээ байж байтал манай дүү Мөнгөншагай гаднаас орж ирээд хүүхдийн сандал дээр хөлөө тавиад унтаж байсан чинь ээж уурлаад алгадтал Мөнгөншагай яагаад байгаа юм, дандаа намайг дарамталж байх юм гээд ээжтэй маргалдаж байснаа ээжийг түлхсэн чинь ээж хойшоо унахдаа зуухны ирмэгт толгойгоо цохиод хагалчихаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” /хх-ийн 19-21/ гэсэн, шүүгдэгч Н.Мгийн “...Би 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гэртээ унтаж байтал ээж гаднаас орж ирээд намайн архи уусан байна гэж уурлаад загнахаар нь би маргалдсан чинь ээж намайг цохиод байхаар нь би гэрээс гарах гэсэн чинь миний хувцаснаас татаад намайг цохих гээд гараа далайхаар нь би ээжийг түлхсэн чинь ээж хойшоо унахдаа толгойгоороо зуух мөргөж унаад толгойгоо хагалсан. Өөр ямар нэгэн зодоон болоогүй...” /хх-ийн 44-46/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №1334 дүгээр дүгнэлтэд: “Дүгнэлт 1. С.О-ийн биед дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагаа /хх-ийн 2-3/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 5-6/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 31-39/, зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч С.О-ийн биед учирсан дагзны хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Н.М түүнийг түлхэж унагаасны улмаас толгойгоороо зуухны ирмэгт цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгчийн хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Н.М-н дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.  

 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.О-ийн эрүүл мэндэд дагзны хуйханд шарх бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч “...Би өөрийн хүү Н.Мгаас эмчилгээний зардал нэхэмжлэхгүй, одоо надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 11/ гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Н.М урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 51 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба  тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн байдал, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910025670884 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.М цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.О- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл үгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-н М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.М-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Н.М оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910025670884 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч С.О гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР