Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 042

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С  овогт Г-н А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910019180878 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1979 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хэсгийн 6 дугаар байр 15 тоотод оршин оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, С овогт Г-н А /РД: 000000000/  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 1-15 тоотод байх өөрийн гэртээ төрсөн дүү Г.Мөнхзул-г гэрийн түлхүүр өгсөнгүй гэж зодож, биед нь хуйх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, баруун чих, цээж, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.А: “...2019 оны 8 дугаар сарын 04-ний өдөр найзуудтайгаа архи уугаад жоохон халамцуу байсан, гэрийн түлхүүрээ мартсан байсан. Тэгээд дүүгээсээ түлхүүрээ өгчих гэхэд өгөхгүй гэсэн, тэгэхээр нь нэг удаа алгадсан, дүүд учирсан тухайн гэмтлийг би учруулсан, миний буруу...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнө 23 цагийн үед унтсан. Би сонсголгүй болохоор шөнө унтаж байхад хаалга нүдэх, хүн дуугарах чимээг огт сонсдоггүй. Гэтэл шөнө нэг хүн намайг сэрээхээр нь босоод хартал төрсөн ах А халамцуу зогсож байсан. Надаас гэрийн түлхүүр нэхээд байхаар нь би нойроо харамлаад түлхүүр өгөхгүй гэсэн чинь гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би барилцаад автал миний хөлийг хазсан. Тэгээд хоорондоо эвлэрээд унтацгаасан. Надад хохирлын баримт байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 20-22/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнө найзуудтайгаа пиво уучихаад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би өөрийнхөө түлхүүрийг найзынхаа гэрт мартсан байсан. Тэгээд манайх нэг давхарт байдаг болохоор би цонхоороо гэртээ ороод дүү Мөнхзаяаг сэрээгээд түлхүүрээ өгчих, гарчихаад ирье гэж хэлтэл “өгөхгүй” гээд байхаар нь уур хүрээд зүүн нүдэнд нь нэг удаа цохисон ба түлхүүрээ өгөхгүй байхаар нь зууралдаж байгаад баруун хөлнийх нь шилбэ хэсгээс нэг удаа хазсан...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн №9539 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Мөнхзул-гийн биед толгойн хуйх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, баруун чих, цээж, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /33-37/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 67-68/,

- Шүүгдэгч Г.А-гийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Бадамханд, Д.Чаминсүх /хх-ийн 25-26, 62-63/ нарын мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 8 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, 6 дугаар байрны 15 тоотод өөрийн гэртээ төрсөн дүү Г.Мг гэрийн түлхүүр өгсөнгүй гэж зодож түүний биед нь хуйх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, баруун чих, цээж, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Г.Мгийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнө нэг хүн намайг сэрээхээр нь босоод хартал төрсөн ах А халамцуу зогсож байсан. Надаас гэрийн түлхүүр нэхээд байхаар нь би нойроо харамлаад түлхүүр өгөхгүй гэсэн чинь гараараа миний нүүрэн тус газар 1 удаа цохисон. Тэгэхээр нь би барилцаад автал миний хөлийг хазсан...” /хх-ийн 20-22/ гэсэн, шүүгдэгч Г.Агийн “...Би 2019 оны 8 дугаар сарын 04-ний шөнө найзуудтайгаа пиво уучихаад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Би өөрийнхөө түлхүүрийг найзынхаа гэрт мартсан байсан. Тэгээд би цонхоороо гэртээ ороод дүү Мөнхзаяаг сэрээгээд түлхүүрээ өгчих, гарчихаад ирье гэж хэлтэл “өгөхгүй” гээд байхаар нь уур хүрээд зүүн нүдэнд нь нэг удаа цохисон ба түлхүүрээ өгөхгүй байхаар нь зууралдаж байгаад баруун хөлнийх нь шилбэ хэсгээс нэг удаа хазсан...” /хх-ийн 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №9539 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Г.Мгийн биед толгойн хуйх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, баруун чих, цээж, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 30/ гэсэн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 8/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /33-37/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 67-68/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүгдэгч Г.Аыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. 

 

 “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1. гэр бүлийн бусад гишүүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд этгээдийг ойлгох ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн бусад гишүүн, асран хамгаалагч нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, ...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.

 

Шүүгдэгч Г.А, хохирогч Г.М нар төрсөн ах дүүс бөгөөд хохирогч Г.М нь группт байдаг, түүнийг төрсөн ах Г.А нь асардаг талаар хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А нь өөрийн гэр бүлийн гишүүн болох төрсөн дүү Г.Мгийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна. 

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мгийн эрүүл мэндэд толгойн хуйх, баруун, зүүн нүдний зовхи, зүүн нүдний салст, баруун чих, цээж, дээд, доод мөчинд зулгаралт, цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 20-22/ гэж мэдүүлсэн тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.    

 

Шүүгдэгч Г.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.

 

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1910019180878 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.М гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Г.А бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С овогт Г-н Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-н А-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Шүүгдэгч Г.Ад оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910019180878 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Г.М гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Г.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

              

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР