Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 043

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ш.У, түүний өмгөөлөгч Б.Энхболд,

нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Ш-н  У-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910021240812 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйн багш мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээнд явдаг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Ш-н  У /РД: 00000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 608 тоот гэрт амарч байсан Д.У-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж иргэн Д.У-ийн цүнхтэй эд зүйлийг хулгайлан 16,161,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ш.У: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, тухайн гэрт үнэд хүрчих юм байвал авчихья гэсэн зорилготой орсон, гэрт нэвтэрч орох эрх байхгүй, тухайн гэрээс цүнх авсан, цүнхнээс гар утас, ууттай зүйл (даалинтай хөөрөг)-ийг аваад бусад эд зүйлсийг нь цүнхтэй хамт хашааны дэргэд хаясан, авсан эд зүйлээ бүгдийг нь хохирогчид буцааж өгсөн,  гэм буруугийн хувьд маргаан байхгүй, бага насны 4 хүүхэдтэй, хүүхдүүдээ орхино гэхээр хэцүү байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчим найз Баатар, Энхжаргал, Отгонбаяр нарын хамт Чингисийн хүрээ амралтын газарт арга хэмжээд оролцсон. Арга хэмжээ шөнийн 03 цагийн орчим дууссан. Бид нар эхлээд 65 дугаартай гэрт орсон боловч дараа нь гэрээ солиод 608 дугаартай гэрт орсон. Манай гэрт манай найзууд болох Энхжаргал, Зулаа хоёр орж ирээд хэсэг юм ярьж, архи, дарс, виски задлаад өглөөний 05 цаг хүртэл сууцгааж байгаад тусдаа гэр авсан байсан болохоор амрахаар явсан. 608 дугаартай гэрт манай найз Баатар бид хоёр үлдээд унтаж амарсан. Өглөө 08 цаг 30 минутын үед би сэрээд цаг хэд болсныг харах гээд цүнхээ хайсан чинь урьд орой миний цүнх тавьсан газарт байгаагүй. Би цүнхээ өөрийнхөө унтаж амарсан орон дээр тавьсан байсан. Би гайхаад амралтын газрын хяналтын камерыг шүүлгээд үзсэн чинь 05 цаг 26 минутанд миний амарч байсан гэрт хүн ороод, 05 цаг 29 минутанд буцаад гарсан бичлэг харагдаж байсан. Гартаа цүнх барьсан нь харагдахгүй байсан, тэгээд цагдаад хандсан. Миний цүнхэнд “айфоне икс 10” загварын гар утас 1 ширхэг, цэнхэр ногоон туяатай “Bulgarria” загварын эмэгтэй хүний цүнх 1 ширхэг, улаан хүрэн өнгийн аква шүртэй орос монетон унждаг 8 ширхэгтэй ээмэг 1 хос, бриллиантан шигтгээтэй, хас хээтэй, монетон ээмэг 1 хос, хөндийлж сийлсэн, луу ороосон хээтэй, цагаан хаш, ноён сэврээ, алтан нуухтай шүрэн толгойтой бага гарын хөөрөг 1 ширхэг зэргийг хулгайд алдсан. ...Тухайн үед алдсан эд зүйлсээ бүгдийг нь авсан, өөр нэмж шалгуулах зүйл, санал хүсэлт байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18-19, 20/ гэсэн,

 

Гэрч А.Отгонбаяр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингисийн хүрээ амралтын газарт арга хэмжээнд оролцохоор ирсэн. ...Гадаа арга хэмжээнд оролцоод шөнийн 03 цаг өнгөрч байхад Урнаа эгчийг 65 дугаартай гэрээс 608 дугаартай гэрт хүргэж өгөхөд Урнаа эгчийн цүнх, түүн дотор гялгар хар хөх гар цүнх байсан. 608 дугаартай гэрт оруулахад Баатарын хойно цүнхээ тавьж байсан. Өглөө Зулаатай уулзахад Урнаа эгчийн цүнх алга болсон байна, та нар гэрт хоноогүй юм уу гэж асуухад Зулаа бид хоёр өөр газар хоносон. Бид хоёрыг явах үед Урнаа эгчийн цүнх гэрийн баруун орон дээр байсан гэж хэлсэн...” /хх-ийн 24-27/ гэсэн,

 

Шүүгдэгч Ш.У мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ амарч байгаад такси үйлчилгээнд явах зорилгоор өөрийн 47-08 УББ улсын дугаартай Тоёота приус-20 загварын автомашинтай 21 цаг 30 минутанд гэрээсээ гарсан. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед хүүхдийн 100-гийн орчим байх “211” нэртэй цэнгээний газрын гадаа зогсож байхад 4 эмэгтэй хүн миний араар өнгөрөхөөр нь жолооч авах уу? гэж асуухад жолооч авна гэж хэлсэн. Би тэр 4 эмэгтэйгээс хаашаа, хэдэн төгрөгөөр явах талаар асуухад “Чингис хааны хүрээ" гэх нэртэй амралтын газарт хүргүүлнэ, чи хэдэн төгрөгөөр жолоо барих вэ? гэж асуухаар нь 40,000 төгрөг гэж хэлэхэд 20,000 төгрөг өгнө, явахгүй гэвэл явлаа гэхээр нь би Чингисийн хүрээ амралтын газар том хэмжээний хурим болж байгаа талаар өдөр хүмүүсээс сонссон байсан учраас буцаад хот руу жолооч авах хүн олдох байх гэж бодоод зөвшөөрөөд тэр 4 эмэгтэйн авто машиныг бариад /дугаар, марк, загварыг санахгүй байна/ “Чингис хааны хүрээ” амралтын газарт хүргэж өгсөн, ажлын хөлсөнд 20,000 төгрөгөө авсан. Амралтын газрын гадна машины зогсоол дээр очоод жолооч авах уу? гэж гарч ирсэн хүмүүсээс асуугаад 3-4 цаг өнгөрсөн. Тухайн үед гарч ирсэн хүмүүс тухайн хуримын үйл ажиллагаа зохион байгуулж байгаа газрын гэрээт жолооч нарыг аваад явж байсан учраас надад жолоочоор ажиллах боломж олдоогүй. Би ойролцоогоор шөнийн 05 цаг болж байхад тухайн амралтын газар согтуу хүмүүсийн хаясан эд зүйл байгаа эсэхийг харах гэж гэрүүдийн голоор явж байгаад төв асарын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах гэрийн гадна ирээд байж байтал 30-35 орчим насны нүдний шилтэй эрэгтэй согтуу хүн над дээр ирээд нэрийн санахгүй байна нэг захирлын нэр хэлээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлтэл тэр залуу тухайн гэрийн хаалгыг онгойлгож харсан. Гэрийн хаалга онгойход нь би гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орны толгой дээр байсан эмэгтэй хүний гар цүнхийг харсан. ...Би тухайн гэрийн гадаа буцаж ирээд гэрт ороход баруун, зүүн талын орон дээр эрэгтэй, эмэгтэй согтуу хоёр хүн унтаж байхаар нь баруун талын орны толгой дээр байсан эмэгтэй хүний гар цүнхийг аваад тухайн гэрээс гарч явсан. Цүнхнээс айфон-икс загварын гар утас, даалинтай хөөрөг, ээмэг шиг зүйлсийг аваад цүнхийг жалганд хаячихсан. Буцаад зогсоол дээр очоод цүнхийг ерөөсөө хамаагүй хаяж болохгүй юм байна гэж бодоод буцаж очоод цүнхийг аваад амралтын газрын зүүн урд хэсэгт байсан бутан дотор хаячихаад зогсоол дээр очиж таксинд суугаад явсан. Авсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 29-30, 68/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа, тэмдэглэл /хх-ийн 4, 8/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

- Өргөдөл /хх-ийн 9/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-13/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/,

- “Дамно” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34-35, 38-39/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40/,

- Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 58-60/,

- Шүүгдэгч Ш.У-ын хувийн байдалтай холбоотой гэрч Н.Верагийн мэдүүлэг /хх-ийн 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ш.У-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ш.У нь 2019 оны 9 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингисийн хүрээ” амралтын газрын 608 тоот гэрт хууль бусаар нэвтэрч амарч байсан Д.У-ийн цүнхтэй эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 16,161,300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.У-ийн “...Би 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 14 цагийн орчим найз Баатар, Энхжаргал, Отгонбаяр нарын хамт Чингисийн хүрээ амралтын газарт арга хэмжээд оролцсон. ...2019 оны 9 дүгээр сарын 7-ны өглөө 08 цаг 30 минутын үед сэрээд цаг хэд болсныг харах гээд цүнхээ хайсан чинь урьд орой цүнхээ тавьсан газарт байгаагүй. Би цүнхээ өөрийнхөө унтаж амарсан орон дээр тавьсан байсан. Би гайхаад амралтын газрын хяналтын камерыг шүүлгээд үзсэн чинь 05 цаг 26 минутанд амарч байсан гэрт хүн ороод 05 цаг 29 минутанд буцаад гарсан бичлэг харагдаж байсан, тэгээд цагдаад хандсан. Би алдсан эд зүйлээ үбгдийг нь хүлээж авсан, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 18-19/ гэсэн, гэрч А.Отгонбаярын “...2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингисийн хүрээ амралтын газарт арга хэмжээнд оролцсон. ...Арга хэмжээнд оролцоод шөнийн 03 цаг өнгөрч байхад Урнаа эгчийг 65 дугаартай гэрээс 608 дугаартай гэрт хүргэж өгөхөд Урнаа эгчийн цүнх байсан. Өглөө Зулаатай уулзахад Урнаа эгчийн цүнх алга болсон байна, та нар гэрт хоноогүй юм уу гэж асуухад Зулаа бид хоёр өөр газар хоносон. Бид хоёрыг явах үед Урнаа эгчийн цүнх гэрийн баруун орон дэр байсан гэж хэлсэн...” /хх-ийн 24-27/ гэсэн, шүүгдэгч Ш.Уын “...2019 оны 9 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед “Чингис хүрээ” гэх нэртэй амралтын газарт 4 эмэгтэйг хүргэж өгөөд 20,000 төгрөг аваад тухайн амралтын газрын гадна машины зогсоол дээр жолооч авах уу? гэж гарч ирсэн хүмүүсээс асуугаад 3-4 цаг өнгөрсөн. ...Би ойролцоогоор шөнийн 05 цаг болж байхад тухайн амралтын газар согтуу хүмүүсийн хаясан эд зүйл байгаа эсэхийг харах гээд гэрүүдийн голоор явж байгаад нэг гэрийн хаалга онгойход нь тухайн гэрийн ертөнцийн зүгээр баруун талын орны толгой дээр байсан эмэгтэй хүний гар цүнхийг харсан. ...Би тухайн гэрийн гадаа буцаж ирээд гэрт ороход баруун, зүүн талын хоёр орон дээр эрэгтэй, эмэгтэй согтуу хоёр хүн унтаж байхаар нь баруун талын орны толгой дээр байсан эмэгтэй хүний гар цүнхийг аваад тухайн гэрээс гарч явсан. Гэрээс гараад урагшаа 4 гэрийн цаана очоод цүнхийг нээгээд айфон-икс загварын гар утас, даалинтай хөөрөг, ээмэг шиг зүйлсийг аваад цүнхийг жалганд хаясан. Би авсан эд зүйлсээ бүгдийг нь хохирогчид хүлээлгэн өгсөн...” /хх-ийн 29-30/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа, тэмдэглэл /хх-ийн 4, 8/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, өргөдөл /хх-ийн 9/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 10-13/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 34, 38-39/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 40/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхитэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Ш.Уын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ш.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.У-т 16,161,300 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 34, 38-39/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлсийг биет байдлаар буцааж өгсөн, хохирогч алдсан эд зүйлээ хүлээж авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн /хх-ийн 18, 20, 40/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Ш.У урьд нь ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 72 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах ялыг хөнгөрүүлэхээр заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, түүний бага насны буюу 0-11 насны 4 хүүхэдтэй /хх-ийн 58-60/ зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 1910021240812 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч Ш.У нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхболд: “...Ш.У-т холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллааг хуульд заасан журмын дагуу хийгээгүй, түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал байгаа. Учир нь “Дамно” ХХК-ийн хоёр удаагийн хөрөнгийн үнэлгээний тайлан гарсан бөгөөд уг дүгнэлтийг гаргахаар мөрдөгч тогтоол үйлдсэн, уг тогтоолд шинжээчээр гарын үсэг зуруулаагүй нь шинжээчид эрх, үүргийг танилцуулаагүй, мөн тухайн дүгнэлтийг шүүгдэгчид огт танилцуулаагүй нь оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэл болж байна. Мөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагаа хийгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагчийн зөвшөөрснөөр...” гэсэн бөгөөд Ш.Ут холбогдох хэргийн хувьд түүнийг яллагдагчаар татаагүй байхад энэ ажиллагааг хийсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авч, хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

Хавтаст хэргийн 32, 36 дугаар талд шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол авагдсан, уг тогтоолд “Дамно” ХХК-ийн шинжээч, үнэлгээчин Ц.Түвшинцэнгэл, туслах үнэлгээчин С.Гантуул, Б.Алтансувд нар гарын үсэг зурагдсан байх тул шинжээч нарт хууль сануулаагүй, эрх, үүргийг тайлбарлаж өгөөгүй гэж үзэх боломжгүй юм.

Хавтаст хэргийн 76 дугаар талд шүүгдэгч Ш.Ут 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хэргийн материалыг танилцуулж, гарын үсэг зуруулсан, улмаар шүүгдэгч Ш.У “Хэргийн материалтай танилцав, мөрдөн байцаалттай холбоотой санал хүсэлт байхгүй, шүүхэд шалгуулах нотлох баримт байхгүй” гэж бичсэн бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 25-ны өдөр шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгчид хэргийн материал танилцуулахад шүүгдэгч нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотой гомдол, хүсэлт гаргаагүй бөгөөд энэ талаар санал, хүсэлттэй байсан, дахин дүгнэлт гаргуулахаар гомдол гаргах боломжит хугацааны дараа хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өмгөөлөгч аваагүй, түүний хууль эрх зүйн мэдлэггүй гэсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, эсхүл хөрөнгийн үнэлгээний тайланг дахин гаргуулах үндэслэл болохгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт илэрсэн нөхцөл байдлыг шалгах, явсан замыг тогтоох, зааж өгсөн газрыг шалгах, урьд өгсөн мэдүүлгийн үнэн зөвийг харьцуулан тогтоох зорилгоор яллагдагчийн зөвшөөрснөөс, эсхүл мөрдөгч өөрийн санаачилгаар мэдүүлгийг газар нь шалгахаар хуульчилсан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ш.Уаас гэрчийн мэдүүлэг авч, 12-ны өдөр мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг мөрдөгч өөрийн санаачилгаар түргэн шуурхай явуулж, хаясан эд зүйлийг цаг алдалгүй олж, хохирогчид хүлээлгэн өгснийг шүүх мөрдөгч өөрийн санаачилгаар явуулсан ажиллагаа бөгөөд хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Б овогт Ш-н  У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ш-н  У-г 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.У-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 1910021240812 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Д.У гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч Ш.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ш.У-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.У-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР