Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 25

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж,

Нэхэмжлэгч: Богд сумын иргэн Т.Ц , түүний өмгөөлөгч Р.Шүрхүү

Хариуцагч:Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч тус аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн дарга А.О

Гэрч: Өвөрхангай аймгийн Төрийн сангийн хэлтсийн дарга Д.Н , мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Ж.П

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Т.Ц ын  нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох “Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин     2386920 төгрөг гаргуулах тухай”  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан. Би Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр томилогдсон. Намайг тус сумын сургуулийн захирлын ажлыг хүлээж авахад хамт олон нь эв түнжин муутай, хэрүүл тэмцэлтэй, байнга дээд байгууллага руу гомдол хүсэлт явуулдаг, сурагчдын сурлагын чанар маш муу, аймгийн ЭЕШ-ын оноогоор сүүлээсээ 2 дугаар байранд орсон байсан.

Би өмнө нь Өвөрхангай аймгийн насан туршийн боловсролын мэргэжилтнээр ажиллаж байсан. Өвөрхангай аймгийн Богд сумын сургуулийн захирлын ажлыг Өвөрхангай аймгийн Засаг дарга надад санал болгосноор би өмнөх ажлаа өгч, өөрийн төрсөн нутагтаа очиж ажилласан. Тэгээд төрсөн нутагтаа очиж нутгийн иргэдийн ирээдүйн боловсролын төлөө хичээж, зүтгэж ажиллах зорилготой очсон. Намайг ажил авахад Богд сумын Ерөнхий боловсролын сургууль нь 30 сургуулиас сүүлээсээ 28 дугаар байранд орсон байсан. Би 2015 оны үр дүнгийн үнэлгээгээр эхнээсээ 18 дугаар байр эзэлсэн. 2016 оны үнэлгээгээр эхнээсээ 10 дугаар байранд орсон. Мөн 2016-2017 оны элсэлтийн шалгалтаар 800 оноотой хүүхэд шалгагдсан байдаг. Ингээд Боловсролын газраас манай сумын сургуулийг ахицтай яваа сургууль гэж үнэлсэн. Би ажиллах хугацаандаа хамт олныг менежментийн сонгодог аргуудаар удирдаж, сурагчдын сурлагын чанар сайжирч, мэдэгдэхүйц ажлын бүтээмж сайжирч эхэлсэн.

Үүний үр дүнд ЭЕШ-ын оноогоор улсын дунджаас дээгүүрт шалгагдаж 18 дугаар байр эзэлж, төрөлжсөн болон улсын олимпиад уралдаан тэмцээнүүдэд тогтмол амжилтууд гаргасан. Би өөрийгөө үүрэгт ажлаа хангалттай сайн гүйцэтгэж, үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн биелүүлсэн гэж үзэж байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга намайг ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар итгэл алдсан гэж байгаа. Би аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж ажилладаг. Мөн сургуулийн захирлыг аймгийн Засаг дарга томилдог. Намайг ажлаас халахдаа Боловсролын тухай хуулийн 38.1.1 дэх заалтыг үндэслэн томилж чөлөөлөх гэсэн заалтаар чөлөөлсөн. Намайг боловсролын газраас ажлаа муу хийсэн гэсэн ямар нэгэн албан мэдэгдэл ирээгүй. Харин ч амжилттай сайн ажиллаж байгаа сургууль гэсэн мэдээллийг намрын багш нарын бага хурлаар өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар итгэл алдсан гэдэг дээр бол маннай сургуулийн 2015-2017 оны эхний хагас жилийн тайланд аймгийн Санхүү аудитын газраас шалгалт хийж зөвлөмж өгсөн. Аймгийн Санхүү аудитын байгууллага зөвлөмж өгөөд аливаа байгууллага бол санхүүгийн үйл ажиллагаандаа хяналт тавьж алдаа дутагдалаа засч ажилладаг. Энэ шалгалтаар авлагаа бүртгээгүй, цалингийн цэсээ дутуу бүртгэсэн гэсэн зөрчлүүд гарсан. Үүнтэй холбоотой зөвлөмж өгч ажиллаад бид нар хүлээн авч зөрчил дутагдалаа арилгаад аймгийн Санхүү, аудитын газар 5 дугаар сарын 15, 06 дугаар сарын 15-ны дотор ирүүл гэсний дагуу албан бичгээр хүргүүлсэн. Санхүү хяналт аудитын газраас 2017 онд манай сургууль дээр хяналт шалгалт хийсэн. Энэ шалгалтаар манай байрны хүүхдүүдийн хоолонд буюу мах, боорцог гэх мэт хүнсний зүйлүүд дутсан. Авлагаа дотооддоо бүртгэсэн. Үүнийг хянах гэж санхүү аудитынхан манай сургууль дээр 3 хоног ажиллаад нягтлан бодогч, няравын тайланг авч очоод нягтлан хяная гэсэн. Би Хатанбаатар даргад манай санхүүгийн тайлан зөрөөд байна. Хэнд нь буруу байна, аж ахуйн нэгжтэй нярав хуйвалдаад байна уу? Эсвэл санхүү, нярав гэсэн 2 ажилтны өөрсдийн хоорондын зөрчлөөс байна уу? Үүнийг та ялгаж салгаж өгөөч гэж хэлж байсан. Дахиад 07 дугаар сард санхүү, аудитынхан манай сургууль дээр шалгалтаар очихдоо 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 290103 гэсэн дүгнэлтийг гаргасан. Өвөрхангай аймгийн Засаг дарга бол энэ дүгнэлтийг үндэслэж Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалтыг зөрчсөн гэж үзсэн. Улсын төсөвт уралдаан тэмцээний зардал гэж байдаггүй. Манай сум бол хамгийн хол сум байгаа. Өвөрхангай аймгийн төвөөс 210 километр. Бензин шатахууны зардал мөн адилхан, манай сумыг хол сум гэж илүү төсөв тавьсан зүйл байдаггүй. Манай сургууль 1026 хүүхэдтэй. Энэ хүүхдүүд маань уралдаан тэмцээнд их явдаг. Бид нар бие тамирын багш нартайгаа ярилцаад хэн хэн хэдэн хүүхэд авч явах вэ? Эхний 5 дугаар байранд орох багш, сурагчид явъя гэж хуваарь гаргадаг. Жишээлбэл: Манай сургуулийн Ганзоригийн Эрдэнэсүрэн гэдэг хүүхэд чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд аймаг, орноо төлөөлж яваад мөнгөн медаль хүртсэн. Самбо, жү-до, чөлөөт бөхийн тэмцээнд удаа дараа амжилттай оролцож, сүүлийн хоёр жил цом авсан. 2015 онд зуун буудалт даамын дэд мастер 3 болсон. Тэд нарыгаа алдаршуулах зорилгоор сурагчдын оюуны спортыг алдаршуулж, логик сэтгэлгээг хөгжүүлж, сурлагын чанарыг сайжруулах зорилгоор аймгийн аварга шалгаруулах зуун буудалд даамны тэмцээнийг анх удаа хөдөө орон нутагт зохион байгуулсан. Энэ тэмцээнд нийт 146 багш, сурагчид, эцэг эхчүүд 3 хоног хамрагдаж оролцсон. Аймгаас энэ тэмцээнийг зохион байгуулах ажлын хэсэгт 8 хүн очсон. Энэ хүмүүсийг бид нар дотуур байрандаа байрлуулж, хооллуулаад тэмцээнийг амжилттай зохион байгуулсан. Тэмцээний 35 медиалаас манай сум 15 медаль авч тэргүүн байр эзэлж цомоо хадгалж үлдсэн. Бусад оролцсон сургууль бүгд медальтай буцсан. Мөн хүүхдийн урлагийн 4 дүгээр наадам болж манай сургуулиас 46 сурагч, 2 багштай ирж оролцож “Оюуны- Ундраа” сургууль дээр 4 хоног хоол ундаа авч ирж байрласан. Замын зардлыг сургууль өөрөө хариуц гэсэн байгаа. Мөн аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилчдын дунд урлаг, спортын наадам болсон. Энэ наадамд манай сургуулиас 53 төлөөлөгч оролцож 1 дүгээр сургууль дээр байрлаж өөрсдөө хоол ундаа авчирч ирсэн. Ийм ажилд бид байрны хүүхдүүдийнхээ хоолноос хонины мах, ямааны мах, будаа, гурилыг өгч явуулдаг. Тэгэхээр 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн дүгнэлтийн 3 дугаар хуудас дээр 6374900 төгрөгийг санхүүгийн зөрчил үүссэн гэсэн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлтэнд намайг хувийн ашиг сонирхолтой, залилангийн үйлдэл гаргасан байна гэж бичсэн болохоор аймгийн Засаг дарга намайг ажлаас халах 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг гаргасан гэж бодож байна. Үүнийг би хувьдаа ашигласан зүйл ерөөсөө байхгүй. Тендерээс шалгаруулдаг аж ахуйн нэгжийг аймгаас шалгаруулдаг байгаа. Энд миний  ах дүү нар байхгүй. Миний ах дүү нар бүгд Богд суманд байдаг. Би малчин айлын хүүхэд. Улсад алба хашдаг хүн манай ах дүү нарт надаа өөр хүн байхгүй. Бүгдээрээ малчин хүмүүс байдаг. Би төрийн мөнгийг хувьдаа ашиглаж, завшсан зүйл байхгүй. Иймд Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжинд гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 16 цаг 45 минутанд манай хамт олны хурал болж энэ 6734900 төгрөгийг яасан талаар хуралдаж протокол гарсан. Өмнөх Д.Б  захирлын үед аль 2012 онд ирэх ёстой байсан 12 ширхэг компьютер намайг ажил авахад ирээгүй байсан. Би ажил авахдаа үүнийг мэдээгүй. Тухайн үед Д.Б  захирал ажлаа хүлээлгэж өгөөд явсан. Үүнийг аймгийн өмчийн хэлтэст өмчийн бүргэлээс хасуулж шийдвэрлүүлэхээр тусгаж өгсөн. Мөн санхүү, аудитын алба шалгахдаа мөн энэ талаар дүгнэлтийг өмчийн хэлтэст өгсөн байгаа. Сумын өмч хамгаалах зөвлөл аймгаас зөвшөөрөл авалгүйгээр баахан эвдэрсэн ширээ сандал, ном зэргийг акталсан. Энэ бол надаас өмнөх захирлын асуудал байгаа. Үүний дагуу сумын өмч хамгаалах хэлтэс дахин хуралдаад аймгийн өмч хамгаалах зөвлөлд хүсэлт өгсөн. Би ажлаа хийж байхдаа зөвлөмжийн дагуу шат дараалан ажиллаж хүргүүлсэн. Би өмнөх ШУТИС-д ажиллаж байсан болохоор 2 жил хөөцөлдөж огт хэрэглээгүй 150 ширээ, сандлыг авахаар болж машинд ачуулаад байж байхад аймгийн Засаг дарга намайг ажлаас халах 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг гаргасан. Би ажлаа хийж байсан бол эдгээр гарсан зөрчлийг арилгах явах боломж надад байсан. Би багш, сурагчдаа ийш тийшээ явахад нь шаардахаар мах, гурил, гоймонг нь өгөөд л явуулдаг. Маршын тэмцээнд дор хаяж 18 түүнээс дээш хүүхдүүд явдаг. Ялангуяа хүчний тэмцээн буюу сагс, волейболын тэмцээнд явж байгаа хүүхдүүдэд бүсийн багш нарын уулзалтанд явж байгаа хүүхдүүдийг дандаа л хоолоо авчир гэсэн удирдамж ирдэг. Тийм болохоор ийм зүйлд зарцуулсан. Би хувьдаа ашигласан завшсан зүйл байхгүй. Би үндэслэлгүйгээр өөрөө дур мэдэн зарцуулсан зүйл байхгүй. Би ажил олгогчийн итгэлийг эвдэж хувьдаа ашигласан зүйл байхгүй гэж үзэж байна. Иймд Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Өнөөдөр иргэний хэргийн шүүх хуралдаан биш, Захиргааны хэргийн шүүх хуралдаан явагдаж байгаа учраас маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлтэй юу? үгүй юу гэдгийг л шийднэ. Би Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ захирамжинд Боловсролын тухай хуулийн 30.1.15 дахь заалт гэж заасан байгаа. Энэ заалтанд боловсролын байгууллагын санал болгосноор гэдэг асуудлыг нэхэмжлэгч гаргаж ирээгүй. Хэргийн материалд ч байхгүй, санал болгосон зүйл байхгүй байгаа. Мөн Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.3 дахь заалт гэсэн. Төсвийн тухай хуулийн 70.1.3 гэсэн заалт байхгүй, үүнийг андуурсан байх гэж бодож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт дээр тайлбар хэлье. Энэ бол Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдахгүй. Сургуулийн захирал бол аймгийн Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн гэрээ байгуулдаггүй. Тийм болохоор үр дүнгийн гэрээнд зааснаа дүгнэж, үр дүнгийн гэрээнд заасан зүйлээ хийж үү? үгүй юу? гэдгийг шийдвэрлэдэг. Бидний өмнөө барьдаг ганц зүйл бол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаартай тогтоол байгаа. Энд контракт гэдгийг төсвийн хөрөнгийг зарцуулдагийг хэлсэн байгаа. Тийм болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь заалт биш. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийг баримтлах ёстой байсан. Иймд Засаг даргын захирамжинд заасан 3 шаардлага бол хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг сургуульдаа ширээ сандал ачаад явж байхад ажлаас халагдах захирамж гаргасан байсан. Өвөрхангай аймгийн Засаг даргын гаргасан захирамжийг хууль зүйн үндэслэлтэй юу? үгүй юу гэдгийг шийдэх гэж байгаа учраас Захиргааны ерөнхий хуулийг харна. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт зааснаар Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн архивт хадгална гэж заасан. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар Захиргааны шийдвэр бүрт хяналтын дагалдах хуудас хавсаргах бөгөөд дагалдах хуудсанд захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон албан хаагч бүрийн эцэг эхийн нэр, өөрийн албан тушаал, оролцоо, гүйцэтгэлийн тухай дэлгэрэнгүй тэмдэглэсэн байна. Дагалдах хуудсанд албан хаагчийн захиргааны шийдвэр боловсруулахад оролцсон оролцоо, гүйцэтгэлийг тэмдэглэсэн байна.

Мөн Захиргааны Ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар тус хуулийн 29.2-т заасан дагалдах хуудсыг албан хаагчид шагнал олгох, үр дүнгийн урамшуулал тооцох, сахилгын шийтгэл хүлээлгэх, эсхүл хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгоход харгалзана гэж заасан. Ийм учраас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж байгаа учраас энэ маргаан бүрийн акт үндэслэлгүй хууль зөрчсөн гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах ёстой гэсэн байдаг. Хүн ажлаасаа халагдана гэдэг чинь амьдралд нь том цохилт болдог. Хүнийг ажлаас халах тушаал гаргахдаа хууль зүйн үндэслэлийг харж заах ёстой байсан. Дараа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.5 дахь хэсэгт зааснаар захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах ёстой. Ажлаас халсан актандаа ийм үндэслэлээр таныг ажлаас халлаа, гомдлыг хэдэн хоногийн дотор гаргах ёстой гэдгийг тусгаж өгөх ёстой. Ийм зүйл байхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар итгэл эвдсэн гэж яриад байна. Нэхэмжлэгч ажилдаа муу байсан уу? гэхээр үгүй байгаа. 2016 оны үр дүнгийн гэрээгээ 87.5 хувьтай “САЙН” гэж үнэлүүлсэн. Одоо бол 2017 оны ажлыг дүгнэх болоогүй байгаа. Олон гэрч асуулгах гээд яригдаад байна. Тэр Санхүү,  аудитын хяналт шалгалт гэж яригдаад байна. Энэ хүн дээр шалгалтаар акт бол гараагүй. Ганцхан нэхэмжлэгчид энэ акт гараагүй бөгөөд нягтлан, нярав дээр алдаа гарч акт гарсан. Нэхэмжлэгч олон сая төгрөгийг хувьдаа ашигласан гэсэн зүйл байхгүй байна.

Аливаа шалгалт бол зөрчлийг арилгуулах ёстой. Үүний дагуу нэхэмжлэгч ажиллаж байсан. Иймээс Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамж бол хууль зүйн үндэслэлгүй байгаа учраас хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв. Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, 29.3, Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд хариуцагчаар оролцож байна. Би өнөөдрийн энэ шүүх хуралдааныг Өвөрхангай аймгийн Богд суманд хийлгэдэг байж дээ гэж бодож сууна. Би Өвөрхангай аймгийн Богд суманд 3 удаа томилолтоор ажилласан. Эрхэм захирлын өөрийнх нь ярьж байгаа яриа бодит амьдрал дээр байсан ажил зэрэгт тодорхой зүйлүүд байгаа. Нэхэмжлэгч ширээ сандал ачаад явж байхад аймгийн Засаг дарга намайг ажлаас халах захирамж гарсан гэж ярьж байна. Энэ бол үгүй юм. Бас сонсох ажиллагаа хийгээгүй гэж ярьж байна. Бид Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Энхцэцэгийн өрөөнд сонсох ажиллагаа явуулсанаас хоёр хоногийн дараа би энэ шийдвэрийг гаргасан. Одоо болохоор ширээ сандал ачаад явж байснаа буцаагаад өгсөн юм шиг яриад сууж байна. Энэ яриад байгаа ширээ сандлыг ноднин авна гээд томилолт аваад өөрөө баахан гарын үсэг зурчихаад мөнгийг нь идсэн. Би нотлох баримттай юм ярьж байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар боловсролын газрын саналыг үндэслэж Засаг дарга шийдвэр гаргана гэж та сая хэллээ. Төсвийн тухайн хуулиар боловсролын газрын саналыг авах үндэслэл байхгүй. Аймгийн төрийн сангийн хэлтсийн дарга дээр Төсвийн тухай гэрээ хийсэн байгаа. Энэ гэрээнд тодорхой зөрчил гаргах юм бол заалтууд нь байдаг. Би хуулийг их зөрчсөн, бага зөрчсөн гэсэн ойлголт байхгүй гэж бодож байна. Нэхэмжлэгч нь өөрөө төсвийг шамшигдуулсан, өөртөө дур мэдэн томилолт бичиж, хуурамч гарын үсэг зурж авсан олон баримтууд надад бий. Олон удаагийн томилолт нь байгаа. Нэхэмжлэгч Т.Ц  нь Өвөрхангай аймгийн Богд суманд 2 жил болохдоо 1 жил нь байгаагүй. Надаас нэг ч удаа чөлөө зөвшөөрөл авч байгаагүй. Цагийн бүртгэл нь надад байгаа. Үүнийг би шийдвэр гаргах хангалттай нотлох баримт гэж үзэж байна. Нэхэмжлэгч талаас хуулийн үндэслэлгүй гээд байгаа хуулийн заалтыг Хууль зүйн хэлтсийн дарга А.О  тайлбар хэлэх байх гэж бодож байна. Нэхэмжлэгч Т.Ц  нь намайг Богд суманд 3-4 удаа очиход байгаагүй. Суманд очиход сумын Засаг дарга нь хүртэл нэхэмжлэгчийг сумандаа байхгүй байх юм гэж хэлдэг байсан. Сумын иргэдийн боловсролыг анхаарах нь битгий хэл, өөрөө докторт сурч байгаа гээд л ажил дээрээ байдаггүй байсан. Өөрөө үүнийг хэлэх байх гэж бодож байна. Би нэхэмжлэгч Т.Ц ыг өрөөндөө хүртэл дуудаж уулзаж байсан. Сүүлдээ намайг дуудахаар ирдэггүй байсан. Би очиж чадахгүй, сум руугаа явж байна гэдэг тайлбар хэлдэг байсан. Мөн Төсвийн тухай хуулийн зөрчил байна. Өөрөө ямар ч акт тавигдаагүй гэж хэлж байна. Тэр 726000 төгрөгийн акт тавигдсан. Үүнийг прокурор хэрэгсэхгүй болгосон. Үүнийг цаг хугацаа алдсан аймгийн Санхүү, хяналтын албаны дарга Хатанбаатарт би арга хэмжээ авна. Би сумын нягтлан, нярав нартай харьцдаггүй албан тушаалтан учраас дараа дараагийн шат даараалсан арга хэмжээг авна. Сумаас өгсөн хүмүүсийн бодит гомдол байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан гэв  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шүүхэд гаргасан тайлбартаа:  Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Би Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийн тухай тодорхой тайлбар хэлье гэж бодож байна. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг авна гэж заасан байдаг. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 гэж бичсэн байгаа нь манай техникийн алдаа байсан.Үүнийг тухайн үед бид нар захирамжаа нэхэмжлэгч Т.Ц д өгөөд явуулсан байсан учраас засах боломж байгаагүй.  Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 гэсэн заалт байхгүй. Энэ тухайгаа тэр үедээ шүүгчийн туслахад мэдэгдэж хэлсэн байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар ажлын ур чадвар, удирдах арга барилаар санал дүгнэлт гаргах гэж байгаа бол Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт зааснаар санал дүгнэлт авах байсан. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар “ажил олгогчийн итгэлийг алдсан, төрийн мөнгийг шамшигдуулсан бол заавал санал авах шаардлага байхгүй. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан байгаа.

Контракт гэдэг зүйл яригдаж байна. Сургуулийн захиралтай аймгийн Засаг дарга үр дүнгийн гэрээ байгуулдаг. Хөдөлмөрийн тухай хуульд төрийн үйлчилгээний албан хаагчдын үр дүнгийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Нэхэмжлэгч Т.Ц  бол удирдах албан тушаалтан, боловсролын сүлжээ, салбар хариуцсан гэдгээрээ төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлд цалинжиж байдаг. Тийм учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар харилцаа нь зохицуулагддаг. Хөдөлмөрийн гэрээ гэдэг нь төрийн албаны зөвлөлөөс гаргасан тогтоол, дүгнэлтээр удирдах албан тушаалтан нь үр дүнгийн гэрээгээ хөдөлмөрийн гэрээний дагуу жишиг гэрээ байгуулж хөдөлмөрийн тухай хуулиар харилцаа нь зохицуулагддаг. Засгийн газраас цалин, зэрэг, дэв тогтоох гэсэн харилцаагаар тогтоогдож байдаг. Бидний өмнөө бариад байгаа Улсын Дээд Шүүхийн 2006 оны 33 дугаартай тогтоол байна. Ажилтан, ажил, олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол санхүүгийн байгууллагын болон эрх бүхий байгууллагын хяналт шалгалт, ажил олгогчийн дотоод хяналт шалгалтаар тогтоогдсоны дагуу гэж үздэг байгаа. Санхүү, хяналт шалгалтын, аудитын газрын дүгнэлтээс харахад Засаг даргын 2013 оны 289 дугаартай байж байгаад шинэчлэгдээд 2017 оны 89 дугаартай тогтоолоор ажлын үр дүнг дүгнэдэг журам байдаг. Энэ  журмын дагуу жил болгон хяналт,  шалгалт хйихэд Богд сумын сургуулийн үйл ажиллагаанд тухай жилийн төсөвт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Зөрчил гаргасан байгаа. Мөн Богд сумын Засаг даргын дэргэдэх хяналт шалгалтын багаас сургуулийн санхүү дээр хяналт шалгалт хийсэн. Бид ганцхан 2017 оны асуудал яриагүй. Жил дамнасан 2015-2017 оны төсвийн асуудал ярьж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан байсан. Би Өвөрхангай аймгийн Богд сумын Ерөнхий боловсролын сургуулийг 28 дугаар байранд орсон байхад нь 18 дугаар байранд орууллаа гэж бичсэн байсан. Энэ бол Боловсролын стандартын хувьд яригдах асуудал гэж бодож байна. Энд бид нягтлан, няравын буруу гэж яриагүй. Зөвхөн удирдах ажилтны асуудлыг ярьж байна. Өнөөдөр байгууллагаасаа 10000 төгрөг авлаа гэхэд шаардах байдаг юм уу эсвэл падан, нэхэмжлэл, зарлагын паданаар мөнгө бичиж авдаг. Тэгэхэд Богд сумын сургуулийг харахад дурын нярав нь эсвэл багш нь мах, хүнс цуглуулаад авдаг байгаа. Ийм эрх зүйн үндэс байхгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар санхүүгийн байгууллагын дүгнэлтээр бид шийдэр гаргасан. Удирдах албан тушаалтан бол санхүүгийн алдаа зөрчил гаргах юм бол сахилгын шийтгэл оногдуулахаар хуульд заасан. Захиргааны Ерөнхий хуульд зааснаар захиргааны байгууллага аливаа акт гаргахдаа мэдэгдэх, сонсох ажиллагааг хийх ёстой. Үүний дагуу аймгийн Засаг дарга шийдвэр гаргахдаа хуулийн дагуу хувийн хэргийг хөтлөөд явж байгаа. Бид 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр сонсох, мэдэгдэх ажиллагааг хийгээд  нэхэмжлэгч  Т.Ц ыг өөрөөр нь тайлбар бичүүлж,гарын үсэг зурсан баримт нь байгаа.  Үүнийг шаардлагатай гэвэл шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхөд бэлэн байна. Энэ сонсох ажиллагаан дээр нэхэмжлэгч санхүүгийн зөрчил, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэсэн.                                                                                                                                                                                  Энэ ажиллагаа Захиргааны Ерөнхий хуулийн дагуу явагдсан. Энэ тухай нэхэмжлэгч нэхэмжлэлд дурдаагүй байсан. Харин одоо шүүх хуралдаан дээр ярьж байгаа болохоор би үүнийг ярьж байна. Иймд Засаг даргын захирамжийг хэвээр нь үлдээж өгнө үү гэв.

Гэрч Д.Н аас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 онд Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургууль дээр шалгалт хийгдсэн байдаг. Энэ шалгалтаар 6700000 төгрөгийн акт тавигдсан. Энэ нь огт байхгүй зүйлийг байгаа мэтээр бий болгосон зөрчил гаргасан байсан. Үүнийг дүгнэлтэнд тодорхой бичсэн байгаа. Энэ алдааг нэг удаа гарсан зүйл биш юм. Дахиад 2017 онд санхүүгийн зөрчлийг давтан гаргаж Төсвийн тухай хууль зөрчсөн учраас зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай гэж үэээд хуулийн дагуу арга хэмжээ авч Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц ыг аймгийн Засаг дарга ажлаас нь чөлөөлсөн гэв.

Гэрч Ж.Пүрэвсүрэнгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц ыг Хөдөлмөрийн  тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт зааснаар ажлаас халсан байгаа. Өвөрхангай аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын хувьд бол Засаг даргатай үр дүнгийн гэрээ байгуулж, урамшуулал олгох чиглэлээр болон Хүүхэд хөгжлийн хамгааллын чиглэлээр юу хийж байна гэж захирлын ажлын хамаатуулдаг. Би бодохдоо Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц ыг Төсвийн тухай хуулийг зөрчиж ажлын сахилга хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан гэж бодож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдаанаар Т.Ц ын  нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Засаг даргад холбогдох “Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин  2386920 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцэв.

Өвөрхангай аймгийн Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 дугаартай захирамжийг хуулийн үндэслэлтэй гарсан байна гэж шүүх үзэв. Үүнд:

1. Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15 дугаарт заасан “аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийн үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх” гэсэн заалтыг  баримтлан Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц ыг захирлын ажлаас чөлөөлжээ.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дугаарт “мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан нь тогтоогдсон” гэсэн заасныг баримтласан Өвөрхангай аймгийн Засаг даргын тус захирамж  хууль зүйн үндэслэлтэй болох нь дараахь нотлох баримтуудаар нотлогджээ.

Энэ нь Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц  нь  ажиллаж байх хугацаандаа аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 29/01/03 дугаар дүгнэлт, мөн тухайн байгууллагын аймгийн Засаг даргад ирүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 75 дугаартай “Зөрчил арилгуулах тухай” албан бичиг, тус сургуулийн төсвийн зарцуулалт, санхүүд хийсэн аймгийн Аудитын газрын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн албан шаардлага. дүгнэлт  зэргээр санхүүгийн ноцтой зөрчлүүд удаа дараа гаргажээ.

3.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээрт “энэ хуулийг зөрчсөн албан тушаалтаны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж  заасныг баримтлахдаа хуулийн заалтыг техникийн алдаатай гаргаснаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд захирамжийн шийдэлд нөлөөлөхгүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27, 29 дүгээр хэсгүүдэд заасны дагуу 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Т.Ц ын талаар  “Сонсох ажиллагаа” явуулж хувийн хэрэг хөтөлсөн нь нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дүгээрт  зааснуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дүгээрт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ц ын тус аймгийн Засаг дарга Г.Г од холбогдуулан гаргасан “Засаг даргын 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн Б/30 тоот захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин  2386920 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1 дүгээрт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Ц.НЭРГҮЙ