Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 054

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Э-н  Эт холбогдох эрүүгийн 1910000000679 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Буянт-Ухаа СӨХ-д үйлчлэгч ажилтай, ам бүл 2, дүүгийн хамт, урьд нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 809 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Э-н  Э /РД: 000000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамж, 185 тоотод оршин суух иргэн Б.Цын монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “Haier” маркийн зурагт хулгайлж, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Э.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, охинтойгоо хамт амьдардаг, охиныг минь бодоод хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантийн 14 дүгээр гудамж, 185 тоотод аав, ээж, дүүгийн хамтаар оршин суудаг. 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гадуур явж байхад манай хажуу айл болох Бурхантийн 14 дүгээр гудамж 184 тоот айлын эгч Я.Мөнхчулуун над руу залгаад танай гэрт хулгайч орсон юм шиг байна гэхээр нь би гэртээ очиж үзэхэд манай гэрийн хаалганы цүүг хөшиж онгойлгоод гэрт ороод гэрийн хойморт байсан 39 инчийн хар өнгийн “Наiеr” загварийн зурагт авч явсан байсан...” /хх-ийн 9/ гэсэн,

 

Гэрч Д.Өлзийбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүр даваад өөрийн саарал өнгийн “Соната 6” загварын машинтайгаа явж байхад замын хажуу талаас хар өнгийн малгайтай цамцтай, бэлтгэлийн хар өмдтэй 30-34 насны залуу такси барих гээд гар өргөөд зогсож байсан. Би өөрийн машинаараа таксинд явдаг учир гар өргөсөн залууг өөрийн машиндаа суулгаад “хаа хүрэх вэ?” гэж асуухад нөгөө залуу Нисэхийн дэнжээс хоёулаа нэг юм аваад явъя гэж хэлсэн, миний машинд суухдаа гартаа ямар нэгэн юм бариагүй байсан. Бид Нисэхийн дэнжийн шороон замаар явж байгаад Туул голын далантай хэсэгт зогсоод нөгөө залуу би ахынхаасаа зурагтаа аваад ирье гэж хэлээд 1-2 минутын дараа гартаа хар өнгийн зурагт барьсан гүйж ирж байсан. Нөгөө залуу миний машины арын багажинд авч явсан зурагтаа хийгээд “За одоо Нисэх оръё” гэж хэлэхэд цаад гудамжны үзүүрээс нэг махлагдуу эгч “Тэр байна, зурагт аваад явчихлаа” гэж орилоод байсан тул би машинаа зогсоогоод орилоод байсан эгчийг ирэхийг хүлээж байтал, машины хойно сууж байсан залуу машины хаалгыг онгойлгоод ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугтаасан. Би хашгираад байсан эгч рүү машинтайгаа яваад очтол намайг хамсаатан нь байна гээд явуулахгүй байсан...” /хх-ийн 10/ гэсэн,

 

Гэрч О.Батбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байхад хажуу айлын эгч зурагт алга болсон талаар хэлээд байсан. Удалгүй 11 цаг өнгөрч байх үед гадаа Нэргүй эгч утсаар ярих гээд гарсан, тэгтэл Нэргүй эгч машин руу хүн юм хийж байна гэж хашгираад байсан тул би гараад харсан чинь нэг залуу гол руу зугтаж байсан. Саарал өнгийн машин манай гэрлүү ирээд Нэргүй эгчтэй уулзсан. Нэргүй эгчийг хашгирахыг сонсоод наашаа ирсэн гэж хэлж байсан. Нөгөө зурагт хулгайлсан гэх хүн Туул гол гатлаад зугтааж байсан...” /хх-ийн 15/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Нисэхийн дэнжийн буудал дээр согтуу явж байтал ногоон өнгийн хашааны хаалгатай айлын хаалга нь онгорхой байсан, мөнгөгүй архи авч уух зорилгоор хашааны хаалгаар ортол хашааны баруун хойд буланд цагаан өнгийн Монгол гэр байсан. Гэрлүү ойртоод очтол гэрийн хаалга нь цоожтой байсан. Би гэрийн хажууд байсан арматурын төмрөөр цоожийг хөшиж онгойлгож орсон. Гэрт ороход гэрийн хоймор хэсэгт хар өнгийн 39 инчийн зурагт байсан. Би зурагтыг аваад хашааны булан тойроод гараад иртэл саарал өнгийн Соната 6 загварын авто машины жолооч надаас “чи хаашаа явах юм” гэж асуусан, би Нисэхийн эцэс орно гэж хэлсэн, бид машинаар явж байтал хажуу айлын эгч нь орилоод байсан тул таксины жолооч машинаа зогсоосон. Би сандарсандаа хулгайлсан зурагтаа машинд нь үлдээгээд зугтаж байгаад цагдаад баригдсан....” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд,

- Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа /хх-ийн 1/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/,

- Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 25/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 41-42/,

- Шүүгдэгч Э.Э-ын хувийн байдалтай холбоотой гэрч Э.Болдбаатарын мэдүүлэг /хх-ийн 16/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66/, шийтгэх тогтоол, шүүгчийн захирамжийн хуулбар /шүүх хуралдаан дээр гаргаж ирүүлсэн/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Э-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Э.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Бурхантын 14 дүгээр гудамж, 185 тоотод оршин суух иргэн Б.Цын монгол гэрийн цоожийг эвдэн нууцаар, хууль бусаар нэвтэрч, 39 инчийн “Хайэр” маркийн зурагт хулгайлж, бусдад 330,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Цын “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр гадуур явж байхад манай хажуу айлын эгч над руу залгаад танай гэрт хулгайч орсон юм шиг байна гэхээр нь би гэртээ очиж үзэхэд манай гэрийн хаалганы цүүг хөшиж онгойлгоод гэрт ороод хойморт байсан  хар өнгийн зурагт авч явсан байсан...” /хх-ийн 9/ гэсэн, гэрч Д.Өлзийбаатарын “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Сонсголонгийн гүүр даваад явж байхад замын хажуу талаас хар өнгийн малгайтай цамцтай, бэлтгэлийн хар өмдтэй 30-34 насны залуу такси барих гээд гар өргөөд зогсож байсан. Би машиндаа суулгаад “хаа хүрэх вэ?” гэж асуухад нөгөө залуу Нисэхийн дэнжээс хоёулаа нэг юм аваад явъя гэж хэлсэн. Нисэхийн дэнжийн шороон замаар явж байгаад Туул голын далантай хэсэгт зогсоод нөгөө залуу би ахынхаасаа зурагтаа аваад ирье гэж хэлээд 1-2 минутын дараа гартаа хар өнгийн зурагт барьсан гүйж ирсэн. Нөгөө залуу миний машины арын багажинд авч явсан зурагтаа хийгээд “За одоо Нисэх оръё” гэж хэлэхэд гудамжны цаад үзүүрээс нэг махлагдуу эгч “Тэр байна, зурагт аваад явчихлаа” гэж орилоод байсан тул би машинаа зогсоогоод орилоод байсан эгчийг ирэхийг хүлээж байтал, машины хойно сууж байсан залуу машины хаалгыг онгойлгоод ертөнцийн зүгээр хойд зүг рүү зугатаасан. Би хашгираад байсан эгч рүү машинтайгаа очтол намайг хамсаатан нь байна гээд явуулахгүй байсан...” /хх-ийн 10/ гэсэн, гэрч О.Батбилэгийн “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн үед би гэртээ байхад хажуу айлын эгч зурагт алга болсон талаар хэлээд байсан. Удалгүй гадаа Нэргүй эгч утсаар ярих гээд гарсан, тэгтэл Нэргүй эгч машин руу хүн юм хийж байна гэж хашгираад байсан тул би гараад харсан чинь нэг залуу гол руу зугатааж байсан. Саарал өнгийн машин манай гэрлүү ирээд Нэргүй эгчтэй уулзсан. Нэргүй эгчийг хашгирахыг сонсоод наашаа ирсэн гэж хэлж байсан. Нөгөө зурагт хулгайлаад байсан гэх хүн Туул гол гатлаад зугатааж байсан...” /хх-ийн 15/ гэсэн, шүүгдэгч Э.Эын “...2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 цагийн үед Нисэхийн дэнжийн буудал дээр согтуу явж байтал ногоон өнгийн хашааны хаалгатай айлын хаалга нь онгорхой байсан, мөнгөгүй архи авч уух зорилгоор хашааны хаалгаар ортол хашааны баруун хойд буланд цагаан өнгийн Монгол гэр байсан. Би гэрийн хажууд байсан арматурын төмрөөр цоожийг хөшиж онгойлгож орсон. Гэрт ороход гэрийн хойморт хар өнгийн зурагт байсан, би зурагтыг аваад хашааны булан тойроод гараад иртэл саарал өнгийн Соната 6 загварын авто машины жолооч надаас “чи хаашаа явах юм” гэж асуусан, би Нисэхийн эцэс орно гэж хэлсэн, бид машинаар явж байтал хажуу айлын эгч нь орилоод байсан тул таксины жолооч машинаа зогсоосон. Би сандарсандаа хулгайлсан зурагтаа машинд нь үлдээгээд зугтаж байгаад цагдаад баригдсан....” /хх-ийн 51-52/ гэсэн мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагаа /хх-ийн 1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-4/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 19-20/, эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24, 25/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгооро хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдвэл гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Эын дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Цт 330,000 төгрөгийн хохирол учирсан /хх-ийн 19-20/ бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад алдагдсан зурагтыг биет байдлаар хохирогч хүлээн авсан /хх-ийн 25/ байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Э.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох юм.

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учруулсан хохирлын хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж заажээ.

Шүүгдэгч Э.Э нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 809 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 99 дүгээр захирамжаар 10 сар 19 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан /шүүхэд шинээр гаргаж өгсөн баримт/ бөгөөд энэ хугацаа 2020 оны 6 дугаар сарын  10-ны өдөр дуусахаар байжээ.

Гэтэл шүүгдэгч Э.Э энэ хугацаа дуусаагүй байхад буюу 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн байх тул түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Э.Эын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 16-ны өдрийг хүртэл /хх-ийн 40/ баривчлагдсан 2 хоног, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс /хх-ийн 70/ өнөөдрийг хүртэл буюу 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 37 хоног, бүгд 39 /гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Эрүүгийн 1910000000679 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, хохирогч Б.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг, шүүгдэгч Э.Э бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяа: “...Шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуусныг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж, хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх...”-ээр заасан, шүүгдэгч Э.Э урьд нь хулгайлах гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээж хугацааны өмнө тэнсэн суллагдсан хугацаандаа дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Э-н  Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э-н  Э-ыг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 809 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 /арав/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Э-ын нийт биечлэн эдлэх ялыг 3 жил /гурав/ жил 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-т оногдуулсан 3 /гурав/ жил 1 /нэг/ сар 19 /арван ес/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э-ын цагдан хоригдсон 39 /гучин ес/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 1910000000679 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Ц гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Э-т урьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Д.АЛТАНЖИГҮҮР