Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 1167

 

  Хэргийн индекс 135/2016/01198/и

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа би
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, *** дүгээр баг, *** дүгээр байр, *** тоотод оршин суух,******* овогт *******ийн ******* /регистрийн дугаар *******, утас *******/-ын нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,
  
“2,088,283 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэргийг үүсгэн 
 ТОДОРХОЙЛОХ нь:

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
 “...Маргааны агуулга: Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн 318 дугаар шийдвэрээр С.Баттулгыг Шарын гол сумын 6 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ажилд эргүүлэн тогтоосон. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд томилогдох хүртэл буюу 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 сар 17 хоногийн цалин 1.777.700 төгрөг, ажлаас халагдсан буюу 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс ажилдаа орох өдөр буюу 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл төлөгдөөгүй тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 310.583 төгрөг, нийт 2,088,283 төгрөгийг аймгийн Засаг даргаас гаргуулах
Талуудын байр суурь: 
1.    Нэхэмжлэгч тал: Аймгийн засаг даргаас 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 сар 17 хоногийн цалин 1.777.700 төгрөг,  2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл хугацааны төлөгдөөгүй тасарсан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 310.583 төгрөг, нийт 2,088,283 төгрөгийг гаргуулах,
2.    Хариуцагч тал: Нэхэмжлэгч талд 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 сар 17 хоногийн цалин 1.777.700 төгрөгийг олгох, Дээрх цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийх,

Гэрээний талууд дараах нөхцлөөр эвлэрлийн гэрээ байгуулах замаар хэрэг маргааныг шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцож энэхүү гэрээг байгуулав. Үүнд: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага болох 2,088,283 төгрөг нэхэмжилснээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл 310,583 төгрөгөөс татгалзаж, хариуцагч үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 2 сар 17 хоногийн цалин 1.777.700 төгрөгийг олгох, Хариуцагч тал дээрх цалин, орлогоос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийх,

Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т зааснаар эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар баталгаажуулахаар тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 2 сар 17 хоногийн цалин болох 1,777,700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. 
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээндээ нэхэмжлэгч С.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,088,283 төгрөгний 310,583 төгрөгөөс татгалзаж, үлдэх  нэхэмжлэлийн шаардлага 1.777.700 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар нь олгох, дээрх цалингаас нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийхээр зохигчид харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулласан нь иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 
    
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар С.Баттулгын нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэлх 2 сар 17 хоногийн цалин болох 1,777,700 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварын суутгалуудыг хийж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрийн сангийн 190000941 тоот дансанд тушаасан улсын тэмдэгтийн хураамж 48,362 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,181 төгрөгийг хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 24,181 төгрөгийг төрийн сангийн орлогоос гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны  шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

ШҮҮГЧ                              З.ТУНГАЛАГМАА