| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0030/Э |
| Дугаар | 065 |
| Огноо | 2020-01-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 065
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Х.Эрдэнэтуяа, хохирогч Ц.С, шүүгдэгч Т.С, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О овогт Т-ын С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910016150772 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатарт хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 хүүхдийн хамт, гавьяа шагнал үгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, О овогт Т-ын С /РД: 0000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын хойд талын автомашины зогсоол дээр иргэн Ц.С-г хардалтын улмаас үснээс нь зулгааж, нүүрэн тус газар нь гараараа 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Хохирогч Ц.С: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой танил А.Анхбаяр шувуун фабрикийн тийшээ юманд хамт явья гээд хамт явсан, замаараа А.Анхбаяр Буянт-Ухаа хороололд ахынхаа гэрт юм оруулж өгчихөөд ирьё гээд багажнаасаа юм аваад буусан, би машин дотор нилээн удаан хүлээсэн, гэтэл нэг охин ирээд өө Т.С эгч биш юм уу гээд гар утсаараа миний зургыг аваад явсан, дараа нь Т.С ирээд орилж хашгираад миний нөхөртэй юу хийж байгаа юм бэ гээд намайг зодсон, тэгээд цагдаа дуудсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, зураг авахуулсан, хамрын хугарал нь 2 нүд рүүгээ хавдсан, 1 шүд эмтэрсэн, хохиролд хамар янзлуулсан, шинжилгээ, рентген зураг бусад зардалд 702,610 төгрөг авсан, одоо шинээр гаргаж өгсөн 3 хуудас баримтаар 9,886,950 төгрөг нэхэмжилж байна, ажилгүй байсан хугацааны цалин 1,846,950 төгрөг, хэрэг болохоос арваад хоногийн өмнө би 8 шүдээ бүрүүлсэн, Т.С цохиж бүрүүлсэн шүдний нэг шүд эмтэрсэн, энэ шүдээ янзлуулахад дангаар нь янзлахгүй, найман шүд бүгдийг нь хийлгэх шаардлагатай болдог юм байна, иймд найман шүд янзлуулах 8,040,000 төгрөг, нийтдээ 9,886,950 төгрөг нэхэмжилж байна. Би ажлаа тараад явж байсан учир согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан...” гэв.
Шүүгдэгч Т.С: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой би дэлгүүр дээр сууж байгаад 18-19 цагийн үед гэртээ харих замд байрны арын зогсоол дээр миний машин зогсож байсан, очиход миний машин дотор энэ эмэгтэй согтуу байсан, очоод энэ эмэгтэйгээс чи манай байрны гадаа миний машин дотор юу хийж байгаа юм бэ гэхэд хүн хүлээж байна гээд буухгүй байсан, тэгэхээр нь би буулгах гэж үснээс нь зулгаасан, нүүр рүү нь цохиход хамраас нь цус гарсан, Ц.С мөн миний гарыг маажсан. Тухайн машин миний машин, тухайн үед хамтран амьдарч байсан А.Анхбаяр унаж явсан, би жирэмсэн байсан, энэ явдлаас болоод зулбасан учир салсан, одоо хамт амьдрахгүй байгаа. Машин дотор согтуу эмэгтэй хүн унтаж байхаар нь хардалтаас болж цохисон. Өмнө нь хүн цохиж зодож байгаагүй, Ц.С ч мөн адил намайг өшиглөсөн, гараараа маажсан, тэгэхээр нь би цохисон. Тухайн үед би уучлал гуйсан, тэгэхэд Ц.С би шүүх, цагдаагаар явна, чи зөндөө төлбөрт уналаа даа гэж хэлсэн. ...Ц.Сг сүүлд хөдөөнөөс ирэхэд нь уулзахад сарын цалин, өөрийнх нь болон ээжийнх нь сэтгэл санааны хохирол гэж нийтдээ 3 сая төгрөг нэхэмжилсэн. Миний Ц.Сгийн биед учруулсан хамрын гэмтэл, нүүрэндээ эм тариа авсан төлбөрийг төлж барагдуулсан. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй шүд эмтэрсэн мөнгийг нэхэмжилсэнд гайхаж байна, энэ мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Ц.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед намайг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байхад Анхаа гэх залуу хамт юманд яваад ирье гэж хэлээд машинтай ирж намайг авсан. Явах замдаа Буянт-Ухаа 2 дугаар хороолол орж эгчийндээ юм өгөөд ирье гээд буусан. Би машин дотор нь хүлээгээд үлдсэн. Машин дотор нь сууж байхад танихгүй эмэгтэй ирээд орилж хашгираад, нүүр рүү 7-8 удаа цохисон, үснээс зулгаасан. Тэгтэл Анхаа гарч ирээд зугтаагаад яваад өгсөн, би гомдолтой байна. Мөн эмчилгээ хийлгэсэн зардлуудаа нэхэмжилмээр байна. Нийт 702,610 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Тухайн үед би шүүх эмнэлгийн эмчид үзүүлэхдээ миний бүрсэн шүднүүд нь эмтэрсэн талаар хэлээгүй, шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй, иймд энэ гэмтлээ дүгнэлтэнд тусгуулмаар байна гэхэд тэр эмч сонсоод л өнгөрсөн. Одоо дүгнэлтэнд миний шүдний талаар тусгаагүй бөгөөд би дахин шинжээч томилуулмаар байна. Учир нь би дээд талын 8 ширхэг шүдээ нийт 8 сая төгрөгөөр хувийн эмнэлэгт бүрүүлсэн юм. Тухайн үед нэг шүд эмтэрсэн бөгөөд одоо тэр нэг шүдийг дангаар нь янзалж болохгүй наймууланг нь шинээр хийх хэрэгтэй болсон. Одоо хааяа хамар минь янгинаж өвддөг. Мөн тухайн үед би ажлаасаа 20 гаруй хоногийн чөлөө авч эмчлүүлсэн бөгөөд цалингаа нэхэмжилмээр байна...” /хх-ийн 6-8, 12-13, 53-54/ гэсэн,
Гэрч А.Анхбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би Содтуяатай 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзаад Био комбинат руу ханьтай явчихаад ирье гээд хамт явсан, би явах замдаа Буянт-Ухаа 2 дугаар хороололд байдаг гэртээ ороод дээл хайж олох гээд жаахан удсан, тэгтэл манай эхнэр С надруу залгаад чи гараад ир гэхээр нь би гэрээсээ гараад байрны өнцгөөс хартал машин дээр ирчихсэн Содтуяатай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би дэлгүүр орж тамхи аваад машин дээрээ очиж цамцаа аваад зугтаагаад явчихсан. Би С Содтуяаг цохиж байхыг хараагүй, тэр үед хажууд нь байгаагүй. Харин дараа нь С Содтуяаг цохисон чинь хамраас нь цус гарчихсан гэж хэлж байсан. С бид хоёр 2018 оны өвөл танилцаж байсан. Тэр үеэс хойш уулздаг болсон байж байгаад 2018 оны 12 дугаар сараас хамт амьдардаг болсон...” /хх-ийн 18/ гэсэн,
Шинжээч эмч Н.Туяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед магадлуулагчийн шүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй. Хэрвээ гэмтэл байсан бол дүгнэлтэд тусгах байсан...” /хх-ийн 61/ гэсэн,
Шүүгдэгч Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед такси бариад Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хороололд байх гэрийнхээ гадаа ирэхэд миний 33-10 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машин маань зогсоол дээр зогсож байсан, би хажуугаар нь гарч явтал, миний машин дотор жолоочийн хажуу талын урд суудал дээр танихгүй эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би машиныхаа хаалгыг онгойлгож тэр эмэгтэйд хандан “чи юу хийж байгаа юм бэ” гэхэд хүн хүлээж байна гэсэн. Тэгэхээр нь би “миний машин дотор хэнийг хүлээж байгаа юм бэ” гэхэд хүн хүлээж байна, чи өөрөө хэн бэ, чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би машинаас буулгах гээд түүний цээжин хэсгээс нь татахад тэрээр миний гарыг маажсан. Би үснээс нь зулгааж, нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгтэл тэр эмэгтэйн хамарнаас цус гарсан, би хамтран амьдрагч Анхбаяр руу залгаж гараад ир гэсэн. Хэсэг хугацааны дараа Анхбаяр гарч ирээд машинаас цамцаа аваад юу ч дуугаралгүй зугтаагаад явчихсан. Би тэгээд Содтуяагаас уучлалт гуйхад тэрээр цагдаа дээр очно гэхээр нь би өөрөө цагдаа дээр ирсэн. Би түүний нүүр рүү гараараа 3 удаа цохисон энэ үед гэмтэл үүссэн байх...” /хх-ийн 68-69/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн №7999 дүгээр дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ц.Сгийн биед хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.
3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 5/,
- Хохирлын баримт /хх-ийн 35-40/,
- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 76/,
- Шүүгдэгч Т.С хувийн байдалтай холбоотой гэрч Х.Энхтуул, Н.Түвшинжаргал нарын мэдүүлэг /хх-ийн 57-58, 59-60/, иргэний үнэмлэхийн лавлагаа, хуулбар /хх-ийн 23, 24, 73/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Т.С нь 2019 оны 6 дугаар сарын 26-ны орой Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 дугаар хорооллын автомашины зогсоол дээр иргэн Ц.Сг хардалтын улмаас үснээс нь зулгааж, нүүрэнд нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ц.Сгийн “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед намайг хүнсний 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо байхад Анхаа гэх залуу хамт юманд яваад ирье гэж хэлээд машинтай ирж намайг авсан. Явах замдаа Буянт-Ухаа 2 дугаар хороолол орж эгчийндээ орж юм өгөөд ирье гээд буусан. Би машин дотор нь үлдээд хүлээсэн. Машин дотор нь сууж байхад танихгүй эмэгтэй ирээд орилж хашгираад, нүүр рүү 7-8 удаа цохисон, үснээс зулгаасан, гомдолтой байна...” /хх-ийн 6-8, 53-54/ гэсэн, гэрч А.Анхбаярын “...2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр би Ц.Стай 4 дүгээр дэлгүүрийн ойролцоо уулзаад Био комбинат руу ханьтай явчихаад ирье гээд явсан, би явах замдаа Буянт-Ухаа 2 дугаар хороололд байдаг гэртээ ороод дээл хайгаад жаахан удсан, тэгтэл манай эхнэр С надруу залгаад чи гараад ир гэхээр нь би гэрээсээ гараад байрны өнцгөөс хартал машин дээр ирчихсэн Содтуяатай маргалдаад байж байсан. Тэгэхээр нь би дэлгүүр орж тамхи аваад машин дээрээ очиж цамцаа аваад зугтаагаад явчихсан. С Содтуяаг цохиж байхыг би хараагүй, тэр үед нь хажууд нь байгаагүй...” /хх-ийн 18/ гэсэн, шинжээч эмч Н.Туяагийн “...Тухайн үед магадлуулагчийн шүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй. Хэрвээ гэмтэл байсан бол дүгнэлтэд тусгах байсан...” /хх-ийн 61-62/ гэсэн, шүүгдэгч Т.С “...2019 оны 6 дугаар сарын 26-ны орой 19 цагийн үед такси бариад гэрийнхээ гадаа ирэхэд миний 33-10 УБТ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн машин зогсоол дээр байсан, хажуугаар нь гарахад машин дотор жолоочийн хажуугийн суудал дээр танихгүй эмэгтэй хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь би машинаас буулгах гээд түүний цээжин хэсгээс нь татахад тэр миний гарыг маажсан. Би үснээс нь зулгааж, нүүр рүү нь гараараа 3 удаа цохисон. Тэгтэл тэр эмэгтэйн хамарнаас нь цус гарсан...” /хх-ийн 68-69/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №7999 дүгээр дүгнэлтэд: “Дүгнэлт 1. Ц.Сгийн биед хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 20/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 5/, хохирлын баримт /хх-ийн 35-40/, хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 76/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Ц.Сгийн биед учирсан “...хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.С түүний нүүрэнд гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.С хохирогч Ц.С-гийн нүүрэнд гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Т.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирогч Ц.С “...Би дээд талын 8 ширхэг шүдээ нийт 8 сая төгрөгөөр хувийн эмнэлэгт бүрүүлсэн байсан, Т.Сд зодуулаад миний бүрсэн байсан нэг шүд эмтэрсэн, бүрсэн нэг шүд эмтэрэхэд наймууланг нь янзална, нэгийг нь салгаж янзлах боломжгүй гэсэн, найман шүдээ бүрүүлэх 8,040,000 төгрөгийг нэхэмжилнэ, мөн зодуулсны дараа 6, 7 дугаар сард нийтдээ 23 хоног ажилдаа явж чадаагүй, ажилгүй байсан 23 хоногийн цалин 1,846,950 төгрөг, нийтдээ 9,886,950 төгрөгийг нэхэмжилнэ, эмчилгээний зардалтай холбоотой 702,610 төгрөгийн авсан, шүд эмтэрсэнд гомдолтой байна...” /шүүх хуралдааны тэмдэглэлд бий/ гэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7999 дүгээр дүгнэлтээр хохирогчийн биед учирсан гэмтлийг тогтоосон бөгөөд уг дүгнэлтээр хохирогч Ц.Сгийн биед “...хамар ясны хугарал, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан /хх-ийн 20/, шинжээч эмч Н.Туяагийн “...Тухайн үед магадлуулагчийн шүдэнд ямар нэг гэмтэл байгаагүй. Хэрвээ гэмтэл байсан бол дүгнэлтэд тусгах байсан...” /хх-ийн 61/ гэсэн мэдүүлэг зэргээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Сгийн үүдэн шүд эмтэрсэн гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэгт огт тусгагдаагүй байна. Иймд хохирогчийн шүд эмтэрсэн гэж 8,040,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн авах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Харин хохирогч “Фарм Тек Девелопмент” ХХК-д сарын 1,800,000 төгрөгийн цалинтай төслийн менежрээр ажилладаг байсан, улмаар 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл ажлын 23 хоног ажлаа хийж чадаагүй гэж 1,846,950 төгрөг нэхэмжилснийг энэ талаарх хангалттай баримт /нийгмийн даатгалын дэврийн хуулбар, ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээ бусад баримт/ хэрэгт цуглараагүй, шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул хохирогч Ц.С энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Т.С урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 25 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910016150772 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.С цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овогт Т-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-ын С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т-ын С-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.С оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С нь хохирогч Ц.Сд 702,610 /долоон зуун хоёр мянга зургаан зуун арав/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн 8,040,000 /найман сая дөчин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.С ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.
6. Эрүүгийн 1910016150772 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.С цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР