| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0062/Э |
| Дугаар | 068 |
| Огноо | 2020-01-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 068
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Г.Б, нарийн бичгийн дарга Н.Зулаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х.Б овогт Г-нБ-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910026190928 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, “Таван толгой” ХХК-д барилгын ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа, Наадамчдын зам гудамж, 728 дугаар байр 52 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х.Б овогт Г-н Б /РД: 000000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 15 дугаар гудамжны 239 тоотод иргэн Н.Гтэй “ээж болон үр хүүхдүүдийг минь доромжилж, тахир дутуу болгоно гэж гэж сүрдүүлсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүр хэсэгт нь гараараа 3-4 удаа, нуруу орчим гараараа 2 удаа цохиж хамар ясны хугарал, таславчны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны мурийлт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн баруун нүдний алимны салстад цус харвалт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Г.Б: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой уулзаж уучлал гуйсан, хохирол 240,000 төгрөг төлсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Н.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө дунд баз хүргэн М.Эрдэнэбаатартай уулзаж бид хоёр 2 литрийн пиво хувааж уусан, М.Эрдэнэбаатар, Г.Бтай утсаар ярихад нисэхийн энд хүрээд ир гээд М.Эрдэнэбаатар бид хоёр таксигаар Г.Бын гэрийн гадаа буюу Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буян-Ухаа хорооллын 728 дугаар байрны гадаа ирэхэд удалгүй Г.Б гарч ирээд, Г.Б дэлгүүрээс 0,75 литрийн архи, 2.5 литрийн пиво аваад Г.Бын машинаар М.Эрдэнэбаатарын гэрт нь очсон. Ингээд гэрт ороод авсан архиа задлаад бид гурав уусан, хундгаар хоёр, хоёр удаа хундгалж уугаад байж байхад М.Эрдэнэбаатар бие засах гээд гараад явсан. Тэгээд М.Эрдэнэбаатарыг гарсан хойгуур Г.Б бид хоёр хоорондоо муудалцаж, зодолдсон. Би архи уугаад согтчихсон байсан учир болсон асуудлыг санахгүй байна. Бид хоёрыг маргалдаад байж байхад гаднаас М.Эрдэнэбаатар орж ирээд салгасан. Надад гомдоло санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” /хх-ийн 8-9, 21/ гэсэн,
Гэрч Б.Оюунбилэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим манай хүү Н.Г хүнд зодуулчихсан гээд цус нөжтэйгөө холилдоод орж ирсэн, тэгээд та нар луу залгаад байхад яагаад намайг ирж аваагүй юм, Г.Б намайг зодчихлоо гээд ганцаараа орж ирсэн, Г.Б яагаад миний хүүг зодсоныг мэдэхгүй байна...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Гэрч М.Эрдэнэбаатар мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед манай гэрт Н.Г ирээд бид хоёр буцаад Н.Ггийн гэрт очиж 2.5 литрийн пиво уусан. Орой 19 цагийн үед Н.Ггийн ээж ирэхээр нь бид хоёр зөрж гарсан. Хүргэн ах Г.Бтай утсаар ярьж уулзаад 20 цагийн үед манай гэрт очсон. Манай гэрт Г.Б, Н.Г бид гурав орохын өмнө дэлгүүрээс Г.Б ах 0.75 литрийн архи авсан байсныг бид гурав манай гэрт ороод дөнгөж задлаад нэг нэг хундагыг ууж байхад Гэрэлээ над руу гэнэтхэн уурлаад чи өдөрхөн л Г.Б ахыг муулаад байсан, одоо муулаач гэх зэргээр над руу дайраад байхаар нь би Н.Г минь яах гэж ингэж байдаг юм бэ гэхэд Н.Г над руу дайрахаа болиод Г.Б ах руу дайраад, танай ээж чинь хүн чанаргүй гэх утгатай юм яриад тэр хоёр маргалдаж эхэлсэн. Маргалдаж байгаад Г.Б ах Н.Ггийн хамар руу гараараа цохитол Н.Ггийн хамарнаас цус гарсан, Н.Г Г.Б ахыг чи намайг зодлоо би чамайг ахаараа зодуулна гэж заналхийлээд дайраад байхаар нь Г.Б ах гэрээс гарах гээд байж байхад Н.Г би танай охиныг тахир дутуу болгоно гэж хараагаад байхаар нь Г.Б ах Н.Ггийн нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Н.Г дахиад хүүхдүүдийг нь эрэмдэг, зэрэмдэг болгоно гэж хараагаад байсан. Г.Б ах гэрээс гарахдаа Н.Ггийн нуруу руу 2-3 удаа гараараа цохичихоод гараад явсан. Н.Ггийн хамар болон баруун гарын эрхийн хуруунаас нь цус гараад байхаар нь би хурууг нь боогоод өгье гэтэл Н.Г боолгохгүй, баримт учраас ингээд байж байя гээд байхаар нь би цагдаад дуудлага өгсний дараа Н.Г яваад өгсөн. Гэрэлсүрэн ямар ч шалтгаангүйгээр Г.Б ах руу дайраад ээжийг нь болон хоёр охиныг нь өрөөл татанхай болгоно гэх зэргээр хараагаад байхаар нь Г.Б ах тэсэлгүй Н.Гг цохиод маргаан эхэлсэн...” /хх-ийн 14-15, 24-25/ гэсэн,
Шинжээч эмч Ө.Сарангэрэл мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 33/ гэсэн,
Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20 цагийн үед манай баз хүргэн дүү Н.Г намайг манай гэрийн үүдэнд дуудсан, Н.Г миний төрсөн өдөр гэхээр нь би нэг шил архи авч өгсөн. Тэгээд М.Эрдэнэбаатарын гэрт очиж архиа задлаад нэг удаа хундгалж уугаад сууж байтал Н.Г хэрүүл маргаан хийгээд доромжлоод байсан. Тэгтэл чи чаддаг юм бол намайг зодчих, танай ээжийг чинь ална гээд заналхийлээд байсан. Би манай ээж чамтай уулзаагүй байтал чи яасан гэж занаад байгаа юм гээд асуухад танай ээжийг ална гээд байхаар нь би шууд баруун гараараа нэг удаа цохисон. Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, би баз дүү Н.Ггийн зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Миний цохисон үйлдлээс болж дээрх шинжээчийн дүгнэлтэнд гарсан гэмтэл учирсан...” /хх-ийн 49-50/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13742 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Ггийн хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны мурийлт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн гарын 1-р хуруунд зүсэгдсэн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
...4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт,
- Гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагаа /хх-ийн 2-3/,
- Өргөдөл /хх-ийн 4/,
- Хохирлын баримт /хх-ийн 42/,
- Шүүгдэгч Г.Бын хувийн байдалтай холбоотой гэрч С.Пүрэв, П.Хонгороо нарын мэдүүлэг /хх-ийн 18, 19/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, тодорхойлолт /хх-ийн 41/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.Бт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 20-21 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Нисэхийн 15 дугаар гудамжны 239 тоот М.Эрдэнэбаатарын гэрт Н.Гтэй “ээж болон үр хүүхдүүдийг минь доромжилж, тахир дутуу болгоно гэж сүрдүүлсэн” гэх шалтгааны улмаас маргалдан түүний нүүрний хэсэгт нь гараараа 3-4 удаа, нуруу орчимд гараараа 2 удаа цохиж хамар ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны мурийлт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн, баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн гарын 1-р хуруунд зүсэгдсэн шарх, тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Н.Ггийн “...Г.Б бид хоёр хоорондоо муудалцаад зодолдсон. Би архи уугаад согтчихсон болохоор болсон асуудлыг санахгүй байна, бид хоёрыг маргалдаад байж байхад гаднаас М.Эрдэнэбаатар орж ирээд салгасан...” /хх-ийн 8-9, 21/ гэсэн, гэрч Б.Оюунбилэгийн “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн орчим манай хүү Н.Г хүнд зодуулчихсан гээд цус нөцжтэйгөө хутгалдаад орж ирсэн. Г.Б намайг зодчихлоо гээд ганцаараа орж ирсэн...” /хх-ийн 12-13/ гэсэн, гэрч М.Эрдэнэбаатарын “...Гэрэлсүрэн ямар ч шалтгаангүйгээр Г.Б ах руу дайраад ээжийг нь болон хоёр охиныг нь өрөөл татанхай болгоно гээд хараагаад байхаар нь Г.Б ах тэсэлгүй Н.Гг цохиод маргаан эхэлсэн...” /хх-ийн 14-15/ гэсэн, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн “...Тухайн гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 33/ гэсэн, шүүгдэгч Г.Бын “...Би баз дүү Н.Ггийн зүүн шанаанд гараараа нэг удаа цохисон. Миний цохисон үйлдлээс болж дээрх гэмтэл учирсан...” /хх-ийн 49-50/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны №13742 дугаар дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Н.Гийн хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны мурийлт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн гарын 1-р хуруунд зүсэгдсэн шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 29-30/ гэсэн дүгнэлт, гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх лавлагаа /хх-ийн 2-3/, өргөдөл /хх-ийн 4/, хохирлын баримт /хх-ийн 42/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Н.Г-гийн биед учирсан “...хамрын ясны хугарал, таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нурууны мурийлт, зүүн хацарт зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн баруун нүдний алимны салстад цус харвалт, зүүн гарын 1-р хуруунд зүсэгдсэн шарх, тархи доргилт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Г.Б түүний нүүрэнд гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бын хохирогч Н.Ггийн нүүрэнд гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид 240,000 төгрөг төлсөн талаараа мэдүүлсэн, хохирогч Н.Ггийн шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “...Н.Г миний бие баз хүргэн Г.Бтай үл ойлголцон муудалцаж биедээ хөнгөн гэмтэл авсан, уг асуудлаа бид хоорондоо ойлголцсон, одоо миний бие гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэснээс дүгнэхэд гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Г.Б урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 36 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.
Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910026190928 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б овогт Г-нБ-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Г.Б-т оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910026190928 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Н.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР