| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Зоригтын Тунгалагмаа |
| Хэргийн индекс | 135/2016/00720/и |
| Дугаар | 1179 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 1179
Хэргийн индекс: 135/2016/00720/и
Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 7 дугаар баг, өөрийн байранд байрлах, ***хэлтэс /утас: ***/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, *** тоотод байрлах “ ***” ХХК /утас 88113839/-д холбогдох
" 8,714,840 төгрөг гаргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Прокурор Д.Энхтуяа, Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***, Х.О***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Шүрэнчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“... “***” ХХК нь 2010 оны 10 сарын 04-нд улсын бүртгэлд бүртгүүлэн *** тоот регистрийн дугаартайгаар машин тоног төхөөрөмжийн бусад бөөний худалдаа, төрөлжсөн бус барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан.
Тус компани 2014 оны 05 сарын 29-ний өдрөөс 06 сарын 03-ны өдрүүдэд татварын хяналт шалгалт орж 2014 оны 01 сарын 30-ны өдрийн *** тоот улсын байцаагчийн актаар ногдуулсан 8 714 840 төгрөгийн өрийг барагдуулаагүй байна.
Дээрх татварын өрийг барагдуулахын тулд ТЕХ-ийн 63, 64 дүгээр зүйлд заасны дагуу мэдэгдэл гардуулах, дансыг нь хаах зэрэг шаталсан арга хэмжээ авсан боловч өнөөдрийг хүртэл барагдуулаагүй тул ТЕХ-ийн 35 дугаар зүйл 35.2, 70 дугаар зүйл 70.1 дэх заалтыг тус тус үндэслэн “ Шүүхэд нэхэмжлэл гаргах”-ын дагуу нийт 8,714,840 төгрөгийн өрийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч “***” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“...Манай ХХК нь ТЕХ-д зааснаар татвар төлөгч бөгөөд орон нутгийн төсөвт төлөх ёстой татварын өр байхгүй болно.
Нэхэмжлэгч 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** тоот улсын байцаагчийн актаар ногдуулсан татварыг төлөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Манайд дээрх актаар татвар байхгүй.
Харин 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** тоот татварын улсын байцаагчийн актаар 9,678,580 төгрөгийн нөхөн татвар, 2,903,574 төгрөгийн торгууль, 2 174 374.2 төгрөгийн алданги нийт 14 756 828.2 төгрөгийн төлбөрийн акт тавигдсаныг манайх хүлээн авсан.Татварын улсын байцаагчийн дээрхи актыг манайх хүлээн авсан нь уг татварын төлбөрийг шууд хүлээн зөвшөөрсөн гэж үзэж болохгүй юм. Дээрхи актаар нөхөн татвар, торгууль, алданги тавигдсан ажил үйлчилгээ нь манай ХХК-ийн явуулсан татвар ногдвол зохих ажил үйлчилгаа, борлуулалт биш болно.
ТЕХ-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна гэж тодорхойлсон болно.
Татварын улсын байцаагчийн актад... Тус компани 2012 онд 2098.2 тонн буюу 259 650 600 төгрөгийн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн экспортлосныг 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй... гэж тодорхойлсон байна.
Дээрхи ажил үйлчилгээ буюу уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн буюу хүдрийн баяжмалыг манай ХХК-ийн нэрээр экспортод *** ХХК гаргасан бөгөөд манай компани энэ зөвшөөрлийг өгөөгүй, мэдээгүй нь татварын улсын байцаагчийн тус ХХК-ийн захирал Б.Б***той хийсэн ярилцлага, 2013 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн **/*** тоотоор тогтоогдоно.
Ийм учраас дээрхи ажил үйлчилгээ борлуулалтыг манай ХХК татварын тайланд тусгаагүй бөгөөд, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газраас шалгаж Дархан-Уул аймгийн шүүх нягтлан бодох бүртгэлийн орон тооны бус комиссоос гаргасан 01 тоот дүгнэлтээр манай ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байхгүй гэж дүгнэсэн болно.
Манай ХХК орон нутгийн төсөвтэй харилцдаг ААН-ийн хувьд мөн ажил үйлчилгээ, борлуулалт хийсэн ХХК-аас дээрхи татварыг эрх хэмжээний хүрээнд Татварын улсын байцаагч төлүүлнэ гэж найдан манай ХХК-ийн экспортод манай ХХК-ийн нэрээр бүтээгдэхүүн гаргасан *** ХХК –ийн өмнөөс төлсөн татварыг тооцоолон манай ХХК-аас явуулсан ажил үйлчилгээ, борлуулалтад ногдвол зохих татварт суутган тооцоолж болох байх гэсэн үүднээс зарим хэсгийг төлсөн болно.
Манай ХХК нь *** ХХК-д өөрийн нэрээр хүдрийн баяжмал гаргах тухай хэлэлцэн тохироогүй, энэ талаар мэдээгүй, мөн өөрийн ажил үйлчилгээгээ шилжүүлээгүй тул дээрхи татварыг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдээс өөрийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд ногдох татварыг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна гэжээ.
Нэхэмжлэгч ***хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б** шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
“ ***” ХХК нь 2012 онд 2098.2 тонн буюу 259,650,600.0 төгрөгийн уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн экспортлосныг 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй татвар ногдх орлогод тооцоогүй, татвар ногдуулан төлөөгүй зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрөхгүй энэхүү зөрчилд ногдсон нөхөн татвар, хүү торгууль алдангийг “***” ХХК хариуцах бөгөөд уг татварыг эрх хэмжээний хүрээнд татварын улсын байацагч тус компаниар төлүүлнэ гэж найдсан гэжээ.
Татварын Ерөнхий хуулийн 14 дүгээр зүлийн 14.2-д “ Татварын алба, татварын улсын байцаагч хуульд заасны дагуу татварын ногдуулалт” төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх, татварын ногдлыг тодорхойлох, татвар төлөлтөд хяналт тавих, татвар хураахтай холбоотойгоос бусад асуудлаар татвар төлөгчийн үйл ажиллагаанд оролцохыг хориглох тул тус 2 этгээд нь дээрх экспортын борлуулалт хийхдээ хэний нэрээр хэрхэн гаргасан нь өөрсдийх нь дотоод асуудал тул татварын албаны зүгээс ТЕХ-ийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “ Татварын алба нь энэ хуулийн 31.1-д заасан санд шаардлагатай хөндлөнгийн мэдээллийг хууль тогтоомжид нийцүүлэн цуглуулах эрхтэй” гэж заасны дагуу татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн гаалийн мэдүүлгийг үндэслэн / хөндлөнгийн мэдээлэл буюу нотлох баримт/ экспортын борлуулалтыг тодорхойлж, зөрчлийг илрүүлсэн. “ ***” ХХК-ийг дээрх экспортын борлуулалт хийсэн нь 1*** дугаартай гаалийн мэдүүлэгүүдээр нотлогдож байгаа” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***хэлтэс нь хариуцагч “***” ХХК-иас 8,714,840 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан баримтаар
Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн *** тоот “Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актаар “...Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.18, 18.1.14-д заасныг болон бусад хууль /хавсралт актанд бичигдсэн/-ийн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 96,785,800 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийг үндэслэн Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 /НӨАТ-ийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3/ заалтыг үндэслэн 9,678,580 төгрөгийн нөхөн татвар, 2,903,574 төгрөгийн торгууль, 2,174,374.2 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 14,756,528.2 төгрөгийн төлбөрийг акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоногийн дотор төлүүлэхээр акт тогтоосон” бөгөөд уг акттай танилцаж *** ХХК-ний захирал Б.Г*** гарын үсэг зурсан байна.
Татварын Ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “ Татварын алба, татварын улсын байцаагч нь энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмаар хэрэгжүүлэх боломжгүй болсон актын биелэлтийг хангуулах нэхэмжлэлийг хууль тогтоомжийн дагуу шүүхэд гаргана”, 70 дугаар зүйлийн 70.1-д “ Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг энэ хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан журмын дагуу барагдуулах боломжгүй бол татварын алба шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасны дагуу нэхэмжлэгч Татварын хэлтэс нь хариуцагч *** ХХК-нд холбогдуулан шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Татварын хэлтэс нь Татварын Ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн болох нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын албан бичиг болон бусад баримтаар тогтоогдож байна.
Хариуцагч *** ХХК нь “...Манай ХХК нь *** ХХК-д өөрийн нэрээр хүдрийн баяжмал гаргах тухай хэлэлцэн тохироогүй, энэ талаар мэдээгүй, мөн өөрийн ажил үйлчилгээгээ шилжүүлээгүй тул дээрхи татварыг төлөх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хуулийн этгээдээс өөрийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил үйлчилгээнд ногдох татварыг төлөх нь шударга ёсонд нийцнэ гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэсэн тайлбарыг гаргаж байх боловч хариуцагч *** ХХК нь Татварын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 03-ний өдрийн *** тоот “Татвар ноогдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актыг эс хүлээн зөвшөөрвөл энэ талаар гомдол гаргах эрхтэй боловч энэ талаар гомдол гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар “...Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцснаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах эрхтэй” гэж заасны дагуу *** ХХК нь дээрх улсын байцаагчийн актыг хүлээн зөвшөөрөхгүй талаар гомдол гаргаагүй болно.
Хариуцагч *** ХХК нь Татварын улсын байцаагчийн тогтоосон актаар төлөх 14,759,528 төгрөгөөс 6,044,688 төгрөгийг төлж, үлдэх 8,714,840 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Энэ талаар талууд маргаагүй болно.
Иймд хариуцагч *** ХХК-иас татварын өр 8,714,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Татварын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан хариуцагч *** ХХК-иас татварын өр 8,714,840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ***хэлтэст олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *** ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 154,387 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Татварын хэлтэст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ТУНГАЛАГМАА