Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 069

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч Ц.Э, нарийн бичгийн дарга Т.Сарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г овогт Ц-н  Э-н д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910028290023 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 296 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Г овогт Ц-н  Э-н  /РД: 0000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам дээр таксинд үйлчлүүлж байхдаа хамтран амьдрагч У.Ц-нтэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж түүний нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж У.Ц-н  биед доод уруулын няцарсан шарх, 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Ц.Э: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, У.Ц-нтэй эвлэрсэн, эмчилгээний зардал гэж гараагүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч У.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед хамтран амьдрагч Э-н гийн хамт Сүхбаатар дүүргийн Шинэ замын орчим байрлах “My voice” караокеноос гарч такси бариад гэр лүүгээ явсан. Замдаа Э-н  миний хуучин гэр бүлийн асуудлыг ярьж доромжилсон. Ингээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Би түүний зүүн гар руу нь нэг удаа цохиход Э-н  зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон. Машинаас буухад Э-н  миний нүүр рүү гараараа нэг удаа, толгойн ар хэсэг рүү гараараа нэг удаа цохисон...” /хх-ийн 19-20, 21-22/ гэсэн,

 

Гэрч Г.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуучин ажлын захирал Цэрэнчимэд, түүний нөхөр Э-н , захирлын найз Батцэцэг гэх эмэгтэй, Ариунжаргал эгч, түүний найз залуу Дорж нарын хамт уулзаж эхлээд паб орж 0,75 литрийн нэг шил архи уугаад тэндээсээ “My voice” нэртэй караоке орж 0,75 литрийн архи авч уусан. Ингээд би түрүүлээд гараад явсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,

 

Гэрч Г.Ариунжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр захирал Цэрэнчимэд, түүний нөхөр Э-н , найз Батцэцэг, Ганцэцэг, миний найз залуу Дорж нарын хамт уулзаж эхлээд паб орж 0,75 литрийн нэг шил архи уугаад тэндээсээ “My voice” нэртэй караоке орж 0,75 литрийн архи авч уусан. Ингээд байж байтал Ганцэцэг түрүүлээд явсан. Хэсэг хугацааны дараа Цэрэнчимэд, Э-н  нар явсан. Тухайн үед Цэрэнчимэд, Э-н  нар маргалдаж муудалцаагүй, адилхан уусан болохоор хоёулаа халамцуу байсан...” /хх-ийн 28-29/ гэсэн,

 

Гэрч Б.Одончимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны намар Ц.Э У.Ц-нийг зодож байхыг би өөрийн нүдээр харж байсан. Тухайн үед тэр хоёр хоорондоо маргалдаж байсан. Ц.Э У.Ц-н  бие рүү нь цохиж байсан. Ер нь урд нь хэд хэдэн удаа зодож байсан талаар У.Ц-н ярьж байсан...” /хх-ийн 30-31/ гэсэн,

 

Гэрч М.Батмөнх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын эхээр ажлаа тараад шөнийн 01 цаг өнгөрч байхад өөрийн 54-27 ДГО улсын дугаартай автомашинтайгаа явж байтал 100 айлын шинэ зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь авсан. Тэр хоёр замдаа маргалдаад байсан. Яармагийн гүүр даваад явж байтал чанга чимээ гараад бие биенээ цохиод байх шиг байхаар нь би машинаа зогсоотол эмэгтэй нь машинаас буухад араас нь эрэгтэй нь буусан. Удалгүй тэр хоёр машинд сууж цааш явсан. Тэгтэл дахин машин дотор цохилцоод байх шиг байсан, эмэгтэй нь шууд цагдаад хүргээд өг гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж зогссон. Эмэгтэйгийнх нь уруул билүү амнаас нь цус гарсан харагдаж байсан...” /хх-ийн 32-33/ гэсэн,

 

Шинжээч эмч Ж.Ганцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед магадлуулагч нь тийм гэмтэл авсан гэж зовиур хэлээгүй учир гэмтэл байгаагүй. Мөнгөн гүүр эмнэлгийн 1 хуудас материалыг үндэслэн У.Ц-нэд шинжилгээ хийж болно. Нэмж шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14521 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Гэмтлийн хөнгөн зэрэг гарна...” /хх-ийн 42-43/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 3 дугаар сургуулиас эхнэрийн хамт такси бариад гэр рүүгээ явсан. Тэгтэл замд эхнэр над руу дайраад чи ажлын газрын Цэлмэгийг өмөөрлөө гээд маргалдсан. Тэгээд эхнэр бид хоёр маргалдаж байгаад миний уур хүрээд түүний ам руу гараараа нэг удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ц-н  биед учирсан гэмтлийг би түүний нүүр рүү алгадаж учруулсан...” /хх-ийн 49-50/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12  дугаар сарын 05-ны өдрийн №14521 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. У.Ц-н  биед доод уруулын няцарсан шарх, 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,

- Өргөдөл /хх-ийн 03/,

- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-7/,

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 9-13/,

- Шүүгдэгч Ц.Эгийн хувийн байдалтай холбоотой гэрч Л.Цэрэнчимэд, Р.Чагдарсүрэн нарын мэдүүлэг /хх-ийн 34-35, 36-37/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-68/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Ц.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Наадамчдын зам дээр таксинд үйлчлүүлж байхдаа хамтран амьдрагч У.Ц-нтэй гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж маргалдаж түүний нүүрэнд 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь доод уруулын няцарсан шарх, 1 дүгээр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч У.Ц-н  “...Би 2019 оны 12 дугаар сарын 04-ний шөнө 02 цагийн үед хамтран амьдрагч Э-н гийн хамт таксигаар гэр лүүгээ явсан. Замдаа Э-н  миний хуучин гэр бүлийн асуудлыг ярьж доромжилж, бид хоёр маргалдаж эхэлсэн. Би түүний зүүн гар руу нь нэг удаа цохиход Ц.Э зөрүүлээд миний нүүр рүү 2-3 удаа гараараа цохисон...” /хх-ийн 19-22/ гэсэн, гэрч М.Батмөнхийн “...Яармагийн гүүр даваад явж байтал чанга чимээ гараад бие биенээ цохиод байх шиг байхаар нь би машинаа зогсооход эмэгтэй нь машинаас буусан, араас нь эрэгтэй нь буусан. Удалгүй тэр хоёр машинд сууж цааш явсан. Тэгтэл дахин машин дотор цохилцоод байх шиг байсан, эмэгтэй нь шууд цагдаа дээр хүргээд өг гэхээр нь Хан-Уул дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж зогссон. Эмэгтэйгийнх нь уруул билүү амнаас нь цус гарсан харагдаж байсан...” /хх-ийн 32-33/ гэсэн, шинжээч эмч Ж.Ганцэцэгийн “...Тухайн үед магадлуулагч нь тийм гэмтэл авсан гэж зовиур хэлээгүй учир гэмтэл байгаагүй. Мөнгөн гүүр эмнэлгийн 1 хуудас материалыг үндэслэн У.Ц-нэд шинжилгээ хийж болно. Нэмж шинжилгээ хийсэн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №14521 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй. Гэмтлийн хөнгөн зэрэг гарна...” /хх-ийн 42-43/ гэсэн, шүүгдэгч Ц.Эгийн “...Би 2019 оны 12 дугаар сарын 03-ны шөнө 3 дугаар сургуулиас эхнэрийн хамт такси бариад гэр рүүгээ явсан. Тэгтэл замд эхнэр над руу дайраад чи ажлын газрын Цэлмэгийг өмөөрлөө гээд маргалдсан. Тэгээд эхнэр бид хоёр маргалдаж байгаад миний уур хүрээд түүний ам руу гараараа нэг удаа цохисон. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Ц-н  биед учирсан гэмтлийг би түүний нүүр рүү алгадаж учруулсан...” /хх-ийн 49-50/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №14521 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. У.Ц-н  биед доод уруулын няцарсан шарх, 1 дүгээр шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 39/ гэсэн дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/, өргөдөл /хх-ийн 03/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 6-7/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 9-13/  зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хохирогч У.Ц-н  биед учирсан “...доод уруулын няцарсан шарх, 1 дүгээр шүдний сулрал” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Ц.Э түүний нүүрэнд гараараа цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Эгийн хохирогч У.Ц-н  нүүрэнд гараараа цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хавтас хэргийн 74 дүгээр талд “...У.Ц-н би нөхөр Ц.Этэй эвлэрсэн тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Э урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 59 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба  тэрээр анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Ц.Эд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910028290023 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Ц-н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт Ц-н  Э-н г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц-н  Э-н г 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ц.Э-д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Э оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1910028290023 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч У.Ц-н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР