Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2021/0213

 

“Т б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч О.Номуулин, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Д, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “Т б” ХХК-ийн гомдолтой, Монголбанканд холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар шийдвэрээр: Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д заасныг тус тус баримтлан “Монголбанкны хянан шалгагч улсын байцаагч Э.Г-н гаргасан 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий “Т б” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “... шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах тухай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх заалтыг үндэслэн Т бны нэхэмжлэлтэй- холбогдох захиргааны хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаартай шийдвэр гаргасныг нэхэмжлэгчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасны дагуу Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Э.Г-н 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр үйлдсэн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шийтгэлийн хуудаст Т б нь холбогдох зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй зөрчил гаргасан гээд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу 50,000 нэгжээр торгох шийтгэл ногдуулсан байх бөгөөд уг зөрчлийн хэргийг нээх тухай 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 2001000014 дугаартай тогтоолд Т б нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 тоот тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дахь заалтыг зөрчсөн гэсэн байна.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5 дугаар зүйлийн 5.3 дахь заалт банкны үйл ажиллагаанд сөрөг үр дагавар үүсгэж байгаа бөгөөд тухайлбал, 5.3-т заасан хязгаарлалтын шаардлагыг хангахын тулд 1 харилцагчийн харилцах, хадгаламжийн данснаас илүү мөнгөн хөрөнгийг хасаж харилцагчид буцаан олгох банкны санаачлагаар гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага үүсэж, үүнээс үүдэн банк олох ёстой байсан ашиг, орлого алдагдах, цаашлаад банк болон харилцагчийн хооронд үл ойлголцол үүсэх, итгэлцэл алдагдах, банкны нэр хүнд унах зэрэг сөрөг үр дагавар үүсгэсэн.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Тодруулбал, Монголбанкны хянан шалгагчид захиргааны шийтгэл оногдуулах эрх хэмжээ хуулиар олгогдсон, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй ... бол банкыг ... нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тодорхой зааж хуульчилсан байх тул хариуцагчийг буруу зүйл, заалтаар шийтгэл оногдуулсан гэж буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн.

Монголбанк дээрх захиргааны хэм хэмжээний актын 5.3 заалтад Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заалт “Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна”-д заасны дагуу санал аваагүй бөгөөд тус хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь заалт “Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ”-д заасны дагуу арилжааны банкуудын дунд хэлэлцүүлэг хийлгүй 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр баталсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд тус журмын заалтыг хэрэгжүүлж эхлэхэд богино хугацаатай, банк тус журмыг батлахаас өмнө харилцагч нартай урт хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, өндөр үнийн дүнгээр эх үүсвэр татсан байсан.

Иргэний хуулийн 455 дугаар зүйлийн 455.4-т “Тодорхой хугацаагаар байгуулсан гэрээг банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нэг талын санаачлагаар өөрчлөх, хугацаанаас нь өмнө цуцлах эрхгүй” хэмээн хуульчилсан байдаг бөгөөд Монголбанкны уг журам хэрэгжиж эхэлснээр тус банкыг сонгож, бас итгэж мөнгөө хадгалуулсан иргэд, байгууллагын хадгаламжийг арилжааны банк хугацаанаас нь өмнө Иргэний хууль зөрчин нэг талын санаачлагаар цуцлах, ингэснээрээ иргэд, байгууллагын эрх ашгийг давхар хохироох ярвигтай нөхцөл байдал үүсгэсэн. Уг нөхцөл байдлын улмаас банк дээрх журмын 5.3 дахь заалтад заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг богино хугацаанд хэрэгжүүлэх боломжгүй болсон.

Хариуцагч талаас зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг зөрчиж байгаа талаар удаа дараа нэхэмжлэгч талд мэдэгдсэн гэж тайлбарладаг. Монголбанкны улсын байцаагчийн дүрмийн 4 дүгээр бүлгийн 4.2 дахь заалтад заасны дагуу улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах, тайлбар мэдээлэл авах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ажилтан, хуулийн этгээд, банканд тодорхой шаардлага тавьж, хугацаатай үүрэг, даалгавар өгч биелэлтийг хангуулах талаар үйл ажиллагаа хийгээгүй, тус чиг үүргээ хэрэгжүүлээгүй шууд зөрчлийн хэрэг нээж, шийтгэл оногдуулсанд гомдолтой байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой дүгнээгүй байна.

Дээрх бүгдээс үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь заалт “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг тус тус хангахгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

“Т б” ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Монгол банкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2020 оны шийтгэлийн хуудсаар тус банкыг банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангалгүй Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д заасан зөрчил гаргасан гэж үзэж, 50 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Анхан шатны шүүх гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

“Т б” ХХК нь давж заалдах гомдолдоо “... шийтгэлийн хуудасны үндэслэл болсон Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дахь заалт нь ... сөрөг үр дагавар үүсгэсэн, журмыг батлахдаа Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасныг зөрчиж банкнаас санал аваагүй, хэлэлцүүлэг хийлгүй 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан” гэжээ.

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар баталсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 5.3 дахь заалтыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 05 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар тогтоолоор шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Дээрх журмын заалтыг биелүүлээгүйд хариуцлага ногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлыг хянан шийдвэрлэхэд тухайн журмын заалтыг хуульд нийцсэн эсэхтэй холбоотой давж заалдах гомдолд дурдсан дээрх асуудал хамааралгүй байх тул гомдлын энэ хэсгийг хангах үндэслэлгүй.

Түүнчлэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс уг журмын заалтын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг журмын биелэлт түдгэлзээгүй, дээрх шүүхийн шийдвэрээр журмын заалтын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй нь тогтоогдсон байх тул уг журмын заалтыг маргааныг шийдвэрлэж дуусахаас өмнө биелүүлэхгүй байх үндэслэлгүй бөгөөд “... журмын заалт маргаантай байхад торгууль ногдуулсан нь банкны эрхийг зөрчсөн” гэх тайлбар, гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн давж заалдах гомдолд “... Журмын заалтыг хэрэгжүүлж эхлэхэд хэтэрхий богино хугацаатай, банк хадгаламжийн гэрээ байгуулж, эх үүсвэр татсан байсан, ... Иргэний хуулийн 455.1-д заасныг зөрчиж, гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлах боломжгүй, банкинд ярвигтай нөхцөл үүсэхээр байхад хариуцагч нь хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй, шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж тал бүрээс нь бодитой дүгнэлт өгөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй” гэжээ.

Хариуцагчийн бичгээр ирүүлсэн тайлбар, хэрэгт авагдсан Монголбанкны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А-6/1209, 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А-6/130 дугаар албан бичгээр “журмыг хэрэгжүүлэхийг удаа дараа шаардсан” байдал, тус банкнаас гомдлын үндэслэлээ нотолж, хариуцагчаас ирүүлсэн дээрх баримтуудыг үгүйсгэсэн ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй зэргээс үзвэл тухайн журмын заалтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг явуулсан боловч тухайн хугацаанд хэрэгжүүлэх бодит боломжгүй байсан нь тогтоогдоогүй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 6-д “Банкны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй нь банканд бүтцийн өөрчлөлт хийх, эсхүл татан буулгах нөхцөл бүрдүүлээгүй бол банкийг тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу арга хэмжээ авсан шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэж, гомдлыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 152 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, “Т б” ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                    О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                                   С.МӨНХЖАРГАЛ