| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0020/Э |
| Дугаар | 0055 |
| Огноо | 2020-02-12 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 0055
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
иргэний хариуцагч П.Энх-Амгалан
шүүгдэгч Ц.Б.........э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Д...н Чоно овогт Ц....йн Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903 0131 10541 дугаартай 1 хавтаст хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
До.....но овогт Цо.......н Б.........э, Монгол Улсын иргэн, Говь-Алтай аймгийн Чандмань суманд 1989 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Эрдэм Транс” ХХК-д жолооч ажилтай, ..... тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар Д......16, урьд
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 18 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Ц.Б.........э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний 15 цаг 10 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 1 дүгээр хорооллын “Цамбагарав” худалдааны төвийн зүүн урд талын автобусны буудал дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4 дүгээр хавсралтын 6 дахь хэсгийн 6.1-д заасан “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон;” 6.2-т заасан “Дуут дохио ажиллахгүй болсон;” гэсэн буюу хөдөлгөөнд ашиглахыг хориглосон заалттай “Эрдэм Транс” ХХК-ийн эзэмшлийн “Deawoo” .... улсын дугаартай автобусыг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэснийг зөрчсөний улмаас уг автобуснаас бууж байсан зорчигч С.А...заяаг унагаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний хариуцагч нар мэдүүлэхдээ.
1. Шүүгдэгч Ц.Б.........э мэдүүлэхдээ: “...2019 оны 10 сарын 14-ний өдөр Ч:94 “Нарангийн гол – Дүнжингарав” чиглэлд явж байсан. Цамбагарав автобусны буудал дээр зогсоод зорчигчдоо буулгасан. Хохирогч болох А...заяа гэх хүн автобусны арын хаалгаар бууж байхад нь хөдөлгөөн эхлүүлсний улмаас унаж бэртсэн. Ингээд гэмтлийн эмнэлэг дээр хохирогчийг хүргэж өгөөд гэртээ хариад байж байтал орой 6 цагийн үед цагдаагийн байгууллагаас залгаад осол болсон газраа буцаад хүрээд ир гэсэн. Тэгээд хэрэг болсон газар буцаад очиход цагдаагийн бүрэлдэхүүн ирчихсэн байсан. Ингээд хохирогч хаана яаж унасан талаар мэдүүлэг авсан. Би хөдөлгөөн эхлэхдээ автобусны заалны толинд хараад хөдөлсөн, хохирогч бууж амжаагүй байгааг анзааралгүй хөдлөхөд унасан байсан...” гэв.
2. Иргэний хариуцагч П.Энх....галан мэдүүлэхдээ: “...Хохирогчид учирсан хохирлыг баримтын хэмжээнд төлнө...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8),
2. Хохирогч С.А...заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ажлаасаа гараад 1-р хорооллын “Хаан банк” орж гүйлгээ хийх гээд Сүлжмэлийн үйлдвэрийн урд талын автобусны буудлаас “Нарангийн гол Дүнжингарав” гэсэн 44-р чиглэлийн автобусанд суугаад 1-р хорооллын Цамбагарав худалдааны төвийн зүүн урд талын автобусны буудал дээр ирээд уг автобус зорчигч нарыг буулгасан. Миний урд талд гурван хүн буусан би араас нь буух гээд зүүн хөлөө түрүүлээд газар тавьж амжаагүй байтал уг автобус нь ухас хийгээд хөдлөөд явчихсан. Тэнд байсан хүмүүс “хүүе хүн бууж байна” гээд орилоход жолооч 50 метр орчим газар яваад зогссон. Би зам дээр уначихсан байсан, босох гэтэл босож чадахгүй байсан...эмнэлэг дээр очоод би баруун гарын зураг авахуулаад эмчид үзүүлэхэд...баруун гарын бугалгын нарийн яс хугарсан байна гээд шууд шохойдож өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13866 дугаар дүгнэлт
“...Хэсэг газрын үзлэгт: ...Баруун шуу, сарвуунд гөлтгөнөн аравч боолттой. Бид өөр ил харагдах гэмтэлгүй.
2019.11.14-ний ГССҮТ-н эмчийн онош: баруун шуу ясны өсөлтийн бүсийн битүү хугарал гэжээ...ДҮГНЭЛТ
1. С.А...заяагийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
5. Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 540 дугаар мөрдөгчийн магадалгаа
1. Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэг, тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам, орчны байдал, осол гарах үеийн бичлэг, гэрчийн мэдүүлэг, хүний биед хийсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 13866 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 079857 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд “Deawoo” маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б.........э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4 дэх заалт “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.
2. Тээврийн хэрэгслээр зорчигч С.А...заяа нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3. Хавтаст хэрэгт авагдсан материал, фото зургийн үзүүлэлт, үзлэгийн тэмдэглэлээс харахад уг зам тээврийн осол гарахад зам орчны байдал нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 51),
5. Иргэний хариуцагч П.Эн.....нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй, манай байгууллагын жолооч Б.........э нь тухайн өдөр шугамд явж байхдаа 1-р хорооллын Цамбагаравын худалдааны төвийн хотын төв рүү явдаг автобусны буудал дээр зорчигч унагаасан гэж надад 16 цагийн орчимд утсаар хэлсэн...Энэ автобус нь “Эрдэм-Транс” ХХК-ний эзэмшилд байдаг автобус...манай байгууллагын жолоочийн буруутай үйлдэл нь тогтоогдвол, мөн хохирогчийн бодит зардлыг хуульд заасан үндэслэлээр гаргаж өгөх байх. Мөн манай байгууллага нь бүрэн даатгалд хамрагдсан учраас даатгалаас гаргуулж өгөх байх...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
6. Шүүгдэгч Ц.Б.........нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...“Deawoo”-106 маркийн ...улсын дугаарын автобус “Эрдэм-Транс” ХХК-ийн эзэмшилд байдаг. ...би хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62),
7. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн Төвийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 079857 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 42-49), Түргэн тусламжийн дуудлагын хуудас MСКЕ18207121 (хавтаст хэргийн 122),
- Хохирогч С.А...заяагийн иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 17), согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 11), “Булган Хөрс” ХХК-ийн тодорхойлолт (хавтаст хэргийн 18-19), хохирол, хор уршгийн 378.900 төгрөгийн баримт (хавтаст хэргийн 103-106),
- Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл, оршин суух хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 70, 71), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 63), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 66-68), жолоочийн согтуурах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 72), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 73), “Эрдэм Транс” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт (хавтаст хэргийн 71-82), хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт (хавтаст хэргийн 119) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.Б.........эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар.
Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруу дээр маргаагүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт
Шүүгдэгч Ц.Б.........э нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээнд “Эрдэм Транс” ХХК-н эзэмшлийн “Deawoo” ..... улсын, паркийн 13-089 дугаарын автобусаар Чиглэл 44 буюу “Нарангийн гол Дунд гол Дүнжингарав худалдааны төв” гэсэн чиглэлд, Москвагийн гудамжаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй хөдөлгөөнд оролцон 15 цаг 10 минутын орчимд явж байгаад зорчигчдыг Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Цамбагарав” автобусны буудал дээр буулгахдаа иргэн С.А...заяаг автобуснаас бууж амжаагүй байхдаа хөдөлгөөнийг эхлүүлсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-8),
- Хохирогч С.А...заяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр ...“Нарангийн гол Дүнжингарав” гэсэн 44-р чиглэлийн автобусанд суугаад 1-р хорооллын Цамбагарав худалдааны төвийн зүүн урд талын автобусны буудал дээр ирээд уг автобус зорчигч нарыг буулгасан. Миний урд талд гурван хүн буусан би араас нь буух гээд зүүн хөлөө түрүүлээд газар тавьж амжаагүй байтал уг автобус нь ухас хийгээд хөдлөөд явчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 13866 дугаар дүгнэлт “...1. С.А...заяагийн биед баруун шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 36),
- Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 540 дугаар мөрдөгчийн магадалгаа “...1. ...“Deawoo” маркийн 06-72 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б.........э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23 дугаар бүлгийн 23.4 дэх заалт “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна...” гэх баримт (хавтаст хэргийн 51),
- Иргэний хариуцагч П.Энх....лангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байгууллагын жолооч Б.........э нь тухайн өдөр шугамд явж байхдаа 1-р хорооллын Цамбагаравын худалдааны төвийн хотын төв рүү явдаг автобусны буудал дээр зорчигч унагаасан гэж надад 16 цагийн орчимд утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24),
- Шүүгдэгч Ц.Б.........нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би хохирогчийн шүүх эмнэлгийн дүгнэлт болон техникийн шинжээчийн дүгнэлттэй танилцсан дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-62) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд шүүгдэгч нь болгоомжгүйгээр захиргааны хэм хэмжээ тогтоосон акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 23.4 дэх хэсэгт заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй. Хаалгыг жолоочийн суудлаас удирддаг бол гүйцэд зогсоогүй байхдаа хаалга нээхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнийг Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Мөн хохирогч С.А...заяаг унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоожээ. Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг, заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Харин улсын яллагчаас гэмт хэрэг үйлдсэн газрыг Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо гэж тодорхойлсон байх боловч гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамаардаг байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Их Хурлын 1996 оны 24 дүгээр “Нийслэлийн нутаг дэвсгэрийн хилийн цэсийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтад зааснаар Баянгол дүүргийн хил нь “Энхтайваны гүүр, гүүрнээс баруун тийш Дундголын хойд эргээр уруудаж Туул гол хүрч, Туул голын хойд эргийг даган Сонсголонгийн гүүр хүрч хойшоо засмал замаар эргэн Энхтайваны өргөн чөлөөтэй нийлж зүүн тийш Энхтайваны өргөн чөлөөгөөр явж аюулгүйн тойргоор хойш эргэн Нэгдсэн 3-р эмнэлгийн баруун талын засмал замаар дээш Шон ¹1, ¹2, 1527.7 тоот хүрч зүүн тийш эргэн жалгаар Зурагтын эцсийн буудлын хойт талын гүүр хүрч засмал замын зүүн талаар урагш эргэн Их тойруугаар Тээвэрчдийн гудамж хүрч зүүн тийш эргэн Энхтайваны гүүр хүрнэ.” заасан, түүнчлэн Нийслэлийн засаг даргын тамгын газрын албан ёсны цахим хаяг болох “Ulaanbaatar.mn” вэб сайтын дэд цахим хаяг болох “Manaikhoroo.mn” хаяг зэргээс гэмт хэрэг үйлдэгдсэн газар нь Баянгол дүүргийн 20 дугаар хороо байна.
Иймд улсын яллагчийн гэмт хэрэг үйлдсэн гэх газрын зөвтгөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо гэж тодорхойлсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.А...заяа нь баримтаар 378.900 төгрөгийн хохирол (хавтаст хэргийн 104-106) төгрөгийн хохирол, хор уршиг учирсан болох хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б.........э нь хохирогчид 1.170.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
- Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Б.........э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Ц.Б.........э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг харгалзан улсын яллагчийн торгох ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжээр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Б.........э торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, тэрээр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногийн хорих ялаар тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулав.
Эрүүгийн 1903013110541 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах хуулийн зохицуулалтгүй тул шүүгдэгч Ц.Б.........нийн “В, С, D. E” ангиллын 915058 дугаартай жолоочийн үнэмлэх хэрэгт хураагдаж ирснийг тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ......оно овогт Ц.....нгийн Б.........нийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б.........нийг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.0000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Б.........э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Б.........нийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 915058 дугаартай В C D E ангиллын жолоочийн үнэмлэхийг буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ