Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 099

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч З.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Б-н Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910027780034 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 02-10 насны 4 хүүхдийн хамт урьд ял  шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн Х овогт Б-н С /РД: 00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны 3 дугаар байрны 310 тоотод оршин суух хохирогч Б.Ч-ын гэрт үйлчлэгчээр ажиллаж байх үедээ нууцаар, хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр, Б.Ч-ын түрийвчнээс 500 ам.доллар буюу 1,355,255 төгрөгийг авч хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.С: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тухайн айлд цэвэрлэгээ хийж байгаад цүнхнээс нь 500 доллар авсан. Тухайн үед манайх түрээсийн байранд амьдардаг, 2-3 сар түрээсийн мөнгөө төлөөгүй байсан учраас гэрт мөнгөний хэрэг их байсан. Манай нөхөр хөдөө явсан, ар гэрийн нөхцөл маш хэцүү байсан учир тухайн мөнгийг авсан. Мөнгийг нэг сарын дараа буцаагаад өгчихье гэж бодож байсан. Би тэр айлд 2 жил гаруй ажилласан, урьд нь мөнгө хулгайлж байгаагүй, өөрийн буруу зүйл хийснээ ухаарсан, маш их гэмшиж байна...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Б.Ч- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний түрийвчнээс бэлэн 500 доллар алга болсон байхаар нь эхнэр Халиунд хэлж асуухад мэдэхгүй байна, гэрийн үйлчлэгч нар аваад байгаа юм уу гэж сэжиглэж байсан. Тэгээд эхнэр үнэнээ хэлэх юм бол цагдаагийн байгууллагад хандахгүй гэхэд алга болсон 500 долларыг гэрийн үйлчлэгч С өмднийхөө халааснаас гаргаж өгсөн. 500 доллар нь 100 долларын 5 ширхэг дэвсгэрт байсан...” /хх-ийн 10-13, 14-16/ гэсэн,   

 

Гэрч Б.Халиун мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 17 цагийн үед гэртээ ирээд нөхөр бид хоёр түрийвчэнд байсан мөнгөө тоолж үзэхэд 500 доллар алга болсон байсан. Өмнө нь бас мөнгө бага хэмжээгээр алга болоод байсан. Би гэрийн үйлчлэгч С, Наранцэцэг хоёрыг шалгаж үзэх зорилгоор тэр хоёрыг дуудаж мөнгө байхгүй болсон учраас цүнхээ шалгуул гээд цүнхийг нь шалгасан, тэгээд үнэнгээ хэлэх юм бол цагдаад дуудлага өгөхгүй гэж хэлэхэд С 500 долларыг халааснаасаа гаргаж өгсөн...” /хх-ийн 18-20, 21-22/ гэсэн,

 

Гэрч Б.Наранцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим гэрийн эзэн Халиун нь  С бид хоёрыг та хоёр цүнхээ гаргаад ир гэж хэлэхээр нь цүнхээ үзүүлсэн. Халиун гэрээс мөнгө алга болоод байна, та хоёроос өөр авах хүн байхгүй, гэхээр нь би Сд чи бид хоёроос өөр байнга гэрт ирдэг хүн байхгүй, эгчийн дүү авсан бол гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд гал тогооны өрөө рүү явчихаад ирэхэд С Халиунд үнэнээ хэлээд 500 долларыг гаргаж өгч байсан...” /хх-ийн 23-26/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би Ч-н гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа жижиг өрөөнд нь сандлын хажууд байсан цүнхэн дотор байсан хар өнгийн түрийвчнээс 500 долларыг хулгайлан авсан байсныг гэрийн эзэн Халиуныг асуух үед нь буцааж гаргаж өгсөн...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47/,

- Монгол банкнаас зарласан ханшийн лавлалгаа /хх-ийн 42/,

- Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 47-50/,

- Шүүгдэгч Б.Сгийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/,

- Шүүгдэгч Б.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/, банкны дансны хуулга /хх-ийн 46/, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хх-ийн 51/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                           

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” хотхоны 3 дугаар байрны 310 тоотод оршин суух хохирогч Б.Ч-ын гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа Б.Ч-ын түрийвчнээс нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, 500 ам.доллар буюу 1,355,255 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Ч-ын “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний түрийвчнээс бэлэн 500 доллар алга болсон байхаар нь эхнэр Халиунд хэлж асуухад мэдэхгүй байна, гэрийн үйлчлэгч нар аваад байгаа юм уу гэж сэжиглэж байсан. Тэгээд эхнэр үнэнээ хэлэх юм бол цагдаагийн байгууллагад хандахгүй гэхэд алга болсон 500 долларыг гэрийн үйлчлэгч С өмднийхөө халааснаас гаргаж өгсөн...” /хх-ийн 10-13, 14-16/ гэсэн, гэрч Б.Халиуны “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ...гэрийн үйлчлэгч С, Наранцэцэг хоёрыг үнэнээ хэлэх юм бол цагдаад дуудлага өгөхгүй гэж хэлэхэд С 500 долларыг халааснаасаа гаргаж өгсөн...” /хх-ийн 18-20, 21-22/ гэсэн, гэрч Б.Наранцэцэгийн “...2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим гэрийн эзэн Халиун, С бид хоёрыг та хоёр цүнхээ гаргаад ир гэж хэлэхээр нь цүнхээ үзүүлсэн. ...Би Сд чи бид хоёроос өөр байнга гэрт ирдэг хүн байхгүй, эгчийн дүү авсан бол гаргаад өгчих гэж хэлсэн. Тэгээд гал тогооны өрөө рүү явчихаад ирэхэд С Халиунд үнэнээ хэлээд 500 долларыг гаргаж өгч байсан...” /хх-ийн 23-26/ гэсэн, шүүгдэгч Б.Сгийн “...Би Ч-н гэрт үйлчлэгчээр ажиллаж байхдаа жижиг өрөөнд нь сандлын хажууд байсан цүнхэн дотор байсан хар өнгийн түрийвчнээс 500 долларыг хулгайлан авсан байсныг гэрийн эзэн Халиуныг асуух үед нь буцааж гаргаж өгсөн...” /хх-ийн 40-41/ гэсэн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлалгаа /хх-ийн 42/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч Б.Сгийн дээрх үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хохирогч Б.Ч-т гэмт хэргийн улмаас 500 ам.доллар буюу 1,355,255 төгрөгийн хохирол учирсныг хохирогч тэр даруйд нь буцаан өгсөн болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гурав хүртэлх насны хүүхэдтэй эхэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар заажээ.

Шүүгдэгч Б.С нь 02-10 насны дөрвөн хүүхэдтэй, түүний бага охин Болдцэнгэлийн Энх-Уянга нь 02 настай болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 47/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх тул түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан хуульд заасны дагуу 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01/ нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1910027780034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ч- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.С-д 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай. 

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3  дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.С-д нь хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг шүүгдэгч Б.С-д анхааруулж мэдэгдсүгэй. 

 

6. Эрүүгийн 19100027780034 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Ч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.              

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР