| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0105/Э |
| Дугаар | 107 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Эсэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 107
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Г.Эсэн /томилолтоор/, шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт М-н Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910027620069 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн, 46 настай, эрэгтэй дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, Байгаль зэрлэг ан амьтан хамгаалах үндэсний нийгэмлэгт ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн Б овогт М-н Б /РД: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью Скай хотхоны 44б байрны 13 тоот гэртээ эхнэр Б.Э-тай гэр бүлийн маргаанаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч М.Б: “...Мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Хохиролд 700,000 төгрөгийн төлбөр өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Э- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед гэртээ байхад нөхөр Б хоёр бага хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд манай дүү Энхчимэг хүүхдүүдийг сургуульд нь хүргэж өгөхөөр явсны дараа Б хоёулаа ярилцья гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгэхэд фэйсбүүкэд байгаа хамт авхуулсан зургаа устгаад өгөөч, чи бид хоёрын талаар Соронз сэтгүүл дээр бичиж магадгүй гэхээр нь би өөрөө тохиргоогоо хийгээд устгачих, сэтгүүлч нараа чи өөрөө яриад тохирч болохгүй юу гэхэд намайг хэл амаар доромжилж, хараасан. Тэгээд намайг хэл амаар доромжилж байгаад ширээн дээр ямар нэгэн эд зүйлийг аваад шидсэн нь миний зүүн гуя орчим оносон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ өвдөж байна гэхэд миний зүүн чих рүү нэг удаа алгадаж, хүзүүнээс багалзуурдаад, алчмаар байна...” /хх-ийн 12-14/ гэсэн,
Гэрч А.Энхчимэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө үеэл эгч Эрдэнэтуяагийн гэрээс би хүүхдийг нь аваад сургуульд нь хүргэж өгөхөөр гарах гэхэд Б ах нудраад гар хүрээд байх шиг байсан, тэр хоёр гал тогоонд маргалдаад байсан эгч тэр үед олон юм яриагүй, би хүүхдүүдийг аваад гарсан.Тэгтэл өдөр 12 цагийн үед эгч над руу залгаад Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс дээр мэдүүлэг өгч байна гэж хэлсэн...” /хх-ийн 21-22/ гэсэн,
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Эрдэнэтуяа согтуу байсан учраас бид хоёр маргалдаж гэрээ цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд уурандаа зүүн чих рүү нь нэг удаа алгадсан. Мөн ширээн дээр байсан цаасан салфетканы савыг хөл рүү нь шидсэн..” /хх-ийн 36-40/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13910 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Э-гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт,
- Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/,
- Хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 76-79/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 79-87/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 88/,
- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 95/,
- Цагдаагийн шуурхай удирдлагын төвийн дуудлагын мэдээлэл /хх-ийн 96/,
- Шүүгдэгч М.Б-ыг хувийн байдалтай холбоотой гэрч М.Энхбадрах, А.Ганбаатар нарын мэдүүлгүүд /хх-ийн 68-70, 71-73/, шийтгэвэрийн хуулбар /хх-ийн 64-67/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 45/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 44/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46/ ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 54/, Худалдааны хөгжлийн банкин дахь дансны хуулга /хх-ийн 55-63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, М.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч М.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блью Скай хотхоны 44б байрны 13 тоот гэртээ эхнэр Б.Э-тай гэр бүлийн асуудлаас болж маргалдан зодож, эрүүл мэндэд нь зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Э-гийн “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 10 цагийн үед гэртээ байхад нөхөр ....намайг хэл амаар доромжилж байгаад ширээн дээр ямар нэгэн эд зүйлийг аваад шидсэн нь миний зүүн гуя орчим оносон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ, өвдөж байна гэхэд миний зүүн чих рүү нэг удаа алгадаж, хүзүүнээс багалзуурдаад, алчихмаар байна...” /хх-ийн 12-14/ гэсэн, гэрч А.Энхчимэгийн “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө би үеэл эгч Эрдэнэтуяагийн гэрээс хүүхдийг нь аваад сургуульд нь хүргэж өгөхөөр гарах үед Б ах эгчийг нудраад гар хүрээд байх шиг байсан, тэр хоёр гал тогоонд маргалдаад байсан, эгч тэр үед олон юм яриагүй, би хүүхдүүдийг аваад гарсан...” /хх-ийн 21-22/ гэсэн, шүүгдэгч М.Бын “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цагийн үед гэртээ ирэхэд эхнэр Эрдэнэтуяа согтуу байсан учраас бид хоёр маргалдаж гэрээ цэвэрлэ гэж хэлсэн. Тэгээд уурандаа зүүн чих рүү нь нэг удаа алгадсан. Мөн ширээн дээр байсан цаасан салфетканы савыг хөл рүү нь шидсэн..” /хх-ийн 36-40/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №13910 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Э-гийн биед зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 26/ гэсэн дүгнэлт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 43/, хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 76-79/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 79-87/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 88/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 95/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилж, тайлбарлажээ.
Шүүгдэгч, хохирогч нар нь 2008 оноос хойш хамт амьдарч буй эхнэр, нөхөр болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46/, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдох бөгөөд энэ талаар хэн аль нь маргахгүй байх тул шүүгдэгч М.Б-ыг эхнэр Б.Э-гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-гийн эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны цооролт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 101/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч М.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910027620069 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Э- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М-н Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч М.Б-ад оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б-ад оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910027620069 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Э гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР