Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0070

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Б.Ундрах,

шүүгдэгч Д.Б---нэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ца...ад овогт Д....жийн Б---нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1908 0615 31896 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ца....ад овогт Д....жийн Б---нэ, Монгол Улсын иргэн, Увс аймгийн Хяргас суманд 1996 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, цахилгаан техникч мэргэжилтэй, “Айс марк” ХХК-д аарц бутлагч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт ..................тоотод түр оршин суудаг гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар О............5.

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Д.Б---нэ нь 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын нутаг дэвсгэрт архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.М........нтай маргалдаж улмаар ширээн дээр байсан архины шилээр толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал тархи доргилт, шанаа хацар, хүзүүнд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б---нэ мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн, зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч Б.М........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11-р сарын 25-ны орой 19 цагийн үед ажлаасаа тараад хамт ажилладаг Б.....агийн төрсөн өдөр болж байна гэхээр нь түүний гэр болох Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын нутаг дэвсгэрт байрлах гэрт нь Д.Б---нэ болон хамт ажилладаг 3 залуугийн хамт 21 цагийн үед очсон. Тэгээд бид нар “Соёрхол” нэртэй 0,75 литрийн 3 ширхэг архи хувааж уусны дараа тэнд байсан хэсэг бүлэг хүмүүс гэр лүүгээ явцгаасан. Тэд нарыг явсны дараа Б.....а ах, Д.Б---нэ, Б......д, Ө.........р бид 5 гэрт нь үлдэж хоорондоо юм ярьж байтал Б.....а, Б......д, Ө.........р гурав унтлаа гэж хэлээд газарт ор засаад унтаад өгсөн юм. Тэр үед Д.Б---нэ бид 2 юм яриад сууж байтал Д.Б---нэ намайг “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр караокед орж байхад тухайн караокены удирдлагыг унагаж эвдэлсэн тэр үед би зөөгчид 70.000 төгрөг өгсөн. ..тэр мөнгийг хуваагаад өгсөнгүй, ...караокены хаалгыг би бас ганцаараа төлсөн шүү” гэж хэлэхээр нь би “чиний хийсэн хэрэг шүү дээ яасан гэж хамт мөнгө төлдөг юм. Би төлж чадахгүй гэж” хэлсэн. Тэгтэл Д.Б---нэ ширээн дээр байсан архины шилийг аваад миний зулай дээр нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаад гэрээс гараад бие биеийнхээ дээр гарч нэлээн удаа орилж ноцолдож байгаад хоорондоо эвлэрээд гар бариад байж байтал гэрт унтаж байсан Б.....а, Ө.........р, Б......д гурав гэрээс гарч ирсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

“...Б.....а ахын гэрт Д.Б---нэ бид 2 маргалдахад Д.Б---нэ миний толгой зулай хэсэг рүү ширээн дээр байсан архины шилээр нэг удаа цохисон юм. Тэгээд гэрээс гараад намайг барьж байгаад миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон юм. ...Д.Б---нэ миний эмчилгээний зардалд нийт 500.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70)

2. Гэрч А.Зо.......ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тус өдөр манай нөхөр Б.....агийн төрсөн өдөр нь болсон юм. Тэгээд 21 цагийн үед манай нөхрийн ажлын газрын залуучууд болох М........н, Д.Б---нэ, Ө.........р, Б......д нар манай гэрт ирсэн. ...би хоол хийж өгчхөөд бид нар хоорондоо юм ярьж байгаад унтахаар болсон. ...Тэр үед М........н, Д.Б---нэ хоёр хоорондоо маргалдаад ...Д.Б---нэ нь М........ны толгойн тус газар нь архины шилээр нэг удаа цохисон. Тэгээд ...гэрээс гараад орилоод байхаар нь ...бид 3 гэрээс гартал М........н, Д.Б---нэ хоёр хоорондоо маргалдаад дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),

3. Гэрч Б.Б.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт М........н, Д.Б---нэ, Б......д, Ө.........р нар ирээд бид нар нийлж “Соёрхол” нэртэй 0.75 литрийн  гурван шил архи хувааж уусан юм. Тэгээд бид нар хоорондоо юм ярьж байтал Ө.........р, Б......д нар нь согтоод манай гэрт унтсан юм. ...Тэр үед М........н, Д.Б---нэ нар нь согтчихоод хоорондоо маргалдаад хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хоорондоо маргалдахаа боль одоо унтаж амар гэж хэлээд босоод иртэл Д.Б---нэ М........ны толгойн тус газар нь ширээн дээр байсан архины шилээр цохичихсон. Тэгэхээр нь эхнэр бид хоёр та хоёр боль гэр оронд битгий маргалдаад бай гэж хэлэхэд М........н, Д.Б---нэ 2 гэрээс гарсан юм. ...гэрээс эхнэр Золбоо, Б......д бид 3 гараад юу болж байна боль гэж хэлтэл тэд нар аль хэдийнээ маргалдаад дуусчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14252 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Толгойн сеткан боолттой, зулайн орой хэсэг 4 см мэс заслын 4ш оёдол бүхий шархтай, ариун боолттой, баруун шанаанд 3х1.2см, зүүн хацрын доод хэсэгт 1.5х0.2см, 1.4х0.3.см хүзүүний зүүн ар хажуу хэсэгт 4.5х0.6см хүрэн улаан зулгаралттай, баруун тохойн үеэр сойлттой, баруун шууны дунд хэсгээс сарвуу хүртэл аравч гөлтгөнөн боолттой, биед өөр ил харагдах гэмтэлгүй

2019.11.26 ГССҮТ-н эмчийн үзлэгт: Онош: Тархи доргилт, духанд няцарсан шарх, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал гэжээ.

2019.11.26-ны “Лазар Мэд” эмнэлгийн Толгойн КТГ-д шинжилгээнд: ...Хамар яс хуучин хугаралтай. ...Тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэргийн хавантай. ...Зулайн оройн хэсгийн зөөлөн эдэд хаван хавдар, хийтэй гэжээ...ДҮГНЭЛТ

1. Б.М........ны биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шанаа, хацар, хүзүүнд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 09-10),

5. Шүүгдэгч Д.Б---нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би М........нтай 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр караокед орж байхад тухайн караокены удирдлагыг унагааж эвдэлсэн тэр үед би зөөгчид 70.000 төгрөг өгсөн шүү дээ. Тэр мөнгийг хуваагаад өгчихгүй яасан юм бэ бас тэр үед караокены хаалгыг би бас ганцаараа төлсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн М........н би чиний эвдэлсэн зүйлийг яасан гэж хамт төлдөг юм би төлж чадахгүй гэж хэлээд бид 2 хэрэлдэж байгаад ...би уурлаад ширээн дээр байсан архины шилийг аваад М........ны толгойн орой зулай хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид 2 хоорондоо барьцалдаж аваад гэрээс гараад би М........ны нүүрэн хэсэг газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78),  

- Оролцогч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт (хавтаст хэргийн 81, 82), хүсэлтийг хангах болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 84, 85), хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 86),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 33, 36), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 52), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 34, 37), “Айс марк” ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 51) зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б---нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Б---нэ нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Тахилтын ............ тоот буюу Б.Б.....агийн гэрт, 2019 оны 11 дүгээр сарын 26-ний шөнө 02 цагийн үед, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, караокены удирдлагын үнэ болох 70.000 төгрөг, караокены хаалганы эвдрэлийг хамт төлөлцсөнгүй гэх шалтгаанаар Б.М........нтай маргалдаж, шууд санаатай үйлдлээр, ширээн дээр байсан архины шилээр түүний толгойн тус газар цохиж биед нь зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал тархи доргилт, шанаа хацар, хүзүүнд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Б.М........ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11-р сарын 25-ны орой 19 цагийн үед ...Б.....агийн ...Сонгинохайрхан дүүргийн 22-р хороо Тахилтын нутаг дэвсгэрт байрлах гэрт нь ...бид нар “Соёрхол” нэртэй 0,75 литрийн 3 ширхэг архи хувааж уусан. ...Д.Б---нэ бид хоёр юм яриад сууж байтал Д.Б---нэ намайг “2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр караокед орж байхад тухайн караокены удирдлагыг унгаж эвдэлсэн тэр үед би зөөгчид 70.000 төгрөг өгсөн. ..тэр мөнгийг хуваагаад өгсөнгүй, ...караокены хаалгыг би бас ганцаараа төлсөн шүү” гэж хэлэхээр нь би “чиний хийсэн хэрэг шүү дээ яасан гэж хамт мөнгө төлдөг юм. Би төлж чадахгүй гэж” хэлсэн. Тэгтэл Д.Б---нэ ширээн дээр байсан архины шилийг аваад миний зулай дээр нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаад гэрээс гараад бие биеийнхээ дээр гарч нэлээн удаа орилж ноцолдсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23),

- Гэрч А.Зо........гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...М........н, Д.Б---нэ хоёр хоорондоо маргалдаад ...Д.Б---нэ нь М........ны толгойн тус газар нь архины шилээр нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 64-65),

- Гэрч Б.Б.....агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт М........н, Д.Б---нэ, Б......д, Ө.........р нар ирээд бид нар нийлж “Соёрхол” нэртэй 0.75 литрийн  гурван шил архи хувааж уусан юм. ...М........н, Д.Б---нэ нар нь согтчихоод хоорондоо маргалдаад хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би хоорондоо маргалдахаа боль одоо унтаж амар гэж хэлээд босоод иртэл Д.Б---нэ М........ны толгойн тус газар нь ширээн дээр байсан архины шилээр цохичихсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 14252 дугаар дүгнэлт “...1. Б.М........ны биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, шанаа, хацар, хүзүүнд зулгаралт, сарвууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 09-10),

- Шүүгдэгч Д.Б---нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...би М........нтай 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр караокед орж байхад тухайн караокены удирдлагыг унгаж эвдэлсэн тэр үед би зөөгчид 70.000 төгрөг өгсөн шүү дээ. Тэр мөнгийг хуваагаад өгчихгүй яасан юм бэ бас тэр үед караокены хаалгыг би бас ганцаараа төлсөн шүү дээ гэж хэлсэн. Тэгсэн М........н би чиний эвдэлсэн зүйлийг яасан гэж хамт төлдөг юм би төлж чадахгүй гэж хэлээд бид 2 хэрэлдэж байгаад ...би уурлаад ширээн дээр байсан архины шилийг аваад М........ны толгойн орой зулай хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд бид 2 хоорондоо барьцалдаж аваад гэрээс гараад би М........ны нүүрэн хэсэг газар гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Д.Б---нэ нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “караокед гарсан зардлын тооцоог хувааж төлсөнгүй” гэх сэдэлтээр, хохирогч Б.М........ныг цохиж гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.Б---нэ нь хохирогч Б.М........ны толгой болон нүүрэн тус газар цохисон болох нь хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Тиймээс шүүгдэгч Д.Б---нийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.М........н нь эмчилгээний зардалд баримтаар 100.000 төгрөг (хавтаст хэргийн 27) нэхэмжилснээс шүүгдэгч Д.Б---нэ нь хохирогчид 500.000 төгрөгийг төлсөн болох нь (хавтаст хэргийн 82) нотлогдон тогтоож байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Б---нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б---нэ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тоосон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Д.Б---нэ, хохирогч Б.М........н нар нь хоорондоо эвлэрч, хэн аль нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Д.Б---нэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 нэгж буюу 650.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Д.Б---нэ торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй. 

Эрүүгийн 1908 0615 31896 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цамхаад овогт Д....жийн Б---нийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б---нийг 650 (зургаан зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 (зургаан зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б---нэд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Б---нэ нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол, саналгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

      

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ