| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 136/2016/0336/И |
| Дугаар | 340 |
| Огноо | 2016-12-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 340
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч WGNM LLC-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 15-ны өдөр хүлээн авч
ТОДОХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 11 сарын 05-ны өдөр тус ломбарданд Samsung A7 маркын шинэ гар утсыг 100,000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтэй барьцаанд тавьж зээл авсан. Ингээд 2016 оны 11 сарын 15-ны өдөр уг утсаа авахаар очиход утас чинь зарагдсан өгөх боломжгүй гэсэн тул шүүхэд хандаж байна. Самсунг А7 маркын уг гар утсаа өөрийн найз Туяацэцэгээс 600,000 төгрөгөөр худалдан авч байсан бөгөөд одоо уг үнэлгээ болох 600,000 төгрөгийг WGNM LLC компаниас нэхэмжилж байна. Энэ нь Иргэний хуульд зааснаар барьцаанд тавьсан эд зүйлийг зарахдаа надад мэдэгдээгүй мөн барьцааг зээлийн гэрээнд заасан хугацаа болоогүй байхад зарсан миний зөвшөөрөлгүй зарсан тул А7 маркын гар утасны үнэ болох 600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа:...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Эрдэнэ-Очир нь 2016 оны 11 сарын 05-ны өдөр өөрийн Samsung A7 маркын гар утсыг хариуцагч WGNM LLC-д барьцаанд тавьж 600,000 төгрөгийг зээлсэн байх бөгөөд хариуцагч нь барьцааны зүйлийг нэхэмжлэгчид мэдэгдэхгүйгээр бусдад худалдан борлуулж гэрээний үүрэг зөрчсөний улмаас нэхэмжлэгчид 600,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч WGNM LLC нь нэхэмжлэлийн шаардлага болох 600,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж барагдуулсан талаар нэхэмжлэгч шүүхэд тайлбар ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Х.Эрдэнэ-Очирын нэхэмжлэлтэй, хариуцагч WGNM LLC-д холбогдох 600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч WGNM LLC-д нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн биелүүлснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 18,650 төгрөгийн 50 хувь болох 9,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 9,325 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч WGNM LLC-ээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9,325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД