| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0345/И |
| Дугаар | 343 |
| Огноо | 2016-12-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 343
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Т.Наранбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сарангэрэлд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 11 сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Наранбаатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 01-р сарын 21-ний өдөр Замын-Үүд сумын иргэн Түдэвийн Сарангэрэлд 32м2 1 өрөө байрыг 38,000,000 төгрөгөөр гэрээ байгуулан зарсан түүнээс хойш 32,500,000 төгрөгийг 5 хувааж төлсөн. Дээрх иргэн Т.Сарангэрэлээс удаа дараа нэхсэн боловч одоо үлдэгдэл мөнгийг өгч чадахгүй гэж хариу өгсөн тул үлдэгдэл мөнгө болох 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Замын-Үүд сум 1-р баг 144А байр 20 тоотод оршин суух Элжигин овогт Төмөрбаатарын Наранбаатар /РД:ЧД84070511/ шүүхэд гаргасан тайлбартаа:... Хариуцагч Т.Сарангэрэлийн гаргасан тайлбартай танилцлаа. Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг, 130-р байр 3 тоотод оршин суух Далай овогт Түдэвийн Сарангэрэл нь РД:ЕО58051460/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие өрхийн орлого багассан тул уг нэхэмжилсэн 5,500,000 төгрөгийг хэсэгчилэн төлж барагдуулна. Учир нь цалингийн зээлтэй байгаад тэтгэвэрт гарсан учраас одоогоор тэтгэврийн зээлээр цалингийн зээлээ төлж дуусгасан болно. 2017 онд багтааж дуусгах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Наранбаатарт нь хариуцагч Т.Сарангэрэлд холбогдуулан орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Сарангэрэл нь нэхэмжлэгч Т.Наранбаатартай худалдах худалдан авах гэрээ байгуулан Дорноговь аймаг Замын-Үүд сум 1-р баг 7-р хэсэг 32-3 тоот орон сууцыг 38,000,000 төгрөөр худалдан авсан байх ба хариуцагч нь уг байрны төлбөрийн үлдэгдэл 5,500,000 төгрөгийг шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар, худалдах худалдан авах гэрээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 5,500,000 төгрөгийг төлж барагдуулах талаар тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Т.Наранбаатарын нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Сарангэрэлд холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Т.Сарангэрэл нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102,950 төгрөгийн 50 хувь болох 51,470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 51,470 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Сарангэрэлээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 51,470 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай
3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД