| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0112/Э |
| Дугаар | 113 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 113
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч С.С, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бовогт С- Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1910028580060 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1969 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрөмийн мастер мэргэжилтэй, Агниста хотхонд харуул ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагч Б.Б-ы хамт , урьд нь:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 01 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг мөн шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 13 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт С- С /РД: 0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.С нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхоны 00 дугаартай тоотод хамтран амьдрагч Б.Б-ыг анхаарал хандуулж, тоосонгүй гэх шалтгаанаар хөл рүү өшиглөж, түлхэж унаган тархи доргилт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч С.С: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр миний бие өвдөөд байхад эхнэр анхаарал хандуулахгүй байхаар нь “хүнд анхаарал хандуулахгүй юм” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэгээд эхнэр гарч явах гээд байхаар нь би утсыг нь булааж аваад өшиглөөд, түлхэж унагаасан...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Агниста хотхоны жижүүрийн байранд хамтран амьдрагч С.Сын хамтаар байж байгаад Сын бие өвдөөд уцаарлаад надтай маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь өөрийг нь тоосонгүй гэх маргаан болоод миний утсыг булааж авах гээд ноцолдоод миний зүүн гуя руу нэг удаа өшиглөөд, намайг түлхэхэд би хойшоо унахдаа орны толгой мөргөсөн. Тэгээд утсаа булаацалдаж байгаад би хөлөндөө гэмтэл авсан...” /хх-ийн 12-13/ гэсэн,
Шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ажиллаж амьдардаг ...харуулын байрандаа байсан. Өмнөх өдөр нь архи уугаад тэр өдөр миний бие өвдөөд байсан. Би зүрх муутай архи уусны маргааш нь шартаад байдаг. Тэгээд би Б-ыг надад ус буцалгаад өгөөч гэж гуйсан чинь тоохгүй байсан. Тэгтэл Б- гар утсаа барьчихаад гарч явах гээд байхаар нь хаачих нь вэ гэхэд тоохгүй байхаар утсыг нь аваад үлдчихвэл гарахгүй гэж бодсон. Тэгээд утсыг нь авах гэхэд өгөхгүй болохоор нь зүүн гуя руу өшиглөж, хойш нь түлхэхэд Б- унахдаа орны толгой мөргөсөн...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №14372 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ы биед тархи доргилт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн өвдөгчний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5-6/,
- Өргөдөл /хх-ийн 07/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51/,
- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 54-62/,
- Шүүгдэгч С.Сын хувийн байдалтай холбоотой гэрч Н.Энхбат, Г.Оюунчимэг нарын мэдүүлэг /хх-ийн 77-76, 79-80/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 40/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 67-76/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, С.Сод холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч С.С нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Агниста хотхоны 00 дугаартай тоотод хамтран амьдрагч Б.Б-ыг анхаарал хандуулсангүй, тоосонгүй гэх шалтгаанаар хөл рүү нь өшиглөж, түлхэж унагаан тархи доргилт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн өвдөгний арьсны зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ы “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...С.Сын хамт гэртээ байхад Сын бие өвдөөд уцаарлаад надтай маргалдсан. Маргалдах болсон шалтгаан нь өөрийг нь тоосонгүй гээд миний утсыг булааж авах гээд ноцолдоод миний зүүн гуя руу нэг удаа өшиглөөд, намайг түлхэхэд би хойшоо унахдаа орны толгой мөргөсөн. Тэгээд утсаа булаацалдаж байгаад би хөлөндөө гэмтэл авсан...” /хх-ийн 12-13/ гэсэн, шүүгдэгч С.Сын “...2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ...Б- гар утсаа барьчихаад гарч явах гээд байхаар нь хаачих нь вэ гэхэд тоохгүй байхаар утсыг нь аваад үлдчихвэл гарахгүй гэж бодсон. Тэгээд утсыг нь авах гэхэд өгөхгүй болохоор нь зүүн гуя руу өшиглөж, хойш нь түлхэхэд Б- унахдаа орны толгой мөргөсөн...” /хх-ийн 35-36/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №14372 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б-ы биед тархи доргилт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн өвдөгний арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 23/ гэсэн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 51/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 54-62/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Б-ы биед учирсан “...тархи доргилт, зүүн гуя, шилбэний цус хуралт, зүүн өвдөгний арьсны зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч С.С түүнийг өшиглөх, түлхэж унагааснаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Сын хохирогч Б.Б-ы хөл рүү өшиглөж, түлхэж газар унагааж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, шүүгдэгч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн, хавтас хэргийн 85 дугаар талд “...Би нөхөр С.Стой эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн хүсэлт авагдсан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хохирол төлбөр байхгүй байна.
Шүүгдэгч С.С нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.С “Харуулын ажил хийдэг, сард 400,000 төгрөгийн цалин авдаг, эхнэр ажил хийдэггүй, хоёр ам бүлээ тэжээдэг...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүх ялтны хувийн байдал, түүний сарын орлогыг харгалзан шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг таван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Эрүүгийн 1910028520060 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б- гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-н С-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч С.С-од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.С оногдуулсан торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, уг хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910028580060 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.С нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Б.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Сод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР