Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 337

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг Чөлөөт бүсийн 2-6 тоотод оршин суух, Дархан овогт Цэмбэлжавын Насанбат /РД: ВП66122316, утас: 96675922 /-д холбогдох,

“Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 6,662,444 төгрөг” гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Сум хөгжүүлэх сан”-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдан зарцуулах, зээл олгох, эргэн төлүүлэх журмын дагуу Cyм хөгжүүлэх сангийн хөрөнгийг зохистой ашиглах зорилгоор төсөл сонгон шалгаруулалт зарласны үндсэн дээр 2011 оноос эхлэн зээлийг олгож эхэлсэн. Тус сумын иргэн Ц.Насанбат Монгол гутал үйлдвэрлэлийн чиглэлээрх төслийг 3acar даргын Тамгын газарт ирүүлснээр сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор томилогдсон комисс уг төслийг хэлэлцэн дэмжиж, холбогдох дүгнэлтийг гаргасан. Үүний дагуу Ц.Насанбат “ Монгол гутал үйлдвэрлэл ” төсөлд Сумын засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/29 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас 7,000,000 төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Сумын Засаг даргаас иргэн Ц.Насанбаттай “Сум хөгжүүлэх сангийн 2013 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 50 тоот” гэрээг байгуулж, 7,000,000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн боловч Ц.Насанбат нь энэхүү хугацаанд зээл эргэн төлөх хуваарьт заасны дагуу зээлээ төлж барагдуулаагүй тул иргэн Ц.Насанбатын нийт зээлийн үлдэгдэл 4,863,098 төгрөг, зээлийн торгууль 1,799,346 буюу нийт 6,662,444 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч Ц.Насанбат нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч 6,662,444 төгрөгийг төлөхөө илэрхийлэн тайлбар гаргасантай танилцлаа. Хариуцагч Ц.Насанбат нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлбөрийг төлөх болсон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ц.Насанбат нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Насанбат миний бие нь Замын-Үүд сумын Засаг даргын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд 6,662,444 төгрөгийг бүрэн төлж барагдуулна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга нь хариуцагч Ц.Насанбатад холбогдуулан сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль нийт 6,662,444 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлсэн ба тайлбартаа бүрэн төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг дарга улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд  хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг төлнө гэж зөвшөөрч байх тул түүнийг тэмдэгтийн хураамжид 6,662,444 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 60,775 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын нэхэмжлэлийн шаардлага сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл, торгууль 6,662,444 төгрөгийг хариуцагч Ц.Насанбат нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар 121,550 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 60,775 төгрөгийг хариуцагч Ц.Насанбатаас гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ