| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0553/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2020-03-02 |
| Зүйл хэсэг | 22.4.4., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Мөнх-Од |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 117
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,
Улсын яллагч Б.Мөнх-Од,
Шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх,
Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Должинсүрэн, Б.Нарангарав,
Нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Д-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
шүүгдэгч Ц овогт Б-н Ц-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902000000189 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1970 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, кримналистикийн шинжээч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Шүүхийн шинжилгээний газрын дарга ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Д-н А /РД:0000000 /.
2. Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ц овогт Б-н Ц /РД: 0000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.А нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Ш.Мөнгөншагайгийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Эрүүгийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Солонго, шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ, Ж.Тамир нарт “шинжээчийн дүгнэлт гаргахдаа бүх гарын үсгийг Мөнгөншагайн гарын үсэг биш байна гээд гаргачих” гэж ятган, дээрх шинжээч нарын гаргасан 3384 дугаартай дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна Б.Цд өгч, улмаар Б.Цгоор дамжуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт,
Шүүгдэгч Б.Ц нь хахууль өгөгч Ш.Мөнгөншагайн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгох зорилгоор эрүүгийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Солонго, шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ, Ж.Тамир нараар Ш.Мөнгөншагайд ашигтай дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын дарга Д.Ааар нөлөөлүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3384 дугаартай дүгнэлт гарсны дараа Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Ат албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 35 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Д.А: “...Гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн, яллах дүгнэлтэд дурдагдсан нөлөөлсөн гэдэг нь ажил үүргийнхээ хувьд хяналт тавьж байсан, өөрөөр мэдүүлэг өгөхгүй. Зүйл ангийн хувьд маргаж байгаа зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, төрийн албан хаагч байхдаа энэ хэрэгт холбогдсон, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, шинжээчийн дүгнэлтийг хуулбарлан өөрийнхөөрөө гаргаж өгсөн, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Шүүгдэгч Б.Ц: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг өгсөн учир нэмж мэдүүлэг өгөхгүй, ял сонсгосныг хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Гэрч Э.Солонго мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Нийслэлийн прокурорын газрын ...хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай тогтоолыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс томилсны дагуу шинжээч ахмад С.Сэлэнгэ, шинжээч ахмад Ж.Тамир нарын хамт гарын үсгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээг хийж 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдр 3384 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Шинжээчдийн дүгнэлтийг гаргахын тулд 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн архивын газар, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын архивуудад очиж шинжлэх баримтын эх хувиудад үзлэг шинжилгээ хийсэн. 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивт очиж “Жи Пи Эф” ХХК-ийн хувийн хэрэгт байх шинжилж буй баримтуудад үзлэг шинжилгээ хийсэн. 2012 оны 7 дугаар сарын 27 гэсэн огноотой 01 дугаартай Хувьцаа эзэмшигч хувь нийлүүлэгчдийн тогтоол, 2012 оны 4 дүгээр сарын 23 гэсэн огноотой Эрх шилжүүлэх гэрээ гэх баримтууд дээр зурагдсан Ш.Мөнгөншагайгийн гэх гарын үсгүүд нь гарын үсгийн галиглал, ерөнхий хэлбэр, хөдөлгөөний эвсэл, хурд, хөдөлгөөний маяг, зохилох хэлбэр, хэмжээ, суналт, холболт, даралт зэрэг ерөнхий болон хөдөлгөөний хэмжээ, хөдөлгөөний үйлдэц харилцан байрлал, хэлбэр, чиглэл зэрэг гарын үсгийн хувийн онцлог шинж тэмдгүүдээрээ хоорондоо тохирохгүй байсан. ...Бид гуравт санал зөрөлдсөн зүйл байгаагүй. ...Бичиг баримтын лабораторт бүрэлдэхүүнтэй шинжилгээ ирсэн тохиолдолд газрын дарга, дэд захирал хоёр дотоод журмын дагуу танилцуулдаг. 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гаргасан 3384 дугаартай шинжээчдийн дүгнэлтийг гаргахын тулд архивын газарт байх бичиг баримтуудыг очиж үзэх, үзлэг хийсэн талаар газрын даргад тухай бүр нь танилцуулж байсан. Өөрөөр хэлбэл шинжилгээ хийж эхлэх үеэс дуусах үе хүртэл хийж байгаа ажлаа танилцуулж байсан гэж хэлж болно...” /1-р хх-ийн 123-125/ гэсэн,
Гэрч С.Сэлэнгэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “..Уг хэрэгт ...мөрдөгч ...П.Нэмэхбаатар гарын үсгийн бүрэлдэхүүнтэй шинжилгээ томилж ирүүлсэн байсан. Хэзээ шинжилгээ хийлгэхээр ирснийг сайн санахгүй байна. Ахлах шинжээч ахмад Э.Солонго, шинжээч ахмад Ж.Тамир нарын хамт Ш.Мөнгөншагай, Жаргалан гэх хүмүүсийн гарын үсэг бүхий баримтуудад бичиг судлалын шинжилгээ хийж дүгнэлт гаргасан. Шинжилгээг нэг бүрчилсэн болон харьцуулсан шинжлэх аргуудыг ашиглан адилтгалын шинжилгээ явуулсан. ...3384 дугаартай дүгнэлтээр Ш.Мөнгөншагайн гарын үсгүүд нь тохирно, тохирохгүй гэж асуулт тус бүрт 2 янзаар гарсан. Энэ нь шинжилж байгаа баримтуудаас шалтгаалж хоёр янзаар гарсан. Яг аль баримт дээр тохирно, тохирохгүй гэж гарсныг одоо хэлж мэдэхгүй байна. Харин Жаргалангийн гарын үсэг нь өөрийн гарын үсгийн загвартай тохирсон дүгнэлт гарсан. ...Бидний хувьд Ш.Мөнгөншагайгийн гарын үсгийн шинж тэмдэгийг үнэлээд дүгнэлтийг баримтын хүрээнд тохирно, тохирохгүй гэж гаргасан...” /1-р хх-ийн 126-128/ гэсэн,
Гэрч Д.Адилгүй мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 6 дугаар сард тодорхой өдрийг нь санахгүй байна. Намайг гэртээ байхад миний төрсөн ах Д.А орж ирээд гялгар ууттай боодолтой мөнгийг надад өгөөд энэ мөнгийг хадгалж байгаарай, дансандаа хийчихээрэй гэж хэлээд өгсөн. Би уг мөнгийг нь тоолж үзээгүй, ямар ч байсан уутыг нээгээд харахад боодолтой мөнгөнүүд л байсан. Түүнийг нь би хэд хоног хадгалж байгаад 2 дансандаа орлого болгон хийсэн...” /1-р хх-ийн 131-132/ гэсэн,
Гэрч Ц.Лхагва-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би танил Мөнхжаргал гэх хүнээс зээлсэн мөнгөнөөсөө 70-80 УБД улсын дугаартай машиныг авсан. ...Ц нь манай найз Номууны төрсөн ах байгаа юм. Тэгээд хуурай ах дүүгийн харилцаатай байдаг. Миний машиныг 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш унаж байна...” /1-р хх-ийн 141-143/ гэсэн,
Гэрч Б.Номин мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан 3384 дугаартай шинжээчийн дүгнэлтийг мэдэхгүй. Харин дээрх шинжилгээнд Ш.Мөнгөншагай гэх хүний гарын үсгийн шинжилгээ хийгдсэн талаар нь бол цагдаагийн академид хамт суралцаж байсан ...Шүрэнчулуун гэх хүнээс сонсож байсан. ...Шүрэнчулуун манай ажил дээр ирээд “чи нөгөө шинжээч нар руугаа яриад асуугаад өгөөч, дүгнэлт нь гарсан юм шиг байна” гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би Тамир руу залгахад миний гар утсыг аваагүй, тэгсэн тэр оройноо ...Тамир над руу залгаад “яасан бэ, та залгасан байна” гэж хэлэхээр нь би “харин тиймээ, нөгөө шинжилгээний талаар асуух гэж залгасан юм” гэж хэлэхэд Тамир “энэ шинжилгээг нилээн олон хүн асуугааад байна, шинжилгээний дүгнэлт гарсан, та аль гарын үсгийг нь асуугаад байгаа вэ” гэж хэлсэн. Би Ш.Мөнгөншагайгийн нэг л гарын үсгийг шинжилж байгаа юм байх гэж бодож байсан учраас “тийм олон гарын үсгийн шинжилгээ байгаа юм уу” гэж асуухад Тамир “тийшдээ, олон гарын үсгийн шинжилгээ байгаа, ерөнхийдөө бол гарын үсгүүд нь тохирохгүй гарсан” гэж хэлсэн...” /1-р хх-ийн 150-153/ гэсэн,
Ш.Мөнгөншагай мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би хууль зүйн зөвлөгөө авахаар Б.Цд 40,000,000 төгрөгийг өгсөн байгаа. ...Б.Ц нь гадаадын иргэн харъяатын газар ажиллаж байсан гэдэг хуулийн талын туршлагыг нь харж Б.Цгоос хууль зүйн туслалцаа авахаар 40 сая төгрөгийг өгч байсан удаатай...” /1-р хх-ийн 225/ гэсэн,
Ж.Тамир мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчааар өгсөн мэдүүлэгтээ: “...Кримналистикийн шинжилгээний газрын дарга Д.А эрүүгийн 172200022 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэгт шинжилгээ хийх бүрэлдэхүүнд томилогдсоны дараа намайг өрөөндөө дуудаж уулзаад чи Мөнгөншагай нарын хэрэгт шинжилгээ хийж байгаа, наад шинжилгээ чинь хэл ам ихтэй, сайн харж хийх хэрэгтэй шинжилгээ шүү, өмнөх шинжээч нарын дүгнэлт нь зөрж гарсан. Авидхүү шинжилгээ хийх явцад нь би харж байсан, намайг харахад бол Мөнгөншагайн гарын үсэг биш байсан, тэгсэн хэрнээ мөн гээд гарчихсан, гол нь тэр эрх шилжүүлэх гэрээн дээр зурагдсан гарын үсгийг нь сайн хараарай, тэрэн дээр бол Мөнгөншагай яалт ч үгүй зураагүй л байгаа юм даа гэсэн. Мөн шинжилгээ хийгдэж байх явцад манай ахлах шинжээч Солонго “Тамираа ахаа дарга тантай уулзсан уу” гэсэн би уулзсан, Мөнгөншагайн гарын үсгийг тохирохгүй талаас нь хараад өгөөч гэж байна лээ, дарга юу гэх нь яахав гурвуулаа эхлээд гарын үсгүүдээ сайн харъяа, байгаа юмыг байгаагаар нь гаргая, шинжилгээгээ гурвуулаа толгойгоороо л хариуцна шүү дээ гэж хэлсэн. Үүний дараахан А дарга намайг дахин өрөөндөө дуудаж уулзаад ер нь шинжилгээгээ харсан уу, нэгдсэн шийдэлд хүрсэн үү, би Э.Сэлэнгэ, С.Солонго нартай уулзаад хэлчихсэн байгаа шүү гэхэд нь би ерөнхийдөө эрх, эд хөрөнгө шилжүүлэх гэрээнүүд дээр зурагдсан гарын үсгүүд нь тохирохгүй байгаа, бусад нь тохирч байгаа юмнууд байгаа шүү гэсэн. Тэгсэн дарга ер нь шууд бүгдийг нь Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй гээд гаргачихвал яасан юм бэ гэхээр нь би тэгэж болохгүй ээ даргаа гэдгээ хэлээд гарсан...” /2-р хх-ийн 91-92/ гэсэн,
Мөн “...Сэлэнгэ, Солонго бид гурав шинжилгээ хийж дуусчихаад дүгнэлттэй урьдчилсан байдлаар танилцуулсан. Тэгсэн А дарга бид гуравт хандаж Мөнгөншагайгийн гарын үсэгтэй тохирно гээд гаргачихсан байгаа бүгдийг нь тохирохгүй гээд гаргачихаач гэж хэлж байсан...” /2-р хх-ийн 97/ гэсэн,
Э.Солонго мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: “...Д.А намайг ганцааранг минь өрөөндөө дуудаад “наад шинжилгээ чинь өмнө 2 удаа шинжилгээ хийлгээд зөрж гарсан шинжилгээ шүү. Ер нь бол харахад бүгд Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй юм байна ш дээ, чи Мөнгөншагайг зураагүй талаас нь дүгнэлтээ гаргаад өгөөрэй, нөгөө хоёртоо бас хэлээд өгөөрэй гэж хэлсэн. ...5 дугаар сарын 17-нд Дундговь аймаг дахь Улсын бүртгэлийн архив руу явсан. Явахын өмнө дарга надад за би Тамирт Мөнгөншагайн гарын үсгийг тохирохгүй талаас нь хараарай гээд хэлчихсэн байгаа шүү гэж хэлсэн. ...Бидний энэ ажилтай А дарга ярилцаад Мөнгөншагайн гарын үсэг биш л юм байна шдээ, бүгдийг нь Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй гээд гаргачихгүй юу гэж хэлсэн...” /2-р хх-ийнн 160/ гэсэн,
Шүүгдэгч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг бүртгэлтийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дахин шинжилгээ хийлгэх тухай №13 тогтоолын дагуу дахин шинжилгээг шинжээч Ж.Тамир, С.Сэлэнгэ, Э.Солонго нарын бүрэлдэхүүнтэйгээр хийлгэхээр Шинжилгээний бүртгэл мэдээллийн хэлтсээс хувиарласан байсан. ...Энэ шинжилгээ ирээд, шинжилгээ хийгдэж байх явцад миний ээжийн авга ахын хүүхдийнх нь хүүхэд болох Б.Ц холбогдсон, тухайн үедээ ирж уулзсан, утсаар ярьсан эсэхийг бол одоо хэлж мэдэхгүй байна. Б.Ц надад хэлэхдээ танайд Мөнгөншагай гэж иргэн болон хятадуудтай холбоотой гарын үсгийн шинжилгээ ирсэн үү гэж асуусан. Би санахгүй байна, үзэж хараад хэлье гэж хэлсэн. Уг асуусан шинжилгээг нь үзэхэд манайд байсан. Би Б.Цд чиний асуусан шинжилгээ хийгдэж байгаа юм байна гэхэд ямар шатандаа явж байна, хэзээ гарах вэ гэж асуусан. Би түүнд нилээн их материалтай юм байна лээ, жоохон удах байх аа гэж хэлсэн. Яг энэ асуудлаар Б.Цтой би 3-4 удаа уулзсан, ажил дээр нэг удаа Б.Ц өрөөнд орж ирж уулзсан, ажлын гадаа Цгийн машинд уулзсан, Маршалын гүүрний тэнд нэг удаа уулзаж байсан. Ингээд шинжээчийн дүгнэлт гарсны дараа Б.Цгийн хүсэлтээр шинжээчийн дүгнэлтийн эхний болон “Дүгнэлт”-ийн хэсгийнх нь зургийг авч флашинд буулгаж өөрийнхөө ажлын гадаа гаргаж өгсөн санагдаж байна. Дүгнэлт гарснаас хойш нилээн удсаны дараа, яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Маршалын гүүрэн дээр уулзахдаа Б.Ц надад бор өнгийн цаасан ууттай мөнгө өгсөн, хэдэн төгрөг юм бэ гэхэд 35 сая төгрөг байгаа гэхээр нь ямар их мөнгө вэ, болж байгаа юм уу гэхээд зүгээр ах санаа зоволтгүй ээ л гэж хэлсэн байх. Энэ мөнгийг би гэртээ нэг хонуулаад маргааш өдөр нь өөрийн төрсөн дүү Д.Адилгүйн 5 дугаар сургуулийн баруун урд талд байх 54 дүгээр байрны 6 давхарт очиж 30,000,000 төгрөг аваачиж өгсөн. Өгөхдөө миний дүү өөрийнхөө дансанд хийгээрэй, заримыг нь евро болгочихвол дээр биздээ гэж хэлсэн, үлдсэн 5,000,000 төгрөгийг Төрийн банкнаас зээлсэн байсан 2 сая гаран төгрөгний зээлээ төлсөн, үлдсэн мөнгөө хувийн хэрэгцээндээ зарцуулаад дууссан. Б.Ц бид хоёрын дунд өглөг, авлага байхгүй. ...Мөнгөншагайн гарын үсэг биш юм биш үү, Авидхүү худал дүгнэлт гаргачихсан юм биш үү, тэр талаас нь сайн хараарай л гэж хэлсэн. Энэ талаар Солонго, Тамир хоёртой уулзсан, яагаад ингэж шинжээч нарт хэлсэн бэ гэхээр нэгдүгээрт өмнөх хоёр шинжилгээ нь зөрүүтэй гарчихсан, хоёрдугаарт би өөрөө харахад Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй байсан, гуравдугаарт Б.Ц Мөнгөншагайн гарын үсэгтэй тохирохгүй талаас нь хараад өгөөч, ер нь бол Мөнгөншагай өөрөө зураагүй юм байна лээ гээд байсан учраас Би Солонго, Тамир нараас гуйсан юм. ...Ц надад хэлэхдээ “ахаа, Мөнгөншагай наад шинжилгээ хийж байгаа гарын үсгүүд дээр чинь өөрөө зураагүй юм шиг байна лээ ш дээ” гэж хэлэхээр нь “ахын дүү наад зурагдсан гарын үсгүүд дээр чинь зурсан зураагүйг шинжилгээ хийж байж тогтоодог юм ш дээ, шинжилгээ хийгдэж дуусаагүй, нилээн их обьекттой юм байна лээ гэж хэлсэн. Б.Ц надтай Маршалын гүүрэн дээр уулзаад “наад мөнгөө авчих, 35,000,000 төгрөг байгаа” гэж хэлэхээр нь тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан учраас авчихсан...” /1-р хх-ийн 163-165, 166-167, 179-184, 192-194, 5-р хх-ийн 87-88, 102-103/ гэсэн,
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Энэ өдрөөс хойш хэд хоногийн дараа Ш.Мөнгөншагайтай 2-3 удаа уулзалдсан. Мөнгөншагай бид хоёр нилээд дажгүй танилууд болсон, 50, 100 грамм татаж ч хүртэл суусан. Гэтэл Ш.Мөнгөншагай надад хэлэхдээ “...миний гарын үсэг зураагүй баримт бичиг дээр намайг зурсан гэсэн гүтгэлэгийн шинжтэй хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэхээр Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн рүү явсан, шинжилгээний дүгнэлт намайг зураагүй гэдгээр гарах ёстой. Иргэний хэргийн шүүх миний гарын үсэг биш гэж би ялсан байгаа” гэдгийг надад хэлэхээр нь би Ш.Мөнгөншагайд надад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд таньдаг хүн байгаа, би боломж гарвал асууж сураглаж өгье гэдгийг хэлсэн. Ингээд хэд хоногийн дараагаар Д.Аын ажлын газарт очиж уулзаж манай нэг найз хэрэгт холбогдоод танай байгууллагаар гарын үсгийн шинжилгээ хийлгүүлэхээр ирсэн байгаа юм шиг байна танай дээр Ш.Мөнгөншагайгийн гарын үсгэнд шинжилгээ хийлгэх тогтоол ирсэн юм уу гэж асуухад Д.А надаас энэ хүн ямар учиртай юм бэ гэхэд би хэлэхдээ миний найз байгаа юм гэж л хэлээд үнэхээр Мөнгөншагай гарын үсэг зурсан уу, зураагүй юу гэхэд бид нар шалгаж байгаа, ерөнхийдөө бол манай нэг шинжээч гарын үсэг нь мөн байна гэсэн дүгнэлтийг гаргасан байсан, гарын үсэг нь миний үзэж байгаагаар таарахгүй байна лээ. Манай шинжээч Авидхүү алдаа гаргасан юм шиг байна лээ гэж хэлээд энэ тухай дахин яриагүй. А надад хэлэхдээ иймэрхүү зүйл асууж энэ хавиар битгий яваад бай гэж хэлэхээр нь би найз юм болохоор л сураглаад өгчихье гэж бодоод таны ажил дээр ирлээ гэж хэлээд гараад явсан. ...2018 оны 06 дугаар сард ...мөн л Аын ажлын газарт явж очоод нөгөө дүгнэлт нь юу болсон бол гэж асуухад дүгнэлт нь аль хэдийнэ гарсан, дүгнэлтийг цагдаагийн байгууллагад хүргүүлсэн гэж хэлээд уурлангүй байдалтай чи энэ хавиар битгий эргэлдээд бай л даа Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг нь таарахгүй байна лээ гэхээр нь аан за за Ш.Мөнгөншагайгийн гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан юм байна тэ гэж асуугаад л яваад өгсөн. Хэд хоногийн дараагаар Ш.Мөнгөншагайд хандан нөгөө дүгнэлт гарсан гэж байна лээ чиний гарын үсэг биш гэсэн дүгнэлт гарсан гэж хэлэхэд харин тийм гэсэн гэж хэлээд Ш.Мөнгөншагай хэлэхдээ “...нөгөө ах хүүгээ нэг шагначихаач ээ гэж хэлэхээр нь би хэрэггүй ээ, журмаараа явчихсан зүйлийг хэрэггүй биз дээ гэхэд за яах вэ хүний амьдрал юм чинь энэ зүйлийг хүргээд өгчихөөрэй энд 35 цаас байгаа гээд ууттай мөнгийг манай гэрийн доор өгөхөөр нь би А ах руу утсаар залгаж яриад ...бид хоёр Маршалын гүүр гараад буюу Их тэнгэрийн амны хавьцаа уулзахаар тохиролцож ...Д.А ахын суудлын жижиг саарал тэргэнд очиж суугаад Ш.Мөнгөншагайгийн өгсөн ууттай мөнгийг өгөхөд юун мөнгө вэ чи ингэж болохгүй шдээ гэхээр нь машиных нь арын суудал дээр за яах вэ ахаа авлига биш шүүдээ зүгээр л хэдэн төгрөгөөр шагнаж байгаа шүү гэж хэлээд гараад явчихсан...” /2-р хх-ийн 13-14, 17-18, 5-р хх-ийн 80-81, 106-107/ гэсэн мэдүүлгүүд,
- Гэрч Ж.Тамир, Л.Ууганбаяр, Б.Мандхайцэцэг, Ц.Лхагва-Эрдэнэ, Х.Түвшин-Эрдэнэ, Э.Оюунчимэг, Б.Номин, Ч.Мөнхтунгалаг, С.Шинэхүү /1-р хх-ийн 133-134, 135-136, 137-138, 139-140, 141-143, 144-146, 147-149, 150-153, 154-155, 5-р хх-ийн 62/ нарын мэдүүлгүүд,
- Д.А-ын оршин суудаг газар болох Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол, 34 дүгээр байрны 8 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 24-26/,
- Д.А-ын ажлын байр болох Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Зоригийн гудамж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 407 тоот өрөөнд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 27-30/,
- Д.Адилгүйгийн оршин суудаг газар болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 54 дүгээр байр 6 тоотод нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 32-34/,
- Б.Ц-гийн биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 47-48/
- Б.Ц-гийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн 11-р хороо, Туулын 1-р гудамжны 27 тоотод байрлах хашаа байшинд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 49-52/,
- Б.Ц-гийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Рома таун зайсангийн тойруу гудамж 40/2 байрны 1001 тоот хаягт нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 53-56/,
- Ш.Мөнгөншагайгийн 55-50 УБУ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 57-69/,
- Д.А-ын ажлын өрөөнөөс хураан авсан “Аcer” маркийн компьютерийн файлуудад үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 71-75/,
- 70-80 УБД улсын дугаартай Ланд Крузер 200 маркийн авто машинд нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 78-96/,
- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /5-р хх-ийн 85-86/,
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /5-р хх-ийн 93/,
- Д.Адилгүйн Голомт банкны 1161004381, 1161020668 дугаартай дансны хуулгууд /2-р хх-ийн 185-186, 187-188/,
- Шүүгдэгч Д.А-ын Хас банкны 5000490714, 5000814017 дугаартай дансны хуулгууд /4-р хх-ийн 210, 211-213/,
- Шүүгдэгч Б.Ц-гийн Голомт банкны 1329307258, 2205022212, 1329381279 дугаартай дансны хуулгууд /4-р хх-ийн 221, 221-222, 223-229/,
- Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /2-р хх-ийн 194-195/,
- шүүгдэгч Б.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 7, 42, 5-р хх-ийн 58, 59/,
- Шүүгдэгч Д-ын иргэний үнэмлэхийн болон тээврийн хэрэгслийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, ажлын байрны тодорхойлолт, ажилд томилсон тухай тушаалууд, ял шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт /2-р хх-ийн 211, 236, 3-р хх-ийн 5, 19-20, 21-26, 43, 5-р хх-ийн 60, 62/ зэрэг баримтууд болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасны дагуу шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Д.А нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын даргаар ажиллаж байхдаа хахууль өгөгч Ш.Мөнгөншагайгийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг буюу Эрүүгийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Солонго, шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ, Ж.Тамир нарт “шинжээчийн дүгнэлт гаргахдаа бүх гарын үсгийг Мөнгөншагайн гарын үсэг биш байна гээд гаргачих” гэж ятган, дээрх шинжээч нарын гаргасан 3384 дугаартай дүгнэлтийг 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гадна Б.Цд өгч, улмаар Б.Цгоор дамжуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт,
Шүүгдэгч Б.Ц нь өөртөө болон хахууль өгөгч Ш.Мөнгөншагайн ашиг сонирхлын үүднээс түүнд давуу байдал бий болгох зорилгоор эрүүгийн 172200022 дугаартай хэрэгт Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батхуягийн 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №13 дугаартай дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоолоор томилогдсон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Бичиг баримтын шинжилгээний лабораторын ахлах шинжээч, цагдаагийн ахмад Э.Солонго, шинжээч, цагдаагийн ахмад С.Сэлэнгэ, Ж.Тамир нараар Ш.Мөнгөншагайд ашигтай дүгнэлт гаргуулахаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Кримналистикийн шинжилгээний газрын дарга Д.Ааар нөлөөлүүлж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 3384 дугаартай дүгнэлт гарсны дараа Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Ат албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 35 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон, улмаар өөртөө 5 сая төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Солонго, С.Сэлэнгэ, Ж.Тамир нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүд, гэрч Д.Адилгүй, Ц.Лхагва-Эрдэнэ, Б.Номин нарын болон шүүгдэгч Д.А, Б.Ц нарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн, Ж.Тамир, Э.Солонго нарын сэжигтнээр өгсөн мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, нэгжлэг хийсэн тухай тэмдэглэлүүд, Д.Адилгүйн Голомт банкны дансны хуулгууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цг бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад Ш.Мөнгөншагайн яллагдагчаар өгсөн “...Би хууль зүйн зөвлөгөө авахаар Б.Цд 40,000,000 төгрөгийг өгсөн байгаа. ...Б.Ц нь гадаадын иргэн харъяатын газар ажиллаж байсан гэдэг хуулийн талын туршлагыг нь харж Б.Цгоос хууль зүйн туслалцаа авахаар 40 сая төгрөгийг өгч байсан удаатай...” /1-р хх-ийн 225/ гэсэн,
Шүүгдэгч Б.Цгийн “...Ууттай мөнгийг манай гэрийн доор өгөхөөр нь би Д.А ах руу утсаар залгаж яриад ...бид хоёр Маршалын гүүр гараад буюу Их тэнгэрийн амны хавьцаа уулзахаар тохиролцож ...Д.А ахын суудлын жижиг саарал тэргэнд очиж суугаад Ш.Мөнгөншагайгийн өгсөн ууттай мөнгийг өгөхөд юун мөнгө вэ, чи ингэж болохгүй шдээ гэхээр нь машиных нь арын суудал дээр за яах вэ ахаа авлига биш шүүдээ, зүгээр л хэдэн төгрөгөөр шагнаж байгаа шүү гэж хэлээд гараад явчихсан...” /2-р хх-ийн 13-14, 17-18/ гэсэн,
Шүүгдэгч Д.Аын “...Б.Ц надтай Маршалын гүүрэн дээр уулзаад “наад мөнгөө авчих, 35,000,000 төгрөг байгаа” гэж хэлэхээр нь тухайн үед мөнгөний хэрэгтэй байсан учраас авчихсан...” /1-р хх-ийн 163-165, 166-167/ гэсэн,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цгийн “...Мөнгөншагай надад 40,000,000 төгрөг өгсөн ба би 5,000,000 төгрөгийг авсан, Мөнгөншагай намайг хувийн хэрэгцээндээ хэрэглээрэй гэж өгсөн, би тодорхой хэмжээний үйл ажиллагаа явуулна гэж Мөнгөншагайтай ярьсан байсан...” /5-р хх-ийн 193-194/ гэсэн мэдүүлгүүдээр шүүгдэгч Б.Ц нь өөртөө 5,000,000 төгрөгийг авч давуу байдал бий болгох зорилгоор хахууль өгөгч Ш.Мөнгөншагайд ашигтай дүгнэлт гаргуулахаар Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маршалын гүүрний орчим 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Д.Ат албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 35 сая төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдож байна гэж шүүх үзэв.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ц нь өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна.
Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Б.Цгийн өөртөө давуу байдал бий болгосон гэснийг орхигдуулж бичсэныг шүүх хуралдаанаар зөвтгөх нь шүүгдэгч Д.А, Б.Ц нарт холбогдох хахууль авах, өгөх гэмт хэргийн зүйлчлэл болон бусад байдалд нөлөөлөхгүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой.
Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Цгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.А, Б.Ц нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А, Б.Ц нар урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь 3 дугаар хавтаст хэргийн 42-43 дугаар талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон ба тэд анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.
Шүүх, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсэн эсэх, шүүгдэгч нарын хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгч нарт торгуулийн ял оногдуулахаар гаргасан санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн торгуулийн ял,
шүүгдэгч Б.Цд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, Б.Ц нарт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс буюу 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цгийн 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 91 хоног /2-р хх-ийн 21-38, 41/ цагдан хоригдсон бөгөөд нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 1365 нэгж /15,000х91=1,365,000/ буюу 1,365,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас,
Шүүгдэгч Д.А-ын 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл 71 хоног /1-р хх-ийн 197-211/ цагдан хоригдсон бөгөөд нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 1065 нэгж /15,000х71=1,065,000/ буюу 1,065,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас тус тус хасч тооцон, эдлэх торгуулийг ялыг тогтоож, шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас хахуульд шүүгдэгч Д.А 35,000,000 төгрөг, шүүгдэгч Б.Ц 5,000,000 төгрөг авсныг гэм буруутай этгээдүүдээс тус тус гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.
Гэрч Д.Адилгүй “...Намайг гэртээ байхад миний төрсөн ах Д.А орж ирээд гялгар ууттай боодолтой мөнгийг надад өгөөд энэ мөнгийг хадгалж байгаарай, дансандаа хийчихээрэй гэж хэлээд өгсөн. Би уг мөнгийг нь тоолж үзээгүй, ямар ч байсан уутыг нээгээд харахад боодолтой мөнгөнүүд л байсан. Түүнийг нь би хэд хоног хадгалж байгаад 2 дансандаа орлого болгон хийсэн...” /1-р хх-ийн 131-132/ гэж мэдүүлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1754 дугаартай тогтоолоор Д.Адилгүйгийн Голомт банкны валютын 1161004381 дугаартай, төгрөгийн 1161020668 дугаартай дансны хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт тогтоосон /2-р хх-ийн 183/, шүүгдэгч Д.Ааас гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлого болгохоор заасан тул 35,000,000 төгрөгийг Д.Адилгүйн Голомт банкны дээрх данснуудаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж шийдвэрлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаартай тогтоолоор Д-н А-ын Ү-2202013355 улсын бүртгэлийн дугаарай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу 34 дүгээр байрны 08 тоот орон сууц, 29-42 УБЕ улсын дугаартай Тоёото Сай маркийн автомашин, Б Цгийн Ү-2204069981 улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол /13372/ Нарны гудамж зам 133 дугаар байр, 2 тоот орон сууц /2-р хх-ийн 194/ зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож, мөн тогтоолоор Ш.Мөнгөншагайгийн 42-76 УНЦ улсын дугаартай Хьюндай Маяти маркийн авто машин, 23-00 УНВ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Кристал Таун 802 дугаар байрны зоорийн давхарын 2-83А, Б тоот 2 ширхэг автомашины зогсоолуудыг битүүмжилснийг, Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1809 дугаартай зөвшөөрлөөр Д.Лхагва-Эрдэнийн 70-80 УБД улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт тогтоосныг шүүгдэгч Д.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1902000000189 дугаартай хэрэгт хамааралгүй, өөр дугаартай эрүүгийн хэрэгт хамааралтай байх тул дурдах нь зүйтэй.
Хэрэгт хураагдаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 8 ширхэг сидиг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.А, Б.Ц нарт холбогдох эрүүгийн 1902000000189 дугаартай хэргийг шүүх хэрэгт авагдсан нотлох баримты хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Голомт банкинд тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн прокурорын газраас 2019 оны 167А дугаартай яллах дүгнэлтийн Тогтоох хэсэгт “шүүгдэгч Б.Ц-г бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон” гэснийг “Б.Ц-г өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэгт дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон” гэж өөрчилсүгэй.
2. Шүүгдэгч Х овогт Д-н А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, бусдаар дамжуулан хахууль авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ц овогт Б Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөхөд дэмжлэг үзүүлж, хамжигчаар оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н А-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хасаж, 18,000 /арван найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн торгуулийн ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н Ц-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 13,500 /арван гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ын цагдан хоригдсон 71 /далан нэг/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1065 /нэг мянга жаран тав/ нэгж буюу 1,065,000 /нэг сая жаран таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 18,000,000 /арван найман сая/ төгрөгийн торгуулын ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 16,935,000 /арван зургаан сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялаар,
Шүүгдэгч Б.Ц-гийн цагдан хоригдсон 91 /ерөн нэг/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1365 /нэг мянга гурван зуун жаран тав/ нэгж буюу 1,365,000 /нэг сая гурван зуун жаран таван мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 13,500,000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч, түүний биечлэн эдлэх ялыг 12,135,000 /арван хоёр сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялаар тус тус тогтоосугай.
5. Шүүгдэгч Д.А-т оногдуулсан 16,935,000 төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд, шүүгдэгч Б.Ц-д оногдуулсан 12,135,000 төгрөгийн торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.А-т оногдуулсан 16,935,000 /арван зургаан сая есөн зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялыг гурван жилийн хугацаанд, Б.Ц-д оногдуулсан 12,135,000 /арван хоёр сая нэг зуун гучин таван мянга/ төгрөгийн торгуулийн ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-т нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, шүүгдэгч Б.Ц-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-аас 35,000,000 /гучин таван сая/ төгрөг, шүүгдэгч Б.Цгоос 5,000,000 /таван сая/ төгрөг тус тус гаргуулж, улсын орлого болгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын тогтоолоор Д.Адилгүйн Голомт банкны хуримтлалын валютын 116100**** дугаартай, хадгаламжийн төгрөгийн 116102**** дугаартай данснаас зохих журмын дагуу төлбөрт албадан гаргуулахаар дэвтэрнүүдийг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 112 дугаар тогтоолоор Д-н А-ын Ү-2202013355**** улсын бүртгэлийн дугаарай Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, Их тойруу ...дүгээр байрны 08... тоот орон сууц, **-** УБЕ улсын дугаартай Тоёото Сай маркийн автомашин, Б-н Ц-гийн Ү-220406**** улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол /...../ Нарны гудамж зам .... дугаар байр, ... тоот орон сууц зэргийг битүүмжилснийг хүчингүй болгож, мөн тогтоолоор Ш.М-н **-** УНЦ улсын дугаартай Хьюндай Маяти маркийн авто машин, **-** УНВ улсын дугаартай Ланд 200 маркийн автомашин, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, .... дугаар байрны зоорийн давхарын ..... тоот 2 ширхэг автомашины зогсоолуудыг битүүмжилснийг, Прокурорын 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 1809 дугаартай прокурорын зөвшөөрлөөр Д.Л-ийн **-** УБД улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хязгаарлалт тогтоосон болохыг тус тус дурдсугай.
11. Хэрэгт хураагдаж ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагааны магадлагаа, 8 ширхэг сидиг тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.А, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон, эрүүгийн 18410060 дугаартай хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.
13. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолын хувийг Хил хамгаалах Ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Голомт банкинд тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.А, Б.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон, эрүүгийн 18410060 дугаартай хэргийн оролцогч нартай уулзахыг хориглосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР