| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0347/И |
| Дугаар | 338 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 338
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Мөнгөн шонхорын 3-3 тоотод оршин суух Мундаг овогт Өлзийбуянгийн Отгонбаатар /РД: СГ85101112, yтас: 89251112/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг Үйлчилгээний төвтэй 10 айлын 07 тоотод оршин суух Бодь овогт Энхтунгалагийн Анхбаяр /РД: ЧЖ82042471, yтас: 99044646/-т холбогдох,
“Ажлын хөлс 575,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 11 дүгээр сарын30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.Отгонбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө.Отгонбаатар миний бие нь 2016 оны 01 дүгээр сарын 06-наас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүртэл 155 дугаар байрны галчаар ажиллаж байгаад 23 хоногийн цалин авч чадаагүй байна. Иргэн Э.Анхбаяраас 575,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ө.Отгонбаатар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Ө.Отгонбаатар миний бие нь Э.Анхбаярт холбогдуулан 575,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаасаа 325,000 төгрөгнөөс татгалзаж байна. Хариуцагч Э.Анхбаярын гаргасан хариу тайлбартай танилцлаа. Уг хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Э.Анхбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э.Анхбаяр миний бие нь Ө.Отгонбаатарыг 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр галчаар авч ажиллуулсан. 2015 он болон 2016 оны эхний 1, 2 дугаар сарын цалинг өгсөн ба сүүлийн 1 сар буюу 2016 оны 02 дугаар сарын 07-оос 2016 оны 03 дугаар сарын 07-ийг хүртэлх 1 сар буюу 10 гарааны мөнгийг төлөөгүй нь үнэн болно. Бид харилцан тохиролцож 1 гарааны цалинг 25,000 төгрөгөөр тохиролцож ажиллуулж байсан. Иймээс иргэн Ө.Отгонбаатарт хамтарч ажиллаж байсан хүмүүстэйгээ зөвшилцөж хэдий хугацаанд цалинг өгөх боломжтойг тохиролцсоны дараа 250,000 төгрөгийг өгөх боломжтой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Отгонбаатар нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан 575,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Ө.Отгонбаатар, хариуцагч Э.Анхбаяр нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 575,000 төгрөгнөөс нэхэмжлэгч 325,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, 250,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн байна. Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ө.Отгонбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,900 төгрөгнөөс 50 хувь болох 8,950 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 250,000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 8,150 төгрөгнөөс 50 хувь болох 4,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ө.Отгонбаатар, хариуцагч Э.Анхбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 250,000 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,900 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 8,950 төгрөг, хариуцагч Э.Анхбаяраас 4,075 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ө.Отгонбаатарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ