Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 122

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нарангэрэл, хохирогч П.Х, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа, гэрч С.Содмандах, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул прокурорын газраас шүүгдэч Ө овогт Ц-н Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810018550443 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Ө овогт Ц-н Т  /ОООООООО/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн өргөө” амралтын газарт 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогч П.Х-тэй маргалдан түүний нүүрэн тус газар цохиж эрүүний яс, их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын баруун доод хажуугийн харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа, шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч П.Х: “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр амралтын газар шоу болсон, ахын хамт очсон. ...Тэгээд шоуны гадаа Ц.Ттэй ойр зуурын юм яриад зогсож байхад С.Содмандах ирээд “чи юу яриад байна” гэж хэлээд мөргөх гэхээр нь би хойшоо болоход Ц.Мөрөн гэх залуу гараараа хоолой боогоод татах үед миний өмсөж явсан футболк урагдсан, мөн С.Содмандах духаараа нэг удаа мөргөсөн, би газар унасан, босч ирээд С.Содмандахын цээж рүү түлхэхэд хажууд зогсож байсан Ц.Т зүүн талын доод эрүүнд гараараа нэг удаа цохисон. Толгойны томографын зураг авахуулаагүй, гэхдээ одоо миний толгой өвддөг, эдгээр хүмүүс согтуу байсан, би эрүүл байсан, С.Содмандах илүү согтуу байсан. Надад эмчилгээний зардал өгөөгүй, Ц.Т надтай хоёр удаа ирж уулзсан, тэрнээс хойш таг болсон, эрүүл мэндийн байдал хэцүү байгаа, эрүүндээ хоёр хадаастай, хадаасаа авахуулаагүй, заавал авах шаардлагатай гэсэн, хоёр шүд хийлгээгүй, үүдэн шүд үүрч унасан, арын агт арааг хийх боломжгүй гэсэн. Хэрэг болсны дараа Цагдаагийн хэлтэс дээр очиход Ц.Т “би чиний эрүүг хугалсан, эндээ эвлэрьё” гэхэд нь би “за” гэсэн боловч надад эмчилгээний мөнгө өгөөгүй, дахиж ирж уулзаагүй. Намайг гаднаас харахад зүгээр юм шиг боловч эрүү хүндрэлтэй, таг таг гээд дуугараад байгаа, шүдгүй болсон, эмч дахиж бүтэн нойрсуулахдаа хагалгаанд орно гэсэн, эмчилгээний зардалд 2 сая гаран төгрөг гарсан, сая шүүх хуралдааны үед надад 1,194,080 төгрөг өгснийг хүлээж авсан, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна, гомдолтой байна...” гэв.

 

Гэрч С.Содмандах “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шоу болж байгаа газар очсон, тэгээд хоёр цагийн дараа Ц.Ттэй тааралдсан, намайг Ц.Ттэй хамт зогсож байхад П.Х намайг мөрлөсөн учир маргалдсан. Шоуны дотор байхад “чамтай маргалдсан залуу чинь дуудаж байна” гэж Ц.Мөрөн хэлсэн. Тэгээд гарахад маргаан болж байсан. Тэр маргаан, зодоонд би оролцоогүй, яагаа ч үгүй. П.Х намайг хавирч унагаагаад өшиглөөд цаашаагаа зугатаасан, тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй. ...Ц.Мөрөн надад “нөгөө хүүхдийн чинь эрүү хугарсан байна” гэхэд “хэн цохисон” гэж би асуухад Ц.Тийг цохиод унагаасан гэж хэлсэн. Ц.Тийг цохисныг би хараагүй, тухайн үед би пиво уусан байсан...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Т: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж мэдүүлэг гаргахгүй, Анх П.Х бид хоёр муудалцаагүй, П.Х С.Содмандахтай муудалцсанаас болж П.Х бид хоёр маргасан. ...Би П.Хгийн толгойнд 2-3 удаа цохисон, толгойны ар хэсэгт болон зүүн шанаанд цохиж, тухайн гэмтлийг учруулсан. Ц.Мөрөн, С.Содмандах нар зодоонд оролцсон, гэмтлийг би учруулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулна, зодоонд оролцож болохгүй гэдгийг маш сайн ойлгосон...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч П.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим айлд сүү өгөх санаатай гэрээсээ ганцаараа гарсан. Энэ үед манай ах Оюунбат утсаар яриад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Чингисийн өргөө амралтын газарт шоутай гэж байна үзэх үү гэхээр нь зөвшөөрч айлд сүүг нь хүргэж өгөөд заасан газарт нь очсон. Ингээд уг шоу болох зааланд ороод сууж байх үед зүс таних Тэмүүлэн гэх залуутай тааралдаад ойр зуурын юм ярьж байгаад бие засах газар орох гэж явах замдаа С.Содмандах гэх Тэмүүлэнтэй хамт явж байсан залуутай мөрөөрөө шүргэлцсэн. Уг залуу муухай хараад зөрөөд явсан. Тэгээд заалны гадаа гараад Ц.Т гэх залуутай яриад зогсож байх үед С.Содмандах ирээд чи юу яриад байна гэж хэлээд мөргөх гэхээр нь би хойшоо болсон чинь араас Мөрөн гэх залуу гараараа хоолой боогоод татах үед С.Содмандах духаараа миний духанд нэг удаа мөргөсөн, газар унах үед С.Содмандах ирээд цээжинд хэд хэдэн удаа хөлөөрөө дэвссэн учир би босч ирээд цээж рүү нь гараараа түлхэх үед хажууд зогсож байсан Тэнгис зүүн талын доод эрүүнд гараараа нэг удаа цохих үед амнаас цус гараад, эрүү доош унжиж өвдөж эхэлсэн учир би цаашаа зугтааж байгаад буцаж ирээд Тэмүүлэнд миний эрүү хугарсан юм шиг байна, хамт гэмтлийн эмнэлэг яваад өгөөч гэж хэлээд такси бариад Тэмүүлэн болон хамт явсан нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт гэмтлийн эмнэлэг орж зураг авч үзүүлэхэд миний зүүн талын доод эрүү хоёр газар хугарсан байсан. Тэнгис гэх залуу миний зүүн талын эрүүнд гараараа нэг удаа л цохисон тэр үед эрүү хугарсан...” /хх-ийн 18-20/ гэсэн,

 

Гэрч С.Ангирмаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр манай найз нар утсаар ярьж байгаад Хан-Уул дүүрэгт байдаг Чингисийн өргөө амралтын газар болж байгаа шоунд оролцох талаар тохирсон. Ингээд би ганцаараа такси бариад уг амралтын газар очоод байж байхад араас Содмандах, Мөрөн, Мандах, Мөнх-Од нар ирсэн. Задгай талбай дээр найз нар пиво авч уусан, би жирэмсэн байсан учир уугаагүй, намайг дотор байж байхад Мандах гаднаас орж ирээд гадаа Мөрөн Содмандах нар хэдэн хүмүүстэй маргалдаад байна, гараад ирээч гэхээр нь хамт гарсан чинь Мөрөн, Даян гэх Х-нтэй хамт явж байсан залуутай маргалдаад байхаар нь би очоод та нар адилхан уусан байж болохгүй гэдгийг нь хэлэх үед Даян нь чамд хамаагүй гэж хэлээд маргалдаад байсан. Тэгээд би Мөрөн, Содмандах хоёрыг салгаж, надаас холдохгүй миний ар талд зогсож бай гэж хэлээд байж байтал Тэнгис Х-нгийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод зугтаасан. Х-н араас нь хөөж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ амнаас нь цус гарсан байдалтай миний эрүү хугарсан юм шиг байна гэж хэлээд гарах хаалганы зүг явж байтал араас Тэнгис ирээд би Х-нгийн эрүүг хугалчих шиг боллоо гэж хэлсэн чинь Тэмүүлэн чимээгүй байгаарай гэж хэлээд Тэмүүлэн,  Мөнх-Од хоёр Даянгийн машинд Х-нг суулгаад гэмтлийн эмнэлэг явсан...” /хх-ийн 26-28/ гэсэн,

 

Гэрч Ж.Мөнх-Од мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өргөө нэртэй амралтын газар зохион байгуулагдаж байгаа “Touch me” нэртэй шоуг найзууд болох Төгсбаясгалан, Мөрөн, Содмандах, Тэнгис, өндөр Мөрөн, Ангираа, Мандахаа нарын хамт үзсэн. Мөн тус шоуг үзэж байгаад хамт сагс тоглодог Тэмүүлэнтэй таарсан. Тэгээд бид нар хүлээн авалтын байрны 2 давхарт байж байсан чинь Мөрөн гаднаас гүйж орж ирээд Содмандах гадаа хүнтэй маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд бид нар бүгдээрээ Содмандах дээр яваад очсон чинь Содмандах, Х-н гэж залуутай маргаад зогсож байсан. Тэгээд би Содмандахыг салгаад хамт явсан, тэгсэн чинь Х-н гээд залуу та нар шиг бацаан нар гай шүү гээд байсан. Тэгээд эргээд харсан чинь Мөрөн Х-н хоёр маргаад байх шиг харагдсан, Х-н Мөрөнг боржуур дээр зогсож байхад хөлөөрөө хавирч унагаагаад газар унахад хөлөөс нь татаж чирээд цээжин хэсэг рүү нь дэвссэн. Хамгаалагч нар тэр хоёрыг салгасан. Тэгээд бид нар явах гээд байж байхад Содмандахыг зогсож байхад нь гүйж ирээд хөлөөрөө хавчирч унагаагаад газар унах үед нь нүүрлүү хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд мөн Х-н Тэнгис рүү дайраад байсан, Тэнгис Х-нгийн нүүрлүү гараараа 1 удаа хүчтэй цохисон. Тэгтэл Х-н ганцаараа цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд бид нар шоуны хаалгаар гараад такси барих гээд зогсож байхад Х-н эрүүгээ барьчихсан, миний эрүү ийм болчихлоо гэсэн. Тэгэхээр нь би Тэмүүлэн, Х-н нартай хамт гэмтлийн эмнэлэг рүү явсан...” /хх-ийн 29-30/ гэсэн,

Гэрч С.Содмандах мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өргөө нэртэй амралтын газар зохион байгуулагдаж байгаа “Touch me” нэртэй шоуг найзууд болох Мөнх-Од, Тэнгис, Мөрөн, Төгсбаясгалан, Ангирмаа, Мандах нарын хамт үзсэн. Тэгээд тус шоун дээр байж байгаад хальт зүс таних Тэмүүлэн өөр нэрийг нь мэдэхгүй хоёр залуу нартай таарсан. Тэгээд тус шоуны ордог хаалганы үүдэнд Х-н гээд залуу намайг мөрлөөд түлхсэн. Манай найз Мөрөн Х-нг намайг мөрөллөө гээд түүний хоолойг боосон. Хамгаалагч нар ирээд Мөрөн, Х-н хоёрыг салгасан. Тэгэхээр нь би цаашаагаа ганцаараа яваад өгсөн. Тэгээд би ганцаараа цаагуур явж байсан чинь манай найзууд надад чиний тэр маргалдсан хүүхэд чинь тэрүүгээр бөөн юм болоод байна гээд утсаар дуудсан. Ингээд би найзууд дээрээ яваад очсон чинь Х-н гээд залуу нэг найзтайгаа нийлээд манай найз Мөрөнг замын боржуур дээр хавирч унагаагаад асфальтан зам дээр чирээд өшиглөсөн гэж байсан. Тэгээд би Х-н дээр дахин очоод яасан гэсэн чинь миний араас хөлөөрөө хавирч унагаагаад нүүрлүү хөлөөрөө нэг удаа өшиглөөд зугтаачихсан. Түүний араас манай найз Тэнгис хөөгөөд гүйгээд явсан. Хэсэг хугацааны дараа Тэмүүлэн, түүний нэрийг нь мэдэхгүй нэг найз нар Х-н гурав уулзчихсан. Х-н гэж залуугийн амнаас цус гарчихсан байсан. Тэгээд манай найзууд такси барих гэж байгаад бөөндөө нөгөө залууг хэн цохисон бэ? гэж ярилцахад Тэнгис өөрөө би тэр залуугийн эрүүг цохиод хугалчихсан юм аа гэж байсан...” /хх-ийн 31-32/ гэсэн,

 

Гэрч Т.Төгсбаясгалан мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингисийн өргөө нэртэй амралтын газар зохион байгуулагдаж байгаа “Touch me” нэртэй шоуг найзууд болох Мөнх-Од, Содмандах, Тэмүүлэн, Тэнгис, Ангирмаа, Мандахаа мөн Тэмүүлэнгийн найз билүү сайн мэдэхгүй өндөр Мөрөн гээд залуу нарын хамт үзсэн. Тэгээд дээрх хүмүүс тус шоуны 2 давхарт үйлчлүүлж байхдаа 1 шил архи хувааж уусан. Харин би уугаагүй. Намайг тус шоуны 2 давхарт байж байхад манай найз Содмандах, Х-н гэж залуутай гадаа маргаан эхлүүлсэн. Яг юунаас болж маргалдсан талаар сайн мэдэхгүй байна. Түүний дараа Х-н ганцаараа хүрч хүрээд Содмандах руу дайраад Содмандахыг хөлөөрөө газар хавирч унагаагаад түүний нүүрлүү өшиглөх гэж байгаад нүүрийг нь онож өшиглөж чадаагүй. Дараа нь бид нартай хамт явж байсан манай найз Тэнгис гэж залуу Хүлэнг дагуулаад хоёулаа цаашаа явсан. Хэсэг хугацааны дараа Х-н, Тэнгис хоёр хамт яваад ирсэн чинь Х-нгийн эрүү нь сонин болчихсон, амнаас цус гарчихсан ирсэн. Дараа нь Х-нг нь Тэмүүлэн, Мөнх-Од нар түүнийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан гэж байсан. Тэгээд бид нар шоу тараад хамт явж байхдаа Тэнгис бид нарт би Х-нгийн эрүүг цохиод хугалчихсан. Цагдаа дээр очвол битгий намайг гэж хэлээрэй гэж хэлсэн...” /хх-ийн 33-34/ гэсэн,

 

Гэрч Г.Тэмүүлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 22 цагийн орчимд Хан-уул дүүрэг Зайсанд байдаг Чингисийн өргөө амралтын газар болж байсан танилцах үдэшлэгт оролцох гэж очсон. Ингээд уг арга хэмжээ болж байсан том зааланд нь ороод зогсож байхад гаднаас урьд өмнө зүс таних Х-н нэг найзынхаа хамт орж ирээд мэнд асуугаад жаахан ярьж байж байгаад хүнтэй уулзах санаатай би гадаа гарсан. Ингээд уг заалны гадаа хүнтэй уулзаад зогсож байхад Х-н манай байрны Содмандахтай маргалдаад гарч ирэх үед Тэнгис очоод салгаж байгаа харагдсан. Тэгээд би утсаар ярих санаатай байрны хойд талд 20-30 минут болоод буцаад төв хаалганы гадаа ирэх үед Х-н төв хаалганы хойд талд ганцаараа халаасандаа гараа хийсэн зогсож байсан, энэ үед Х-нтэй хамт явж байсан залуу танихгүй залуутай маргалдаж байх үед тэнд байсан хүмүүс салгаж байх үед Х-н нөгөө газраа байхгүй болсон байсан. Ингээд удалгүй Х-н хойд талаас амнаас нь цус гарсан, амаа гараараа дарсан байдалтай ганцаараа гарч ирсэн учир би өөрөөс нь юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярьж чадахгүй, зодуулсан гэж хэлээд байхаар нь хамт ирсэн залуугийн машинд нь суулгах санаатай дагуулаад явж байтал гарах хаалганы хажууд Содмандах, Мөрөн, Төгсөө нартай тааралдсан, харин араас Тэнгис ирсэн. Х-н энэ хүмүүс намайг зодсон гэж хэлсэн учир би юу болсон талаар асуухад Тэнгис, Содмандах, Мөрөн нар нь бид нар зодсон, гэхдээ хамт явахгүй гэж хэлээд үлдсэн. Тэгээд Х-нгийн найзын машинтай би хамт яваад гэмтлийн эмнэлэг ороод, дараа нь нэг дүгээр эмнэлэг орж эмчид үзүүлж зураг авахуулсан чинь эрүү нь хугарсан байна гэж байсан...” /хх-ийн 35-37/ гэсэн,

 

Гэрч Ц.Мөрөн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 19 цагийн орчим найз Содмандах, Төгсбаясгалан, Ангирмаа, Мандах нарын хамт Зайсанд байдаг Чингисийн өргөө амралтын газар үдэшлэгт оролцох гэж очсон. Ингээд уг үдэшлэг болж байгаа газар бүжиг хийж байгаад Содмандах, Х-н гэх залуутай маргалдаж байгаад учраа олох гэж бид нар хамт гараад би Х-н, Содмандах хоёрын дундуур ороод салгах гэхэд Х-нтэй хамт явж байсан залуу араас хавсарч газар унагаад хэн нэгэн залуу нь миний малгайтай цамцнаас газар чирээд явсан. Энэ үед уг амралтын газрын хамгаалагч нар ирээд салгаад би хамт ирсэн найз нарын хамт хашааны хаалгаар нь гараад явах гэж байх үед Тэмүүлэн, Тэнгис нар Х-н гэх залууг араас дагуулж ирээд эмнэлэг явъя гэж хэлж байсан, бид нар такси бариад түрүүлээд явсан. Тухайн үед намайг газар унагаж байх үед Х-н гэх залуу зугтаагаад гүйсэн, араас нь Тэнгис хөөгөөд явсан. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Миний хажууд байх үедээ Тэнгис Х-н гэх залууг цохисон зүйл байхгүй...” /хх-ийн 38-40/ гэсэн,

 

Гэрч Л.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...П.Х нь 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдөр эрүү нүүрний мэс заслын тасагт хэвтэж, 2018 оны 8 дугаар сарын 17-ны өдөр эмнэлгээс гарсан. 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр эрүү нүүрний хугарлын төлөвлөгөөт хагалгаанд орсон...” /хх-ийн 141-143/ гэсэн,

 

Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой цагийг нь санахгүй байна, Чингисийн өргөө амралтын газар болж байсан шоун дээр ганцаараа очсон. Тэгээд Төмөр замын байрны орчим байдаг хүүхдүүд болох Содмандах, Мөрөн, Тэмүүлэн нартай тааралдаад зааланд байж байхад Х-н надтай юм яриад зогсож байх үед Содмандах Х-нтэй ямар нэгэн зүйлээс болоод маргалдаж заалнаас гарсан, би араас нь дагаад гарсан. Гэтэл гадаа С.Содмандах Х-нгийн нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөөд зууралдсан байдалтай байх үед хажууд нь Мөрөн гэдэг хүүхдийг Даян гэх залуу хавсарч газар унагаж байхад би очоод Х-нгийн толгойн тус газар араас нь 2 удаа гараараа цохисон. Энэ үед хамгаалагч нар ирээд салгах үед Х-н зугтааж яваад хэсэг хугацааны дараа цамцаа сольсон буцаад ирэх үедээ Содмандахыг цамцнаас нь татаж газар унагаад хальт өшиглөж байгаа харагдсан, яг хаана нь өшиглөсөн эсэхийг мэдэхгүй байна. Х-н, Даян, Тэмүүлэн хоёртой ирээд эрүү хугарсан байна, хэн нь эрүү хугалсан бэ, гараа үзүүл гэж хэлж бидний гарыг үзэж байгаад Даянгийн машинд Тэмүүлэн, Мөнх-Од, Х-н нар суугаад явсан. Би Содмандах, Мөрөн, түүний найз хоёр охинтой нь таксинд суугаад Зайсангийн Оргил худалдааны төвийн гадаа буусан...” /хх-ийн 68/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4121 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. П.Хгийн биед эрүүний ясны их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Хоёр шүдний булгарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө...” /хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,

 

- Өргөдөл /хх-ийн 3-4/,

- Өвчний түүх /хх-ийн 98-110/,

- Хохирлын баримт /хх-ийн 146-159/,

- Шүүгдэгч Ц.Т-ийн хувийн байдалтай холбоотой гэрч Б.Байгалмаа, Н.Энхжаргал нарын мэдүүлэг /хх-ийн 41-43, 44-46/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 75/, бүрэн дунд боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 76/, сургууль төгссөн тухай мэдээллийн хуулбар /хх-ийн 77-88, 90/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 111/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 112/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Ц.Т-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Ц.Т нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингисийн өргөө” амралтын газарт 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирогч П.Хтэй маргалдаж, түүний нүүрэнд цохиж эрүүний яс, их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын баруун доод хажуугийн харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа, шүдний булгарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч П.Хгийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Тэнгис зүүн талын доод эрүүнд гараараа нэг удаа цохих үед амнаас цус гараад, эрүү доош унжиж өвдөж эхэлсэн. ...Такси бариад Тэмүүлэн болон хамт явсан нэрийг нь мэдэхгүй залуугийн хамт гэмтлийн эмнэлэг орж зураг авч үзүүлэхэд миний зүүн талын доод эрүү хоёр газар хугарсан байсан. Тэнгис гэх залуу миний зүүн талын эрүүнд гараараа нэг удаа цохисон, тэр үед эрүү хугарсан...” /хх-ийн 18-20/ гэсэн, гэрч С.Ангирмаагийн “...2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Тэнгис Х-нгийн нүүрэнд нэг удаа цохиод зугтаасан. Х-н араас нь хөөж яваад хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ амнаас нь цус гарсан байдалтай байсан. ...Тэнгис ирээд би Х-нгийн эрүүг хугалчих шиг боллоо гэж хэлсэн...” /хх-ийн 26-28/ гэсэн, гэрч Ж.Мөнх-Одын “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Тэнгис Х-нгийн нүүрлүү гараараа нэг удаа хүчтэй цохисон. Тэгтэл Х-н ганцаараа цаашаа гүйгээд явчихсан. Тэгээд бид нар шоуны хаалгаар гараад такси барих гээд зогсож байхад Х-н эрүүгээ барьчихсан, миний эрүү ийм болчихлоо гэсэн...” /хх-ийн 29-30/ гэсэн, гэрч С.Содмандахын “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Х-н гэж залуугийн амнаас цус гарчихсан байсан. Тэгээд манай найзууд такси барих гэж байгаад бөөндөө нөгөө залууг хэн цохисон бэ? гэж ярилцахад Тэнгис өөрөө би тэр залуугийн эрүүг цохиод хугалчихсан юм аа гэж байсан...” /хх-ийн 31-32/ гэсэн, гэрч Т.Төгсбаясгалангийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Тэнгис гэх залуу Х-нг дагуулаад хоёулаа цаашаа явсан. Хэсэг хугацааны дараа Х-н, Тэнгис хоёр хамт яваад ирсэн чинь Х-нгийн эрүү нь сонин болчихсон, түүний амнаас цус гарчихсан ирсэн...” /хх-ийн 33-34/ гэсэн, гэрч Г.Тэмүүлэнгийн “...Би 2018 оны 8 дугаар сарын 03-ны орой ...Х-н хойд талаас амнаас нь цус гарсан, амаа гараараа дарсан байдалтай ганцаараа гарч ирсэн учир би өөрөөс нь юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл ярьж чадахгүй зодуулсан гэж хэлсэн...” /хх-ийн 35-37/ гэсэн, шүүгдэгч Ц.Тийн үйлдсэн хэргийн талаар яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №4121 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. П.Хгийн биед эрүүний ясны их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 56/ гэсэн дүгнэлт, өргөдөл /хх-ийн 3-4/, өвчний түүх /хх-ийн 98-110/, хохирлын баримт /хх-ийн 146-159/ зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримдуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хохирогч П.Хгийн биед учирсан “эрүүний ясны их биеийн баруун болон зүүн өнцөг хэсгийн хоёрлосон далд хугарал, хугарлын харалдаах баруун доод хажуугийн үүдэн шүд болон зүүн доод агт араа шүдний булгарал” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Ц.Т нь түүний нүүрэнд цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ц.Тийн хохирогч П.Хгийн нүүрэнд гараараа цохиж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд Хан-Уул дүүргийн прокуророос шүүгдэгч Ц.Тийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэл үүссэн гэж шүүх дүгнэв.  

 

Хэргийн шүүгдэгч Ц.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тодорхойлсон бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтэл бүхий хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол, уг учирсан гэмтлийг эмчлүүлэх эмчилгээ оношилгоо хийлгэсэн болон бусад зайлшгүй гарсан зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсанаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршиг болох юм. 

 

Шүүгдэгч гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой хохирогчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул шүүх хуралдаан хоёр үе шаттай явсан ба хохирогчоос гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1,919,920 төгрөг нэхэмжилсэн.

Шүүхээс хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 400,000 төгрөг, эмчилгээний зардалтай холбоотой өгсөн баримтаар хавтаст хэргийн 152 дугаар талд авагдсан моя сэмья ундаа, харибо, чупа чупс чихэр 8130 төгрөг, эд зүйл барьцаанд тавьж хүүнд төлсөн гэх хавтаст хэргийн 154-159 дүгээр талд авагдсан баримтаас 314,710 төгрөг, нийтдээ 725,840 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 1,194,080 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч дээрх мөнгийг гэм буруугийн хуралдааны дараа хохирогчид төлж барагдуулсан, энэ талаарх баримтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн тул энэ шийтгэх тогтоолоор хянан хэлэлэцэх хохирол төлбөр байхгүй байна.

 

Хохирогчийн биед хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч дахин хагалгаанд орж хадаас авахуулна, мөн эмчийн хяналтанд байгаа гэсэн тул хохирогч өөрт учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Т нь анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн,  гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох юм.  

 

Шүүгдэгч Ц.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд гэмт хэрэг 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр дууссан байна.

Иймд шүүгдэгч Ц.Т-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу Ц.Т-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн 1810018550443 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Т цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө овогт Ц-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүгдэгч Ө овогт Ц-н Т-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т хохирогч П.Хд 1,194,080 /нэг сая нэг зуун ерөн дөрвөн мянга наян/ төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн нэхэмжлэлээс 725,840 /долоон зуур хорин таван мянга найман зуун дөч/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч П.Х цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

 

4. Эрүүгийн 1810018550443 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Т цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Д.АЛТАНЖИГҮҮР