Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Сайншанд сум  6-р баг Жанчивын гудамж 33-20 тоотод оршин суух, Цэвэгдорж овогт Наранчимэгийн Ариунаа /ЕК83111060, утас: 91117517/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум Улаан-Уул Дэлгэрэхийн ус гэх газарт нутагладаг, Балжир овогт Батмөнхийн Мөнхболд /ЕК79070570, утас: 89626216/-д хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ариунаа, хариуцагч Б.Мөнхболд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Ариунаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нь 2002 онд Б.Мөнхболдтой танилцаж, 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж, гэрчилгээ авсан. Хамтран амьдрах хугацаанд 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр охин М.Мөнхцацрал төрсөн. Б.Мөнхболдтай суухдаа би хүүтэй байсан. Б.Мөнхболд нь амьдрах хугацаанд гар хүрч зоддог байсан учраас бид салаад, эргээд хамтран амьдарсан боловч дахин гар хүрч зоддог мөн хүүг маань ад үздэг байсан учраас бид хоёр 2014 оны 02 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж, охин М.Мөнхцацралыг миний асрамжид үлдээж, Б.Мөнхболдоос хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд: “Б.Мөнхболд миний бие нь Н.Ариунаагийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2002 онд бид танилцаж, гэр бүл болсон, охин М.Мөнхцацрал 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн. 2014 оны 04 дүгээр сараас бид хоёр тусдаа амьдарч байгаа. Би хаяа гар хүрдэг байсан нь үнэн. Гэхдээ энэ хүн гадуур явахаар нь уурладаг байсан. Цаашид хамтран амьдрах боломжгүй, эвлэрэхгүй. Иймд гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин М.Мөнхцацралд хүүхдийн тэтгэлэг өгөхөд татгалзах зүйлгүй. Охиндоо тэтгэлэг төлнө. Хүүхдийн тэтгэлэгийг сар болгон өгч чадахгүй, жилдээ нэг удаа буюу сургуульд орох үеэр нь хүүхэддээ мөнгө өгч болно” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Н.Ариунаа нь хариуцагч Б.Мөнхболдод холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2003 онд танилцаж, 2003 оны 12 дугаар сарын 04-ний өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулж, 2004 оны 09 дүгээр сарын 21-нд охин М.Мөнхцацрал төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж 2014 оны 02 сараас тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн баталгааны лавлагаа, № 0025403/23 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаа, бие биедээ үл итгэх, нэг нэгэндээ хүндэтгэлгүй хандсанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж 2014 оны 04 сараас хойш тус тусдаа амьдарсан одоо хэн алин нь цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Б.Мөнхболд нь охин М.Мөнхцацралд анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 46,496 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 1,971,600 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Цэвэгдорж овогт Наранчимэгийн Ариунаа /ЕК83111060/, Балжир овогт Батмөнхийн Мөнхболд /ЕК79070570/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин М.Мөнхцацралыг эх Н.Ариунаагийн асрамжид үлдээсүгэй.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2004 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр  төрсөн охин М.Мөнхцацралыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоон эцэг Б.Мөнхболдоор сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63  дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.Ариунаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Мөнхболдоос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ариунаад олгож, хариуцагч Б.Мөнхболдоос улсын тэмдэгтийн хураамжид 46,496 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

6. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

8. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ      Б.НАРМАНДАХ