| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0111/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-03-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 124
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Э.Намуун /томилолтоор/, хохирогч З.С, шүүгдэгч Б.Е, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч С овогт Б Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903014310035 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ховд аймгийн Алтай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, захчин, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн С овогт Б-н Е- /РД: 00000000/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Е нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж “Тансаг моторс”-ын урд замд “Тоёота Приус” маркийн 42-02 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч З.Сыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:
хохирогч З.С: “...Би Турк улсад ажиллаж байгаад 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн, тухайн байгууллагад ажилд ороод удаагүй байсан, тэгээд тухайн байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 12 дугаар сарын 19-ний өдөр болсон, шинэ жилийн арга хэмжээ дуусаад аавыгаа гэрт хүргэж өгөөд гэртээ харихаар зам хөндлөн гарч байгаад машинд мөргүүлсэн. Одоогоор биеийн байдал сайжирсан, хохирол болон гар утас эвдэрсэн төлбөрт нийтдээ 1,900,000 төгрөг авсан. Одоогоор эмчийн хяналтанд байгаа, байх шаардлагатай, зам тээврийн осолд орсон хүний гэмтэл сүүлд мэдэгддэг гэсэн, цаашид уналт, таталт өгөх эрсдэл ихтэй гэж эмч хэлсэн. Одоогоор Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн тархины тасагт эмчийн хяналтад 6 сарын турш байх шаардлагатай гээд байгаа, мөн өрхийн эмчийн хяналтанд байгаа, эхний эмчилгээний зардлаа авчихсан, ирээдүйд гарах зардлаа нэхэмжилж авах учраас нээлттэй үлдээж өгнө үү, гомдолгүй...” гэв.
Шүүгдэгч Б.Е: “...Өмнө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг өгөхгүй, хохирогчтой уулзаж, уучлал гуйсан, хохиролд 1,900,000 төгрөг төлсөн, харилцаа хэвийн байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү, одоо машин барихгүй олдсон ажил хийж байгаа, цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч З.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хотхонд хойд эцэг Бат-Оргилыг хүргэж өгөөд, байрных нь хойд замаар урдаасаа хойш зам хөндлөн гарч явахад баруунаас зүүн тийшээ явж байсан автомашин урд хэсгээрээ миний зүүн хөл хэсэг рүү мөргөсөн...” /хх-ийн 33/ гэсэн,
Гэрч З.Бат-Оргил мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Шинэ жилийн баяр дээр хүүтэйгээ зургаа авхуулчихаад аав нь согтсон байна, гэрт хүргэж өгөөрэй гээд салсан. Шинэ жилийн арга хэмжээнээс 23 цаг өнгөрч байхад гарсан. Би тухайн үед согтсон байсан учир хүүтэйгээ хамт таксинд явж байсан, тэгээд л өглөө нь ухаан орсон...” /хх-ийн 80/ гэсэн,
Шүүгдэгч Б.Е мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэшлийн Тоёота Приус 20 маркийн 42-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр С.Ичинхорлоог ажлаас нь авах гээд явсан. Хорооллоос Гурвалжингийн гүүр даваад эхний гэрэл дохиогоор чигээрээ урагшаа, хоёр дахь гэрлэн дохиогоор баруун эргэн чигээрээ яваад, дахиад зүүн эргээд, хоёр дахь гэрлэн дохион дээрээ баруун талаас нь очоод баруун эргэсэн. ...Гэрлэн дохиогоор баруун эргээд 100 орчим метр явж байгаад хүн дайрсан. Тухайн үед 40-45 км/цагийн хурдтай явж байсан. ...Явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд хэсгээр, биеийнх нь зүүн хэсэгт нь мөргөсөн. Миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг буюу зүүн талын урд салхины шил хагарч бутарсан, зүүн урд талын улсын дугаарын номер хонхойсон...” /хх-ийн 72-75/ гэсэн мэдүүлгүүд,
- Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Уг зам тээврийн осол ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 3 дугаар цахилгаан станцын арын зам “Тансаг мотор” ХХК-ийн урд замд гарсан байв. Уг зам нь асфалттай, шулуун тэгш, хуурай, автобусны зогсоол бүхий, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, хоёр эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. ...42-02 УБО улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашин баруунаас зүүн чиглэлд, явган зорчигч урдаасаа хойш чиглэлд явган хүний гарцтай хэсгийн гарцгүй газраар зам хөндлөн гарсан байв...” /хх-ийн 4-5/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн №510 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. З.Сын биед зүүн зулайн ар хэсгээс доош зүүн талын лямбда заадал хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, хоёр талд духны дэлбэнд тархины эдийн кортикал давхаргын цусархаг няцрал, баруун чамархайд хатуу хальсан доор цусан хураа, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт ташуу хэлбэрийн урагдал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, дотор холбоос өнгөц салааны хэсэгт тасархайтсан болон урагдаж, гүний салааны хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгт ясны гадна булууны хэсэг, шаант ясны булуу хоорондын төвгөрийн урд хэсэгт шахагдсан хугарал, тархи доргилт, зулайн ар болон дагзны зүүн талд хуйхан зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна...” /хх-ийн 36-38/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сраын 25-ны өдрийн №217 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Сэргэлэнбаатар 32 эр” гэсэн хаягтай цуснаас 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /хх-ийн 40-42/ гэсэн,
- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №888030 дугаартай дүгнэлтэд: “...Тоёота Приус 20 маркийн 42-02 УБӨ улсын дугаартай автомашин нь техникийн нэг, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин ойрын гэрлийн хүч нь урд гэрлийн тусгал зүүн талдаа ойр дээр 5600 кандел, баруун талдаа ойр дээр 5000 канделтай байна. Ерөнхий байдлын үзлэг хийхэд: Урд салхины шил цуурч хагарсан, хойд дугаарын хоёр гэрэл асдаггүй, автомашины дагалдах хэрэгсэл /эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг/ байхгүй.
2. Ойрын гэрлийн хүч нь урд гэрлийн тусгал зүүн талдаа ойр дээр 5600 кандел, баруун талдаа ойр дээр 5000 канделтай байна. Урд салхины шил цуурч хагарсан, хойд дугаарын хоёр гэрэл асдаггүй, автомашины дагалдах хэрэгсэл /эмийн сан, гал унтраагуур, ослын зогсолтын тэмдэг/ байхгүй.
3. Үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр үзэхэд ойрн гэрлийн хүч нь урд гэрлийн тусгал зүүн талдаа ойр дээр 5600 кандел, баруун талдаа ойр дээр 5000 канделтай байна. Уг зам тээврийн осолд ямар байдлаар нөлөөлөхийг тогтоох боломжгүй байна. Урд салхины шил хагарч бяцарсан нь уг осол хэрэг болох үед үүссэн гэмтэл эвдрэл. Ойрын гэрлийн хүч, дугаарын гэрэл тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн осол болохоос өмнө ашиглалтын үед үүссэн гэмтэл эвдрэл гэж үзэж байна.
4. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй. Нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүүн талдаа 0,4кН, баруун талдаа 0,4кН, зөрүү нь 0% /стандарт <20%/, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүүн талдаа 0,9кН, зөрүү нь 0% / стандарт <30%/, бүрэн зогссон. Зогсоолын тоормос /кардан/ ажиллагаатай.
5. Уг автомашин нь шингэн дамжуулгат ABS тоормосны системтэй ба автомашин тоормос гишгэхэд зам дээр тоормосны мөр үүсэх боломжтой.
6. Уг тээврийн хэрэгслийн спидометрийн ажиллагаа хэвийн байна. Хэрэв спидометр ажиллахгүй бол авто тээврийн хэрэгслийн жолоочид хурдаа хянах боломжгүй байдал үүсэн...” /хх-ийн 46-52/ гэсэн,
- Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №34 дугаартай дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн 42-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Е нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч З.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:
а/ Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хсгээр зам хөндлөн гарах,
б/ Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /хх-ийн 55-56/ гэсэн дүгнэлтүүд,
- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/,
- Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
- Хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/,
- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17, 82/,
- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 83/,
- Гар утас хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 84/,
- Хохирогч З.Сын өвчний түүхийн хуулбар /хх-ийн 87-98/
- Хохиролтой холбоотой баримтууд /хх-ийн 21-29/,
- Мөнгө авсан тухай баримт /хх-ийн 104/,
- Шүүгдэгч Б.Еийн хувийн байдалтай холбоотой гэрч Ө.Отгонбаярын мэдүүлэг /хх-ийн 21/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60/, мэргэшсэн жолоочийн лавлагаа /хх-ийн 61/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.Еөд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.Е нь 2019 оны 12 дугаар сарын 20-ны шөнө 00 цаг 35 минутын орчим Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчдын гудамж “Тансаг моторс”-ын урд замд “Тоёота Приус” маркийн 42-02 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч З.Сыг мөргөж, эрүүл мэндэд зүүн зулайн ар хэсгээс доош зүүн талын лямбда заадал хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, хоёр талд духны дэлбэнд тархины эдийн кортикал давхаргын цусархаг няцрал, баруун чамархайд хатуу хальсан доор цусан хураа, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт ташуу хэлбэрийн урагдал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, дотор холбоос өнгөц салааны хэсэгт тасархайтсан болон урагдаж, гүний салааны хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгт ясны гадна булууны хэсэг, шаант ясны булуу хоорондын төвгөрийн урд хэсэгт шахагдсан хугарал, тархи доргилт, зулайн ар болон дагзны зүүн талд хуйхан зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч З.Сын “...2019 оны 12 дугаар сарын 19-ний орой 23 цаг өнгөрч байхад ...Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эрчим хотхонд хойд эцэг Бат-Оргилыг хүргэж өгөөд, байрных нь хойд талын замаар урдаасаа хойш зам хөндлөн гарч явахад баруунаас зүүн тийшээ явж байсан автомашин урд хэсгээрээ миний зүүн хөл хэсэг рүү мөргөсөн...” /хх-ийн 33/ гэсэн, шүүгдэгч Б.Еийн “...2019 оны 12 дугаар сарын 19-ний шөнө 00 цаг өнгөрч байхад өөрийн эзэшлийн Тоёота Приус 20 маркийн 42-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр С.Ичинхорлоог ажлаас нь авах гээд явсан. Хорооллоос Гурвалжингийн гүүр даваад эхний гэрэл дохиогоор чигээрээ урагшаа, хоёр дахь гэрлэн дохиогоор баруун эргэн чигээрээ яваад, дахиад зүүн эргээд, хоёр дахь гэрлэн дохион дээрээ баруун талаас нь очоод баруун эргэсэн. ...Гэрлэн дохиогоор баруун эргээд 100 орчим метр явж байгаад хүн дайрсан. Тухайн үед 40-45 км/цагийн хурдтай явж байсан. ...Явган зорчигчийг тээврийн хэрэгслийн урд хэсгээр, биеийнх нь зүүн хэсэгт нь мөргөсөн. Миний тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг буюу зүүн талын урд салхины шил хагарч бутарсан, зүүн урд талын улсын дугаарын номер хонхойсон...” /хх-ийн 72-75/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2019 оны №510 дугаартай шинжилгээний дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. З.Сын биед зүүн зулайн ар хэсгээс доош зүүн талын лямбда заадал хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, хоёр талд духны дэлбэнд тархины эдийн кортикал давхаргын цусархаг няцрал, баруун чамархайд хатуу хальсан доор цусан хураа, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт ташуу хэлбэрийн урагдал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, дотор холбоос өнгөц салааны хэсэгт тасархайтсан болон урагдаж, гүний салааны хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгт ясны гадна булууны хэсэг, шаант ясны булуу хоорондын төвгөрийн урд хэсэгт шахагдсан хугарал, тархи доргилт, зулайн ар болон дагзны зүүн талд хуйхан зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-ийн 36-38/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №217 дугаартай дүгнэлт: “...Дүгнэлт 1.2 Шинжилгээнд ирүүлсэн “Сэргэлэнбаатар 32 эр” гэсэн хаягтай цуснаас 2,6 промилли спиртийн агууламж илэрч байна. Цусанд илэрсэн 2,6 промилли спиртийн агууламж нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” /хх-ийн 40-42/ гэсэн, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны №34 дугаартай дүгнэлтэд: “...1. Тоёота Приус маркийн 42-02 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Е нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч З.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 “Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно:
а/ Үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай ба гарамтай хэсгийн гарцгүй, гарамгүй хсгээр зам хөндлөн гарах,
б/ Аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх-ийн 55-56/ гэсэн дүгнэлтүүд, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-12/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 17/, камерын бичлэгт дахин үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 82/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын зохих заалтыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж бөгөөд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болохоор хуульчилсан бөгөөд явган зорчигч З.Сын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх үзэв.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Еөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Е нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч З.С-ын эрүүл мэндэд зүүн зулайн ар хэсгээс доош зүүн талын лямбда заадал хүртэл үргэлжилсэн шугаман хугарал, баруун зулай, хоёр талд духны дэлбэнд тархины эдийн кортикал давхаргын цусархаг няцрал, баруун чамархайд хатуу хальсан доор цусан хураа, зүүн өвдөгний үений дотор жийргэвч мөгөөрсний арын эвэрт ташуу хэлбэрийн урагдал, урд чагтан холбоосын хэсэгчилсэн урагдал, арын чагтан холбоосны суналт, дотор холбоос өнгөц салааны хэсэгт тасархайтсан болон урагдаж, гүний салааны хэсэгчилсэн урагдал, дунд чөмөгт ясны гадна булууны хэсэг, шаант ясны булуу хоорондын төвгөрийн урд хэсэгт шахагдсан хугарал, тархи доргилт, зулайн ар болон дагзны зүүн талд хуйхан зөөлөн эдийн няцрал, дух, зүүн хацарт зулгаралт, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан, хохирогч нь эмчилгээ оношилгооны зардалд 1,004,393 төгрөг, гар утасны төлбөрт 850,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Е нь хохирогч З.Ст 1,900,000 төгрөг төлж барагдуулсан /хх-ийн 104/ байна. Энэ талаар хохирогч, шүүгдэгч нар маргахгүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан тул түүний цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Гэмт хэрэг гарах үед явган зорчигч З.С тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, зам хөндлөн явж байхдаа замын голд гар утсаараа оролдож зогсож байсан нь гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж шүүх үзнэ.
Шүүгдэгч Б.Е нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлсөн бөгөөд хохирогчид учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг шүүгдэгч төлнө гэж, хохирогч гомдолгүй гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Хуульд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахтай холбогдуулан хэрэгт хураагдаж ирүүлсэн Б.Еийн №279758 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхийн газарт хүргүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ст оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах ялыг түүнд албадлагын арга хэмжээ авсан үеэс буюу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолохоор тогтов.
Эрүүгийн 1903014310035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Е нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч З.С гомдолгүй гэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Б Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б-н Е-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч Б.Еийг зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олох сургалтанд хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг биелүүлээгүй болон санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е-өд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан ялыг энэ өдрөөс буюу 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн 1903014310035 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 /нэг/ ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалан үлдээж, Б Е-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №279758 дугаартай үнэмлэхийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий газарт хүргүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Е нь хохирогч З.С-т 1,900,000 /нэг сая есөн зуун мянга/ төгрөгийн хохирол төлснийг дурдаж, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн 1903014310035 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Е-өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Е-өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР