| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2020/0124/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2020-03-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 128
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Т.Б, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Т Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910016100033 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн Түдэвтэй суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Есөн төмөр” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Эрин хорооллын 53/9 дүгээр байрны 146 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт Т-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бг “хогоо машинд ачсангүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учрууулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Т.Б: “...Манай “Есөн Төмөр” ХХК тэр компаниас блок авах ажил хийхээр тохиролцсон байсан, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тухайн компанид ачаагаа буулгачихаад явах гэсэн хог ачаад өгөөч гэхээр нь за за гээд хогийг нь ачиж байсан чинь тэр залуу хогоо гаргаад хаяхаар нь миний дүү наад хогоо машин дээр аччих гэсэн чадахгүй гэхээр нь би нэг удаа цохисон юм, тэрэндээ маш их харамсаж байна. Хохиролд 200,000 төгрөг өгсөн...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед ...Буянт-Ухаа 2 хороолол 1055 байрны орцонд паркет шал шахах ажил хийгээд дуусгаад гарсан, хогоо орцны гадаа үүдэнд бөөгнүүлж байхад хогны машин хажуу талын 1057 дугаар байрны хогийг ачиж байсан. 39-34 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн жижиг машины жолооч чи наанаа овоолохгүй машин руу шууд ач гэхээр нь би “наад орцныхоо хогийг ачиж байх хооронд чинь би бүгдийг нь буулгаад бэлдчихсэн байна, тэгээд орцны үүдэнд ирэхээр нь ачиж өгнө” гэж хэлсэн. Тэгтэл машины жолооч “хуц, пизда минь” гээд намайг боож орц руу оруулаад газар унаган толгой руу гараараа дөрвөн удаа цохиж, баруун мөр рүү 5-6 удаа өшиглөж, футболкноос боож чирсэн...” /хх-ийн 20-22, 23-24/ гэсэн,
Насанд хүрээгүй гэрч М.Дэлгэрбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын шинээр баригдаж буй барилгын орцны хогийг Б ах бид хоёр ачиж байгаад 1054 дүгээр байрны гадаа очиход орцноос нэг ах хог гаргаж ирээд үүдэн дээр тавьсан. Б ах чи наад хогоо газар тавьж байснаас машин дээр тавьчих гэхэд чадахгүй гэхээр нь Б ах чи яахаараа чаддагүй юм бэ гээд нөгөө ахыг заамдаад чи ач гээд тэр хоёр ноцолдоод орц руу орсон. Орц руу орох үед Б ах нөгөө хүнийг газар унагаасан...” /хх-ийн 80-81/ гэсэн,
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Буянт-Ухаа 2 хорооллын 1054 дүгээр байрны гадна өөрийн эзэмшлийн 39-34 УНЦ улсын дугаартай ачааны автомашинаар хог ачаад явж байхад Т.Б гэх залуу тус хорооллын 1054 дүгээр байрны орцноос хог барьж гарч ирээд хогоо үүдэнд нь тавьчихаар нь наанаа хог тавьж болохгүй, шууд машин руу ач гэхэд чадахгүй гээд орц руугаа орох гэхээр нь би араас нь очиж цамцны захаас нь барьж авахад зөрүүлээд намайг заамдсан, тэгэхээр гарыг нь тавиулах гээд баруун гараараа тохой хэсгээр цохисон чинь Т.Бгийн гар нь орцны хаалгыг цохисон. Тэгэхээр нь зөрүүлж заамдаад авсан чинь Т.Бгийн футболка урагдсан...” /хх-ийн 50-52/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7777 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Бгийн биед хүзүүний олон тооны зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,
- Өргөдөл /хх-ийн 12/,
- Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58/,
- Шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой гэрч Г.Батдэлгэр, А.Амаржаргал нарын мэдүүлэг /хх-ийн 33-35/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 56/, ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 57/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, насанд хүрээгүй гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Бг “хогоо машинд ачсангүй” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд хүзүүний олон тооны зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун далны цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.Бгийн “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өглөө 11 цагийн үед ...Буянт-Ухаа 2 хороолол 1055 байрны орцонд паркет шал шахах ажил хийгээд дуусгаад гарсан, хогоо орцны гадаа үүдэнд бөөгнүүлж байхад хогны машин хажуу талын 1057 дугаар байрны хогийг ачиж байсан. 39-34 УНЦ улсын дугаартай цагаан өнгийн жижиг машины жолооч чи наанаа хогоо овоолохгүй, машин руу шууд ач гэхээр нь би “наад орцныхоо хогийг ачиж байх хооронд чинь би бүгдийг нь буулгаад бэлдчихьё, тэгээд орцны үүдэнд ирэхээр нь ачиж өгнө” гэж хэлсэн. Тэгтэл машины жолооч “хуц, пизда минь” гээд намайг боож орц руу оруулаад газар унаган толгой руу гараараа дөрвөн удаа цохиж, баруун мөр рүү 5-6 удаа өшиглөж, футболканаас боож чирсэн...” /хх-ийн 20-22, 23-24/ гэсэн, насанд хүрээгүй гэрч М.Дэлгэрбаярын “...Б ах чи яахаараа чаддагүй юм бэ гээд нөгөө ахыг заамдаад чи ач гээд тэр хоёр ноцолдоод орц руу орсон. Орц руу орох үед Б ах нөгөө хүнийг газар унагаасан...” /хх-ийн 80-81/ гэсэн, шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн “...2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр... Т.Б гэх залуу тус хорооллын 1054 дүгээр байрны орцноос хог барьж гарч ирээд хогоо үүдэнд нь тавьчихаар нь наанаа хог тавьж болохгүй шууд машин руу ач гэхэд чадахгүй гээд орц руугаа орох гэхээр нь би араас нь очиж цамцны захаас нь барьж авахад зөрүүлээд намайг заамдсан, тэгэхээр гарыг нь тавиулах гээд баруун гараараа тохой хэсгээр цохисон чинь Т.Бгийн гар нь орцны хаалгыг цохисон. Тэгэхээр нь зөрүүлж заамдаад авсан чинь Т.Бгийн футболка урагдсан...” /хх-ийн 50-52/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №7777 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Т.Бгийн биед хүзүүний олон тооны зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун далны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэд хэдэн удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Т.Бгийн биед учирсан “...хүзүүний олон тооны зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун далны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Т.Б түүнийг футболкны захнаас заамдаж байгаад цохисноос үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Т.Бат-Эрдэнийн хохирогч Т.Бгийн футболкны захнаас заамдаж байгаад цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Т.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Бгийн эрүүл мэндэд хүзүүний олон тооны зулгаралт, цэгчилсэн цус харвалт, баруун далны цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч нь шүүхийн шатанд хохиролд 200,000 төгрөг төлсөн, хохирогч Т.Б “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн /шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд бий/ тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Дээр хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, өөрийн гэм бурууг ойлгож, гэмшсэн байдал, ажил эрхлэлт зэрэг хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн 1910016100033 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Т-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т-н Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 1910016100033 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Т.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Т.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР