Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 129

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч О.Даваажаргал, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Б-н О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010001240079 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн тэээвэр үйлчилгээний албаны дарга ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 10 дугаар байр 36 тоотод ршин суух бүртгэлтэй боловч одоо улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Бо овогт Б-н Отгонбаяр /РД: 0000000/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2 давхарын авто гражид тус байгууллагад жолооч ажилтай Д.Бтай маргалдсаны улмаас нүүр рүү нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн шагай, үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хагарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигсдэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.О: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх шаардлагагүй, Д.Б бид хоёрын хооронд таарамжгүй харьцаа, өр авлага өс хонзон байхгүй, гэмтэл учруулсан би буруутай, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 3 сая төгрөг төлсөн, өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч, ойлгоод прокурортой торгуулийн ял тохиролцсон, энэ ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө ээлжтэй байж байгаад 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Б.О даргаар шатахуун цохуулж авахаар өрөөнд нь орсон. Тэр үед Б.О дарга чи “илүү шатахуун авсан байна, ахлах инженерээр бодуулаад ир” гэж хэлсэн. Тэгэхээр нь ахлах инженер Д.Поожаахүү дээр очиж бодуулаад түүний хамт Б.О дарга дээр ороод Д.Поожаахүү инженер шатахууны тооцоо таарч байна гэхэд Б.О дарга “ингэж боддоггүй юм, буруу бодож байна” гээд бид хоёрыг загнаж, инженерийг гарч бай гэж хэлээд өрөөнөөс гаргачихаад утсаар ярьж байхдаа миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би “та яаж байгаа юм бэ” гэхэд чи “өөдөөс юундаа муухай хараад байгаа юм” гээд бид хоёр маргалдсан. Энэ үед гаднаас Д.Поожаахүү инженер, жолооч Б.Мөнхбат хоёр орж ирсэн боловч Б.О дарга бүгдийг нь гар гээд бүгд гарцгаасан. Тэгээд намайг чи ороод ир гэж хэлээд буцаад орох үед чи намайг хэл амаар доромжилсон гээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, шатахууны картаа аваад ир гэхээр нь шатахууны картаа, түлхүүрийн хамт өрөөнд нь оруулж өгөхөд гар зайл гэсэн. Би өөрийн хувийн машин руугаа эд зүйл зөөж байхад Б.О дарга араас гарч ирээд би чамайг ална гээд над руу дайрахаар нь айлгах гээд аяны хутга гартаа барьсан чинь харж зогссон Б.Мөнхбат, С.Өнөржаргал хоёр намайг бариад авсан. Тэр үед Б.О дарга за ахын дүү одоо больё гэхээр нь хамт өрөө рүү нь орох гээд явж байх үед граж дотор араас боож, хөлийн шагай руу өшиглөсөн. Тухайн үед би одоо арай дэндлээ би цагдаад дуудлага өгнө гээд утсаа гаргахад Б.О дарга миний гар утсыг булааж аваад нүүр рүү цохиж, гэдэс рүү өшиглөсөн...” /хх-ийн 08-09, 10-11, 13-14/ гэсэн,

 

 Гэрч Д.Поожаахүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өглөө Д.Б жолооч ажилтай хоноод буусан бөгөөд би шатахууныг нь бичиж өгөөд гарсан. Удалгүй Д.Б ах буцаж орж ирээд  Жи Пи Эс /GPS/  маршрутаа гаргаад ир гэж хэлэхээр нь тэрийг нь гаргаж өгөхөд чамайг бас дуудсан гээд бид хоёр хамтдаа Б.О даргын өрөөнд орсон чинь Б.О дарга надад “чи буруу бодож байна, нормал цагийг нь бодох ёсгүй” гээд уурлаад, Д.Б ахыг шатахууны картаа аваад ир гээд гаргасан. Д.Б ах буцаж орж ирэхдээ гартаа хутга барьчихсан, хоёулаа үзэлцье, чи дандаа яахаараа намайг ингэж байдаг юм бэ, гараад ир гэхэд Б.О дарга гарах гэхээр нь би хориглосон боловч чи холдож бай гээд гарч явсан. Тэр хоёр граж руу орохоор нь би өрөөнд байсан жолооч нарт Д.Б ах, Б.О дарга хоёр зодолдох гэж байна гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр буцаж ирэхэд Д.Б ахын хөл доголчихсон байсан...” /хх-ийн 15-17/ гэсэн,

 

Гэрч Б.Нацагдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр би өрөөнөөсөө гараад ирсэн чинь тээвэр үйлчилгээний албаны дарга Б.О нь жолооч Д.Бтай ширүүн маргалдаж байхаар нь одоо боль гээд салгачихаад явсан...” /хх-ийн 21-22/ гэсэн,

 

Гэрч С.Өнөржаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...Д.Поожаахүү “Б.О дарга руу Д.Б ах хутга гаргаад байна” гээд нилээн сандарчихсан орж ирсэн. Тэгэхээр нь Б.Мөнхбат бид хоёр хамт гарсан чинь Б.О дарга Д.Б хоёр граж дотор Д.Бын машины ард зогсож байгаа харагдсан, тэгээд яваад очсон чинь Д.Б гартаа хутга барьчихсан байхаар нь хутгыг нь салгаж аваад инженерүүдийн өрөөний шүүгээнд хийсэн...” /хх-ийн 23-24/ гэсэн,

 

Гэрч Б.Мөнхбат  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...Д.Поожаахүү Д.Б хутга гаргаад Б.О дарга руу дайраад байна гэж хэлсэн. ...Би араас нь гарсан чинь Б.О дарга Д.Б хоёр граж дотор зогсож байсан. ...Би очиж салгахад Б.О дарга намайг өрөөндөө орж бай гэж хэлсэн. Тэгээд өрөөндөө ороод байж байхад дахин чимээ гарахаар нь гарч ирэхэд Д.Б, Б.О дарга хоёр бие биенээ заамдчихсан зууралдаад зогсож байхаар нь ...Б.Нацагдорж инженер бид хоёр тэднийг салгасны дараа Б.О дарга өрөө рүүгээ явж, Д.Б гражид үлдсэн, би өрөө рүүгээ орсон. Тэгтэл дахин хүн муухай дуугарахаар гарч харахад Д.Б шалан дээр хэвтсэн, Б.О дарга өрөө рүүгээ явж байсан. Би Д.Быг босгоходБ. Отгонбаяр дарга шагай руу өшиглөөд хөл эвгүй болгочихлоо гэсэн...” /хх-ийн 26-28/ гэсэн,

 

Шинжээч Ч.Эрдэнэболор мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Бын биед учирсан зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал нь дангаараа гэмлтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин нүүрэнд учирсан гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна. Д.Бын зүүн хөлийн хавчаар ясны хугарал гэмтэл нь хөлөө эвгүй гишгэх үед үүсэх боломжтой...” /хх-ийн 40-42/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.О мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ...Д.Б манай өрөөнд шатахуун авмаар байна гэхээр нь чи одоо амрах ёстой биздээ, яах гэж байгаан гэж хэлээд би шатахууныг өгөөгүй, чи хэтрүүлж шатахуун авсан байна, чамд шатахуун байгаа гэж хэлтэл Д.Б би шөнөжин нормалдаж хоносон, шатахуун байхгүй гэж хэлсэн, тэгэхээр би GPS гаргуулаад аваад ир гэж хэлсэн. GPS төхөөрөмж манай бүх машинд байдаг, GPS нь тухайн автомашиныг хэдэн цаг нормалдсан, хаагуур, ямар хурдтай явсан зэргийг нь бүгдийг нь гаргаж ирж болдог юм. Тэгээд Д.Б өөрийнхөө машины GPS-ийг гаргаад инженер Д.Поожаахүүгийн хамт ороод ирсэн, тэгэхээр нь би Д.Поожаахүүд чи өдрийн 40.000 төгрөгний шатахуун өгөх ёстой, 3 өдрийн шатахууны норм болох 120.000 ёстой байсныг чи нэг өдрийг 50.000 мянган төгрөгөөр бодож 3 өдрийн 150.000 төгрөг өгсөн байна, яаж байгаан бэ? гэж асуусан чинь Д.Поожаахүү даргаа нэг илүү өгчихсөн байна, уучлаарай гэж байсан. Тэгээд Д.Б бид хоёр өрөөнд маргалдаж байгаад чи надад картаа гараад өг гэж хэлээд би Д.Быг дагуулаад граж руу орсон. Д.Б машиныхаа хажууд ирчихээд надад машинаасаа картаа гаргаж өгөхгүй байсан. Тэгээд би картаа өг гэж шаардсан боловч Д.Б намайг та намайг дээрэлхэж байна гэж хэлсэн, тэгээд намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад авсан чинь тэнд байсан С.Өнөржаргал, Д.Поожаахүү, Б.Мөнхбат, Эрдэнэбат, Батбаатар нар бид хоёрыг салгасан, Д.Поожаахүү даргаа наад Д.Б чинь хутга гаргаад ирчихсэн байна гэж хэлсэн. Тэр үед Д.Б надруу дайраад байхаар нь би нэг удаа гараараа нүүр рүү нь цохьсон тэгтэл С.Өнөржаргал хутгыг нь салгаж авсан. Тэгэхээр нь би Д.Бт чи уураа жоохон намжаа, хоёулаа манай өрөөнд орьё гэж хэлтэл би орохгүй, хуц гэж хэлсэн, тэгээд намайг дахиад замдахаар нь би бас зөрүүлээд заамдсан ба ноцолдож байгаад бид хоёр газар унасан, тэгээд босч ирээд би өрөөлүүгээ явсан...” /хх-ийн 65-67/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн №1099 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Бын биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.  

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. 6 Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. ” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт,

 

- Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 46/,

- Харилцан тохиролцсон гэрээ /хх-ийн 56/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 71-76/,

- Шүүгдэгч Б.Оын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 54/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 52/ ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 545, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Б.От холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.О нь 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн 2 давхарын авто гражид тус байгууллагад жолооч ажилтай Д.Бтай маргалдаж, улмаар нүүрэнд нь гараараа цохих, хөл рүү нь өшиглөх зэргээр зодож, түүний биед зүүн шагай, үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хагарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Бын “...Отгонбаяр дарга ингэж боддоггүй юм, буруу бодож байна гээд Д.Поожаахүү инженер бид хоёрыг загнаж, инженерийг гарч бай гэж хэлээд өрөөнөөс гаргачихаад утсаар ярьж байхдаа миний зүүн шанаа руу гараараа нэг удаа цохисон. Би та яаж байгаа юм бэ гэхэд чи өөдөөс юундаа муухай хараад байгаа юм гээд бид хоёр маргалдсан. Энэ үед гаднаас Д.Поожаахүү инженер, жолооч  Б.Мөнхбат хоёр орж ирсэн боловч Б.О дарга бүгдийг нь гар гээд бүгд гарцгаасан. Тэгээд намайг чи ороод ир гэж хэлээд буцаад орох үед чи намайг хэл амаар доромжилсон гээд миний зүүн шанаа руу нэг удаа цохиод, шатахууны картаа аваад ир гэхээр нь шатахууны картаа, түлхүүрийн хамт өрөөнд нь оруулж өгөхөд гар зайл гэсэн. ...Б.О дарга за ахын дүү одоо больё гэхээр нь хамт өрөө рүү нь орох гээд явж байх үед граж дотор араас боож, хөлийн шагай руу өшиглөсөн. Тухайн үед би одоо арай дэндлээ би цагдаад дуудлага өгнө гээд утсаа гаргахад Б.О дарга миний гар утсыг булааж аваад нүүр рүү цохиж, гэдэс рүү өшиглөсөн...” /хх-ийн 08-09, 10-11, 13-14/ гэсэн, гэрч Д.Поожаахүүгийн “...Отгонбаяр дарга надад “чи буруу бодож байна, нормал цагийг нь бодох ёсгүй” гэж уурлаад, Д.Б ахыг шатахууны картаа аваад ир гээд гаргасан. Д.Б ах буцаж орж ирэхдээ гартаа хутга барьчихсан, хоёулаа үзэлцье, чи дандаа яахаараа намайг ингэж байдаг юм бэ, гараад ир гэхэд Б.О дарга гарах гэхээр нь би хориглосон боловч чи холдож бай гээд гарч явсан. Тэр хоёр граж руу орохоор нь би өрөөнд байсан жолооч нарт Д.Б ах, Б.О дарга хоёр зодолдох гэж байна гэж хэлээд гаргасан. Хэсэг хугацааны дараа тэр хоёр буцаж ирэхэд Д.Б ахын хөл доголчихсон байсан...” /хх-ийн 15-17/ гэсэн, гэрч Б.Мөнхбатын “...Нацагдорж инженер бид хоёр тэднийг салгасны дараа Б.О дарга өрөө рүүгээ явж, Д.Б гражид үлдсэн, би өрөө рүүгээ орсон. Тэгтэл дахин хүн муухай дуугарахаар би гарч харахад Д.Б шалан дээр хэвтсэн, Б.О дарга өрөө рүүгээ явж байсан. Би Д.Быг босгоход Б.О дарга шагай руу өшиглөөд хөл эвгүй болгочихлоо гэсэн...” /хх-ийн 26-28/ гэсэн, шинжээч Ч.Эрдэнэболорын “...Д.Бын биед учирсан зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарл нь дангаараа гэмлтийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Харин нүүрэнд учирсан гэмтлүүд нь нийлээд хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 40-42/ гэсэн, шүүгдэгч Б.Оын “...Тэгээд би картаа өг гэж шаардсан боловч Д.Б надад “та намайг дээрэлхэж байна” гэж хэлсэн тэгээд намайг заамдаад авахаар нь зөрүүлээд заамдаад авсан, тэнд байсан С.Өнөржаргал, Поожаахүү, Мөнхбат, Эрдэнэбат, Батбаатар нар бид хоёрыг салгасан, Д.Поожаахүү даргаа наад Д.Б чинь хутга гаргаад ирчихсэн байна гэж хэлсэн. Тэр үед Д.Б надруу дайраад байхаар нь би нэг удаа гараараа нүүр рүү нь цохьсон, тэгтэл Өнөржаргал хутгыг нь салгаж авсан. Тэгэхээр нь би Д.Бт чи уураа жоохон намжаа, хоёулаа манай өрөөнд орьё гэж хэлтэл би орохгүй, хуц гэж хэлсэн тэгээд намайг дахиад замдахаар нь би бас зөрүүлээд заамдсан. Ноцолдож байгаад бид хоёр газар унасан, тэгээд босч ирээд би өрөөлүүгээ явсан...” /хх-ийн 65-67/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны №1099 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Бын биед зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хоёр удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй..

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 37/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Бын эрүүл мэндэд зүүн шагайн үений гадна хавчаар ясны хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт бүхийн хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 56/ гэсэн хүсэлт гаргасан байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна. 

 

Шүүгдэгч Б.О тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ...6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Б.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 2010001240079 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Б-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-н О-г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.О-т оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.О торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2010001240079 дугаартай хэргийн хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Д.Б гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

         

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР