Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 146/ШШ2016/00300

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, 56 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, Шунхлай, 12 гудамж 57 тоотод оршин суух, ЙС60120801 дугаарын регистртэй, Тойн овгийн Цэрэндоржийн Дорждэрэмийн 

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Дорждэрэм, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дорждэрэм шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Өвөрхангай аймгийн Хужирт сумын эмийн санд шил угаагчаар ажилд орсон бөгөөд 1997 онд цомхотголоор ажлаасаа гарсан юм. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 08-нд өндөр насны тэтгэвэртээ гарсан. Гэтэл 2016 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн нийгмийн даатгалаас шалгалт ирээд намайг дуудаад хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаалын дугаар буруу, зөрүүтэй бичигдсэн байна гэсэн. Үүнийгээ шүүхээр тогтоолго гэсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаал нь 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай тушаал харин Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутутуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай захирамжаар намайг ажилд авсан юм. Иймд намайг 1979 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн 41 дугаартай  Хужирт сумын Ардын депутутуудын хурлын гүйцэтгэх захиргааны захирамжаар Хужирт сумын эмийн санд шил угаагчаар анх ажилд орсныг тогтоож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Ц.Дорждэрэм нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутутуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай захирамжаар Хужирт сумын эмийн санд шил угаагчаар   ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч Ц.Дорждэрэм нь 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 41 дугаар захирамжаар Хужирт сумын эмийн санд шил угаагчаар ажилд орж байсан болох нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаар захирамж, гэрч О.Оюунцэцэгийн “...1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай тушаалыг сумын захиргаанаас гаргаж өгдөг байсан. Учир нь бид нар туслах ажилтан байсан болохоор сумын захиргаанаас томилдог байсан юм. Харин хөдөлмөрийн дэвтэр дээрх 73 тоот тушаалыг тухайн эмийн сангийн эрхлэгч нь бичсэн юм...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Долгорцэцэг “...1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 73 дугаартай тушаал нь манай эмийн сангийн эрхлэгчийн тушаал байгаа юм. Харин 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай тушаалыг сумын захиргаанаас гаргаж өгдөг байсан. Учир нь туслах ажилчдын тушаалыг захиргаанаас гаргадаг байсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийхдээ захирамжийн дугаарыг зөрүүтэй бичиж алдаа гаргасан болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг үндэслэн Тойн овгийн Цэрэндоржийн Дорждэрэмийг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 41 дугаар захирамжаар Хужирт сумын эмийн санд шил угаагчаар ажиллаж байсныг нь тогтоож шийдвэрлэв.   

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Ц.Дорждэрэмийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                                                                       

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Тойн овгийн Цэрэндоржийн Дорждэрэмийг 1979 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 41 дугаар захирамжаар Хужирт сумын эмийн санд шил угаагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Дорждэрэмийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА