Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 001

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ховогт Г-ын Ө-д холбогдох эрүүгийн 18030 0880 0026 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Мөнгөншагай /тээвэр/, шүүгдэгч Г.Ө, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Э.Ганбат, Д.Баттулга, шинжээч эмч Б.Ундармаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хххх ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ховогт Г-ын Ө- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн амны баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалтын  “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Хьюндай старекс маркийн хххх улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, зорчигч Ц.Б-ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Г.Өы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө хохирогч Бын төрсөн байсан тул түүнийг гэрээс нь аваад Гэгээнтэнд байдаг “Q” гэдэг бааранд орсон. Тэгээд миний машинаар Бүрэнжаргал, Б бид гурав “Минт” баар руу явсан. “Минт” бааранд 3 цаг 30 минутаас 4 цаг хүртэл байж байгаад явах гэж байхад миний машинд Бүрэнжаргалын найз С- нь орж ирж суусан. Бүрэнжаргал, Б нарын гэр нь Зайсанд байдаг тул тэднийг гэрт нь хүргэж өгөх гээд явж байх үед уг хэрэг гарсан.

Хэрэг гарсан өдрөөс хойш дахин ийм үйлдэл гаргахгүйг хичэээж явна. Би Замын хөдөлгөөний дүрмийг мэднэ. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, хармсаж байна. Цаашид би Замын хөдөлгөөний дүрмийг зөрчихгүй гэж баталж чадахгүй, гэхдээ дүрэм зөрчихгүй байхыг хичээнэ. Би хэрэг гарснаас хойш 1.6 жилийн хугацаанд Бтой уулзаж, түүнд хэрэгтэй зүйлээр нь тусалж байсан ба Япон улс руу эмчилгээнд явуулсан. Тухайн үед эмчилгээ хийлгэхэд эрүүл мэнд нь гайгүй болж байгаа гэсэн учир би хохирол төлбөр, хор уршгийг арилгахын тулд хичээсэн. Би хохирогчийг мөнгө нэхэх бүрт нь мөнгө өгдөг байсан. Мөн хүүхдийнх нь сургалтын төлбөр гэж мөн төлсөн. Одоогийн байдлаар эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг өгсөн, мөн хавтаст хэрэгт 38.000.000 төгрөгийн баримт авагдсан байгаа. Нийт хохиролд 88.000.000 төгрөг миний хувьд төлсөн байгаа.  

Би хэдий гэм буруугийн талаар маргахгүй байгаа ч гэсэн хохирогчийн биед зам тээврийн ослын улмаас хүнд гэмтэл учирсан уу, эсхүл хүндэвтэр гэмтэл уу гэдгийг дахин шинжлүүлэх хүсэлттэй байгаа. Уг хэрэг 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө болсон ба хавтаст хэргээс харахад 2018 оны 12 дугаар сард шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Тэгэхээр хэрэг гарсан өдрөөс хойш 1 жил 6 сарын дараа шинжээчийн дүгнэлт гарсан гэж ойлгож байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шинжээч эмч Б.Ундармаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Миний бие шинжээчийн дүгнэлт гаргахдаа Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх, мөн 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн толгойн томографын зургийн хариун дээр үндэслэсэн байгаа. Хохирогчийн баруун чамархайн хэсэгт хагалгаа хийсэн байсан.

Ц.Б- хагалгаанд орохын өмнөх болон дараах авахуулсан толгойн компьютер томографын зургийн хариун дээр терпенацийн ясаар нөхөгдсөнөөс гадна гавал ясны баруун чамархайд шугаман хугаралтай байна гэж бичигдсэн байсан. Зарим тохиолдолд хагалгааны тэмдэглэл дээр гавлын ясны хугарал бичигдээгүй байдаг. Иймд компьютер томографийн хариун дээр үндэслэн гавал ясны чамархайн хугаралтай гэж дүгнэсэн.

Өвчний түүхийн онош эцсийн оношоор бүртгэгддэг. Бид дүгнэлт гаргахдаа зөвхөн оношт үндэслэдэггүй. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн, хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд оношийг дутуу, эсвэл илүү бичсэн асуудал байдаг тул өвчний түүхийг ерөнхийд нь авч үздэг. Өвчний түүх дээр оношлогдсон байх боломжтой зураг болон хагалгааны тэмдэглэлийг үзээд ерөнхийдөө чамархайн ясны хугарал үүссэн байна гэж дүгнэлтэнд тусгасан.

Тархины гэмтэл авсан хүнд хөдөлмөрийн чадвар алдалт үүсэх магадлал ихтэй байдаг. Тухайн тохиолдолд Ц.Б- нь юм мартдаг, чимхлүүр ажил хийж чадахгүй болсон, унаж татдаг, чих шуугина, ачаалал авахаар зүүн талын гар, хөл муу ажилладаг гэх мэтчилэн зовиуруудыг хэлж байсан. Үзлэг хийхэд гар, хөлд нь саа саажилт  үүссэн зүйл байгаагүй, амбулаторын карт  дээрх үзлэгийн түүхийг үзэхэд илэрхий саа, саажилт байхгүй, даралт нь ихэсдэг гэсэн оноштой байсан ба хөдөлмөрийн чадвар алдалтын шинж тодорхойлогдоогүй. Тиймээс дүгнэлтэд ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэдгийг тусгаж өгсөн. Ер нь тархины гэмтэл авсны дараа хүн яваандаа унаж татах байдал гардаг ба 1-2 удаагийн уналт таталтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох боломжгүй. Харин тодорхой хүндрэлүүд гарсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоож болно.

Хэрэг гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн ч хохирогчийн биеийн байдлыг харгалзан хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх, эсхүл цаашид нөлөөлөхгүй гэх дүгнэлт гаргах боломжтой. Энэ тохиолдолд Шүүх эмнэлгийн шинжээч болон нарийн мэргэжлийн эмч нар дүгнэлт гаргаж болно. Мөн шинжээч дангаараа ч гаргах боломжтой.

Компьютер томографийн зургийг мэргэжлийн мэргэшсэн эмч нар уншиж, хариу бичдэг. Бид мэргэжлийн эмч биш учраас компьютер томографийн зураг хараад хугарал байгаа эсэхийг ялгахад хүндрэлтэй учир өвчний түүхийг үндэслэсэн байгаа. Тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 заалтаар, мөн баруун чамархай ясны шугаман далд хугарал гэмтэл нь мөн журмын 3.1.2 заалтаар тус тус учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт тус тус хамаарна.

Харин тархины аалзан хальсан доорх цус хуралт гэдэг нь цусан хураатай холбоотойгоор тархи дарагдсан байгаа. Хохирогчийн хувьд өвчний түүх баримтаас харахад гавал тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальс доорхи цусан хурааг авч, тархи дарагдалтыг чөлөөлөх мэс ажилбар хийсэн байдаг. Аалзан хальсан доорхи цус харвалт дангаараа байгаа бол хөнгөн зэрэгт орж болдог. Зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 18030 0880 0026 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 17х, 18х, 19-25х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Б-ын гэрч, хохирогчоор өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны орой 19 цагийн орчим Ө манай гэрт ирээд бид хоёр Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ” нэртэй бааранд орсон. Араас Бүрэнжаргал ирж, бид хэд виски ууж, биллъяард тоглож байгаад дараа нь “Минт” бааранд очиж, мөн адил виски ууж байгаад харих гээд, Өы машинд суугаад Зайсан чиглэл рүү Маршалын гүүр гарч, баруун эргээд зүүнээсээ баруун зүгт ойролцоогоор 120 км/цагийн хурдтай явж байсан.

Би тухайн үед урд сууж явсан болохоор ямар км/цагийн хурдтай явж байсаныг нь харж байсан юм. Миний санахын өөдөөс автомашины гэрэл туссан. Тухайн зам тойруу, харагдах орчин муу байсан. Тэгээд нэг мэдэхэд би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн юм. Бид нарын сууж явсан машин хэний эзэмшлийн машин гэдгийг мэдэхгүй, Бенц маркийн автомашин байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна.

Ө машиныг жолоодоод, кабинд нь Бүрэнжаргал, түүний найз С-, бид дөрөв явж байсан. Ослын улмаас Бүрэнжаргалын хавирга хугарсан гэж сонссон, мөн С-гийн хүзүү гэмтсэн гэсэн. Би тархиндаа гэмтэл авч, хагалгаанд орсон. Одоогоор хөдөлмөр эрхлэх чадваргүй болж, групп тогтоолгохоор болоод байгаа. Мөн миний зүүн хөлний өвдөгний тойгны жийргэвч, зөөлөн эд гэмтсэн. Сэтгэл санааны хувьд хохирч байна.

Тухайн үед Ө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, виски, пиво уусан юм. Би мөн адил хэрэглэсэн байсан. Би Өтай найз нөхдийн холбоотой, миний эрүүл мэндэд анхаарах байх гэж жил гаруй хугацаа хүлээлээ. Сүүлд “чиний наад өвдөгний гэмтэл чинь босоо байдлаар учирсан байна, өөр ярих зүйл байвал манай эхнэртэй уулз” гэсэн. Миний эрүүл мэнд муу байна, барьсан тавьсанаа санахгүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон.

...Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон явдлын талаар дэлгэрэнгүй ярьсан тул нэмж ярих зүйл байхгүй. Би өөрийн эмчилгээндээ нэг жилийн хугацааанд ойролцоогоор 200.0 сая төгрөг зарцуулсан. Үүнээс өнөөдрийн байдлаар баримттай нь 15.5 сая орчим төгрөгийн баримт байгаа. Миний шинжилгээний хариу муу гарсан, миний тархи цаг минутаар агшиж байна. Монголд эмчлэх боломжгүй, гадаад улс оронд удаан хугацаагаар гам барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Өаас илүү мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, зөвхөн эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. Миний хүсэл бол эрүүл болох, би одоогоор эрүүл болоогүй байна. Ө надаас “ШТС хийх газар байна уу” гэхэд нь би “надад Нисэхийн зам дагуу 1.5 га газар байна, үүнийг мөнгө болгоод би эмчилгээндээ зарцуулъя” гэсэн байдлаар тохирсон. Гэвч Ө тохирсондоо хүрээгүй. Намайг илүү мөнгө нэхэмжилж байна гэж гүтгэсэн. Би эрүүл болмоор байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй. /хэргийн 1-р хавтас 63-64х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.А-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн ам уулын замаар Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн ххххулсын дугаартай автомашинтай, автомашиныг жолооч Ядамсүрэн жолоодож, арын суудалд Эрдэнэтуяа бид хоёр суугаад, албан ажлаа гүйцэтгэж дуусаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байсан. Тэгээд уулын замын хадан хясаатай тойрог замаар явж байхад өөдөөс хурц гэрэлтэй суудлын автомашин тойрог дээр гэнэт урсгал сөрөөд манай эгнээ рүү ороод ирсэн.

Тэр үед манай жолооч замаа чөлөөлөхөөр баруун гар тал руугаа шахахад нөгөө хар өнгийн автомашин зүүн гар талын хойд хэсгийг хүчтэй мөргөсөн ба манай машин жаахан явж байгаад баруун гар тал руугаа налж хажуу талаараа унасан. Тэр үед би унадаг талын цонхон талд сууж явсан болохоор толгойгоороо хад мөргөсөн. Эрдэнэтуяа захирал миний дээр унасан. Тэгээд бид 3 машинаасаа гарах гээд хаалгаа онгойлгох гэсэн боловч хаалга онгойхгүй, урд талын шилээ хагалах гэсэн боловч бас хагалж чадаагүй. Тэгэхэд гаднаас хаанаас ч юм бүү мэд, хүмүүс ирж жолоочийн хаалгыг онгойлгож, бид гурвыг машинаас гаргасан. Тухайн үед бид 3 нилээн сандарсан байсан ба нөгөө мөргөлдсөн автомашин руу харахад дээшээ хараад хөмөрчихсөн, копут хэсгээс нь гал гарч байсан ба хүмүүс унтраах үйлдэл хийж байсан юм. Тэгээд би өөрийн 99095035 дугаарын утаснаас 102 болон 103, онцгой байдал руу дуудлага өгсөн. Удалгүй онцгой байдал, түргэн тусламж, цагдаагийн алба хаагчид ирээд, 4 хүнийг аваад явсан.

Ослын улмаас миний толгой, нуруунд гэмтэл авсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ойролцоогоор 4.0 сая орчим төгрөг зарцуулсан ба миний эмчилгээний зардлыг нөгөө машины жолооч бүрэн төлж барагдуулсан. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...Надад 2017 оны 5 сарын 27-ны өдөр болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хэн, хаашаа явж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямартай ч Монгол банкны албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэн явж байсан. Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашин Монгол банкны эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын улмаас Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Хохирлыг мөнгөн хэлбэрээр бус автомашинтай дүйцэхүйц автомашинаар төлүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79-80х/,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ын гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны орой 23 цагийн орчим санагдаж байна, Хан-Уул дүүргийн Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ”нэртэй бааранд Ө, Б хоёртой таарсан. Бын төрсөн өдөр болж таараад тэндээсээ нийлээд “Минт” бааранд орж, С-тэй таарсан юм. Тэгээд шөнө 04 цаг өнгөрч байхад гарч, Өы автомашинд суухдаа С-г дагуулаад суусан.

Харих замдаа Зайсан чиглэлтэй маршалын гүүр даваад баруун зүгт эргээд явж байсан ба гэнэт түс тас гээд л явчихсан. Нэг мэдэхэд Ө автомашины хаалга онгойлгоод намайг гаргаж байсан. Би ч машинаас буугаад С-г машинаас гаргахад С-гийн толгойноос цус гарч байсан ба түүнийг замын хажууд суулгахад миний өөрийн бие сонин болоод зам дээр хэвтсэн. Тэгээд байж байтал Онцгой байдлын алба хаагч нар ирээд бид дөрвийг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Бенц маркийн автомашин хэнийх болохыг мэдээгүй. Ө машиныг жолоодоод, хажуу талд нь Б суугаад, жолоочийн арын суудалд С-, би Бын ард нь сууж явсан юм. Ослын улмаас миний зүүн талын 5 хавирга хугарсан байсан, өөр гэмтэл учраагүй. Эмчилгээндээ одоогоор 2.0 сая орчим төгрөг зарцуулсан, баримт байхгүй. Эмчилгээний зардлаа төлүүлээгүй, нэхэмжлэхгүй. “Минт” бааранд ороод бид нар ширээн дээр суугаагүй. Би өөр хүмүүстэй уулзаад явсан болохоор Ө согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна. Би согтууруулах ундаа нилээн хэрэглээд согтох хандлагатай байсан.

Ө тухайн үед хэдэн км/цагийн хурдтай явж байсан талаар мэдэхгүй. Замын аль урсгалд, яаж мөргөлдсөн талаар мөн мэдээгүй. Сүүлд замын цагдаагийн зурагтай танилцахад эсрэг урсгалд орж мөргөлдсөн байсан. Одоо миний бие зүгээр, эрүүл болсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Ө жолооны үнэмлэхтэй.

...Би эмнэлэгт хэвтэх үедээ толгой, тархины КТГ-ийн зураг авахуулаагүй, толгой тархи гайгүй байсан учир хэвлийн ЭХО-д харуулсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, хөдөө гадаа яваад хотод бараг байдаггүй учир энэ асуудлаар дахин дахин цагдаагийн байгууллага дээр ирээд баймааргүй байна. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл ч байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 87-88х, хэргийн 2-р хавтас 65х, 213х/,

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.С-гийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 26-ны орой 00 цагийн орчимд намайг гэртээ байхад манай найз Далайбаяр нь ирж аваад “Хоум плаза”-ийн зүүн талд байх “Минт” нэртэй бааранд хамт ороод хэсэг байж байхад Далайбаяр нь “за, за найз нь харилаа” гээд яваад өгсөн. Харин би дотор сууж байгаад танил Бүрэнжаргал ахтай тааралдаад хамт гарахаар болсон. Бүрэнжаргал ах, өөрийн хоёр найзтайгаа хамт явж байсан ба баарнаас гарч тэр хоёр найзтай нь танилцаж, бид нар гэр гэртээ харихаар болоод Ө нь бор шаргал өнгийн Бенц маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, кабинд нь би, Бүрэнжаргал, Б нарын хамт сууж ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явж байгаад Маршалын гүүр ороод, уулзвараар баруун гар тийшээгээ эргээд зүүнээсээ баруун чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр, яг хэдэн км/цагийн хурдтай явсаныг нь анзаараагүй, явж байтал гэнэт тас түс гэх чимээ гараад л явчихсан.

Үүнээс хойш юу ч санахгүй байна. Нэг ухаан ороход гадаа толгойгоо барьчихсан зогсож байсан ба хажууд танихгүй ганц хоёр хүн байсан санагдаж байна. Тухайн үед ухаан санаа орж гараад л байсан. Дараа нь Гэмтлийн эмнэлэгт очоод толгойндоо оёдол тавиулахад бүрэн ухаан орсон юм. Энэ үед л шокноосоо гарсан.

Би ганцаараа нийтдээ 0.3 литрийн пиво 3 ширхэг уусан байсан, гэхдээ би өөрийгөө хянаж, авч явах чадвартай байсан. Би Ө, Б нарыг сайн танихгүй. Ослын улмаас миний нуруу, толгой, хүзүүгээр хөндүүр байсан. Одоо биеийн байдал гайгүй байгаа. Би шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй, гэмтлийн зэрэг тогтоолгохгүй.

Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан, зам орчны байдлын хувьд гэгээ орсон, цас, бороо ороогүй, хальтиргаа гулгаа байхгүй, эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээтэй асфальтан зам байсан. Зам тээврийн осол юунаас болж гарсан талаар мэдэхгүй байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

...Би 2017 оны 05 сарын 27-ны шөнө гарсан зам тээврийн осол хэргийн талаар өөрийн мэдэх зүйлээ анх цагдаагийн байгууллагад ирж мэдүүлэг өгөхдөө бүгдийг ярьж хэлсэн байгаа. Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйл байхгүй. Мөн би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, уг зам тээврийн осол хэрэгт холбогдуулан гаргах ямар нэг гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ хэлж байсан. Миний биеийн байдал одоо хэвийн зүгээр байгаа. Би Канад улсад суралцдаг болохоор удахгүй сургуульдаа явна. Хэргийн талаар ямар нэг гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтээ өөрийн гараар бичиж өгөх хүсэлтэй байна.” гэсэн тайлбар мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 90х, хэргийн 2-р хавтас 209х/,

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Л.Урансанаагийн гэрчээр өгсөн:

“...Би Э.С-гийн төрсөн ээж нь байгаа юм. Хүү маань 2018 оны 8 сард Канад Улс руу сурахаар явсан, ойрын 2 жилдээ ирэхгүй. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй. Осолд орсон өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад С- над руу залгаад “ээжээ, би осолд орчихлоо. “Гранд мед” эмнэлэг дээр байна” гэхээр нь яваад очиход осолд орсон байдалтай байж байсан. С-гийн толгой хагарч оёдол тавиулсан, хүзүүний сэртэн яс бага зэргийн цууралттай, нурууны 4, 5-р нугалам цуурсан байсан. Өөр ноцтой гэмтэл учраагүй байсан.

С-г эмнэлгээс гарахад жолооч нь гэх Ө гэдэг залуу бүх төлбөр тооцоог нь хийсэн. С-гийн эрүүл мэндийн байдал одоогоор сайн байгаа. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 93-95х/,

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Ядамсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өглөө үүрээр 05 цагийн орчим санагдаж байна, Монгол банкны тусгай ажил үүрэг гүйцэтгээд буцаж явах замдаа захирал Эрдэнэтуяа, эдийн засагч Алтансүх нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашинтай, автомашиныг би өөрөө жолоодоод, Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар маршалын гүүрний баруун урд замаар баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 20-30 км/цаг хурдтай явж байхад тойрог дээр урдаас хурдтай автомашин ороод ирсэн. Тэгэхээр нь жолоогоо баруун гар тал руугаа дарахад тухайн автомашин манай машины зүүн хойд тал руу маш хүчтэй мөргөсөн.

Манай машин чигээрээ явж байгаад баруун гар талруу налж унасан. Тэгээд машинаасаа гарах гарц хайсан, тэгэхэд тэнд явж байсан автомашины жолооч нар бууж ирээд туслан жолоочийн хаалгыг онгойлгож өгч гаргасан. Машинаасаа бууж мөргөлдсөн машиныг харахад нилээн зайтай, өөдөө харсан байдалтай, мотор хэсгээс нь гал гарч байсныг хүмүүс унтрааж байсан. Тэгээд ажил руу залгаж аюулгүйн албандаа мэдэгдсэн.

...Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Миний хувьд нөгөө талын жолооч хохирлыг бүрэн барагдуулсан гэж бодож байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100х/,

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Эрдэнэтуяагийн гэрчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өдрийн үүрээр нисэхээс гэртээ хүргүүлэхээр Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар Монгол банкны эзэмшлийн Старекс маркийн автомашинтай, автомашиныг Монгол банкны жолооч Ядамсүрэн жолоодоод, арын суудал дээр манай ахлах эдийн засагч Алтансүх, бид хоёр суугаад баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байхад өөдөөс гэнэт машин ирээд миний сууж явсан тал руу мөргөж, манай машин ч хажуу талаараа унасан.

Тэгээд бид гурав машинаасаа гарах гэсэн боловч гарч чадахгүй байсан, тэгэхэд хэдэн хүмүүс бид гурвыг машинаас гаргасан. Тэгээд мөргөлдсөн машиныг харахад Бенц маркийн автомашин байсан ба дээшээ харчихсан байдалтай, урд хэсгээс нь гал гарч байхыг хүмүүс унтрааж байсан. Ослын улмаас нүүрний зүүн болон зүүн гарын тохой хэсэгт шалбарсан, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би ноцтой гэмтэл бэртэл аваагүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Манай автомашины жолооч болон бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 105х/,

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад А.Цэндсүрэнгийн гэрчээр өгсөн:

“...Тухайн осол хэргийн газарт очиход Бенц маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч болон зорчигч нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан ба хэргийн газрын үзлэгийг хийсний дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиж, Бенц маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч болон хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг драйгер багажаар үлээлгэж шалгасан ба цусны дээж бол аваагүй.

Харин нэг хохирогч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байсан тул эрчимт эмчилгээний сувилагчаар хохирогчийн биенээс цус авахуулсан юм. Тухайн үед цус авахад тэмдэглэл үйлддэггүй байсан. Бенц маркийн хххх улсын дугаартай автомашинд явсан 3 хүнийг драйгер багаж үлээлгэж шалгасан. Одоо яг хэн нь жолооч байсныг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 107х/,

 

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Төгсбаярын иргэний хариуцагчаар өгсөн:

“...M.Benz маркийн хххх улсын дугаартай автомашин нь “Петровис вентюр капитал” ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө манай компанийн гүйцэтгэх захирал Б.Ш-гийн нөхөр Г.Ө уг машиныг унаж явсан. Тухайн өдрийн орой Г.Ө ажилтай байна гээд аваад явсан. Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Захирал Шинэзаяагаас зөвшөөрөл авч, автомашиныг унаж явсан байсан. Надад ослын талаар мэдэх зүйл байхгүй.

Ослын улмаас автомашинд нилээн эвдрэл гэмтэл учирсан байсан. Уг хохирол төлбөрийг Г.Өаас нэхэмжлэхгүй учир үнэлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн тухайн автомашиныг худалдаж авах хүн байсан болохоор зарж борлуулсан. Г.Ө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 119-120х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Отгончимэгийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 26-ны өдрийн 16:30 минутанд ГССҮТөвийн хүлээн авахын  яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчээр 2017 оны 5 сарын 27-ны өглөөний 09 цаг хүртэл үүрэг гүйцэтгэж хоносон. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 06 цаг 50 минутын үед Зайсан, Их тэнгэрийн амын замд зам тээврийн осолд орсон гэх хүмүүс ирж, нэг нь шууд сэхээнд орсон. Бусад хүмүүс нь үзүүлсэн, хэдэн хүн байсныг нь одоо санахгүй байна. Олон хүн үзүүлдэг учраас сайн бас санахгүй байна. Архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл анзаарагдаагүй юм. Үзэж байхад согтууруулах ундааны зүйл үнэртээгүй санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 122х/,

 

13. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Гэрэлмаагийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Приус 30 маркийн цагаан өнгийн автомашинтай Зайсангаас Амгалан чигт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн Хадан хошуу тойрох үед зорчих хэсэг дээр хоёр автомашин мөргөлдсөн байсан. Нэг нь суудлын автомашин байсан. Дотор нь хүмүүс байсан ба нилээн эвдэрсэн харагдсан. Старекс маркийн автомашинаас хүмүүс нь гарч байсан. Тэгээд би өөрийнхөө 99808936 дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Би тэр замаар явж байсан болохоор өөрийнхөө утсаар дуудлага өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 235х/,

 

14. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Цолмонгийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны шөнө Ривер гарден хотхонд гэртээ цонхоо нээгээд унтаж байхад машин чийхнах, түс тас хийх чимээ сонсогдон хүмүүс орилон хашгирах үед сэрсэн. Тэгээд балкон дээрээ гараад харахад Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн баруун талын Хадан хошууны урд замд хар өнгийн суудлын автомашины дөрвөн дугуй нь дээшээ харсан байдалтай, урд хэсгээс нь утаа гараад шатаж байгаа бололтой, галын хор байна уу гэх зорчих хэсгээр өнгөрч байгаа автомашинуудаас хүмүүс асуух дуу чимээ цуурайтан сонсогдож байсан. Нэг автомашин нь модны завсраар орчихоод, юу ч харагдахгүй байсан. Тэгээд би өөрийнхөө 99114706 дугаарын утаснаас 102 руу залган дуудлага өгсөн. Би автомашинууд мөргөлдөх чимээгээр сэрсэн болохоор ослыг хараагүй. Би осол болсон газар очоогүй. Дуудлага өгчихөөд буцаад унтаад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 236х/,

 

15. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Авирдарийн гэрчээр өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд такси бариад маршалын гүүрнээс Зайсан орохоор явж байтал Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн Хадан хошуу тойрох үед зорчих хэсэг дээр хоёр автомашин мөргөлдсөн осол гарсан байсан.Тэгээд би өөрийнхөө 99083541 дугаарын утаснаас 102-т дуудлага өгсөн. Би зүгээр хажуугаар нь л өнгөрсөн болохоор юу ч санахгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 237х/,

 

16. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 14345 дугаартай:

1. Ц.Б-ын биед баруун чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 126-127х/,

 

17. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 7876 дугаартай:

1. Д.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 151х/,

 

18. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2019 оны 8 сарын 15-ний өдрийн 9769 дугаартай:

“1. Э.С-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт. /хэргийн 2-р хавтас 217х/,

 

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Долгормааг асууж авсан тэмдэглэлд:

“...Э.С-гийн биед гэмтлийн зэрэг тогтоолгохоор өвчний түүхийн хуулбарыг явуулсан бөгөөд өвчний түүх дээр компьютерийн шинжилгээнд хүзүүний нугалам болон сээрний нугаламууд хугаралттай талаар эмчийн үзлэг болон оношид тусгагдсан байсан боловч КТГ-ийн шинжилгээний хариу болон зураг нь эх хувиараа байхгүй байсан. Иймд эмчийн бичсэн онош, үзлэгээр дүгнэлт гаргах боломжгүй тул 2019 оны 02 сарын 26-ны өдрийн 10/1392 дугаартай албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 59-60х/,

 

20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Б.Ундармааг байцаасан тэмдэглэлд:

“...2018 оны 12 сарын 10-ны өдөр гаргасан 14345 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 12 сарын 03-ны өдөр шинжээч томилсон тогтоолыг үзүүлэгчийн хамт авч, биед нь үзлэг хийхэд баруун зулай чамархайд хагалгааны сорвитой, мөн зүүн хөлийн өвдөгт сорвитой байсан. Мөн Гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийг үзэхэд  2018 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 06 сарын 09-ний өдөр эмнэлгээс гарсан байсан. Тийм болохоор өвчний түүх баримтыг үндэслэн шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Бын биед учирсан гавал тархины гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-3.1.3-д зааснаар гэмтлийн “Хүнд” зэрэгт хамаарна гэсэн үндэслэлийн  дагуу дүгнэлтийг гаргасан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 221х/,

 

21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч М.Золжаргалыг асууж авсан тэмдэглэлд:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Э.С-гийн биед үзлэг хийж дүгнэлт гаргасан. Үзлэгээр Э.С- нь ямар нэг зовиур үгүй, биед шинээр үүссэн ил харагдах гэмтэл шархгүй байсан байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоогоогүй. Тухайн үед Э.С- нь эмнэлгийн баримт бичиг, өвчний түүх, КТГ-ийн зураг авчирч үзүүлээгүй, өөрийн биеэр ирж үзүүлсэн. Үзүүлэгч өөрийн биеэр ирж үзүүлэх шаардлагатай ба өвчний түүх болон эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн дүгнэлт гаргах боломжгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 222х/,

 

22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хиймийн шинжээч Б.Ламчинг байцаасан тэмдэглэлд:

“...Би 2019 оны 3 сарын 28-ны өдрийн тогтоолыг 2019.04.02-ны өдөр хүлээн авч, өөрийн ажлын байр болох ШШҮХ-ийн ТШГ-ын химийн лабораторид шинжилгээнд ирүүлсэн объектонд шинжилгээ хийсэн. 2019 оны 4 сарын 08-ны өдөр 2192 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тухайн үед уг шинжилгээнд хүргүүлсэн объект нь 1 хувь, шинжээч томилсон тогтоолтой ирсэн. Уг 1 хувь тогтоол нь манай байгууллагын архивт үлдсэн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 219-220х/,

 

23. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Баясгалангийн гэрчээр өгсөн:

“...Долоогоны ханд гэдэг нь 70 хувь нь буюу 96 процентын спирттэй, 30 хувь нь долоогоно жимсны хандтай, зүрхний цусан хангамж сайжруулах, зүрхний цохилтын тоог цөөрүүлэх, өөрөөр хэлбэл тайвшруулах зорилгоор хэрэглэдэг эм юм. Долоогоны хандыг хэрэглэсэн үед хүний зүрхний цусан хангамжийг сайжруулах, зүрхний цохилтын тоог цөөрүүлэх, тайвшруулах ба хэрэглэсний дараа спирт буюу алкоголь үнэртэх зэрэг шинж илэрнэ. Долоогоны хандыг том хүн буюу насанд хүрсэн хүн эмчийн зааврийн дагуу 1-4 удаа 10-60 дуслаар хэрэглэж болдог. Долоогоны хандыг хэрэглэсний дараа цуснаас бол ямар нэгэн зүйлс илрэхгүй, харин үлээлгэж шалгахад тодорхой хэмжээний хувь хэмжээгээр хэрэглэсэн байдал үнэртэх байдлаар илэрдэг. Учир нь 70 хувийн спиртийн найрлагатай.

Долоогоны хандыг хэрэглэсний дараа драйгер багажаар үлээлгэж шалгахад хэр хувь хэмжээ заахыг бол мэдэхгүй байна. Ямар нэг байдлаар хувь зааж илэрнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 2-р хавтас 64х/,    

 

24. Хохирогч Ц.Б-ын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 128-143х/,

 

25. Хохирогч Ц.Б-оос: “...Г.Ө нь миний эмчилгээний зардалд 38.417.174 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 2-р хавтас 124х/,

 

26. Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 6 сарын 11-ний өдрийн 1677 дугаартай:

“Hyundai Starex хххх дугаартай Монгол банкны эзэмшлийн автомашин нь зүүн хойд талаасаа хүчтэй мөргүүлсний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байна. Үүнд: кабины зүүн хойд хэсэг чихэгдэж урагдсан, кабин хойд хэсэг бүхэлдээ гажсан, зүүн хоёр хаалга, баруун хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд кабины шил хагарсан, баруун урд толь хугарч хагарсан, зүүн хойд обуд хагарсан, зүүн хойд гар хэвтэй тэнцүүлэгч тасарсан, хойд депранцаль хагас голын хамт хугарсан байна.

..Нийт шууд зардлын дүн 10.265.000 төгрөг, шууд бус зардлын дүн 2.000.000 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 12.265.000 /арван хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг” гэсэн Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,

 

27. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот:

1. Осол хэргийн материалын зам тээврийн ослын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлтээр авагдсан замын тэмдэглэл болон орчны байдал, тээврийн хэрэгслүүдийн мөргөлдөлтийн дараах байрлал, тэдгээрийн эвдрэл, гэрчийн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчдийн гэмтэгсдийн гэмтлийн талаарх дүгнэлтүүд зэргийг үндэслэхэд Бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”,

мөн түүнтэй хамт явсан гэх гэрчийн мэдүүлэг, жолоочийн согтуурал шалгасан магадлагаагаар Драйгер-0.66%-ийн согтолттой байсан нь дүрмийн 2.7-д “Жолоочид доор дурдсан зүйлийн хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

Х.Старекс маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.Ядамсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

2. Шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлсэн материалд мөргөлдсөн гэх тээврийн хэрэгслүүдийн оношилгооны болон автотехникийн шинжилгээний дүгнэлтүүд байхгүй тул уг зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслүүдийн техникийн байдал нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

3. Зам тээврийн осол хэргийн анхны хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн авагдсан 2, 3, 4, 20 дугаартай фото зургийн цувралаас осол гарсан гэх газар /М.Бенц маркийн автомашины явсан гэх чиглэл талаас/-ын зорчих хэсэг нь огцом эргэлттэй, 7.1 буюу хоёр, гурван эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлах, мөн аюул бүхий хэсэгт эгнээний хилийг заах, түүнчлэн зорчих хэсгийн орохыг хориглосон хэсгийг хязгаарласан үргэлжилсэн цагаан шугамаар тэмдэглэгдсэн байх ба М.Бенц маркийн автомашины жолооч тухайн хэсэгт тээврийн хэрэгслийнхээ хөдөлгөөний чигийг өөрчлөх боломж бүхий хурдыг сонгож яваагүйгээс эсрэг урсгал сөрж, урдаасаа чиглэлтэй явсан Х.Старекс маркийн автомашинтай мөргөлдсөн байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-171х/,

 

28. Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийсэн:

1. Ослын газрын үзлэгээр авагдсан 2 автомашин мөргөлдсөн “А” цэгийн байрлалыг үндэслэхэд М.Бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Г.Ө нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 дугаар бүлгийн 8.2 дахь заалт “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 173х/,

 

29. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч В.Балжиннямыг байцаасан тэмдэглэлд:

“...Хохирогч Ц.Б-оос “Г.Өы автомашинд суугаад Зайсан чиглэлтэй яваад Маршалын гүүр гарч баруун эргээд зүүнээс баруун зүгт ойролцоогоор 120 км/цаг хурдтай явсан” гэж мэдүүлсэн байх боловч түүнийг шинжлэн ухааны арга хэрэгсэл ашиглан тодорхойлох боломжгүй байсан тул энэ талаар шинжээчийн хоёр дүгнэлтэд тусгаагүй болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241х/,

 

30. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2019 оны 1 сарын 09-ны өдрийн тогтоол болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 1-2х, 2-р хавтас 97-98х/,

 

31. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Өы гэрч, яллагдагчаар өгсөн:

“...Би 2017 оны 5 сарын 27-ны өдөр Бын төрсөн өдөр болоод гэрт нь очиж уулзсан. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглэхээр Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ” нэртэй бааранд орсон юм. Тэнд Бүрэнжаргалтай таараад, хөгжим сонсож, биллъярд тоглож байгаад “Минт” бааранд орсон.

Тэгээд шөнийн 04 цаг өнгөрч байхад баарнаас гарцгаасан. Би уугаагүй байсан учир нөгөө хоёрыг хүргэж өгөхөөр машиндаа суугаад хүлээж байхад Б, Бүрэнжаргал хоёр үл таних нэг залуутай хамт машинд суусан. Би Быг хүргэж өгөхөөр Зайсан чиглэл рүү эхнэр Б.Ш-гийн эзэмшлийн Бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодож Маршалын гүүр гараад, баруун зүгт эргэж уулын замаар ойролцоогоор 40-50 км/цагийн хурдтай явж байхад эргэлтэн дээр өөдөөс Старекс маркийн автомашин гараад ирсэн.

Тэгэхээр нь би баруун гар талруугаа дарахад машины бөгс шаравсан ба түс тас гээд л явчихсан. Цаашаа юу болсоныг мэдэхгүй байна, нэг мэдэхэд машинаасаа гараад ирсэн байсан. Старекс маркийн автомашин Зайсангийн уулын замаар баруунаасаа зүүн зүгт явж байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Ослын улмаас Б, Бүрэнжаргал, С- нар гэмтсэн. Яг ямар гэмтэл авсан талаар мэдэхгүй байна. Би мөн тухайн үед зөөлөн эдийн гэмтэл авсан байсан. Тухайн үед жолоодож явсан машин одоо байхгүй, сэлбэгээр зарчихсан. Би тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод зүрх салганаад, бие чичрээд, шокийн байдалтай байсан ба  эмийн сан орж зүрхний эм асуухад “долоогоны ханд уучих” гэсэн. Тэгээд тэрнээс нь аваад уучихаад байж байхад Замын цагдаагаас хүмүүс ирээд драйгер багаж үлээлгэхэд 0.66 хувьтай, “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна” гэсэн.

Тэрнээс биш би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Сонсгосон зүйл заалтын 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 гэсэн зүйл заалтыг бол хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон үйл явдлын талаар бүгдийг нь хэлж ярьсан. Нэмж хэлэх зүйл байхгүй байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг бүгдийг төлж барагдуулсан. Эмчилгээний зардлыг баримттай баримтгүй нэхсэн мөнгө болгоныг төлсөн.

Тухайн осол гарах үед Старекс машины дотор 3 хүн явж байсан юм байна лээ. Би тухайн үед нь мэдээгүй, дараа нь мэдсэн. Тухайн хүмүүс гэмтэл авсан эсэхийг мэдэхгүй байна, сүүлд “3 хүн явж байсан, хохирол барагдуул” гээд 10.0 сая орчим төгрөг авсан.

Мөн Старекс маркийн автомашины эвдрэлийг үнэлүүлсэн байсан. Тэгээд Монгол банкны удирдлагаас “шинэ машин авч өгөөд, энэ машиныг өөрсдөө ав” гэхээр нь Солонгос Улсаас адилхан машиныг оруулж ирж өгч, хохирлыг нь барагдуулсан.

...Би Бын эмчилгээнд нийт 50.0 сая орчим төгрөг өгсөн. Бүрэнжаргалд бол мөнгө төлөөгүй, харин С- өөрөө хэрэгцээндээ 5.0 сая төгрөг авсан. Би өөрөө тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхтэй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1хх 192-193, 195х, 2-р хавтас 223-224х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт /хэргийн 1-р хавтас 224х/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон лавлагаа баримтууд /хэргийн 2-р хавтас 40х/, Монгол Улсын Гадаад харилцааны яамны тодорхойлолт баримт /хэргийн 2-р хавтас 136х/, Ө овогтой Сараана, Ө овогтой Нандина, Ө овогтой Сутай нарын төрсний гэрчилгээний хуулбар баримтууд /хэргийн 2-р хавтас 137-139х/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эх сурвалж нь тодорхой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаарх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий шинжээчид гаргасан байх тул шүүх тэдгээрийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, үнэн зөв баримтууд гэж үнэлж, дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

 

Түүнчлэн тухайн хэргийн хувьд мөрдөн байцаалтын холбогдох ажиллагаанууд бүрэн хийгдэж хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Өы гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 заалтын “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”,

мөн дүүрмийн 8.2 заалтын “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Монгол банкны эзэмшил өмчлөлийн Хьюндай старекс маркийн хххх улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргасан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 1-р хавтас 17х, 18х, 19-25х/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын 2019 оны 1 сарын 09-ны өдрийн тогтоол болон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан прокурорын 2019 оны 04 сарын 17-ны өдрийн 12 дугаартай тогтоол баримтууд /хэргийн 1-р хавтас 1-2х, 2-р хавтас 97-98х/,

- Тээврийн Цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот дүгнэлт болон мөн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 854 тоот дүгнэлтэд нэмэлт шинжилгээний дүгнэлт /хэргийн 1-р хавтас 170-171х, 173х/,

- техникийн шинжээч В.Балжиннямын: “...Хохирогч Ц.Б-оос Г.Өы автомашинд суугаад Зайсан чиглэлтэй яваад Маршалын гүүр гарч баруун эргээд зүүнээс баруун зүгт ойролцоогоор 120 км/цаг хурдтай явсан” гэж мэдүүлсэн байх боловч түүнийг шинжлэн ухааны арга хэрэгсэл ашиглан тодорхойлох боломжгүй байсан тул энэ талаар шинжээчийн хоёр дүгнэлтэд тусгаагүй болно.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 241х/,

- гэрч А.Ядамсүрэнгийн: “...2017 оны 5 сарын 27-ны өглөө үүрээр 05 цагийн орчим санагдаж байна, Монгол банкны тусгай ажил үүрэг гүйцэтгээд буцаж явах замдаа захирал Эрдэнэтуяа, эдийн засагч Алтансүх нарыг гэрт нь хүргэж өгөхөөр Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашинтай, автомашиныг би өөрөө жолоодоод, Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар маршалын гүүрний баруун урд замаар баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 20-30 км/цаг хурдтай явж байхад тойрог дээр урдаас хурдтай автомашин ороод ирсэн. Тэгэхээр нь жолоогоо баруун гар тал руугаа дарахад тухайн автомашин манай машины зүүн хойд тал руу маш хүчтэй мөргөсөн.

Манай машин чигээрээ явж байгаад баруун гар талруу налж унасан. Тэгээд машинаасаа гарах гарц хайсан, тэгэхэд тэнд явж байсан автомашины жолооч нар бууж ирээд туслан жолоочийн хаалгыг онгойлгож өгч гаргасан. Машинаасаа бууж мөргөлдсөн машиныг харахад нилээн зайтай, өөдөө харсан байдалтай, мотор хэсгээс нь гал гарч байсныг хүмүүс унтрааж байсан. Тэгээд ажил руу залгаж аюулгүйн албандаа мэдэгдсэн.

...Ослын улмаас миний биед гэмтэл учраагүй. Миний хувьд нөгөө талын жолооч хохирлыг бүрэн барагдуулсан гэж бодож байна. Ямар нэгэн гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 99-100х/,

- гэрч П.Эрдэнэтуяагийн: “...2017 оны 5 сарын 27-ны өдрийн үүрээр нисэхээс гэртээ хүргүүлэхээр Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн уулын замаар Монгол банкны эзэмшлийн Старекс маркийн автомашинтай, автомашиныг Монгол банкны жолооч Ядамсүрэн жолоодоод, арын суудал дээр манай ахлах эдийн засагч Алтансүх, бид хоёр суугаад баруунаасаа зүүн зүгт ойролцоогоор 30-40 орчим км/цагийн хурдтай явж байхад өөдөөс гэнэт машин ирээд миний сууж явсан тал руу мөргөж, манай машин ч хажуу талаараа унасан. Тэгээд бид гурав машинаасаа гарах гэсэн боловч гарч чадахгүй байсан, тэгэхэд хэдэн хүмүүс бид гурвыг машинаас гаргасан. Тэгээд мөргөлдсөн машиныг харахад Бенц маркийн автомашин байсан ба дээшээ харчихсан байдалтай, урд хэсгээс нь гал гарч байхыг хүмүүс унтрааж байсан. Ослын улмаас нүүрний зүүн болон зүүн гарын тохой хэсэгт шалбарсан, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Би ноцтой гэмтэл бэртэл аваагүй учир шүүх эмнэлэгт үзүүлээгүй. ...Манай автомашины жолооч болон бид согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 105х/,

- гэрч А.Цэндсүрэнгийн: “...Тухайн осол хэргийн газарт очиход Бенц маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч болон зорчигч нар Гэмтлийн эмнэлэг рүү явсан байсан ба хэргийн газрын үзлэгийг хийсний дараа Гэмтлийн эмнэлэг дээр очиж, Бенц маркийн хххх улсын дугаартай автомашины жолооч болон хохирогч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдлыг драйгер багажаар үлээлгэж шалгасан ба цусны дээж бол аваагүй. Харин нэг хохирогч ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт хэвтсэн байсан тул эрчимт эмчилгээний сувилагчаар хохирогчийн биенээс цус авахуулсан юм. Тухайн үед цус авахад тэмдэглэл үйлддэггүй байсан. Бенц маркийн хххх улсын дугаартай автомашинд явсан 3 хүнийг драйгер багаж үлээлгэж шалгасан. Одоо яг хэн нь жолооч байсныг сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 107х/, хэрэгт гэрчээр асуугдсан Э.С- /хэргийн 1-р хавтас 90х, хэргийн 2-р хавтас 209х/,  Б.Б- /хэргийн 1-р хавтас 87-88х, хэргийн 2-р хавтас 65х, 213х/ нарын мэдүүлэг болон шүүгдэгч Г.Өы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 1хх 192-193, 195х, 2-р хавтас 223-224х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас Мерседес бенц маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотор зорчин явсан хохирогч Ц.Б-ын биед “...баруун чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, 2 өвдөгний зулгаралт” гэмтэл бүхий хүнд хохирол,

Хьюндай старекс маркийн хххх улсын дугаартай автомашинд зорчин явсан иргэний нэхэмжлэгч Д.Алтасүхийн биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол, Хьюндай старекс маркийн хххх улсын дугаартай автомашины эд анги эвдэрч гэмтэн, Монгол банкны эзэмшил өмчлөлийн эд хөрөнгөд нийт 12.265.000 төгрөгийн хохирол учирсан болох нь:

- “Ц.Б-ын биед баруун чамархай ясны шугаман далд хугарал, тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдал, тархины аалзан хальсан доорхи цус харвалт, 2 өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 ба 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2018 оны 12 сарын 10-ны өдрийн 14345 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 126-127х/,

- “Д.А-ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2017 оны 6 сарын 14-ний өдрийн 7876 дугаартай дүгнэлт /хэргийн 1-р хавтас 151х/,

-  “ Hyundai Starex хххх дугаартай Монгол банкны эзэмшлийн автомашин нь зүүн хойд талаасаа хүчтэй мөргүүлсний улмаас их хэмжээний эвдрэл гэмтэл учирсан байна. Үүнд: кабины зүүн хойд хэсэг чихэгдэж урагдсан, кабин хойд хэсэг бүхэлдээ гажсан, зүүн хоёр хаалга, баруун хойд хаалга чихэгдсэн, зүүн хойд кабины шил хагарсан, баруун урд толь хугарч хагарсан, зүүн хойд обуд хагарсан, зүүн хойд гар хэвтэй тэнцүүлэгч тасарсан, хойд депранцаль хагас голын хамт хугарсан байна. ..Нийт шууд зардлын дүн 10.265.000 төгрөг, шууд бус зардлын дүн 2.000.000 төгрөг, техникийн эвдрэл, хохирлын нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 12.265.000 /арван хоёр сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөг” гэсэн Хөрөнгө, Даатгалын хохирлын үнэлгээний “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2017 оны 6 сарын 11-ний өдрийн 1677 дугаартай Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, тайлангийн хавсралт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 1-р хавтас 166-168х/,

- хохирогч Ц.Б-ын: “...2017 оны 5 сарын 27-ны орой 19 цагийн орчим Ө манай гэрт ирээд бид хоёр Гэгээнтэн хотхонд байдаг “КЬЮ” нэртэй бааранд орсон. Араас Бүрэнжаргал ирж, бид хэд виски ууж, биллъяард тоглож байгаад дараа нь “Минт” бааранд очиж, мөн адил виски ууж байгаад харих гээд, Өы машинд суугаад Зайсан чиглэл рүү Маршалын гүүр гарч, баруун эргээд зүүнээсээ баруун зүгт ойролцоогоор 120 км/цагийн хурдтай явж байсан.

Би тухайн үед урд сууж явсан болохоор ямар км/цагийн хурдтай явж байсаныг нь харж байсан юм. Миний санахын өөдөөс автомашины гэрэл туссан. Тухайн зам тойруу, харагдах орчин муу байсан. Тэгээд нэг мэдэхэд би Гэмтлийн эмнэлэгт сэрсэн юм. Бид нарын сууж явсан машин хэний эзэмшлийн машин гэдгийг мэдэхгүй, Бенц маркийн автомашин байсан, улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Ө машиныг жолоодоод, кабинд нь Бүрэнжаргал, түүний найз С-, бид дөрөв явж байсан. Ослын улмаас ..би тархиндаа гэмтэл авч, хагалгаанд орсон. Одоогоор хөдөлмөр эрхлэх чадваргүй болж, групп тогтоолгохоор болоод байгаа. Мөн миний зүүн хөлний өвдөгний тойгны жийргэвч, зөөлөн эд гэмтсэн. ...Миний шинжилгээний хариу муу гарсан, миний тархи цаг минутаар агшиж байна. Монголд эмчлэх боломжгүй, гадаад улс оронд удаан хугацаагаар гам барьж эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн. Би Өаас илүү мөнгө төгрөг нэхэмжилсэн зүйл байхгүй, зөвхөн эмчилгээний зардлаа нэхэмжилж байгаа. ...Би эрүүл болмоор байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 63-64х/, 

- хохирогч Ц.Б-ын ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээтэй холбоотой баримтууд /хэргийн 1-р хавтас 128-143х/,

- мөн хохирогчийн “...Г.Ө нь миний эмчилгээний зардалд 38.417.174 төгрөг, мөн цаашид гарах эмчилгээний зардалд 50.000.000 төгрөг тус тус нөхөн төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэсэн тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт баримт /хэргийн 2-р хавтас 124х/,

- Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04-05 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их тэнгэрийн ам уулын замаар Монгол банкны эзэмшлийн Х.Старекс маркийн ххххулсын дугаартай автомашинтай, автомашиныг жолооч Ядамсүрэн жолоодож, арын суудалд Эрдэнэтуяа бид хоёр суугаад, албан ажлаа гүйцэтгэж дуусаад гэртээ хүргүүлэх зорилгоор явж байсан. Тэгээд уулын замын хадан хясаатай тойрог замаар явж байхад өөдөөс хурц гэрэлтэй суудлын автомашин тойрог дээр гэнэт урсгал сөрөөд манай эгнээ рүү ороод ирсэн. Тэр үед манай жолооч замаа чөлөөлөхөөр баруун гар тал руугаа шахахад нөгөө хар өнгийн автомашин зүүн гар талын хойд хэсгийг хүчтэй мөргөсөн ба манай машин жаахан явж байгаад баруун гар тал руугаа налж хажуу талаараа унасан. Тэр үед би унадаг талын цонхон талд сууж явсан болохоор толгойгоороо хад мөргөсөн. ...Ослын улмаас миний толгой, нуруунд гэмтэл авсан. Би тухайн үед шүүх эмнэлэгт үзүүлээд хөнгөн зэргийн гэмтэлтэй гарсан. Ойролцоогоор 4.0 сая орчим төгрөг зарцуулсан ба миний эмчилгээний зардлыг нөгөө машины жолооч бүрэн төлж барагдуулсан. ...Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 71-72х/,

- Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр өгсөн:

“...2017 оны 5 сарын 27-ны өдөр болсон ослын талаар мэдэх зүйл байхгүй. Хэн, хаашаа явж байсан талаар мэдэх зүйл байхгүй. Ямартай ч Монгол банкны албан тушаалтнууд ажил үүргээ гүйцэтгэн явж байсан. Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашин Монгол банкны эзэмшлийн автомашин байгаа юм. Ослын улмаас Х.Старекс маркийн хххх улсын дугаартай автомашинд учирсан эвдрэл хохирлыг үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн. Хохирлыг мөнгөн хэлбэрээр бус автомашинтай дүйцэхүйц автомашинаар төлүүлж авсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 79-80х/,

- иргэний хариуцагч Г.Төгсбаярын: “...M.Benz маркийн хххх улсын дугаартай автомашин нь “Петровис вентюр капитал” ХХК-ийн эзэмшлийн автомашин юм. 2017 оны 5 сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө манай компанийн гүйцэтгэх захирал Б.Ш-гийн нөхөр Г.Ө уг машиныг унаж явсан. Г.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Захирал Шинэзаяагаас зөвшөөрөл авч, автомашиныг унаж явсан байсан. Ослын улмаас автомашинд нилээн эвдрэл гэмтэл учирсан байсан. Уг хохирол төлбөрийг Г.Өаас нэхэмжлэхгүй учир үнэлүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Мөн тухайн автомашиныг худалдаж авах хүн байсан болохоор зарж борлуулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 1-р хавтас 119-120х/ баримтаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн 1 дүгээр хавтас 26 дугаар талд шүүгдэгч Г.Өд драйгер багаж үлээлгэн жолоочийн согтуурал шалгахад 0.66 хувьтай, согтууруулах ундаа хэрэглэсэн гэх баримт авагдсан хэдий ч Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/ 131 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж  тогтоох журам”-ын 1.6 дугаар зүйлд “...Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт гэрчээр асуугдсан Б.Б-, Э.С- нарын “...Г.Өыг согтууруулах ундаа хэрэглсэн эсэхийг мэдэхгүй байна”, А.Ядамсүрэнгийн “манай машиныг мөргөсөн бенц маркийн машинд 4 хүн явж байсан ба жолооч, зорчигч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй”, П.Эрдэнэтуяагийн “манай машиныг мөргөсөн бенц машинд 4 хүн яюж байсан ба ямар ч байсан 2 залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шинжтэй байсан, яг ямар залуу гэдгийг нь мэдэхгүй байна”, гэрч Т.Отгончимэгийн “би 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 16:30 цагаас 2017 оны 05 сарын 27-ны өглөөний 09 цаг хүртэл ГССҮТ-ийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэж ажилласан. Намайг үүрэг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд 06:50 цагийн орчимд Зайсангийн Их тэнгэрийн замд зам тээврийн осолд орсон гэх хүмүүс ирж, нэг нь шууд сэхээнд орсон, бусад хүмүүс нь үзүүлсэн. Үзүүлсэн хүмүүсээс архи үнэртсэн зүйл байгаагүй”, А.Цэндсүрэнгийн “...жолооч болон зорчигч нарын согтуурлыг драйгер багажаар үлээлгэн шалгасан ба цусны дээж аваагүй” гэх зэрэг мэдүүлсэн мэдүүлэг баримтуудыг үнэлж, зам  тээврийн осол хэрэгт холбогдсон жолооч Г.Ө нь согтуурулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх нөхцөл байдал хангалттай тогтоогдоогүй үндэслэлээр түүнд урьд сонсгосон ялыг өөрчилж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан тээврийн прокурорын 2019 оны 04 сарын 17-ны 12 дугаартай /хэргийн 2-р хавтас 97-98х/ тогтоолын эрх зүйн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Өы өмгөөлөгч нараас хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн хүнд зэрэгт хамаарах “тархины баруун тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз хэсгийн хатуу хальсан доорхи цусан хураа, тархи дарагдалт” гэснийг хүлээн зөвшөөрч байна, харин хэрэгт авагдсан хохирогчийн ГССҮТ эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт дахь өвчний онош хэсэгт “...баруун чамархайн ясны шугаман далд хугарал” гэмтлийн талаар огт тэмдэглэгдэж тусгаагүй байх тул энэ асуудлыг нэг мөр тодруулах шаардлагатай, мөн хохирогчийн эрүүл мэндэд учирсан тархины гэмтлийн улмаас түүний хөдөлмөрийн чадвар алдалтад цаашид нөлөөлөх эсэх, гэмтлийн дараах үлдэц, хор уршиг нь ямар байх зэрэг асуудлыг тодруулах шаардлагатай үндэслэлээр дахин бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт гаргуулах үндэслэлээр хэргэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлт санал гаргасныг шүүх хүлээн авч хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.

Учир нь: хэрэгт шинжээчээр ажиллаж, дүгнэлт гаргасан ШШҮХ-ийн шинжээч эмч Б.Ундармаа хэргийн хохирогч Ц.Б-ын эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоох шинжээчээр томилогдон  ажиллахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14 дүгээр зүйлд заасан шинжээчийн эрх, үүргийг зөрчсөн талаар хэрэгт мэдээлэл баримтгүй, “Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй, шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон” гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл болон ШШТХ-ийн 19, 20 дугаар зүйлд тус тус заасан нэмэлт болон дахин шинжилгээ хийх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шинжээч нь дүгнэлт гаргахдаа шинжлүүлэгчийг /хохирогч Б.Быг/  өөрийн биеэр үзэж, түүний Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт 2018 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2018 оны 06 сарын 09-ны өдөр хүртлэх хугацаанд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх баримт, түүнд хавсаргасан шинжилгээний баримтууд болох КТГ-ийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн шинжээчийн 14345 дугаартай дүгнэлт гаргасан  талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт тус тус тодорхой мэдүүлсэн /хэргийн 2-р хавтас 221х, шүүх хуралдааны тэмдэглэл/  ба хохирогч Ц.Б- нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдөр “яаралтай журмаар гавал тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсны доорхи цусан хурааг авч, тархи дарагдал чөлөөлөх” мэс ажилбарт орсон, ГССҮТөвийн өвчний түүх баримт дахь /хэргийн 137х, мөн хуудсын ар тал/ “...толгойн томограммуудад гавал ясны баруун чамархай зөрөөгүй шугаман хугаралтай, ...КТГ-н дүгнэлт нь зургийн дүгнэлт болно ...дүгнэлт бичсэн эмч Д.Ундармаа, мөн өдрийн  “Толгойн томограммуудад баруун талын зулай, чамархайн ясанд 8.4 х 7.3 см хэмжээтэй терпенаци хийгдэж, ясаар нөхөгдсөн нүхээр өмнөөс арагш чиглэсэн гуурстай, хийтэй, гавал ясны баруун чамархай шугаман хугаралтай, ...” ...КТГ-н дүгнэлт нь зургийн дүгнэлт болно. ...Дүгнэлт бичсэн эмч Б.Олз-Эрдэнэ” гэсэн мэс ажилбарын өмнө болон дараахи хоёр удаагийн компьютерт томографийн шинжилгээний үзлэгийн дүгнэлтэд хохирогчийн  биед “баруун чамархай ясны шугаман далд хугарал” гэмтэл учирсан талаар тус тус тэмдэглэснийг үгүйсгэх үндэслэл бүхий нотолгоо баримтыг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас хэрэгт гаргаж өгөөгүй байна. /хэргийн 1-р хавтас 137х/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааж хуульчилсан.

 

Шүүгдэгч Г.Ө нь 2017 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 05 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Их тэнгэрийн баруун талын хадан хошууны урд замд Мерседес бенц маркийн хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, мөн дүүрмийн 8.2-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж, Хьюндай старекс маркийн хххх улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гаргаснаас, Мерседес бенц маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Ц.Б-ын эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан  байна.

Хэргийн шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Тээврийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,  үндэслэл бүхий байх тул шүүгдэгч Г.Өыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.  

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч Ц.Б- болон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Д.А-, эд хөрөнгөд хохирол учирсан иргэний нэхэмжлэгч Монгол банк /төлөөлөгч Г.Б-ь/ нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрх бүхий этгээдүүд юм.

 

Шүүгдэгч Г.Ө нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт хохирогч Ц.Б-од 88.417.174 төгрөгийг түүний эмчилгээ, үйлчилгээний зардалд тооцон нөхөн төлсөн, мөн иргэний нэхэмжлэгч Монгол банкны эд хөрөнгийн хохирлыг биет байдлаар буюу ижил төрөл маркийн тээврийн хэрэгсэл өгч барагдуулсан, Д.А-ийн эмчилгээний зардлын 4.0 сая гаран төгрөгийг нөхөн төлсөн хэмээн  хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тус тус мэдүүлж, тэдгээр нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” тухайгаа илэрхийлсэн /хэргийн 1-р хавтас 71-72х, 79-80х, 2-р хавтас 124х/ баримттай байна. 

 

Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгч Г.Өаас гаргуулах баримт бүхий хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

Шүүгдэгч Г.Ө нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 1-р хавтас 224х/ байна.

 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч Г.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршгийг нөхөн төлсөн байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, нэр бүхий хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журам зохицуулалтыг журамлан хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.  

 

Шүүх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахыг 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.  

 

Шүүгдэгч Г.Ө нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 

                                                            ТОГТООХ нь:

 

1. Ховогт Г-ын Ө-ыг Автотээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан Г.Өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнссэн 01 /нэг/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч, биелэлтэнд нь хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Энэ хэрэгт Г.Ө нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Б, иргэний нэхэмжлэгч Д.А-, Г.Б-ь /Монгол банк/ нар нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Г.Өы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч,  иргэний нэхэмжлэгч, хариуцагч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                С.БАЗАРХАНД