| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0002/Э |
| Дугаар | 005 |
| Огноо | 2019-12-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 005
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овогт Б-н О, Х овогт Э-ны Б нарт холбогдох эрүүгийн 19100 2642 0932 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Х.Эрдэнэтуяа, шүүгдэгч /хохирогч/ Б.О, шүүгдэгч /хохирогч/ Э.Б нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б-н О /РД: /,
2. Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Э-ны Б /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
1. Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны 3 тоотод хүүхдийн үсний найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Быг “худлаа хэллээ” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь маажиж, эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөгний дээр, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хамар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,
2. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны 3 тоотод хүүхдийн үсний найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отай маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, толгой хэсэг рүү нь цохиж, үснээс нь зулгаах, самардах зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хэвлийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, цээж, дал, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, дух, эрүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.О, Э.Б нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, тус тус өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад би үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргасан байгаа. Надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй. Бид хоёр Хар хорин зах дээр хамт худалдаа хийдэг. Тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болж ийм асуудал гарсан байх. Би хийсэн хэрэгтээ харамсаж байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүгдэгч Э.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Мөрдөн шалгах ажиллагааны явцад би үнэн зөв мэдүүлэг тайлбар гаргасан. Надад шүүхэд нэмж хэлэх зүйл байхгүй байна. Тухайн өдөр Должинхандын нөхөр надад “зайл” гэж хэлэх шиг болсон. Тэгээд би Од энэ тухай хэлэхэд О дүүтэйгээ маргаж байснаа намайг “чи худал хэлээд байгаа биш үү” гээд над руу дайрч, маргаан гарсан юм. Би одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна. Өөрийгөө хянаж, ийм асуудал гаргахгүй байх боломжтой байсан.” гэсэн мэдүүлэг,
3. Хохирогч Б.Оаас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө би гадаа гараад ирэхэд Б нь уйлаад зогсож байхаар нь “яасан бэ” гэхэд “танай дүүгийн нөхөр намайг зайл” гэж хэллээ гэхээр би гэрт орж хүргэн дүүтэйгээ маргалдаад гараад ирсэн. Тэгэхэд Б надад “би албаар тэгж хэлсэн юм” гэхээр нь би уурлаад, бид хоёр маргалдаж, барьцалдаж аваад байж байхад манай дүү, нөхөртэйгээ хамт ирээд салгасан.
Тэгээд би нөхөртэйгээ цуг харьж явахад Б нь гүйж ирээд, бид хоёр зодолдсон. Б миний араас үсдэж, унагааж гараараа цохиж зодсон. Миний нүүр, хөл шалбарсан байсан. Би тухайн үед эмчилгээ хийлгээгүй, тос түрхээд ердийн явцаар гэмтэл эдгэрсэн. Нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлэг,
4. Хохирогч Э.Баас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдөр хүүхдийн үсний найран дээр энэ асуудал болсон. Бүгд тухайн өдөр ууж идсэн, согтолттой байсан. Тэгээд “би явлаа шүү” гэж хэлэхэд Должинхандын нөхөр нь гэх залуу намайг “зайл” гэж хэлсэн. Тэгээд би Од энэ тухай хэлснээс маргаан үүссэн.
Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна, миний нүүрэн тус газар гэмтэл учирсан байсан. О миний нүүрийг самардаж, үснээс зулгаасан. Бас гараараа цохиж зодсон. Нэхэмжлэх төлбөр байхгүй, гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2642 0932 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.Бын хохирогчоор өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдөр Хар хорин захад наймаа хийдэг хүмүүсийн хамт Гантөр гэж хүний хүүхдийн үсний найранд очсон. Тэр айлд О бас очсон байсан ба Оы төрсөн дүүгийнх нь гэр юм байна лээ. Бид нар бүгд л архи ууцгаасан бөгөөд бага зэргийн согтолттой байсан. Ингээд найр тарах дөхөөд би явах гээд Гантөр гэж хүнд хандан “би явлаа шүү” гэхэд “зайл” гэж хэлэх шиг болсон. Тэгэхээр нь би уг айлаас гараад гомдоод зогсож байхад О дотроос гарч ирээд “яасан бэ” гэхээр нь би “танай дүү чинь намайг хөөлөө, зайл гэж хэллээ” гэхэд О уурлаад, дүүтэйгээ маргаад байсан. Бас намайг “худлаа хэллээ” гэж бариад авахад тэнд байсан хүмүүс салгасан. Ингээд хашаанаас гарч явж байгаад Отай таараад хоорондоо зодолдсон. Би Оы нүүр болон гар хөл рүү нь цохисон, харилцан зодолдсон болохоор яг хаана цохисоноо мэдэхгүй байна. О миний нүүрийг маажсан, мөн цохисон. Тэгэхэд хажуу талаас Оы нөхөр салгасан юм.
Би шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээний зардлын баримт байхгүй, миний бие өөрөө эдгэрсэн. О бид хоёр уулзаж, хоорондоо учир зүйгээ олсон. Тийм болохоор надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Маргах зүйл байхгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 13-14х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оы хохирогчоор өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдөр Хар хорин зах дээр худалдаа хийдэг хэсэг хүмүүсийн хамт Гантөрийн хүүхдийн үсний найранд Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэрт очсон. Ингээд бид нар бага зэрэг архи ууцгаасан. Тухайн үед хамт худалдаа хийдэг Б ирсэн байсан юм. Шөнө тарах цаг болж байхад би гэрээс гарахад Б гадаа уйлаад сууж байхаар нь “яагаад уйлаад байгаа юм бэ” гэхэд “би танай хүргэн Гантөрд гомдсон, намайг хувцсаа аваад зайл” гэж хэлсэн гэхээр би гэрт ороод Гантөрд уурлаад “чи яагаад хүн хөөгөөд байгаа юм бэ” гэхэд “би тэгж хэлээгүй” гэсэн.
Энэ үгнээс болж би Гантөртэй хашаан дотор маргалдаж байгаад, Бд хандаж “чи худлаа яриад байгаа юм биш үү” гэхэд “чамд хамаагүй асуудал” гэхээр нь миний уур хүрээд, Б бид хоёр барилцаж автал хажуунаас манай дүү Должинханд салгасан. Тэгээд би хашаанаас гараад гэрлүүгээ нөхөрийн хамт алхаж байхад Б араас гүйж ирээд миний нүүр болон гар, хөл гээд бараг л бүх газар цохисон. Харин би Бын нүүр лүү нь цохиж, үснээс нь зулгаасан бас самардсан. Энэ үед нөхөр маань салгасан.
Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал хүсэлт байхгүй. Надад эмчилгээний баримт байхгүй. Б бид хоёр бие биенийгээ таних хүмүүс, хоорондоо уулзаад учир зүйгээ олцгоосон байгаа. Тийм болохоор гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 18-19х/,
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Гансүхийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдөр манай эхнэр Оы төрсөн дүү Должинхандын хүүхдийн үсний найр нь болсон бөгөөд эхнэр маань дүүгийнхээ ажилд нь тусалж гэрт нь өнжсөн. Ингээд би орой гэрт нь очоод байж байхад 22 цагийн үед гаднаас Хар хорин зах дээр наймаа хийдэг хүмүүс бүгд ирцгээсэн. Ингээд бүгд л ууж идсэн. Гэтэл эхнэр маань Б гэдэг эмэгтэйтэй маргалдаад барилцаад авсан байхад нь Должинханд, бид хоёр салгасан. Тэгээд эхнэрээ аваад гэрлүүгээ алхаж байхад хойноос Б гүйж ирээд шууд эхнэрийг үснээс нь татаж унагасан. Тэгээд л тэр хоёр босож ирээд нэг нэгийгээ самардаад нүүр, толгой, гар, хөл гээд бараг л бүх газраа цохилцоод байсан. Би салгах гэсэн боловч үнэндээ хүч хүрээгүй.
Тэр хоёр бие биенийхээ үснээс барьчихаад таталцаад байгаа болохоор хамаагүй салгавал үс нь туг тугаараа уначихна гэж бодоод салгаагүй л дээ. Тэгээд би арай хийж эхнэрээ салгаад, буцаад Должинхандын гэрт нь ирсэн. Тэгэхэд Б цаашаа явчихсан. Тэр хоёр хоёулаа согтуу байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 21х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Должинхандын гэрчээр өгсөн:
“...2019 оны 10 сарын 30-ны өдөр манай хүүхдийн үсний найр болсон бөгөөд хамт Хар хорин зах дээр наймаа хийдэг хүмүүсийг урьсан юм. Уг хүмүүс орой 22 цагийн орчим ирцгээсэн ба дунд нь Б ирсэн байсан. Харин эгч маань манайд ирээд надад тусалж байсан. Ингээд бүгд идэж ууцгаасан, архи уусан. Мөн би хүмүүст үйлчлээд маш их ядарсан байсан тул орон дээр унтсан.
Гэнэт л манай эгч намайг дуудаж сэрээгээд “танай найз нөхөд чинь чамайг гээд ирж байхад чи унтаад өгчих юм, гадаа Б уйлаад сууж байна” гэхээр нь би хэсэг хугацааны дараа гарахад эгч Бтай барилцаад зогсож байсан. Тэгээд би голоор нь орж салгасан. Эгч, нөхөр Гансүхийн хамт гэрлүүгээ харихаар явахад араас нь Б гүйгээд явсан. Удалгүй эгч буцаж орж ирэхдээ зодуулсан байдалтай орж ирэхээр нь “юу болсон” талаар асуухад “танай найз Б чинь намайг зодчихлоо” гэсэн. Тухайн үед миний харсанаар эгчийн гарыг самардаад хөхрүүлсэн байсан. Тэр хоёр хоёулаа л согтуу байсан, гэхдээ яахаа алдаж унаж тусаагүй л байсан даа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 23х/,
5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13554 дугаартай:
1. Б.Оы биед хэвлийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, цээж, дал, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019.10.31-ний өдөр үүссэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 27х/,
6. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13288 дугаартай:
1. Э.Бын биед дух, баруун хөмсөгний дээр, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хамар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 31-32х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.Бын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд Хар хорин зах дээр наймаа хийдэг бөгөөд 2019 оны 10 сарын 30-ны өдөр наймаа хийдэг хүмүүсийн хамт Должинхандын хүүхдийн үсний найранд очиж, жоохон архи дарс уусан. Ингээд орой явах гээд айлын эзэнд нь явах гэж байгаагаа хэлэхэд “зайл” гэж хэлэх шиг болсон. Тэрнээс болж маргаан гарах шалтгаан болсон.
Тэгээд хашааны гадна О бид хоёр маргалдаж харилцан зодолдсон. Би Оыг ч цохиж зодсон, О ч намайг цохиж зодсон. ...Оы бид хоёр учир зүйгээ олсон учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 56х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Б.Пүрэвбаярын мэдүүлэг /хэргийн 24-25х/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 38х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 42х/, шүүгдэгч Э.Баас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 61х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Оы яллагдагчаар өгсөн:
“...Би яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 сарын 30-ны өдөр миний төрсөн дүү Должинхандын хүүхдийн үсний найр нь болж, Хар хорин зах дээр наймаа хийдэг хүмүүс ирсэн бөгөөд тэр дунд Б ирсэн байсан. Бид нар бүгд л ууж идсэн бөгөөд Бын худал хэлсэнээс болж энэ хэрүүл гарах үндэс болсон л доо.
Ингээд хашаан дотор Бтай маргалдаж барилцан авч салчихаад, гэртээ харьж байхад араас Б ирж үснээс зулгааж нүүр, ам, гар, хөл гээд бүх газар цохисон. Би ч бас уурандаа Быг зодсон. Бид хоёр харилцан зодолдсон. Энэ үед манай нөхөр миний хажууд байсан болохоор бид хоёрыг салгасан. Надад нэмж шалгуулах зүйл байхгүй. Б бид хоёр хоорондоо эвлэрч, бие биенийгээ уучилсан байгаа. Иймд хэргийг түргэн шуурхай шийдэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 35х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 37х/, шүүгдэгч Б.Оаас өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай Прокурорын шатанд гаргасан хүсэлт /хэргийн 62х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Түүнчлэн тухайн хэргийн хувьд шүүгдэгч Э.Б, Б.О нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн хохирогч Э.Б, Б.О нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон нэхэмжлэх зүйлгүй тухайгаа илэрхийлж, хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураар эвлэрснээр тэдгээр нь хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг /хэргийн 61-62х/ 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 229 дугаартай прокурорын тогтоолоор хянан шийдвэрлэж, хүлээлгэвэл зохих эрүүгийн харицлагын талаарх прокурорын саналыг хохирогч, шүүгдэгчид тус тус танилцуулан Э.Б, Б.О нарт холбогдох эрүүгийн 19100 2642 0932 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арвандолдугаар бүлэг дэх “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Б, Б.О нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
1. Шүүгдэгч Б.О нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны 3 тоотод хүүхдийн үсний найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.Быг “худал хэллээ” гэж уурлан маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь маажиж, эрүүл мэндэд нь “...дух, баруун хөмсөгний дээр, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хамар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан,
2. Шүүгдэгч Э.Б нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 20 дугаар гудамжны 3 тоотод хүүхдийн үсний найранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Отай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний нүүр, хөл, толгой хэсэг рүү нь цохиж, үснээс нь зулгаах, самардах зэргээр зодож, эрүүл мэндэд нь “...хэвлийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, цээж, дал, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, дух, эрүүнд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Э.Б /хэргийн 13-14х/, Б.О /хэргийн 18-19х/ нарын мэдүүлэг, гэрч Ц.Гансүх /хэргийн 21х/, Б.Должинханд /хэргийн 23х/ нарын мэдүүлэг,
- хохирогч “...Б.Оы биед хэвлийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, цээж, дал, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, дух, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх 2019.10.31-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13554 дугаартай дүгнэлт /хэргийн 27х/,
- хохирогч “...Э.Бын биед дух, баруун хөмсөгний дээр, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хамар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.” гэсэн ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 13288 дугаартай дүгнэлт /хэргийн 31-32х/ болон шүүгдэгч Э.Б, Б.О нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн /хэргийн 50х, 56х/ мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд хохирогч Б.Оы биед учирсан “...хэвлийд цус хуралт, зулгаралт, зүүн тохойнд зулгаралт, зүүн бугалга, цээж, дал, зүүн шуунд цус хуралт, баруун, зүүн гуянд цус хуралт, баруун өвдөг, дух, эрүүнд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.Б түүнийг цохиж зодсон,
хохирогч Ж.Бын биед учирсан “дух, баруун хөмсөгний дээр, баруун доод зовхи, зүүн дээд зовхи, зүүн шанаа, хамар, эрүү, хүзүү, баруун чихэнд зулгаралт, баруун нүдний дээд зовхинд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Б.О түүнийг цохиж зодсон үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон байна.
Нэр бүхий шүүгдэгч нарын дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Б, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдний гэм буруутай үйлдэлд нь тохирсон байна.
Хэргийн шүүгдэгч Э.Б, Б.О нар нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, мөн тэдгээр нь хохирогчийн хувьд “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр эвлэрэн хэлэлцсэн” үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Дээр дурьдсан үндэслэлээр шүүх шүүгдэгч Э.Б, Б.О нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн харицлага хүлээлгэх үндэслэлтэй.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Э.Б, Б.О нар нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэдгээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ тус тус “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, харилцан эвлэрч учир зүйгээ олж ойлголцсон” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч Э.Б, Б.О нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцож төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.Б, Б.О нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй тухай хэргийн 37, 42 талд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт авагдсан ба энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хуульд заасан үндэслэл болно.
Нэр бүхий шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох юм.
Шүүгдэгч Э.Б, Б.О нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болохыг шүүх тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, тэдгээр нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал зэргийг тус тус харгалзан, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх саналын хүрээнд Э.Б, Б.О нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял шийтгэх нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.Б, Б.О нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Б-н О, Х овогт Э-ны Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б, Б.О нарт тус бүрийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Б, Б.О нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан нарт анхааруулж мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Э.Б, Б.О нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.О, Э.Б нар нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Э.Б, Б.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД