| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2019/0759/Э |
| Дугаар | 008 |
| Огноо | 2020-01-02 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 008
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт М-ийн Гид холбогдох эрүүгийн 19030 0881 0440 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Э.Намуун /тээвэр/,иргэний хариуцагч Г.О, шүүгдэгч М.Г, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, техникийн шинжээч Н.Шинэбаатар нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1978 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 сарын 30-ны 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг журамлан уг ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзах хугацаа тогтоож шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай Э овогт М-ийн Г /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 7 сарын 29-ний өдөр 22 цаг 30 минтуын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Тоёота Приус-20 маркийн, хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч М.Гоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би 2019 оны 7 сарын 29-ны өдрийн 21 цаг 30 минутын үед Төв аймгийн Сэргэлэн сум ороод буцаж явсан. Буянт-Ухаа 2 хорооллын зам дээр гэнэт нэг хүн гараад ирсэн. Би тоормосоо гишгээд жолоогоо баруун тийш дарсан боловч зогсож чадаагүй явган зорчигчийг мөргөсөн. Тэгээд машинаасаа буун цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тухайн үед бороотой байсан болохоор хохирогчийг гүйгээд гараад ирэхэд тулж ирээд харсан. Би зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байсан. Тухайн үед бороотой байсан, үзэгдэх орчин муу байсан. Зам гэрэлтүүлэгтэй байсан.
Осол гаргах үед жолоодон явсан Тоёота Приус-20 маркийн, хххх улсын дугаартай автомашин нь миний охин Оюунцолмонгийн эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл юм. Би уг тээврийн хэрэгслийг байнга ашиглаж, эзэмшдэг байсан. Ослын улмаас машины урд шил, гуфер, их гэрэл хагарсан. Осол хэрэг гарах үед манай гэр бүлийн хүн надтай цуг явж байсан. Би тухайн үед 50 км/цаг хурдтай явж байсан юм. Миний хувьд өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Хохирол төлбөрт 11.250.000 орчим төгрөг төлж барагдуулсан. Уг зам тээврийн осол миний буруутай үйлдлээс гарсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Г.Огоос өгсөн:
“...Тоёота Приус-20 маркийн, хххх улсын дугаартай автомашин нь миний нэр дээр байдаг машин юм. Иргэний хариуцагчийн хувьд хохирогчийн талаас нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Уг хохирлыг манай аав Гүрдорж өөрөө төлсөн. Машинд учирсан эврэл гэмтэлтэй холбоотой гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,
3. Шүүхийн хэлэлцүүлэгт техникийн шинжээч Н.Шинэбаатараас өгсөн:
“...Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан давуу эрх гэсэн ойлголт нь бусад замын хөдөлгөөнд оролцогчоос урьдаж хөдөлгөөн хийх эрх бөгөөд явган зорчигч гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч буй тохиолдолд өөрийн үзэгдэх хүрээнд ойртон ирж яваа тээврийг хэрэгслийг өнгөрүүлсэний дараа буюу тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөд, дараагаар нь зам эгц хөндлөн гарах ёстой. Харин явган хүний гарц буюу гарамтай газарт дээр явган зорчигч давуу эрхийг эдэлнэ.
Тухайн хэргийн хувьд уг зам тээврийн осол нь явган хүний гарц, гарамгүй газарт болсон байдаг. Хэрэв гарцан дээр осол болсон бол явган зорчигч давуу эрхийн дагуу эхэлж зам хөндлөн гарах бөгөөд түүнд тээврийн хэрэгсэл жолоодон яваа жолооч зам тавьж өгөх үүрэгтэй. Тэгэхээр явган зорчигчийн буруутай үйлдэл тухайн зам тээврийн осол гарах нөхцөл байдлыг үүсгэсэн ба энэ талаар дүгнэлтэд тусгасан байгаа.
Мөн осолд холбогдсон явган зорчигч нь хүчтэй зэргийн согтолттой байсан талаар хэрэгт дүгнэлт гарасан байдаг. Энэ нь осолд нөлөөлсөн эсэхийг технизийн шинжээчийн хувьд хэлж мэдэхгүй байна. Уг хүний биеийн онцлог, архи даах чадвар зэргээс шалтгаалж явган зорчигч нь өөрөө биеэ авч явж чадаж байсан эсэхтэй холбож дүгнэх байх.
Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд энэ талаар буюу явган зорчигч согтуугаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон заалт зохицуулалт байхгүй. Хэрэв тээврийн хэрэгслийн жолооч М.Г нь бага хурдтай явж байсан бол зам тээврийн ослын хор уршиг бага үүсэх байх гэж бодож байна. осол хэрэг гарсан тухайн өдөр бороотой байсан учир зам дээр машины дугуйн мөр үүсээгүй байсан тул тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байсан. Тийм ч учраас дүгнэлт гаргахдаа жолооч “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна “гэсэн ЗХД-ийн 12.2 даалтыг зөрчсөн гэж дүгнэлт гаргасан.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19030 0881 0440 дугаартай хэргээс:
1. Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг драйгер багаж үлээлгэн шалгахад 0% тоон үзүүлэлт илэрч, согтууруулах ундаа хэрэглээгүй болохыг тогтоосон тэмдэглэл баримт /хэргийн 06х/,
2. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 09-11х, 12х, 13-18х/,
3. Цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 19-23х/,
4. Х овогт Б-ийн Б нь 2019 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн нутагт авто ослоор нас барсныг 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нас барсны бүртгэлийн 4183 дугаарт бүртгэж, №0000238880 дугаартай гэрчилгээ олгосон баримт /хэргийн 126х/,
5. Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1665 дугаартай дүгнэлтэд:
Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:
1/. Авто осол: Гавал тархи, цээж, мөчдийн хавсарсан гэмтэл: дагзны төвгөрийн дээд хэсгээс суурийн баруун арын хонхор дайрч баруун чулуулаг хүрсэн хугарал, дагзны төвгөрийн дээд хэсгээс зүүн дээш 3.5 см, урагш зүүн чамархай ясыг дайрч, зүүн чулуулаг хүрсэн хугарал. Баруун, зүүн дух, чамархай, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн чамархайн тархины эдийн няцрал. Бага тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал. Элэгний язрал. Дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт. Баруун атгаал ясны далд хугарал. Нүүр, их бие мөчдийн зулгаралт.
2. Цээжний хөндийн цус алдалт /1700мл/, дотор эрхтний цус багадалт: Шокын бөөр.
3. Хүчтэй зэргийн согтолт.
Дүгнэлт:
1.Талийгаачийн цогцост шинжилгээгээр дагзны төвгөрийн дээд хэсгээс суурийн баруун арын хонхор дайрч баруун чулуулаг хүрсэн хугарал, дагзны төвгөрийн дээд хэсгээс зүүн дээш 3.5 см, урагш зүүн чамархай ясыг дайрч, зүүн чулуулаг хүрсэн хугарал, баруун, зүүн дух, чамархай, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн тархины эдийн няцрал, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал, элэгний язрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, баруун атгаал ясны далд хугарал, нүүр, их бие мөчдийн зулгаралт гэмтлүүд тогтооогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
4. Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болно.
5. Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн тэмдэглэлд: 2019.07.30-ны 05 цаг 50 минутын байдлаар нас бараад 6-8 цаг болсон байна гэжээ.
6. Талийгаач нь О/I/ бүлгийн цустай байна. Талийгаач нь нас барах үедээ хүчтэй зэргийн согтолттой байжээ.” гэсэн шинжээчийн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргасан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 38-42х/,
6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Г хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн.
“...Талийгаач Б.Б- нь миний дунд ах байгаа юм. Налайх дүүрэгт аав, ээж нарын хамт амьдардаг байсан. “Эко Алтан Заамарт” ХХК-д засварчин хийдэг байсан ба техникт их сонирхолтой хүн байсан. Эхнэр, хүүхэд байхгүй, гэрлэж байгаагүй хүн. Бусдад их тусархуу.
Тухайн осол болсон талаар бид 23 цагийн орчимд мэдсэн. Тухайн өдөр ах манай гэрээс гараад, 22 цаг 10 минут өнгөрч байхад манай эгч Б.Баасанжаргалын гэрт орсон. Тэндээсээ хотын төвд хүнтэй уулзаад ирнэ гэж хэлээд гараад явсан байсан. Манай дүү Ганхүү тухайн үед эгчийн балкон дээр зогсож байхад талийгаач байшингаас гарч явж байгааг харсан, зам дээр машины дугуй хагарах шиг болж дуу чимээ гарч, осол болсон газар очиж үзээд, бид нарт ирж мэдэгдсэн юм.
Бид буяны зардалд нийт 9.470.430 төгрөг зарцуулсан. Талийгаач Хаан банкнаас 8.914.262 төгрөгийн зээл авсан, одоо 8.412.609 төгрөгийн үлдэгдэл байгаа. Эдгээр мөнгийг осолд холбогдогчоос нэхэмжилнэ. Тухайн жолооч нь оршуулгын зардалд 200.000 төгрөгийг манай ээж Отгонд бэлнээр өгсөн байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 29-30х/,
7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Огийн иргэний хариуцагчаар өгсөн.
“...Би зам тээврийн ослын талаар нарийн сайн мэдэх зүйл байхгүй. Т.Приус маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшилд байдаг машин юм. Энэ ослын улмаас машины урд салхины шил, буфер, бусад зүүн талын хэсэг хонхойж чихэгдсэн байсан, гэхдээ надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийг манай аав М.Г байнга унадаг, би хааяа унадаг юм.
Ослын улмаас бусдад учирсан хохирлыг би төлж барагдуулна. Миний машин 2019 оны 3 сарын 29-ний өдөр оношилгоонд орсон, бүрэн даатгалтай. Надад өөр хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ё.Сарантуяагийн гэрчээр өгсөн.
“...2019 оны 7 сарын 29-ний өдөр 17 цаг өнгөрч байхад манай нөхөр М.Г Т.Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, би жолоочийн хажуу талын сандал дээр суугаад Төв аймгийн Сэргэлэн сум ороод, буцаад машинаа нөхөр жолоодон гэрлүүгээ харьж явсан. Тухайн үед Айдсийн даваа өнгөрөөд, унтаж байхад гэнэт хүчтэй чимээ гарч, манай нөхөр “би хүн дайрчихлаа” гээд машинаас буугаад гүйсэн.
Би араас нь машинаас буугаад гараад очиход явган зорчигч зам дээр доош харан хэвтэж байсан. Тэгээд бид хоёр хххх дугаарын гар утсаар 103 дуудсан ба удалгүй цагдаа ирж, хэргийн газрыг хамгаалсан. Мөн түргэний машин ирээд, эмч нь “явган зорчигчийг нас барсан байна” гэж хэлээд, цагдаад нэг бичиг үлдээгээд явсан. Дараа нь цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн. Осол болох үед зам орчин хөдөлгөөн сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй, гэрэлтэй байсан. Жолооч дуут дохио өгсөн эсэхийг мэдэхгүй, мөн хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 36х/,
9. “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 265 дугаартай дүгнэлт:
“... Хариулт-1. Уг автотээврийн хэрэгслийг тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд хоёр дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зогсоолын тормоосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ хэвийн байна. Дугуйны хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ, ойр дээрээ стандартын шаардлага хангаж байна. Баруун гар талын холын гэрлийн тохиргоо өөрчлөлттэй, ойрын гэрлийн тохиргоо хэвийн, зүүн гар талын хол, ойрын гэрэл асахгүй байна. Нэгдүгээр болон хоёрдугаар тэнхлэг дээрх дугуйнуудын марк, хээ, хэмжээс нь ижил байна. Автотээврийн хэрэгслийг БНСУ-д үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан үзлэг хийхэд: хөдөлгүүр, хурдны хайрцаг, хүч дамжуулах анги, жолооны механизм, явах эд анги бэхэлгээ хэвийн, жолооны удирдлагын дамжуулга, татуурга, өндгөн тулгуурууд холхио ороогүй, бэхэлгээ нь хэвийн байв.
Ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Капот зүүн гар талдаа хонхойж, нугарсан, урд буфер зүүн гар талдаа хагарч, салсан, зүүн гар талын их гэрлийн шил, гэр хагарч бутарсан, зүүн гар талын урд их гэрлийн бэхэлгээ панель төмөр гулзайсан, зүүн гар талын урд крыло үзүүр хэсгээрээ нугарсан, урд салхины шил зүүн гар талдаа бяцарч, цөмөрсөн, зүүн гар талын урд багана хонхойж сэвтсэн, зүүн гар талын шил арчигч гулзайсан, зүүн гар талын урд оврын гэрэл, хол, ойрын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт-2. Баруун гар талын холын гэрлийн тохиргоо өөрчлөлттэй, капот зүүн гар талдаа хонхойж, нугарсан, урд буфер зүүн гар талдаа хагарч, салсан, зүүн гар талын их гэрлийн шил, гэр хагарч бутарсан, зүүн гар талын урд их гэрлийн бэхэлгээ панэль төмөр гулзайсан, зүүн гар талын урд крыло үзүүр хэсгээрээ нугарсан, урд салхины шил зүүн гар талдаа бяцарч, цөмөрсөн, зүүн гар талын урд багана хонхойж сэвтсэн, зүүн гар талын шил арчигч гулзайсан, зүүн гар талын урд оврын гэрэл, хол, ойрын гэрэл асахгүй зэрэг эвдрэл гэмтэлтэй байна.
Хариулт-3. Капот зүүн гар талдаа хонхойж, нугарсан, урд буфер зүүн гар талдаа хагарч, салсан, зүүн гар талын их гэрлийн шил, гэр хагарч бутарсан, зүүн гар талын урд их гэрлийн бэхэлгээ панэль төмөр гулзайсан, зүүн гар талын урд крыло үзүүр хэсгээрээ нугарсан, урд салхины шил зүүн гар талдаа бяцарч, цөмөрсөн, зүүн гар талын урд багана хонхойж сэвтсэн, зүүн гар талын шил арчигч гулзайсан, зүүн гар талын урд оврын гэрэл, хол, ойрын гэрэл асахгүй гэмтэл нь ослын үед үүссэн шинэ гэмтлүүд байж болох тул осол гарахад нөлөөлөхгүй.
Баруун гар талын холын гэрлийн тохиргоо өөрчлөлттэй байгаа нь ослоос өмнө үүссэн гэмтэл байж болох бөгөөд тухайн зэм тээврийн ослын үед орчны гэрэлтүүлэг ямар байсан, замын гэрэлтүүлэг хэвийн эсэх, гэрлийн байрлал хол, ойрын алинд байсан зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалах тул осол гарахад нөлөөлсөн эсэхийг тодорхойлох боломжгүй.
Хариулт-4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгын ABS тоормосны системтэй. Урд ба хойд хоёр дугуйн тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангасан, мөн тоормосны системийн битүүмж алдагдаагүй, ABS систем хэвийн ажиллаж байсан. Зогсоолын тоормос хэвийн байгаа.
Хариулт-5. Тоормосны систем нь хийн, хий буюу шингэн дамжуулгатай тоормосны системтэй үед замын нөхцөл байдал, тээврийн хэрэгслийн хурднаас шалтгаалахгүйгээр тоормосны дөрөө дээр гишгэх хүчнээс шалтгаалж зам дээр тоормосны мөр үүснэ. Харин ABS тоормосны системтэй автомашины хувьд тоормос гишгэх үед замын гадаргуугийн байдал, автомашины хурд, тоормосны дөрөө дээр гишгэх хүч, ачаа ачсан зэргээс шалтгаалж тасалдсан мөр зам дээр үүсдэг.
Хариулт-6. Уг автотээврийн хэрэгслийн спидометр хэвийн ажиллаж байсан.” гэсэн дүгнэлт, дүгнэлтэд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд болон техникийн хяналтын дүгнэлтийн хуудас №33253 баримт /хэргийн 48-54х/,
10. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 327 дугаартай тоот:
1. Toyota Prius маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.Г нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2. Явган зорчигч Б.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Осол хэрэг гарахад нөлөөлсөн бусад шалтгаан тогтоогдохгүй байна.
4. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
5.6. Өмгөөлөгч А.Отгонжаргалын асууулт: Toyota Prius маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй болно.
7. Өмгөөлөгч Х.Даваахүүгийн асуултууд:
8. Явган зорчигч явганы гарцаар гарсан бол давуу эрхтэй, гарцгүй газраар гарсан бол жолооч давуу эрхтэй. (МУ-ын ЗХДүрэмд)
9. Зам тавьж өгөх этгээд замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу зам тавьж өгөх үйлдлийг зөв гүйцэтгэсэн бол тухайн зам тээврийн осол гарах байсан эсэхэд шинжээчийн зүгээс хариулах боломжгүй болно.
10. Автотээврийн үндэсний төв, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн шинжээчийн дүгнэлтийн 5 дугаар хариултаар хариулсан байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 56-57х/,
11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч Н.Шинэбаатарыг байцаасан тэмдэглэлд:
“...Тухайн автомашины хурдыг тогтоох боломжгүй. Шинжээч 3 асуулт асуусан байсан ба түүний 8, 10 дугаар асуултанд хариулсан байгаа. Харин 9 дүгээр асуулт нь тухайн осол болох болохгүйг урьдчилсан байдлаар мэдэж хариулах боломжгүй, өөрөөр хэлбэл хийсвэр асуулт юм.
Харанхуй үед тохиромжтой хурдаа сонгож яваагүйгээс зам тээврийн осол гаргаж, хүний амь нас хохироосон гэдгийг нь хэргийн газрын үзлэг, схем зураг, фото зургийн үзүүлэлтээс дүгнэсэн. Сонгож явах хурд нь тухайн явган зорчигчийг харах боломжтой, хараад хурдаа сааруулах самбаачлах боломжтой хурдыг хэлж байгаа юм. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 58х/,
12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад техникийн шинжээч Э.Золбоог байцаасан тэмдэглэлд:
“...Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 265 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Тус дүгнэлтэд тусгагдсанаар Т.Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун гар талын гэрлийн шил болон гэр ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй бөгөөд HEADLIGHT TESTER 12999/L2/R маркийн гэрлийн багажаар шалгаж үзэхэд гэрлийн тохиргоо өөрчлөлттэй байсан нь ослын өмнө, дараа үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 59х/,
13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-аас гаргасан амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо баримтууд /хэргийн 89-114х/,
14. Шүүгдэгч М.Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн:
“...2019 оны 7 сарын 29-ний өдрийн орой 22 цаг 30 минутын үед Төв аймгаас Т.Приус-30 маркийн хххх улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд ертөнцийн зүгээр урдаас хойш чигт зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байхад гэв гэнэт ертөнцийн зүгээр баруунаас зүүн миний зүүн гар талаас нэг цагаан хувцастай хүн гүйгээд зам руу ороод ирсэн.
Би шууд тоормос гишгээд баруун гар талруу дараад, явган зорчигчийг машины зүүн талын урд гэрэл хэсгээр мөргөсөн. Цааш яваад зорчих хэсгийг чөлөөлж зогссон ба 1 дүгээр эгнээнд машинаас буугаад явган зорчигч дээр гүйж очоод өөрийн эзэмшлийн хххх дугаарын гар утсаар эмнэлэг, цагдаа дуудсан. Цогцосны урд хэсэгт ослын тэмдэг байрлуулсан. Удаагүй түргэний эмч ирээд, явган зорчигчийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. Мөн цагдаагийн бүрэлдэхүүн ирээд хэмжилт хийсэн.
Би явган зорчигчийг тулаад харсан, маш хурдтай гүйгээд ороод ирсэн. Зам гэрэлтүүлэгтэй, нойтон, замын хөдөлгөөн дунд зэрэг, үзэгдэх орчин чөлөөтэй байсан. Би зөөлөн явсан, гэхдээ хэдэн км цагийн худтай явсанаа сайн санахгүй байна. Миний унаж явсан тээврийн хэрэгсэл миний охин Оюунцолмонгийн нэр дээр байдаг. Тухайн өдөр би эхнэр Сарантуяагийн хамт явж байсан, гэмтэж бэртсэн хүн байхгүй. Би хохирогчийн ар гэрт 9.475.000 төгрөг төлсөн байгаа.” гэсэн мэдүүлэг /хэргийн 132-133х/ болон түүний хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х/, Нийслэлийн шүүхийн 2002 оны 5 сарын 30-ны өдрийн 66 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 72-79х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 80х/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 82х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 85х/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг хүлээсэн эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх ба шүүх эдгээр баримтуудыг үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 7 сарын 29-ний өдөр 22 цаг 30 минтуын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Тоёота Приус-20 маркийн, хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан ба уг ослын улмаас явган зорчигч Б.Б- нь биедээ “...дагзны төвгөрийн дээд хэсгээс суурийн баруун арын хонхор дайрч баруун чулуулаг хүрсэн хугарал, дагзны төвгөрийн дээд хэсгээс зүүн дээш 3.5 см, урагш зүүн чамархай ясыг дайрч, зүүн чулуулаг хүрсэн хугарал, баруун, зүүн дух, чамархай, дух, чамархайн суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн тархины эдийн няцрал, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гол судасны уруудах хэсгийн бүрэн бус тасрал, элэгний язрал, дотор эрхтнүүдийн холбоос дагасан цус хуралт, баруун атгаал ясны далд хугарал, нүүр, их бие мөчдийн зулгаралт...” бүхий гэмтэл авч, улмаар дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас барсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан нотлох баримтуудаар бүрэн хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
2019 оны 7 сарын 29-ний өдөр 22 цаг 30 минтуын орчимд Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Тоёота Приус-20 маркийн, хххх улсын дугаартай автомашиныг жолоодон явсан шүүгдэгч М.Г нь “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх орчин дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 дугаар зүйлд заасныг зөрчиж, зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Б-ыг мөргөсөн зам тээврийн осол гаргасан, мөн уг ослын улмаас явган зорчигч Б.Б- нь ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1665 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан хавсарсан гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн энэхүү гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Түүнчлэн явган зорчигч /амь хохирогч/ зам тээврийн осолд өртөх үедээ хүчтэй зэргийн согтолттой /шинжээчийн дүгнэлтэд тэмдэглэгдсэнээр: цусанд 2.6 промилли, ходоодны шингэнд 1.5 промилли, шээсэнд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн/ байсан нь тогтоогдсон ба замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12. Явган зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ “үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн зохих буруутай болох нь Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 1665 дугаартай дүгнэлт /хэргийн 38-42х/, Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 9 сарын 01-ний өдрийн 327 дугаартай дүгнэлт /хэргийн 48-54х/ баримтуудаар тус тус нотлогдсон байна.
Тээврийн Прокурорын газраас шүүгдэгч М.Гид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолвол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэв.
Хэргийн шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Иймд шүүгдэгч М.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсаны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлд тус тус зааж хуульчилсан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс зам тээврийн осол хэргийн улмаас амь хохирсон Б.Б-ын оршуулгын зардалд 9.470.450 /есөн сая дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт нийт 11.253.950 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт авагдсан Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хэргийн 179х/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантулгаас бичгээр гаргасан “Миний зүгээс нэхэмжилсэн хохирол барагдсан, гомдол саналгүй болно” гэсэн хүсэлт /хэргийн 178х/ баримт, шүүгдэгчийн мэдүүлэг баримтаар тус тус тогтоогдсон тул шүүгдэгчийн хувьд энэ шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх баримт бүхий төлбөргүй гэж шүүх дүгнэв.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.
Шүүгдэгч М.Г нь гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан талаар хэрэгт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 69х/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар баримт /хэргийн 72-79х/ тус тус авагдсан ба урьд гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.
Тодруулбал: “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан байна.
Шүүх, шүүгдэгч М.Гид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэв.
Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч М.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт баримт бүхий хохирлыг бүрэн нөхөн төлсөн, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гантулга нь “...нэхэмжилсэн хохирол барагдсан, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Дээр дурьдсан үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авч шийдвэрэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №405415 дугаартай үнэмлэх баримтыг эрх хассан нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.
Энэ хэрэгт М.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Э овогт М-ийн Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.Гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар М.Гид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 02 /хоёр/ жилийн хугацаанд “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан М.Г нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд тус тус заасан журмын дагуу ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар амь хохирогчийн оршуулахтай холбоотой гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г-аас 9.470.450 /есөн сая дөрвөн зуун далан мянга дөрвөн зуун тавь/ төгрөг нэхэмжилсэнээс шүүгдэгч М.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 11.253.950 /арван нэгэн сая хоёр зуун тавин мянга есөн зуун тавь/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан, М.Гид мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, хэрэгт хураагдан ирсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №405415 дугаартай үнэмлэх баримтыг эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангуулахаар гүйцэтгэх бичиг баримтын хамт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах А.Арайд үүрэг болгосугай.
7. Энэ хэрэгт М.Г нь цагдан хоригдоогүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч нь шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт мөн хугацаанд тус тус гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.Гид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД