Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 119

 

Л.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах,

       Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нарын

         нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,      

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр,  Л.Мөнхжаргал нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Топуна” ХХК-д холбогдох

Барилга буулгах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзоригийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Мөнхжаргал

Нэхэмжлэгч Б.Тэгшдэлгэрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн өмгөөлөгч Ц.Гансүх

Нэхэмжлэгч Ж.Даваасүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганхуяг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Батдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Зохиомж” дээд сургуулийн баруун талд "Топуна" ХХК-ийн барьж байгаа барилга нь “Зохиомж” дээд сургуулийн хажуугийн орон сууцны баруун тийш харсан манай гэрийн цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Энэ асуудлаар 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд урьдчилан шийдвэрлүүлэх журам хангуулахаар 2011 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 83 тоот шүүгчийн захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Оршин суугчдын зүгээс урьдчилан шийдвэрлэх журам хангуулж, барилгыг буулгуулахаар эрх бүхий байгууллагад хандсан бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 07/886, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 2012 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 6/1294 тоотоор шүүх хуулийн байгууллагад хандаж маргааныг шийдвэрлүүлэх хариу өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн Засаг даргад 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 360 тоот хүсэлт гаргахад асуудлыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн, 2011 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 361 тоотоор Нийслэлийн Засаг даргад хүсэлт хүргүүлсэч хариу өгөөгүй. Маргаж буй барилга нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй, хууль бусаар баригдсан. "Топуна" ХХК буюу эмнэлгийн хашаанд барьж байгаа барилгыг буулгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Даваасүрэн, Л.Мөнхжаргал, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ц.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн барьж буй барилга нь хажуугийн орон сууцны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байна. Энэ нь нарны гэрэл хаасан, хоорондын зай бага байгаагаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгч нар байнга харанхуй нарны гэрэл үзэхгүй орчинд амьдарч, харанхуй байгаа тул байнга гэрлээ асааж цахилгааны мөнгө их гарч байгаа. Барилга хоорондын зай бага байгаагаас хэрэв ямар нэг юм болвол галын машин голоор орох боломжгүй байнгын түгшүүртэй амьдарч байна. Бид холбогдох байгууллагад олон удаа хандсан. Хариуцагчид төрийн байгууллагаас олон удаа шаардлага тавьж, Дүүргийн Засаг дарга хүртэл газар чөлөөлөх захирамж гаргасан боловч биелүүлээгүй. Нэхэмжлэгч нараас 3-6 давхарыг буулгах шаардлага гаргаж байгаа. Учир нь нэхэмжлэгч нар 3-6 давхарт амьдардаг юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нарын  шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь: Манай компани 1998 онд худалдах-худалдан авах гэрээгээр "Элемент" ХХК-иас Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах агуулахын барилгыг газрын хамт худалдан авч 1999 онд орон сууц, автогараашийн зориулалттай 2 давхар барилга болгон өргөтгөж ашиглалтанд оруулсан. Гэтэл “Зохиомж" ХХК нь 2003 онд барилгын баруун талд 1 м хүрэхгүй зайтай 3 давхар орон сууцны барилга, 2010-2011 онд ар талд нь хашаанд тулган нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн одоо амьдарч байгаа 11 давхар дуусаагүй барилгыг хууль зөрчин, ямар ч зөвшөөрөлгүйгээр 3 давхараас консалт гарган, манай 2 давхар барилгын цонх, дээврийг хааж, бидний эрхийг зөрчин, компанийн хэвийн үйл ажиллагаанд саад бэрхшээл учруулан, эсрэгээрээ биднийг хохироосон үйлдэл гаргасан. Нэхэмжлэгч Л.Батдэлгэр нь "Зохиомж" ХХК-ийн батлагдсан зураг төсөлгүй, улсын комиссын акт шийдвэргүй, бүрэн дуусаагүй барилгыг орон сууцны зориулалтаар ашиглаж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа нь Барилгын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.6, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь заалтуудыг зөрчиж байна. “Топуна" ХХК-ийн барьж байгаа барилга "Зохиомж" дээд сургуулийн хажуугийн орон сууцны барилгын цонхноос 13 м зайд байгаа нь иргэн Л.Батдэлгэрийн цонхоор тусах нарны гэрлийг хааж, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, ашиг сонирхлыг зөрчөөгүй. Мөн иргэн Л.Баттдэлгэрийн гэрийн цонхоор өдрийн турш хангалттай 2,5 цагаас дээш нар тусч гийгүүлж байгаа нь нарны тусгалын үргэлжлэх норматив хугацаа "Нутгийн умард хэсэг буюу хойд өргөргийн 48 градус ба түүнээс хойш 3 дугаар сарын 22-ны өдрөөс 9 дүгээр сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд өдөрт 2,5 цагаас багагүй байхаар" тогтоосон орон сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж БНбД 23-04-07 эрүүл ахуйн норм дүрмийг зөрчөөгүй байна. Маргаж буй барилга нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн А/40 тоот захирамжаар хугацааг сунгаж олгогдсон газрын зөвшөөрөлтэй, 2012 онд "АЕСН" ХХК-ийн боловсруулсан "Топуна" ХХК-ийн оффис, үйлчилгээний зориулалт бүхий барилгын иж бүрэн зураг төсөлтэй баригдаж байгаа 6 давхар барилга юм. Л.Батдэлгэр нь шүүхэд өгсөн нэхэмжлэлдээ манай барилгыг буулгах, нураах шаардлага тавьж байгаа нь биднийг дарамталж, цаад утгаараа "Зохиомж" ХХК хямд үнээр энэ барилгыг худалдан авах санаархаж, их мөнгө төгрөг манай байгууллагаас салгах зорилготой шүүхэд ханджээ.

Манай барилгын ажил эхэлсэн цагаас "Зохиомж" ХХК-иас зохиомол газрын маргаан үүсгэх, байнга мөнгө төгрөг нэхэх, сургуулийн удирдах Зөвлөлийн гишүүд, хотын захиргааны өндөр албан тушаалтнуудаар нөлөөлүүлэн "Топуна" ХХК-ийн үйл ажиллагаанд саад учруулах, хороо, дүүргийн Засаг дарга, цагдаа, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын газар, Татварын хэлтэс, газрын албанаас удаа  дараа шалгалт оруулж үйл ажиллагааг зогсоолгох, хууль бус шийдвэр гаргуулах, ажил албан тушаалаас халуулах, сонин хэвлэл, радио телевиз, олон нийтийн хэвлэл мэдээллээр нэр төрд халдах, барилгаа хямд үнээр зарж борлуулахыг шаардах, орон сууцныхаа оршин суугч нарыг бидний эсрэг турхирах зэрэг хууль бус үйлдлийг байнга явуулж бидний амар тайван ажиллах, хөдөлмөрлөх, амьдрах эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчиж байна. Иймд энэ асуудлуудыг хууль, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү. Манай барилга 70 хувийн гүйцэтгэлтэй, албан ёсны зөвшөөрөлтэй барилга барьсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлээд байгаа дүүргийн Засаг даргын газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгосон. Манай барилга нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөөгүй. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 хороолол, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 57/3 хаягт байршилтай "Топуна" ХХК-ийн өмчлөлийн 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын 2 давхараас дээш буюу 3-6 давхарыг албадан буулгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "Топуна" ХХК-иас 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Батдэлгэрт олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинзориг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Шүүх Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт заасан шаардах эрхийг мөн хуулийн 135.3 дахь хэсэгт "хөрш залгаа газрын эзэмшигч" шаардах эрхтэй байхаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нарын өмчилдөг барилга нь 11 давхар, “Зохиомж” дээд сургуулийн өргөтгөлтэй. Уг барилгын өмчлөгч хэдэн хүн уг шаардах эрхийг гаргах эрхгүй этгээдүүд болно. "Хөршийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан барилга байгууламж байна гэж" хууль зохицуулсан бөгөөд тухайн маргаан бүхий барилгаас гаралтай зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн нөлөөлөл үүссэн байхыг хууль шаарддаг. Гэтэл шинжээчийн дүгнэлт зөвхөн нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн өмчлөлийн 8 тоот орон сууцны цонхонд тусах нарны тусгал барилгын норм дүрмийг зөрчиж байна гэж дүгнэсэн нь бусад нэхэмжлэгч нарын эрх ашиг зөрчигдөөгүйг нотолно.

“Цэнхэр дөхөм” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлт маргаан бүхий барилга нь барилгын норм ба дүрэмд заасан стандартыг хангах эсэх талаар л гаргасан дүгнэлт юм. Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт уг барилгыг барих зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй эсэх нь ач холбогдолгүй заалт бөгөөд зөвхөн Хөршийн хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан барилга байгууламж байхыг шаардсан заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна. Түүнчлэн шүүх барилгын норм дүрмийг зөрчсөн гэсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК, “Цэнхэр дөхөм” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг барьж хэт нэг талыг барьж үйлчилсэн. Хөрш залгаа газраас үүдэлтэй нөлөөлөл нь ноцтой байх тохиолдол болгонд нөлөөлж байгаа үйлдлийг зогсоохыг шаардах эрх газар өмчлөгч, эзэмшигчид олгоод байддаггүй иь Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2 дахь хэсэгт зохицуулагдсан байдаг. Уг ноцтой нөлөөлөл нь хөрш залгаа газрыг тухайн орчинд нийцсэн ашиглалтаас улбаатай эсэх нь чухал. Бусдын газарт нөлөөлж байгаа газрын ашиглалт нь тухайн орчинд нийцсэн байвал нөгөө тал түүнийг хүлцэх үүрэг хүлээдэг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн хүсэлтээр бусад нэхэмжлэгч нарыг тогтоодог бөгөөд улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй, өөрийн хууль ёсны эрх ашгийг зөрчигдсөн гэж нэхэмжлэл гаргасан хууль ёсны нэхэмжлэгч нар биш юм. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Иргэний хуулийн 135 дугаар зүйлд заасан зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

Нэхэмжлэгч Д.Батдэлгэр, Ж.Даваасүрэн, Б.Баясах, Б.Тэгшдэлгэр, Л.Мөнхжаргал нар нь хариуцагч “Топуна” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Зохиомж” дээд сургуулийн баруун талд барьж буй 6 давхар барилгын 3-6 давхарыг буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч “Топуна” ХХК нь дээрх барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, техникийн нөхцлийг авахгүйгээр барьж эхэлсэн ба тухайн үед уг барилгыг буулгуулах талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, түүний улсын байцаагчид болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, нэхэмжлэгч Л.Батдэлгэрийн өмгөөлөгч Ц.Гансүх нараас уг барилгыг барьж эхэлсэн 2010 оноос хойш удаа дараагийн албан шаардлага, дүгнэлт гаргаж байжээ.

Дээрх байдлаар нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар шаардсаар байхад хариуцагч “Топуна” ХХК нь барилга барих зөвшөөрөлгүйгээр уг барилгыг 6 давхар хүртэл барьж нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчихөд хүргэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтээр “Топуна” ХХК-ийн барьж байгаа барилгын архитектурын төлөвлөлтийг хийхдээ барилга хоорондын зайг баримтлаагүйгээс барилгын норм ба дүрмийн заалт зөрчигдсөн гэж дүгнэсэн, мөн эдгээр зөрчлийн улмаас “Топуна” ХХК-ийн хөрш залгаа барилга тухайлбал өмчлөгч Ж.Даваасүрэнгийн  …давхарын 1 өрөө байрны цонх бүхэлдээ хаагдаж, барилгын норм ба дүрмийн 23-04-07-ийн 3.5, 3.6 заалт, мөн 31-01-10-ийн 5.26 заалтыг зөрчин нарны гэрэл тусгагдахгүй байгаа нь тогтоогдсон байна.

Иймд барилга хоорондын зай нь БНбаД-31-01-10-ийн заалт болон нэхэмжлэгч нарын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн гэж үзсэн шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Хариуцагч нь барилгын норм ба дүрмийн заалтыг зөрчиж барилга барьсан үйлдлийг зөвтгөх үндэслэл байхгүй боловч хуульд энэ үндэслэлээс гадна хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илтэд харшилсан нөхцөл байдал тогтоогдсон нөхцөлд барилгыг буулгуулах зайлуулахыг шаардах эрхтэй.

Хуульд зааснаар барилга байгууламж нь хөрш залгаа газрын эзэмшигч, өмчлөгч нарын ашиг сонирхолд харшилсан байж болох боловч илтэд харшилсан байхыг шууд зааж, шаардах эрхийн урьдчилсан нэг нөхцөл гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч өөрийн эд хөрөнгөө зориулалтын дагуу ашиглах боломжгүй болсон буюу дээрхи байдал нь түүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулсан зэрэг түүний хууль ёсны ашиг сонирхолд харшилсан нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байна. Иймд тухайн нөхцөл байдлын улмаас Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.3 дахь хэсэгт зааснаар ноцтой хохироож байгаа үйл баримт тогтоогдож байгаа учраас нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 135  дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхтэй юм.

Иймд тухайн барилгыг буцаан хэвийн байдалд оруулахаар буюу барилгын 2 давхараас дээш 3-6 давхарыг Иргэний хуулийн 135 дугаар зүйлийн 135.4 дэх хэсэгт зааснаар буулгахыг шаардаж байгаа нь үндэслэлтэй, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлт хууль хэрэглээний алдаатай болоогүй учраас давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт зааснаар хамтран нэхэмжлэгч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар тус тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.3-т зааснаар хамтран нэхэмжлэгч нар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэх дээрх гомдол үндэслэлгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2016/06161 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

                                                                    ШҮҮГЧИД                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                                            Д.БАЙГАЛМАА