Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0229

 

С.Ш-н нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч С.Ш, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагч газрын даамал С.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу С.Ш-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга, тус сумын газрын даамалд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-н шүүхэд гаргасан “Бугат сумын Засаг даргын Т.К-д олгосон газар эзэмших эрхийн 1998 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ, 1999 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 0******** дугаартай гэрчилгээ, Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” захирамж, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0******** дугаартай гэрчилгээг тус тус хүчингүй болгох, Бугат сумын У багийн “Х б” хэмээх газраас 700 м2 газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг С.Ш-т олгохыг, газар эзэмшүүлэх гэрээ байгуулахыг тус тус сумын газрын даамалд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “С.Ш-н нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг дарга болон сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамалд холбогдох эзэмшил газрын маргаан бүхий захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхэд хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, нэг талыг барьсан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх С.Ш-н нэхэмжлэлийн шаардлагыг дараах тогтоогдсон нөхцөл байдлын улмаас бүхэлд нь ханган шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/119 дугаартай захирамжаар иргэн С.Ш-т Баян-Өлгий аймгийн Бугат сумын У багийн “Х б” хэмээх газарт байршилтай 700 м.кв газрыг 29 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна. Иргэн С.Ш-т маргаан бүхий гэх газрыг эзэмшүүлсэн Бугат сумын Засаг даргын 2017 оны А/119 дугаартай захирамж одоо хүртэл хүчинтэй байна. Өөрөөр хэлбэл, С.Ш-т уг газрыг эзэмшүүлсэн шийдвэрийг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгоогүй тул С.Ш нь уг газрыг хууль ёсоор эзэмшилдээ авсан гэж үзэж байна.

С.Ш-н өвөлжөөний зориулалтаар эзэмшилдээ 2017 оны 10 дугаар сард сумын Засаг даргын А/119 дугаартай захирамжаар авсан газрыг урьд Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул иргэн М.А-н эзэмшил газар байсан нь тогтоогдсон байна. Энэ нь Бугат сумын иргэн М.А нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Өвөлжөөний газар эзэмшүүлэх тухай” 36 дугаартай захирамжаар 50 жилийн хугацаатай өөрийн эзэмшилдээ авснаар нотлогдож байна. Тухайн үед уг маргаан бүхий газрыг иргэн М.А-д эзэмшүүлэхдээ ямар нэгэн хууль тогтоомж зөрчөөгүй буюу 2017 оны 10 дугаар сар хүртэл уг маргаан бүхий газар нь М.А-н эзэмшилд хууль ёсоор байсан нь нотлогдсон гэж үзэж байна.

Гуравдагч этгээдээр татагдсан Т.К нь уг маргаан бүхий газарт олон жилийн турш амьдарч байсан, уг газрыг 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас олгосон газар эзэмших гэрээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг газрыг сумын Засаг даргын шийдвэрээр хууль ёсоор эзэмшүүлсэн эсэх нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эрх бүхий этгээдээс гуравдагч этгээд Т.К-д газар эзэмших эрхийн 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаартай гэрчилгээ олгохдоо Бугат сумын Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг үндэслэснээр тусгагдсан байх ба Бугат сумын Засаг даргаас 1998 онд гаргасан 1-38 дугаартай ба нийт 38 захирамж нь гуравдагч этгээд Т.К-д газар эзэмшүүлсэн агуулгагүй, өөр шийдвэрүүд болох нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон” гэжээ. Шүүхийн уг дүгнэлтээр маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Т.К-д хууль ёсоор эзэмшүүлсэн сумын Засаг даргын шийдвэр гараагүй байгааг нотолсон мөртлөө дүгнэлтийг үгүйсгэсэн шийдвэр гаргаж байгаа явдалд гомдолтой байна.

Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Өвөлжөө шилжүүлэн эзэмшүүлэх тухай” 11 дугаартай захирамжид “Тус сумын 2 дугаар багийн иргэн Х овогтой Н Т-ы У багийн Х б дахь өвөлжөөг Х овогтой Т К-д /*********/ 60 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Гэтэл уг маргаан бүхий газрыг Н-н Т нь урьд хууль ёсоор эзэмшиж байсан тухай хэрэгт нэг ч хуудас нотлох баримт авагдаагүй байна. Нөгөө талаас, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдөр олгосон гэрчилгээнд газар эзэмшигчээр Т-ы К бичигдсэн боловч Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаартай захирамжаар уг газарт Х овгийн Н-н Т нь оршин сууж байснаар уг маргаан бүхий газрыг Т-ы К нь хууль ёсоор эзэмшилдээ авсан эсэхэд эргэлзээ төрүүлж байна.

Гэтэл анхан шатны шүүх эргэлзээ бүхий нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлнэ гэсэн зарчмыг ноцтой зөрчиж байна. Харин уг маргаан бүхий газар буюу Х б хэмээх газар нь Т.А-н 1998 оны эхээр өвөлжөөний зориулалтаар эзэмшилд авсан газар байсан нь нотлогдсон юм. Энэ нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн зарчмыг ноцтой зөрчиж гаргасан шийдвэр гэж үзэж байна. Иймээс маргаан бүхий газарт гуравдагч этгээд Т.К нь олон жилийн турш сууж байсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож байгаа явдалд гомдолтой байна. Газрын тухай хуулиар газрыг зөвхөн Монгол Улсын иргэнд эрх бүхий байгууллагын шийдвэрээр эзэмшүүлэхээр хуульчилсан байгаа. Гэтэл гуравдагч этгээд Т.К нь 2015 оны 02 дугаар сарын хүртэл уг газрыг хууль ёсоор эзэмшиж байсан нь нотлогдоогүй, Т.К-д 2015 онд сумын Засаг даргын 11 дугаартай захирамжаар уг газрыг эзэмшүүлэхдээ бусдын эзэмшил газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн мэтээр дүгнэсэн явдалд гомдолтой байна.

Маргаан бүхий газарт шүүхийн санаачлагаар үзлэг хийх үед М.А-н С.Ш-т шилжүүлсэн газар нь Бугат сумын У багийн Х б буюу Бугат сумын иргэн Т-ы К одоо оршин сууж буй газар мөн болох нь тогтоогдсон байна. Энэ нь шүүхийн үзлэг болон гэрч М.А-н мэдүүлгээр тогтоогдож байна. Тухайлбал, гэрч М.А-н шүүхэд өгсөн мэдүүлэгт “Миний бие Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаар захирамжаар Бугат сумын нутаг дэвсгэрт байрлах “Х б” гэх газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмших эрхтэй болсон. Тухайн газрыг урьд иргэн н.Тилеухан гэгч эзэмшиж сууж байгаад өөр газраас өвөлжөөний зориулалтаар газар эзэмшихээр болж нүүж явсан юм. Иймээс би уг газрыг эзэмшихийг хүссэн ба тухайн үед Тилеухан ашиглаж суусан чулуу хашаа байсан, уг хашаа нэгдлийн үед баригдсан. Энэ нь хуучин өвөлжөө бүхий газар байсан. Уг хашаа нь одоо хүртэл байгаа ба шүүхээс үзлэг хийх үед та бүхэн харсан. Одоо тус газарт Табысханы хүүхэд Күнберген оршин сууж байгаа. Анх надад энэхүү газрыг сумын Засаг даргын 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн үед иргэн Табысхан нь “Х б”-ын бэлчээрийн газрыг мөн ашиглаж суухаар болж, надад эзэмшүүлсэн газрыг Табысхан та хоёр өвөлжөөний зориулалтаар хамтран ашиглаарай гэсэн. ... Тухайн үед надад Бугат сумын Засаг даргын 1998 оны 36 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын байршлыг Тилеуханы өвөлжиж байсан чулуун хашаатай газар гэж тухайн үеийн газрын асуудал хариуцсан хүмүүс зааж өгсөн. ... Би нэхэмжлэгч С.Ш-т Бугат сумын Засаг даргын 36 дугаар захирамжаар надад эзэмшүүлсэн одоогийн Табысханы хүүхдүүд Күнберген оршин сууж буй газрыг шилжүүлсэн. Уг нь уг газрыг би эхлээд эзэмшсэн байгаа. ... Нэхэмжлэгч С.Ш-т би өөрийн эзэмшлийн газрыг шилжүүлсэн учраас одоо С.Ш нь одоогийн Т-ы хүүхэд К-ий оршин сууж байгаа газрыг эсвэл Т-ы өөр хүүхэд эзэмшүүлсэн гэх өөр байршил дахь миний өвөлжиж суусан газрын аль нэгийг эзэмших ёстой гэж үзэж байна” гэснээр нотлогдож байна.

Эцэст нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлаас А.А-т 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээнд М овгийн М-н А-д Баян-Өлгийн аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын ********* дугаар бүхий хашааны 700 м.кв газрыг 30 жилийн хугацаатай У “Х б”-д өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр №********* дугаартай гэрчилгээ олгосон нөхцөл байдал, Бугат сумын Засаг даргын Тамгын газрын газрын даамлын М.А-тай 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хийсэн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмших” гэрээ байгуулахдаа М.Ад Бугат сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот шийдвэрийн дагуу эзэмшүүлсэн газрыг үндэслэн гэрээ хийсэн байдал, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх туахй” А/119 дугаартай захирамжаар иргэн С.Ш-т Баян-Өлгий аймгийн Бугат сумын У багийн “Х б” хэмээх газарт байршилтай 700 м.кв газрыг 29 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байдлууд тогтоогдсоор байхад анхан шатны шүүх дээр дурдсан эрх бүхий байгууллагаас М.А-д 1998 онд, С.Ш-т 2017 онд газар эзэмшүүлсэн шийдвэрүүд, М.А-д 2016 онд олгосон гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, М.А-тай 2016 онд байгуулсан газар эзэмших гэрээг шууд үгүйсгэж байгаа явдлыг ойлгохгүй байна. Энэ нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 110/ШШ2021/0013 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэгч С.Ш-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 1998 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 133 дугаар газрын гэрчилгээгээр Т.К-д 2 дугаар багийн “Х б*” гэх нутагт 400 м.кв газрыг өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т заасны дагуу газар эзэмшүүлсэн Засаг даргын шийдвэр нь авагдаагүй.

Бугат сумын Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4-т заасныг үндэслэн тус сумын 2 дугаар багийн иргэн Н.Т-ы У багийн Х б дахь өвөлжөөг түүний хүү Т.К-д /*********/ 60 жилээр шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 0******** дугаар бүхий гэрчилгээгээр нэгж талбарын 030400481 дугаар бүхий “У, Х б” гэх нутагт 700 м.кв газрыг 40 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх боловч хэрэгт Н.Т-ы хэзээ, ямар шийдвэрээр эзэмшиж байсан өвөлжөөний газрыг Т.К-д шилжүүлсэн болох нь тодорхойгүй, Н.Т-д газар эзэмшүүлсэн шийдвэр, газар эзэмших гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэрэгт байхгүй байна.

Харин Бугат сумын Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн А/119 дугаар захирамжаар “Тус сумын 3 дугаар багийн иргэн Мовогт М-н А-н /*********/ өөрийн эзэмшлийн У багийн “Х б” дахь 700 м.кв өвөлжөөг Өлгий сумын 13 дугаар багийн иргэн С-н Ш-т /**********/ 29 жилийн хугацаатайгаар шилжүүлэн эзэмшүүлэхээр” шийдвэрлэхдээ М.А-д газар эзэмшүүлсэн 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр олгосон 0******** дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцохоор тусгажээ.

Уг газар эзэмших эрхийн 0******** дугаар бүхий гэрчилгээгээр М.Авишд Баян-Өлгий аймгийн Бугат сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 36 тоот шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ********* дугаар бүхий, “У, “Х б” гэх нутагт 700 м.кв хашааны газрыг 30 жилийн хугацаатай өвөлжөөний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч С.Ш-аас газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байна гэсэн үндэслэлээр Бугат сумын газрын даамлыг хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч газрын даамлаас “... тухайн үед газрын кадастрын мэдээллийн сангийн программ байгаагүй учир зөвхөн Засаг даргын шийдвэрээр гэрчилгээ олгогдож байсан тул уг маргаан үүсч байгаа юм. 2018 онд шинээр “Ланд менежер” программд шилжсэн. 2019 онд байршлыг тогтоохоор хэмжилт хийж үзэхэд уг өвөлжөөний газар нь Сагсай сумын нутаг дэвсгэр дотор орж байгаа учир өвөлжөөнд бүртгэл хийж, газрын гэрээ хийж, гэрчилгээ олгох боломжгүй болсон” гэсэн тайлбар ирүүлсэн боловч тухайн Засаг дарга энэхүү үндэслэлээр С.Ш-т газар эзэмшүүлсэн А/119 дүгээр захирамжаа хүчингүй болгоогүй байна.

Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд гуравдагч этгээдэд газар эзэмших эрхээ шилжүүлсэн Н.Т хэзээ ямар шийдвэрээр, аль байршилд тухайн газрыг эзэмшсэнтэй холбоотой баримтууд байхгүй байхад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн газрын байршлыг өөр гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Мөн нэхэмжлэгч С.Ш нь Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ байгуулж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдлийг хууль бус болохыг тогтоож, даалгах шаардлагын хувьд Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад, мөн нэхэмжлэгчийн газар Т.К-ий газраас өөр байршилд гэж дүгнэсэн атлаа М.А нь 1998 оноос хойш эзэмшиж ашиглаагүй, газар эзэмших эрх нь дуусгавар болох үндэслэл бүрдсэн гэж дүгнэж, мөн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь нэхэмжлэлийн хүрээнээс хэтэрсэн гэж үзэхээр байна.

Иймд дээрх тодорхойгүй нөхцөл байдлуудыг тодруулахад шаардлагатай баримтуудыг бүрэн цуглуулж, нэхэмжлэгчийн (түүнд газар эзэмших эрхээ шилжүүлсэн М.А-н) болон гуравдагч этгээдийн (түүний аав Н.Т-ы) газрын байршил давхцаж байгаа эсэхийг тогтоож, хэрэв давхацсан тохиолдолд хэн нь Газрын тухай хуулийн дагуу эзэмшиж байгаад дүгнэлт өгөх, хэрэв газрын байршил давхцаагүй нь тогтоогдвол нэхэмжлэлийн шаардлага тус бүрийн хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх шаардлагатай байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ