Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 925

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц , хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О , гуравдагч этгээд “ГМ” ХХК-ийн төлөөлөгч Г.Э , гуравдагч этгээд “ГМ” ХХК-ийн өмгөөлөгч Д.Б , гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б , гэрч Б.Б , Ж.Э нарыг оролцуулан “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн өмчийн харилцааны газар, Баянзүрх дүүргийн Газрын алба, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийв.

Нэхэмжлэгч: “А” ХХК 

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн өмчийн харилцааны газар

Хариуцагч: Нийслэлийн Газрын алба

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Газрын алба

Гуравдагч этгээд: “ГМ” ХХК 

Гуравдагч этгээд: Цагдаагийн ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжийн “ГМ” ХХК-д холбогдох хэсэг, 2013 оны А/602 дугаар захирамжийг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн газрын албаны хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, ижил хэмжээний газрыг Баянзүрх дүүрэгт олгохыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газрын төлбөрт төлсөн 1.975.967 төгрөгийг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас гаргуулах, контейнер дотор байсан эд зүйлс эвдэрч хэмхэрснээр үүсэн гарсан 5,593,500 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах”

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар олгосон, аж ахуйн хашааны зориулалттай, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо 801 дүгээр ангийн урд байрших 1585 м.кв газрын эзэмших эрхийг бусдын газартай давхцаж байна гэсэн шалтгаанаар хүчингүй болгосон юм.

Дээрхи шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу А/602 тоот захирамжийг хүчингүйд тооцуулахаар дараах үндэслэл, шалтгаанаар нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

1. Эзэмшил газар хууль ёсных байсан. “А” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний 142 тоот захирамжийн дагуу хууль ёсоор уг газрыг эзэмшиж газрын төлбөрийг төлж ирсэн. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д зааснаар тухайн үед Цагдаагийн Ерөнхий Газрын Эргүүл хамгаалалтын газартай давхцаж байсан бол газар олгохгүй байсан юм. Тэгээд ч маргаан гарсны дараа 2011 оны 09 дүгээр сарын 07-нд Нийслэлийн газрын албанаас авсан 5/3413 тоот лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий газарт давхардуулан газар эзэмших эрх олгоогүй болохыг албан ёсоор мэдэгдэж хариу өгч байсан. Тиймээс эзэмшил газар нь бусдын газартай давхардсан гэх ямар ч үндэслэл байхгүй болно.

2. А/602 тоот захирамж нь хуульд нийцээгүй. Уг захирамж нь захиргааны акт эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн байх болон шударга ёсны шаардлагыг хангаагүй. Энэхүү шаардлагын үндэслэл нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт юм. Манай компани анх газар эзэмших эрх авахад аливаа давхцал байгаагүй ба хэрэв өөр этгээдийн газартай давхцал байгаа гэж үзэж байгаа бол энэ нь сүүлд эдгээр компаниудад газрыг давхцуулж өгсөн болж таарч байна. Энэ тохиолдолд эхний хууль ёсны, шударга эзэмшигч нь манай компани тул уг газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байна.

Иймд Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны А/602 тоот захирамжийг хүчингүй болгож, манай компанийн зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шинжлэх Ухаан Мэдээлэл Технологийн Их Сургуулийн зүүн талд байрлах уг газарт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 тоот захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт анх олгосон 15400 м.кв газартай давхцуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар “А” ХХК-д 1585 м.кв газрыг эзэмшүүлсэн байна.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 тоот захирамж нь хууль ёсны дагуу гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн заалтыг зөрчиж олгосон байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна” гэжээ. 

Гуравдагч этгээд Цагдаагийн ерөнхий газрын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай улсаас 1991 онд Зөвлөлт Холбоот Улсын /тухайн үеийн нэрээр/-ын зэвсэгт хүчин гарах үед, Улаанбаатар хотын гүйцэтгэх захиргааны 1991 оны хурлын шийдвэрээр Найрамдлын районы нутаг дэвсгэрт байсан цэргийн ангийн барилга байгууламжийг Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлэн өгчээ. Тэр үеэс эхлэн тус орчныг “Цагдаагийн хотхон” гэж нэрлэх болсон бөгөөд одоо тус хотхонд Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн 80., 80. дүгээр анги, “Х” спорт хороо, “Ц ш” Төрийн өмчит улсын үйлдвэр, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Төв архив зэрэг байгууллагууд байрлаж, үйл ажиллагаа явуулж байна. Цагдаагийн ерөнхий газар 2007 оноос цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор “Ц хотхон” 600 айлтай орон сууцны хорооллыг төлөвлөж, эрх бүхий байгууллагуудаар зураг, төслийг нь баталгаажуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. 

Энэ төлөвлөгөөгөөр харьяа байгууллагуудын эзэмшил газрыг шинэчлэн тогтоох хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 2005 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 167 тоот захирамжаар Эргүүл хамгаалалтын газрын эзэмшилд байсан цэргийн хотхоны зориулалтаар олгосон 15400 м.кв газрыг, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 379 тоот шийдвэрээр Цагдаагийн ерөнхий газарт орон сууцны зориулалтаар 10481 м.кв талбай, Эргүүл хамгаалалтын газарт цэргийн хотхоны зориулалтаар 7447 м.кв талбай газрыг эзэмшихээр хуваарилан тус тус шинэчилсэн гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон.

Тухайн үед Монгол Улсын Их хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 608 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эргүүл хамгаалалтын газрын эзэмшилд байсан ЦТП /дулаан өргөх төв/ байгууламжийг шугам сүлжээний хамгаалагдсан бүсэд хамаарах 562 м.кв бүхий талбай газрыг Орон сууц нийтийн аж ахуйн газрын “ГМ” ХХК-нд шилжүүлэх шийдвэр гаргасан юм. Цагдаагийн ерөнхий газар тухайн газарт орсон өөрчлөлт бүрийг Нийслэлийн мэдээллийн санд бүртгүүлэн, уг газруудад оногдох газрын төлбөрийг төлдөг.

Цагдаагийн ерөнхий газар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн А/580 дугаар захирамжаар Цагдаагийн Ерөнхий газарт орон сууцны зориулалтаар 699 м.кв талбай газар, “Ц хотхон” ТББ-д орон сууцны зориулалтаар 6868 м.кв талбай бүхий газрыг тус тус өөрчлөлт оруулан газар эзэмших гэрээ байгуулж, гэрчилгээг аваад байна. Гэтэл Баянзүрх дүүргийн Засаг дарга 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 тоот шийдвэрээр “А” ХХК-нд аж ахуйн хашааны зориулалтаар 1586 м.кв талбайг “Ц хотхон” орон сууцны хорооллын газар дээр давхардуулан олгожээ.

“Баянзүрх дүүргийн 3асаг дарга, цагдаагийн байгууллагын 1991 оноос өнөөдрийг хүртэл албан ёсоор эзэмшиж байсан газрыг “А” ХХК-д аж ахуйн хашааны зориулалтаар давхардуулан олгосон тухай” албан бичгийг Цагдаагийн ерөнхий газраас эрх бүхий байгууллагуудад хүргүүлж байсан.  Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжаар “А” ХХК-нд олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийг хүчингүй болгосон” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “Маргаан бүхий газарт Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын орон сууцны 2 барилга, “ГМ” ХХК-ийн 1 барилга баригдсан байдаг ба “А” ХХК-ийн эзэмшил газартай давхцалтай байна гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 193 тоот захирамжаар 562 м.кв газрыг ЦТП /ус, дулаан дамжуулах төв/-ын газрын зориулалтаар олгосон байна. Гэтэл “А” ХХК-д 1,585 м.кв газрыг 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 142 тоот захирамжаар олгосон байдаг.

Иймд “А” ХХК-д нэгэнт олгосон газартай давхцуулж “ГМ” ХХК газар олгосон гэж үзэхээр байна. “А” ХХК-ийн захирамж 2008 онд гарсан бол “ГМ” ХХК-ийн захирамж 2011 онд гарсан байгааг харахад цаг хугацааны дарааллын хувьд сүүлдэж гарсан байна. Иймд бид “ГМ” ХХК-нд 562 м.кв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 тоот захирамжийг хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын хувьд бид 2003 оны 283 тоот захирамж, 2005 оны 167 тоот захирамж, 2007 оны 227 тоот захирамжуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас гаргуулахаар хүсэлт өгсөн байгаа ба дээрх захирамжуудтай танилцсаны дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх эсхүл өөрчлөх эсэхээ шийдэх юм” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц  нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан гаргасан хариу тайлбартаа: “Орон сууц нийтийн аж ахуйн “ГМ” ХХК-иас 2011 оны 02 дугаар сарын 09-ний 10 тоот албан бичгээр Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах УТП /ус дамжуулах төв/ нь шугам сүлжээний хамгаалагдсан бүсийн газрын хамт шилжиж ирсэн тул эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийн 3-д заасны дагуу уг УТП-д хамаарах газрын баталгаажуулахаар хүсэлт гаргасан юм. Тус албан бичигт дараах материалуудыг хавсаргасан байна. Үүнд:

- Цагдаагийн ерөнхий газрын орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хүргүүлсэн 2009 оны 10 дугаар сарын 02-ны 1/348 тоот албан бичиг.

- Монгол Улсын Их Хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны 370 дугаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, орон нутгийн өмчийн зарим эд хөрөнгийг төрийн өмчид хүлээн авах тухай” тогтоол.

- Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 12 дугаар сарын 08-ны 172 дугаар тогтоолоор “Хөрөнгө бүртгэж авах тухай”

- Нийслэлийн Засаг даргын 2008оны 12 дугаар сарын 09-ний 608 дугаар захирамж “Хөрөнгө бүртгэж авах тухай”

- Төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлэх эд хөрөнгийг хүлээлцсэн акт

- Иргэн хуулийн этгээдийн газар эзэмшүүлэх гэрээ /2011.5.25-ны №424/

Дээрхи хүсэлтийг НГА, БХБТГ-ын дэргэдэх техникийн зөвлөлийн 2011 оны 02 дугаар сарын 11, 24-ний өдрийн хурлаас гаргасан дүгнэлтийг хянан үзээд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний 193 дугаар захирамжаар “ГМ” ХХК-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ус дамжуулах төвийн зориулалтаар 562 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. 

“ГМ” ХХК-ийн газар эзэмших эрх нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд газар эзэмших эрхийг хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд “ГМ” ХХК-ийн захирал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Манай компанийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд байрлах ЦТП /Ус дулаан дамжуулах төв/ нь, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 172 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 608 дугаар захирамжаар төрийн өмчөөс орон нутгийн өмчид шилжүүлсэн Цагдаагийн ерөнхий газрын эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байсан ЦТП /Ус дулаан дамжуулах төв/ бөгөөд инженерийн шугам сүлжээний хамгаалагдсан бүсэд хамаарагдах газрын хамт Цагдаагийн ерөнхий газрын өмч хүлээлцэх комиссын 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр манай компанид шилжиж ирсэн юм. Үүний дагуу Газрын хуульд зааснаар холбогдох материалыг бүрдүүлэн хүсэлт гарган халаалтын цогц төхөөрөмжийн тоноглол /насос/ мөн 2 салаа дулааны төв магистраль шугам түүний хамгаалалтын зурвас газрын талбайн хамт нийт 502 м.кв бүхий газрыг Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 тоот захирамжаар баталгаажуулан авч ЦТП /Ус дулаан дамжуулах төв/-ын зориулалтаар эзэмшиж байсан.

Тус ЦТП /Ус дулаан дамжуулах төв/ нь он удаан жил ашиглагдан цаашид ашиглах боломжгүй болсон нь НМХГ-ын улсын байцаагчийн 2011 оны 07-208/171 тоот дүгнэлтээр тогтоогдсон тул шинээр барих шаардлагатай болсон. Иймээс өөрийн эзэмшил газартаа орон сууц конторын барилгыг барихаар төлөвлөж суурийн давхартаа халаалтын цогц төхөөрөмж тоноглол суурилуулахаар тооцож шинээр барихаар холбогдох байгууллагад хандан зохих шийдвэрүүдийг гаргуулсан.

Ийнхүү манай компанид 562 м.кв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 тоот захирамж нь хууль тогтоомжийн дагуу гарсан захирамж учраас үүнийг хүчингүй болгох хууль эрх зүйн үндэслэл байхгүй.

Энэ нь Нийслэлийн Өмч, Газрын харилцааны газрын дарга Ш.Тын Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд ирүүлсэн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 4/5201 тоот албан бичигт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 тоот захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт анх олгосон 15400 м.кв газартай давхцуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 тоот захирамжаар “А” ХХК-д 1585 м.кв газрыг эзэмшүүлсэн байна. 

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 тоот захирамж нь хууль ёсны дагуу гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 тоот захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшилд байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцахгүй байна” гэсэн заалтыг зөрчиж олгосон байна гэсэн албан бичиг мөн Газрын харилцаа геодези зураг зүйн газраас томилогдсон шинжээчийн дүгнэлт зэрэг бусад баримтуудаар нотлогдож байна.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 тоот захирамжаар “А” ХХК-д газар эзэмших эрх олгохдоо төрийн өмчийн тусгай хамгаалалттай газрыг Нийслэлийн Засаг даргын 2003 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 283 тоот захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын уг газрыг эзэмших эрх нь баталгаажсан, Цагдаагийн ерөнхий газрын эзэмшилд байхад нь Баянзүрх дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн уг газрыг давхцуулж “А” ХХК-д эзэмшүүлснээрээ хууль зөрчиж байгаа учир Баянзүрх дүүргийн Засаг даргын гаргасан хууль бус захирамжийг хууль тогтоомжид нийцүүлэн төрийн үйл ажиллагааг хуулийн дагуу явуулсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 тоот захирамж нь хүчинтэй үндэслэлтэй баримт бичиг юм. Иймд “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “ “А” ХХК-ийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн газрын албанд хадгалагдаж буй 2008 оны 142 тоот захирамжтай газрын баталгаажилтын хувийн хэрэгт үзлэг хийсэн. Энэ үзлэгээр тус компаниас 2008 оны 04 дүгээр сард 04/01 тоотоор 2,248,5 м.кв-аар хүсэлт гаргасан байх ба дүүргийн Засаг дарга 1585 м.кв-аар газар эзэмшүүлсэн байна. Хүссэн хэмжээнээс багасгасны шалтгаан, газар давхцлыг хэрхэн шалгасан талаарх тухайн үеийн бүрдүүлэлтийг үзэх гэсэн боловч тус газрын албанаас тодорхой хариу хэлж чадаагүй. 

Нөгөөтэйгүүр Нийслэлийн газрын албанд хадгалагдаж байгаа 2005 оны захирамжтай 15,400 м.кв газрын хувийн хэрэгт үзлэг хийхэд тухайн үеийн гар зураг буюу хэмжээ тогтоосон акт хадгалагдаж байсан. Уг актад авагдсан 15,400 м.кв газрын зурагт “А” ХХК-ийн 1585 м.кв газар болсон бөгөөд давхцалтай байгаа нь энгийн нүдээр харагдаж байна. 15,400 м.кв газрын мэдээллийн санд орсон огноог шалгуулах гэсэн боловч Нийслэлийн газрын алба нь Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын лавлагаагаар уг мэдээллийг авах боломжтой гэсэн хариу хэлсэн. Үүний дагуу шүүхээс ажиллагаа явагдаж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сард тус шүүхэд ирүүлсэн 3/980 дугаарын албан тоотоор 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн захирамжаар “А” ХХК-д газар олгоход Газрын тухай хуулийн 31.3 дахь хэсэгт заасан бусдын эзэмшил газартай аливаа давхцал байгаагүй гэж тайлбарладаг мөртлөө 2017 оны 06 дугаар сард тус дүүргийн газрын албанд хийсэн үзлэг, мэдүүлж байгаа тайлбар нь нэг мөр биш, зөрүүтэй байгаа, өөрсдийн шийдвэрийг хамгаалж чадахгүй байгаа зэргээс харахад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан илт хууль бус акт гаргаж Цагдаагийн ерөнхий газрын эзэмшил 15,400 м.кв газартай давхцуулан манай компанид 1,585 м.кв газар олгосон байж болзошгүй байна. Өөрөөр хэлбэл, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэгт: “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн бусдын газартай давхцуулан газар олгож манай компанийг өдий хүртэл хохироосон байж болзошгүй байна. Манай компани нь 2008 онд уг газар эзэмших эрхийг авснаас хойш газрын төлбөрөө тухай бүр нь төлж, газраа хашиж, гэр, контейнер байршуулж, аж ахуйн эд хогшлоо агуулж эзэмшиж байсан. 2011 оноос хойш газраа булаалгаж, эд хогшлоо сүйтгүүлэн, шүүх зарга гэсээр өдий хүртэл чирэгдэж явна.

Энэ бүх зүйл Баянзүрх дүүргийн Засаг дарга, түүний газрын алба, Нийслэлийн Засаг дарга, түүний газрын алба гэсэн төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоогүй, залгамж чанаргүй, нэг нь нэгнийхээ шийдвэрийг шууд үгүйсгэдэг гаргасан шийдвэрээ хамгаалж чаддаггүй байдлаас болж жирийн нэг бизнес эрхлэгч иргэн хохирсоор байна. Энэ байдал зөвхөн манайх дээр биш, байнга давтагддаг, шүүхээс газар давхардуулан олгодог зөрчлөө зогсоохыг зөвлөдөг ч засагдсан нь үгүй. 

Иймд бид өмнө нь хариуцагчаар татсан Нийслэлийн Засаг даргатай хамтруулан Баянзүрх дүүргийн Засаг даргыг хариуцагчаар татаж 2008 оны 142 тоот захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. 

Мөн хохирлоо Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас нэхэмжилж гаргуулах бөгөөд эзэмшил газартай дүйцэхүйц хэмжээ, чанар бүхий орны газрыг авах хүсэлтэй байгаа” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ "Анх газар хүссэн хэмжээнээс багасгасан шалтгаан, газар давхцалыг шалгасан тухайн үеийн бүрдүүлэлтэд тодорхой хариу хэлж чадахгүй байна, Нийслэлийн Газрын албаны архивд хадгалагдаж байгаа Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт олгосон 15400 м.кв газрын хувийн хэргээс гар зураг буюу хэмжээ тогтоосон актын кадастрын зурагт “А” ХХК-д олгосон 1585 м.кв газар энгийн нүдээр давхцалтай гэдэг нь харагдаж байгаа, дүүргийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 3/980 дугаар албан бичгээр шүүхэд тус компанид олгосон газар давхцалгүй гэсэн атлаа 2017 оны 06 дугаар сард Газрын албанд хийсэн үзлэг, мэдүүлж байгаа тайлбар нь нэг мөр биш, зөрүүтэй байгаа, өөрсдийн шийдвэрийг хамгаалж чадахгүй байгаа зэргээс харахад Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн заалтыг зөрчиж, бүрэн эрхээ хэтрүүлэн бусдын газартай давхцуулан газар олгож, манай компанийг хохироосон байж болзошгүй байна” гэж маргажээ.

“А” ХХК нь 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд хандаж, 2 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 2248,5 м.кв газарт аж ахуйн хашаа, агуулах барих зориулалтаар газар эзэмших хүсэлт гаргасан байх ба Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтаар тус компанид 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан үндэслэлд хамаарах боломжгүй.

Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2013 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар тус компанид олгосон газар эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжийг хүчингүй болгож, компанийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэх шаардлагаар анх захиргааны хэрэг үүсгэжээ. 

Хэдийгээр захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага болоод нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлага хоорондоо зөрчилдөж байна. 

Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлэхдээ: “Манай компани 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 04/01 дүгээр тоотоор Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд 2,248.5 м.кв газар эзэмших хүсэлтийг тус дүүргийн газрын албанд гаргасан.

Тус дүүргийн газрын алба хүсэлтийг аваад Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу хянаж үзээд Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрээр 1,585 м.кв газар эзэмших эрхийг олгосон. Бид энэхүү газраа гэрээ, гэрчилгээ, газрын хэмжээ тогтоосон актаар 3 жил төлбөрийг нь төлж хууль ёсоор эзэмшсэн. Тухайн үед манайхыг газар эзэмших эрх авахад бусдын газарт давхцалтай гэсэн зүйл яригдаагүй, бидэнд тэр талаар юм хэлээгүй. Гэтэл бүр сүүлд 5 жилийн дараа дээд шатны Засаг дарга давхцалтай байжээ гэсэн зүйл ярьсанд бид гомдолтой байгаа юм. Хэрэв давхцалтай байсан юм бол тухайн үед яагаад хянаагүй мэдээгүй байдаг юм бэ? Газрын алба бол босоо удирдлагатай нэгдсэн мэдээллийн системтэй газар. Тухайн газар бусдын газартай давхцаж байгаа эсэхийг мэдээллийн сан руу нэвтэрч шалгах эрх, үүрэг нь тухайн газар зохион байгуулагчид байдаг болохоос иргэн, хуулийн этгээдэд байдаггүй.

Нийслэлийн газрын албанаас 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 5/3413 албан тоотоор “...танай эзэмшил газарт давхардуулан Цагдаагийн ерөнхий газарт газар эзэмших эрх олгоогүй болно” гэж байсан. 

Гэтэл 2013 онд дахиад өөр зүйл ярьсан. Баянзүрх дүүргийн газрын алба нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үед ямар нэг давхцалгүй байсан гэдэг атал түүнийхээ үндэслэл, тайлбарыг гаргаж чадахгүй байна. Газар зохион байгуулагч Ц.О  нь тухайн үед давхцалтай байсан гэсэн зүйлийг одоо амаар хэлдэг. Энэ мэтчилэн өнөөдөр нэг өөр, маргааш нэг өөр болдог. Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга нарын ажлын уялдаа холбоогүй, нэг нь нэгнийхээ шийдвэрийг шууд үгүйсгэдэг, төрийн албаны залгамж чанар гэж байдаггүй зэргээс бид хохирчхоод байна. Манай эзэмшил газар дээр Нийслэл болон дүүргийн газрын албанаас ямар нэг мэдэгдэх хуудас өгөлгүйгээр 2011 оны 03 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн “ГМ” ХХК, Цагдаагийн ерөнхий газар хүч түрэн орж орон сууцны барилга барьсан. Одоо тус газар барилгажсан талбай болсон. Нэгэнт баригдчихсан барилгыг нурааж газар чөлөөлөх нь бараг боломжгүй учраас бид хохирлоо дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- Өмнө нь эзэмшиж байсан газартай дүйцэхүйц чанар, хэмжээний орны газрыг гаргуулан авах. Чанар гэдэг нь манай эзэмшил газар бол хотын дэд бүтцэд холбогдсон, байршил сайтай газар байсан. Тийм учраас одоо бид ногоон байгууламжтай газар бус дэд бүтцэд холбогдсон ижил төрлийн газрыг олгохыг шаардана. Тоо хэмжээ гэдэг нь эзэмшиж байсан хэмжээгээрээ буюу 1,585 м.кв газрыг олгохыг шаардаж байна.

- Газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг гаргуулах. Бид газар эзэмших 3012/1875 тоот гэрээний дагуу улиралд 139,480 төгрөг жилдээ 557,920 төгрөг төлөх үүрэг хүлээснээс төлбөрийг бүрэн төлж байсан. 2011 оны сүүлийн улирлын төлбөрөөс 69,740 төгрөг дутуу байгаа нь бид 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хойш буюу газартай холбоотой маргаан гарсантай холбогдуулан төлбөр төлөлтийг зогсоосон. 2008 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хугацаанд төлсөн 1,975,967 төгрөгийг буруутай этгээдүүдээс гаргуулахыг шаардаж байна. 

- Мөн урьдчилан мэдэгдэлгүйгээр хашаан дотор байсан контейнерыг кранаар зөөж зайлуулсны улмаас дотор нь байсан шил шаазан эд хогшил хагарч, эвдэрсэн. Эд зүйлсийн үнэлгээг “Б Э" ХХК-иар хийлгэхэд 5,593,500 төгрөгөөр үнэлэгдсэн. Үүнийг бид нэхэмжилнэ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.4 дэх хэсэг: “Захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж заасны дагуу бидний хохирлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлага:

- Өмнө нь эзэмшиж байсан газартай дүйцэхүйц чанар, хэмжээний орны газрыг гаргуулан авах. Дэд бүтцэд холбогдсон 1585 м.кв орны газрыг гаргуулах,

- Газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг гаргуулах,

- Контейнер дотор хадгалагдаж байсан эвдэж, сүйтгэгдсэн эд зүйлсийн үнэ 5,593,500 төгрөгийг гаргуулах, 

Нийт 7,569,467 /долоон сая таван зуун жаран есөн мянга дөрвөн зуун жаран долоон/ төгрөг” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц  нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Орон сууцны Нийтийн аж ахуйн “ГМ” ХХК нь манай албанд 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 дугаар албан бичгээр Монгол Улсын Их Хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 608 тоот захирамжаар Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП /ус, дулаан дамжуулах төв/ нь шугам сүлжээний хамгаалагдсан бүсийн хамт шилжин ирж байгаа тул газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн байна.

Мөн Цагдаагийн Ерөнхий Газраас Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах Газарт Цагдаагийн Ерөнхий Газрын Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байгаа ЦТП-г /дулаан өргөх төв/ шугам сүлжээний хамгаалагдсан бүсэд хамаарах газрын хамт Орон сууцны нийтийн аж ахуйн газрын “ГМ” ХХК-нд шилжүүлэхэд татгалзах зүйлгүйг 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр өмч хүлээлцэх комисс хуралдаж шийдвэрлэснийг уламжилсан байна.

Дээрхи баримтуудыг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар захирамжаар “ГМ” ХХК-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ус дамжуулах төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болно. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн өөрчилж, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн хэд хэдэн шаардлага гаргасны зарим шаардлагыг захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, зарим шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн 2 хариуцагчид хэнд нь ямар шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж зааснаас үзэхэд захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа тогтоогдсоны үндсэнд дээрх хохирлыг нэхэмжлэх эрхтэй байхаар байна. Тус маргааны хувьд хариуцагч нарын хууль бус үйл ажиллагаа тогтоогдоогүй байх тул шууд хохирол нэхэмжлэх үндэслэлгүй. 

Өмнө нь эзэмшиж байсан газартай дүйцэхүйц чанар, хэмжээний дэд бүтцэд холбогдсон 1585 м.кв газрыг гаргуулах шаардлагын тухайд:

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 6.1-д ‘‘Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн” гэж заасан байна. Нэхэмжлэгч компани дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасны дагуу хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газар эзэмших эрх олгосон нь тус компанид тодорхой зориулалт, хугацаа, болзолт нөхцөл, төлбөртэйгөөр төр өөрийн өмчийн газрыг бусдад гэрээгээр эзэмшүүлсэн хэрэг юм. 

Гэтэл Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/602 дугаар захирамжаар тус компанид газар эзэмших эрх олгосныг хүчингүй болгосон тул дүүргийн Засаг даргын зүгээс тус компанид өмнө нь эзэмшиж байсан газартай дүйцэхүйц чанар, хэмжээний, дэд бүтцэд холбогдсон 1585 м.кв газрыг гаргуулах хууль зүйн үндэслэлгүй. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Газрын төлбөрт төлсөн 1.975.967 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучнаар/ газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу хурааж Нийслэлийн өмчийн харилцааны дансанд төвлөрүүлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга төлбөр хураахад оролцдоггүй, төлбөр хураасан тал дээр хариуцагч байгууллага биш тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2 дахь хэсэгт заасны дагуу жинхэнэ хариуцагчаар солих, эсвэл хамтран хариуцагчаар татаж өгнө үү.

Контейнер дотор хадгалагдаж байсан эвдэж, сүйтгэгдсэн эд зүйлийн үнэ 5.593.500 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаас үзэхэд захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагаа нь иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тогтоодог байгууллага юм. Гэтэл тус шаардлага нь контейнерийг нүүлгэхэд эвдэж сүйтгэсэн эд зүйлийн үнэ гаргуулах буюу нүүлгэсэн этгээдийн гэм хор учруулсан үйлдэл байх тул энэ шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу нэхэмжлэлийн тус шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: “ “А" ХХК нь Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг дарга нарыг хамтран хариуцагчаар татаж, 7,569,467 төгрөгийн хохирол нэхэмжилсэн. Хохирлын зарим хэсэг болох 2008 оноос маргаан гарах хүртэл газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлийн хариу тайлбарт Баянзүрх дүүргийн Засаг даргаас 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр “Хуучнаар Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь нэхэмжлэлийн дагуу газрын төлбөрийг хурааж Нийслэлийн өмчийн харилцааны дансанд төвлөрүүлдэг байсан. Баянзүрх дүүргийн Засаг дарга төлбөр хураахад оролцдоггүй, төлбөрийн тухайд хариуцагч биш” гэсэн байна.

Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг үндэслэн хохирол төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийн тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргыг жинхэнэ хариуцагч болох Нийслэлийн өмчийн харилцааны газраар сольж өгнө үү. Нийслэлийн Засаг дарга нь хариуцагчаар хэвээр үлдэнэ. Нийслэлийн өмчийн харилцааны газраас газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг, Нийслэлийн газрын албанаас контейнерт байсан эвдэрсэн эд хөрөнгийн үнэ 5,593,500 төгрөгийг нийт 7,569,467 төгрөгийг тус тус гаргуулж, биднийг хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн өмчийн харилцааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О ын өмгөөлөгч А.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох газрын төлбөр болон газрын эзэмшлийн асуудлыг шүүхээр хянан хэлэлцэхэд Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 08 тоот тогтоолоор Нийслэлийн өмчийн харилцааны газар, Нийслэлийн газрын алба нь тус тусын чиг үүргийн дагуу тусдаа ажиллах шийдвэр гарсан. 

Уг тогтоолыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга нь 2016 оны 08 дугаар сарын 29-ний А/626, 2016 оны 08 дугаар сарын 31-ний А/635 тоот захирамжууд мөн гарч Нийслэлийн өмчийн харилцааны газраас газрын асуудал эрхэлсэн бүтэц орон тоог чиг үүргийн дагуу салгах шийдвэр тус тус гарсан болно. 

Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газар нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд төсөв бүрдүүлэгч төрийн байгууллага болно. Иймд “А” ХХК-ийн газрын асуудалд холбогдох захиргааны хэрэгт Нийслэлийн өмчийн харилцааны газар нь ямар нэг төлбөр төлөх хариуцагч биш тул Нийслэлийн өмчийн харилцааны газарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.

Жич: Шүүх хуралдаанд Нийслэлийн өмчийн харилцааны газрын төлөөлөгч, өмгөөлөгч нарыг оролцуулахгүй хэлэлцэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ.

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э  шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “Нэхэмжлэгч талаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 тоот захирамжийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасан. 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Засаг дарга, хамтран хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нараас үндсэн хохирол дээр контейнер дотор байсан эд хөрөнгийн хохирлыг нэмж нэхэмжилсэн. 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрыг хариуцагчаар нэмж татан газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг хариуцах ёстой хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа тус тус нэмэгдүүлсэн.

Гэвч Захиргааны шүүх бол Захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд түүнийг хянан шийдвэрлэдэг. Тэгэхээр 2008 оны 142 тоот захирамж нь манай “А” ХХК-ийн ашиг сонирхлыг хөндөөгүй, газар эзэмших эрх олгосон, өөрөөр хэлбэл, эерэг захирамж байгаа тул бид энэ захирамжийг илт хууль бус гэж маргах нь зохистой биш гэж үзээд 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан 2008 оны 142 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага, 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсэг, 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох хэсгээс татгалзаж байна. Нийслэлийн Засаг, Нийслэлийн өмчийн харилцааны газар нь хариуцагчаар хэвээр үлдэх болно” гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О  шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар “А” ХХК-ийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус компанид 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгосон. Ийнхүү олгоход Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 801 дүгээр ангийн кадастрын зураг ороогүйгээс тухайн газарт давхцал үүсэх нөхцөл байдал бий болсон байна. 

Иймээс Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/602 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Газрын тухай хуульд газар эзэмших эрхийн байршлыг шилжүүлэх байршил өөрчлөх талаархи зохицуулалт байхгүй. Иймд хуульд заагдаагүй үйл ажиллагааг шүүхээр дамжуулан дүүргийн Засаг дарга болон Газрын албанд даалгуулахаар шаардах боломжгүй юм. Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор хуульд заасан. Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй тогтоогдохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Газрын төлбөрийн тухайд нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлдээ дурдсанчлан 2008-2011 он хүртэлх уг газрыг ашиглаж байсан төлбөрөө иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээний дагуу нийслэлийн төсөвт төвлөрүүлсэн учраас буцаан олгох боломжгүй. Тус албанаас газрыг чөлөөлсөн асуудал байхгүй, эд хогшил эвдэрсэн гэх хохирлыг тухайн хуулийн этгээдээс нэхэмжлэх нь зүйтэй байна” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн газрын албаны дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамж, 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар захирамжийн “ГМ" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Шинжлэх Ухаан Мэдээлэл Технологийн Их сургуулийн зүүн талд байрлах уг газарт Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт анх олгосон 15400 м.кв газартай давхцуулж Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжаар “А” ХХК-д 1585 м.кв газрыг эзэмшүүлсэн.

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамж нь хууль ёсны дагуу гарсан бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшил ашиглалтад байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэсэн заалтыг зөрчиж олгожээ.

Орон сууцны Нийтийн аж ахуйн”ГМ” ХХК нь тус албанд 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №10 дугаар албан бичгээр Монгол Улсын Их хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 172 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 608 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байсан Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП /ус, дулаан дамжуулах төв/ нь шугам сүлжээний хамгаалалтын бүсийн хамт шилжин ирж байгаа тул газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байгаа ЦТП-г /дулаан өргөх төв/ шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах газрын хамт Орон сууцны нийтийн аж ахуйн газрын “ГМ” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн өмч хүлээлцэх комисс хуралдаж шийдвэрлэснийг уламжилсан байгааг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 193 дугаар захирамжаар “ГМ" ХХК-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ус дамжуулах төвийн зориулалтаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.

Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Баянзүрх дүүргийн Газрын албаны У х б дахь 2609005... тоот данс газрын төлбөрийн /албан татварын/ төсвийн орлогын данс тул зарлага хийгдэх боломжгүй” гэжээ.

     ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК нь “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 тоот захирамжийг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан ба нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэд хэдэн удаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хамтран хариуцагчаар Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн газрын алба, Нийслэлийн өмчийн харилцааны газрыг татсаны дараа нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан дээр “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, мөн Баянзүрх дүүргийн Засаг даргаас хохирол гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагуудаас бүрэн татгалзсан тул шүүх эрх үүрэг, үр дагаврыг танилцуулж, татгалзлыг баталсан. Улмаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эцсийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/602 дугаар захирамжийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжийн “ГМ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Баянзүрх дүүргийн газрын албаны хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Баянзүрх дүүрэгт ижил хэмжээний газрыг “А” ХХК-д олгохыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газрын төлбөрт төлсөн 1,975,967 төгрөгийг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас гаргуулах, контейнер дотор байсан эд зүйлс эвдэрч хэмхэрснээр үүсэн гарсан 5,593,500 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах” гэж тодорхойлсон болно. 

Нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсанаар эцсийн байдлаар тодорхойлсны дагуу шүүх хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн бодит нөхцөл байдал зэргийг хянан хэлэлцээд дараахь хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

“Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжийн “ГМ” ХХК-д холбогдох хэсэг, 2013 оны А/602 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Нийслэлийн Засаг даргын 2005 оны 167 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт анх 15400 м.кв газрыг эзэмшүүлжээ. Орон сууцны Нийтийн аж ахуйн ”ГМ” ХХК нь 2011 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 10 тоот албан бичгээр Улсын Их хурлын 2007 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 37 дугаар тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 172 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 608 дугаар захирамжаар Цагдаагийн ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байсан Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ЦТП нь шугам сүлжээний хамгаалалтын бүсийн хамт шилжин ирж байгаа тул газрыг баталгаажуулж өгөхийг хүссэн байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газраас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт Эргүүл хамгаалалтын газрын ашиглалтад байгаа ЦТП-г шугам сүлжээний хамгаалалтын бүсэд хамаарах газрын хамт Орон сууцны нийтийн аж ахуйн газрын “ГМ” ХХК-д шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, 2009 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн өмч хүлээлцэх комисс хуралдаж шийдвэрлэснийг уламжилсан байгааг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжаар “ГМ" ХХК-д Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд ус дамжуулах төвийн зориулалтаар 562 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.

Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу ...  газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ...”, 33 дугаар зүйлийн 33.1.1 “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг ... газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэх заалтыг үндэслэсэн нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй байна. 

Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/602 дугаар захирамжийн тухайд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг “Газрын тухай” хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ... хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасны дагуу хариуцагч Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

“Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар “А” ХХК-ийн 2008 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн Газрын албанд ирүүлсэн хүсэлтийг үндэслэн тус компанид 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газрыг 5 жилийн хугацаатай газар эзэмших эрх олгоход Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд 801 дүгээр ангийн кадастрын зураг ороогүйгээс тухайн газарт давхцал үүссэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэх заалтыг зөрчсөн байна. 

Иймд Нийслэлийн Засаг дарга хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны А/602 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм. 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан “А” ХХК-ийн газрын хувийн хэрэг болон хэргийн оролцогчдын тайлбараас дүгнэхэд анх 2248.5 м.кв газар эзэмших хүсэлтийг тус компанийн захирал асан Д.Баасанжаргал 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн газрын албанд гаргаж, компанийнхаа тамгыг дарсан байх бөгөөд “А” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгосон огноо нь 2008 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр байгааг тэмдэглэх нь зүйтэй байна. 

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 8 сая төгрөгийг газрын төлбөрт төлсөн талаар дурдаж, баримтыг хавсаргасан байх боловч энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул түүнд дүгнэлт хийх боломжгүй ба шүүх хуралдаанд энэ талаар тодруулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... энэ мөнгийг төрийн байгууллагад төлөөгүй, “А” ХХК-ийн шинэ, хуучин 2 захирлын хооронд хийсэн төлбөрийн тооцоо” гэх тайлбарыг хийсэн бөгөөд 2010 оны 07 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирлаар Ө.Н бүртгэгдсэн болох нь тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээнд хийгдсэн бүртгэлээр нотлогдож байна.  

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хүчингүй болгохоор маргаж буй Нийслэлийн Засаг даргын 2011 оны 193 дугаар захирамжийн “ГМ” ХХК-д холбогдох хэсэг, 2013 оны А/602 дугаар захирамж нь “А” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүйгээс гадна эдгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар зөрчигдсөн эрх хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Баянзүрх дүүргийн газрын албаны хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, ижил хэмжээний газрыг Баянзүрх дүүрэгт олгохыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд. 

Нэхэмжлэгч “А” ХХК нь дүүргийн Засаг даргад газар эзэмших хүсэлтээ гаргасны дагуу ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 тоот тушаалын хавсралтаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2-т “Эрхийн гэрчилгээг олгох үйл ажиллагааны дараалал”-ыг заасны дагуу өргөдөлтэй танилцаж, суурийн судалгаа хийх, хээрийн судалгаа хийх, Засаг даргын шийдвэрийн төсөл боловсруулах, эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, солбицуулах, газрын улсын бүртгэлд бүртгэх, газрын кадастрын мэдээллийн санд бүртгэх, нэгж талбарын хувийн хэрэг үүсгэх зэрэг ажиллагааг хариуцагч дүүргийн газрын алба хэрэгжүүлэх үүрэгтэй. Мөн Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3 “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлэх, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 23.4.4-д “газрын мэдээллийн санг эрхлэх” гэж дүүргийн газрын албаны эрх хэмжээг хуульчилсан байна. Гэтэл эдгээр ажиллагааг хийлгүйгээр, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газар эзэмших эрхийг “А” ХХК-д олгосон нь бусдын эзэмшил газартай давхцаж, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/602 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 142 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон. 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан бөгөөд хэдийгээр дүүргийн газрын алба хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болох нь тогтоогдож байх боловч тус компанид өмнө нь эзэмшиж байсан газартай ижил хэмжээний газрыг Баянзүрх дүүрэгт олгохыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах хууль зүйн үндэслэлгүй юм. 

Учир нь Газрын тухай хуульд зааснаар гагцхүү дүүргийн Засаг дарга дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах эрхтэй бөгөөд дүүргийн газрын алба нь мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-д “Засаг даргын шийдвэрийг үндэслэн ... газар эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох” эрхтэй байх тул хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлэхийг шүүхээс даалгаж, тус нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна. 

Газрын төлбөрт төлсөн 1.975.967 төгрөгийг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас гаргуулах шаардлагын тухайд. 

Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба /хуучнаар/ газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу хурааж Нийслэлийн өмчийн харилцааны дансанд төвлөрүүлсэн тухай тайлбарыг хариуцагчаас шүүхэд ирүүлсэн. 

Газрын төлбөрийн тухай хууль нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг эзэмшиж, ашигласны төлөө төлбөр ногдуулах, уг төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Тус хуулийн 3 дугаар зүйлд “газрын тухай хуульд заасан нөхцөл, журмын дагуу гэрээ байгуулан газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна” гэж заасан бөгөөд, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 4-д “газрын төлбөрийг эзэмшил, ашиглалтад олгосон газрынх нь нийт хэмжээгээр тооцно”, 9 дүгээр зүйлийн 1-д “газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ногдох хувь хэмжээг тогтоож, сум, дүүргийн Засаг даргатай байгуулах газар эзэмшүүлэх, ашиглуулах тухай гэрээнд тусган уг гэрээг бүртгэнэ”, 9 дүгээр зүйлийн 2-т “газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан ... төлөх бөгөөд, дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэсэн хуулийн зохицуулалттай. 

Нэхэмжлэгч “А” ХХК нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 142 дугаар захирамжаар 2 дугаар хороо, 801 дүгээр ангийн урд аж ахуйн хашааны зориулалтаар 1585 м.кв газар эзэмших эрхтэй болсноор газар эзэмшүүлэх гэрээг байгуулж эзэмшил газрынхаа төлбөрийг хуулийн хугацаанд төлөх үүрэгтэй. “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... тус компани эзэмшил газар дээрээ контейнер байрлуулан тухайн газраа эзэмшиж байсан, уг газар нь гуравдагч этгээдийн газартай давхацсан гэх үндэслэлээр контейнерийг нүүлгэх хүртэл дотор нь эд зүйлээ хийж ашиглаж байсан...” гэх тайлбараас дүгнэхэд тус компани нь уг газрыг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгасан байна.

Газрын төлбөрийн тухай хуульд газрын төлбөрөөс чөлөөлөх нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд “А” ХХК-ийн хувьд газрын төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл байдал тогтоогдоогүйн зэрэгцээ түүний эзэмшиж буй газрын төлбөр нь холбогдох хууль тогтоомжийн дагуу нэгэнт төлөгдөж тухайн жилийнхээ улсын төсвийг бүрдүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн газрын төлбөрт төлсөн 1.975.967 төгрөгийг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас буцаан гаргуулах эрх зүйн зохицуулалт байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм. 

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй тухайн газар дээр байрлуулж байсан контейнер дотор байсан эд зүйлс эвдэрч хэмхэрснээр үүсэн гарсан 5,593,500 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

Тухайн контейнерт ямар эд зүйл байсан, хэн, хаашаа, хэрхэн зөөсөн талаар шүүх өнөөдөр нотлох боломжгүй бөгөөд чухамхүү хэний буруутай үйл ажиллагаатай холбоотой нэхэмжлэгчид хохирол учирсан эсэхийг тогтоох боломжгүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “... төрийн байгууллагын эсхүл барилга барьж байсан компанийн аль нь манай контейнерыг нүүлгэснийг мэдэхгүй байна ... нүүлгэсний дараа нь бид очиж авсан ...” гэх тайлбар хийснээс дүгнэхэд дээрх нэхэмжилж буй хохирол нь ямар нэгэн захиргааны акт болон төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэж дүгнэх боломжгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд захиргааны үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэхээр заасан ба хэн нэгэн буруутай этгээдээс учруулсан хохирлын асуудлыг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрх зүйн зохицуулалттай. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр

зүйлийн 54.1.1 “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй бөгөөд энэхүү шүүхийн шийдвэр нь ердийн харьяаллын шүүхэд хандах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлахгүй болно. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн   106.1,   106.3.4,   106.3.13,   109.2-т   заасныг   тус   тус   удирдлага   болгон ТОГТООХ нь:

 

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2, 23.4.3, 23.4.4, 31 дүгээр зүйлийн 31.3, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн газрын албаны хуульд заасан чиг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, үлдсэн нэхэмжлэлийн шаардлага болох “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 193 дугаар захирамжийн “ГМ” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 13-ний өдрийн А/602 дугаар захирамжийг хүчингүй болгох, Баянзүрх дүүрэгт ижил хэмжээний газрыг “А” ХХК-д олгохыг Баянзүрх дүүргийн газрын албанд даалгах, газрын төлбөрт төлсөн 1.975.967 төгрөгийг Нийслэлийн газрын алба, Баянзүрх дүүргийн газрын албанаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн “контейнер дотор байсан эд зүйлс эвдэрч хэмхэрснээр үүсэн гарсан 5,593,500 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн газрын албанаас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.ДОЛГОРСҮРЭН