Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 000099

 

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

                                               Т.А, П.Ц нарт

                                           холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                              Хэргийн индекс 142/2017/0137/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Т.Ганзориг

               Шүүгдэгч                                           Т.А, П.Ц

               Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Оюунбат

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолтой Т. А, П. Ц нарт холбогдох, 201614000528 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Т.А, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орхон аймаг дахь цагдаагийн газарт цагдаа ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын  тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, УХ 89051878 регистрийн дугаартай, Б овогт Т. А,

 

Монгол улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 05-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФБ 80090539, Б овогт П.Ц.

 

Шүүгдэгч Т.А нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын тоотод оршин суух, П.Ц-г гэртээ ус алдлаа гэж маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, Б.Г-г цохиж хүнд хохирол  санаатай учруулсан, 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд Д.Н-ийг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч П.Ц нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн  тоотод Ч.Г байрны түрээсийн мөнгөнөөс болж маргалдан биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Б овгийн Т.А -ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овог П. Ц-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1.д зааснаар шүүгдэгч Т.А-т Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч П.Ц-д Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

 

Шүүгдэгч Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Т.А-т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д   зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 /нэг /жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилээр  тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.А-ын цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Т.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс тоолох,

 

Энэ хэрэгт хураагдсан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ч.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны 243 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Эрүүгийн хуулийн 11.1 заалтын дагуу Хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулах гэсэн зүйл ангиар гэм буруутай гэж үзэж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3.д заасан заалтыг шүүх анхаарч шийдвэрлээгүй.

 

Гэрч Ц-/35хх, 37хх,196 хх/ ийн мэдүүлэг, шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгт ...А-ыг зүүн гарынхаа ар хэсгээр эхнэрийн духруу цохьсон гэж мэдүүлдэг ба уг мэдүүлгийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Анхбаярын ард хохирогч Гантөмөр зогсож байхад нь зүүн гарын ар хэсгээр цохисон гэж мэдүүлэхдээ Анхбаяр нь Цогтгэрэлрүү харсан байрлалтай байхдаа гараараа цохисныг үйлдлээрээ тайлбарлан хэлж байсан. Эндээс Анхбаяр нь Цогтгэрэлрүү харж байхдаа зүүн гарынхаа ар хэсгээр ард хэсэгт байх хохирогч Гантөмөрийг цохисон. Энэ байдлаас хохирогч Гантөмөрийг цохисон үйлдэл нь “санаатай” гэх сэдэлт нотлогдоогүй.

 

Хохирогч Гантөмөрт “санаатай” үйлдлээр хүнд гэмтэл учруулсан гэх нотлох баримтыг үгүйсгэж буй дээрх нотлох баримтыг шүүх анхаараагүй. Хавтаст хэргийн 39 хх авагдсан Л.Эрдэнэцогтын тайлбарын... залуугийн гараас барихад нөгөө гараа савахдаа санаандгүй миний биерүү цохисон гэх мэдүүлэг, 2-р хавтас 131 хх...зодоон болох үед Ч.Гантөмөр нь салгах гэж очоод Анхбаярын гарт цохигдож савж унасан... гэх өргөдөл, 201 хх ард... салгах гэж дундуур нь ортол намайг тохойдсон би арагшаа хий гишгээд толгойгоороо уначихсан чинь тархи хөдөлчихсөн юм шиг байна гэж хэлсэн ... гэх мэдүүлгээс харахад “санаатай “ сэдэлтээр гэмтэл учруулсан болохыг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдсныг шүүх анхаарч шийдвэрлээгүй.

 

2. а/ Хохирогч Д. Нарангэрэлийг хүчиндсэн гэх гэмт хэрэгт Анхбаяр гэм буруутай болох нь нотлогдоогүй. Хэрэгт хохирогч гэх Нарангэрэл нь мэдүүлэг /101хх -102 хх/ өгөхдөө “ ... тухайн үед яасан гэж ингэж байгаа юм бэ гэж би орилсон. Тэр болгонд миний амыг дарчихаад яриулахгүй байсан гэх мэдүүлгийг өгдөг. Хэрэгт авагдсан СД бичлэгээс харахад 5 цаг 19 мин орчим өрөөнөөс Анхбаярын хамт гарч ирж буй хохирогчийн байдал , гэрч Ч.Болд /2 р хавтас 61 хх/ хэвийн л харагдсан, надтай ямар нэгэн зүйл яриагүй гэх нотлох баримт нь гэмт хэрэгт өртөгдөж тусламж авч чадахгүй байдалтай байсан гэх байдлыг үгүйсгэсэн баримт.

 

Хэрэгт авагдсан гэрч Ц.Болд /194хх/, гэрч А.Ариунтуяа /195хх/, гэрч К.Кенжабай 196 хх, / гэрч Ч.Болд / 2-р хавтас 61 хх/ мэдүүлгээс тухайн өрөөнд ширээ байхгүй нь нотлогдсон ба хохирогч ...Нарангэрэлийн /101хх-102хх/ ... тэгснээ дахин ширээн дээр хэвтүүлж байгаад мөн бэлгийн ажил хийж дур ханасан гэх мэдүүлэг, 103 хх ... хэргийг хаалгамаар байна гэх хэргийг үгүйсгэсэн нотлох баримт хэрэгт авагдсан.

 

Гэрч В.Эрдэнэбилэгийн мэдүүлгийг /148-149хх/ анхан шатны шүүх шийтгэх тогтоолд нотлох баримтаар үнэлсэн. Уг нотлох баримтад... “ тэр өрөөнд нилээн удсан бараг 1 цаг болсны дараа..., ...хүчиндчихлээ эхлээд цонх түшүүлж байгаад араас бэлгийн ажил хийсэн гэх мэдүүлэг... нь хавтаст хэрэгт нотлогдоогүй.

 

Учир нь Орхон аймгийн Цагдаагийн газрын дэргэдэх баривчлах эрүүлжүүлэх байр нь 00 давхарт байрлах бөгөөд гэмт хэрэг гарсан гэх өрөөний цонхны байрлал түших боломжгүй дээр байрласан байхад цонх түшүүлж гэж нотлогдохгүй мэдүүлэг өгснийг нотлох баримтаар судлан үзсэн. Энэхүү хохирогч гэрчийн мэдүүлгүүд нь эргэлзэх үндэслэл бүхий нотлох баримт ба тухайн нотлох баримтыг шүүх үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлийн 13,14 заалтыг зөрчсөн гэж гомдол гаргаж байна.

 

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байх тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017.08.23 ны өдрийн 243 дугаартай шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэснийг өөрчлөх, 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо:

 

Миний бие А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсч байна. Цагдан хоригдсон хоногийг 89 гэж буруу тооцоолсон байна үүнийг зөвтгөж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Ч.Г давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

 

Ч.Г  миний бие нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирогч бөгөөд давж заалдах гомдолтой танилцлаа. Гомдолтой холбогдуулан гаргах тайлбар байхгүй. Анхбаярт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй учраас шүүх хуралдаанд оролцохгүй гэжээ.

 

Шүүгдэгч Т.А-ын өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа :

 

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 зүйлийн 13,14 заалтыг зөрчсөн гэж гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байх тул 243 дугаар шийтгэх тогтоолыг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1.д зааснаар шийтгэснийг өөрчлөх, 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгч Т.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа :

 

Миний бие А нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан гомдлоо дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би гэмт хэрэг үйлдээгүй, гэм буруугүй тул цагаатгаж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Ганзориг дүгнэлтдээ:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан. мөрдөн байцаалтын ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, иймд давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Анхбаярыг 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн 3-23 дугаар байрны 77 тоотод хохирогч П.Цогтгэрэлийг гэр лүү ус алдлаа гэсэн шалтгаанаар  маргалдан зодож биед нь хөнгөн хохирол учруулсан, П.Ц-ийн эхнэр Б.Г-г цохиж хүнд хохирол санаатай учруулсан, мөн 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд Д.Н-г хүч хэрэглэн хүчиндсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1., 96 дугаар зүйлийн 96.1., 126 дугаар зүйлийн 126.1.д заасан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч П.Ц-ийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Ч.Г-ийг байрны түрээсийн мөнгөнөөс болж маргалдан цохиж  биед нь хөнгөн хохирол    учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д  заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг  шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод  шүүгдэгч Т.А-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1.д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч П.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Т.А-т 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилж,

Т.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 2 /хоёр/ жил хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар тус тус шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан шүүгдэгч Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар оногдуулсан 1 /нэг /жил хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилээр  тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 3 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

          Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Т.А болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нар эс зөвшөөрч “... анхан шатны шүүх хэргийг хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн..., .. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 зүйлийн 1.д зааснаар шийтгэснийг өөрчлөх, 12.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар шийтгэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн, судалж үзвэл:

 

          - Шүүгдэгч П.Ц-ийн хувьд Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг 2002 оны Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн учраас мөн хуулийн  ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

        - Шүүгдэгч Т.А-нь 2016 оны 11 дүгээр сарын 11-нд Орхон аймгийн Баян-Өндөр сумын  тоотод хохирогч  П.Ц-тэй гэр лүү ус алдлаа гэсэн шалтгаанаар маргалдан зодолдож биед нь хөнгөн хохирол учруулсан, тэднийг салгах гэсэн П.Ц-ийн эхнэр  Б.Г-ийг цохиж хүнд хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон, үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв бөгөөд шүүгдэгч Т.А-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д заасан үйлдэлд ял оногдуулахдаа 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1.д заасныг журамлан түүний гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон болгон өөрчилж 2 жил хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй байна.  

 

Харин шүүх Т.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1.д зааснаар  шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэжээ.

 

Учир нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогч П.Ц-д хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн үйл баримт бөгөөд 2017 оны 8 дугаар сарын 23 өдөр анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэгдэх үед түүнийг эрүүгийн хариуцлагад татах буюу 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул энэ зүйл, хэсэгт заасныг баримтлан  эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Хэрвээ Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийг баримтлах бол заавал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийг давхар баримтлах бөгөөд байцаан шийтгэх хуулийг буцаан хэрэглэхгүй боломжгүй.

 

Хэрэгт авагдсан нотлох баримт тухайн үед болсон үйл баримтаас үзвэл   шүүгдэгч Т.А-т холбогдох 2016 оны 09 дүгээр сарын 02-нд Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх баривчлах байранд Д.Н-ийг хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээтэй байна.  

 

Тухайн өдөр шүүгдэгч хохирогчийн хооронд маргаан болсон боловч харин шүүгдэгч Т.А Д.Н-г ширээ түшүүлж байгаад хүчиндсэн гэж үзэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд тэнд байсан гэрч В.Эрдэнэбилэгийн өгсөн “... тэр өрөөнд нилээн удсан бараг 1 цаг болсны дараа гарч ирсэн..., ... тэгээд намайг хүчиндчихлээ, эхлээд цонх түшүүлж байгаад араас бэлгийн ажил хийсэн гэж Нарангэрэл ярьсан ..., гэсэн мэдүүлэг нь гэрч В.Эрдэнэбилэг хүчиндсэн гэх үйлдлийг харж мэдүүлсэн мэдүүлэг биш харин Нарангэрэл тэгж ярьсан гэсэн мэдүүлэг бөгөөд гэмт хэрэг гарсан гэдгийг шууд нотлох баримт биш .

 

Мөн хэрэгт авагдсан гэрч Ц.Болд /х.хийн 194.рхуудас/, гэрч А.Ариунтуяа /х.хийн 195-р хуудас/, гэрч К.Кенжабай / ххийн 196.р хуудас / гэрч Ч.Болд / х.хийн  61.р хуудас / нарын мэдүүлгээс тухайн өрөөнд ширээ байхгүй нь нотлогдсон ба хохирогч ...Нарангэрэлийн /х.хийн 101-102.р хуудас/ ... тэгснээ дахин ширээн дээр хэвтүүлж байгаад мөн бэлгийн ажил хийж дур ханасан гэх мэдүүлэг зэргээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд өөрөөр хэлбэл хэрэгт Т.Анхбаяр нь Д.Нарангэрэлийг хүчиндсэн гэдэг нь хангалттай нотлогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2.т заасныг журамлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1.д заасныг баримтлан Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн   2 дугаар заалтыг:

 

2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д зааснаар шүүгдэгч Т.Анхбаярыг Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй гэж өөрчилсүгэй.

 

3. Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтын “... хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн...” гэснийг,  4 дүгээр заалтын 126 дугаар зүйлийн 126.1.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчилсүгэй....” гэснийг, 5 дугаар заалтын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1.д  зааснаар 1 /нэг/ жил хорих ялаар  шийтгэсүгэй ...., гэснийг тус тус хасч, тогтоох хэсгийн 6 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

 

4.Тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Т.А-т оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй... гэж өөрчлөн, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

5.Шүүгдэгч Т.А болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

6. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         З.ХОСБАЯР                                                                                           

 

 

                   ШҮҮГЧИД                                                                 С.ЦЭЦЭГМАА

      

                                                                                                                                                                                                                                                   Ц.ТУЯА