Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 020

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт С-гийн Сд холбогдох эрүүгийн 19100 1957 0507 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Уранбайгаль /тээвэр/, шүүгдэгч С.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны 3 дугаар хэсэгт нийтийн тээврийн автобусны жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Т овогт С-гийн С /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч С.С нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Морингийн Даваа “Сод Монгол” Шатахуун түгээх станцын урд замд “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 03-81 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан заалтыг зөрчсөний улмаас тус зам дээр байрлуулсан хурд сааруулагч дээгүүр гарах үедээ автобусанд сууж явсан зорчигч, 52 настай, эрэгтэй Г.Б-ийг унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.                                                  

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.С нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Сийн өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн байгаа. Би өөрийн гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлд маргахгүй учир нэмж хэлэх зүйл байхгүй. Би 2015 оноос автобус жолоодох ангилалын эрхтэй болсон. Энэ жилээс Зорчигч тээврийн нэгтгэлийн хоёрдугаар баазын Тээвэрлэлт үйлчилгээний албаны 3 дугаар хэсэгт нийтийн тээврийн автобусны жолоочоор ажилд орсон юм. Тухайн осол хэрэг гарах үед би тоормосоо гишгэсэн, гэхдээ замын хажуу талд том оврын автомашин зогссон байсан. Тэр машиныг харж байгаад хурд сааруулагчийг анзааралгүй өнгөрсөн байсан. Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

Би хохирогчтой өчигдөр буюу 01 сарын 08-ны өдөр холбоо барьсан, “биеийн байдал сайн байгаа” гэж байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.145.000 төгрөг төлж барагдуулсан. Манай байгууллагын зүгээс хохирол төлбөр төлөөгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 1957 0507 дугаартай хэргээс:

 

1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-06х/,

 

2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-08х/,

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 09 цагийн үед Нисэхэд ажил хийж байхад бид нарыг хариуцсан дарга Уртбаяр утасдаж “Биокомбинатад очиж 12 дугаар хорооны байрны гадна талыг цэвэрлэх ажлыг хий” гэж хэлсэн. Ингээд надтай хамт ажилладаг Мандалсайхан, Отгонцоож, Цэлмэг нартай хамт Буянт-Ухаа-1 хорооллын хажуугийн автобусны буудлаас Туул тосгон чиглэлийн автобусанд суусан.

Автобусанд ороход хүн цөөн байсан ба Отгонцоож, Цэлмэг нар урд буюу голын хаалганы орчимд сандал дээр суусан. Мандалсайхан бид хоёр хамгийн хойд талын урт сандал дээр суусан ба би гол хэсэг орчимд нь суусан. Хойд сандал дээр Мандалсайхан бид хоёроос гадна бас нэг охин сууж явсан. Ингээд Биокомбинат орохын наад талд уруудаад явж байхад “Сод-Монгол” шатахуун түгээх станцын хажууд хурд сааруулагч дээгүүр маш хурдтай гарч донсолгоод, би дээшээ суугаагаараа үсрээд, таазанд толгой тулаад доошоо сууж байсан чигээрээ маш хүчтэй бөгсөөрөө буухад нуруу орчимд маш хүчтэй өвдөж, хүйтэн хөлс гарч дуу гарахаа больсон.

Тэгээд Мандалсайханд “нуруу болохоо больчихлоо” гэж хэлсэн. Автобус явсаар буудал дээр зогсоод, хүнээ буулгахад Цэлмэг, Отгонцоож нар буусан. Миний нуруу өвдөөд байсан учраас Мандалсайханыг “хамт явья” гэж хэлээд “эмнэлэгт дөхүүлж өгөх болов уу” гэж бодож автобусандаа суугаад цааш явсан. Тэгэхэд буудал өнгөрч автобус зогсоод жолооч нь бууж ирээд “та яасан бэ” гээд хэдэн юм яриад байсан, би юу гэж хэлсэнийг нь одоо санахгүй байна. Тухайн үед нуруу өвдөөд хүний үг дуулахдаа манатай байсан. Жолооч залуу “одоо яана аа” гээд миний нурууг барьж үзээд цааш явсаар Туул тосгоны эцсийн буудал дээр ирээд хүнээ аваад буцаад, 120 мянгат хүртэл нь сууж явсан ба жолооч надад “та эмнэлэгт очиж үзүүл” гээд 45.000 төгрөг, мөн эмийн сангаас өвчин намдаах эм авч өгсөн.

Мандалсайхан бид хоёр такси бариад Гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд “нуруу хугарсан байна” гээд шууд хэвтэж эмчлүүлж хагалгаа хийлгэж нуруугаа хадуулсан. Би Гэмтлийн эмнэлэгт 14 хоног хэвтсэн. Автобусны жолооч хамгийн анх Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн өдөр надтай эмнэлэг дэр ирж уулзсан, тэгээд компьютер томографийн зураг авахуулсаны төлбөр 100.000 төгрөг өгсөн ба тэрнээс хойш холбоо бариагүй, мөн ирж уулзаагүй юм.

Миний нуруунд хуучин өвчин байгаагүй, автобус хурд сааруулагч дээгүүр нилээд хүчтэй гарсан. Эмчилгээний зардалд баримттай 2.0-3.0 сая төгрөг болсон. Үүнийг нэхэмжилж байгаа, мөн гомдолтой байна. Жолооч надад 145.000 төгрөг өгсөн, өөр мөнгө өгөөгүй.

...Одоо миний нуруу удаан сууж чадахгүй хэцүү байгаа болохоор олон зүйл ярьж чадахгүй байна. Би 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хагалгаанд орсон. Би осолд орсноос хойш нийт 1.700.000 төгрөгийг эм болон бусад зүйлд зарцуулсан, үүнээс 1.600.000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт хавсаргана. Жолооч надад нийт 145.000 төгрөг өгсөн. Үлдэх хохирлын мөнгөө нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х, 55х/,

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Мандалсайханы гэрчээр өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хамт ажилладаг Б, Отгонцоож, Цэлмэг нарын хамт Биокомбинатад ажил хийхээр дөрвүүлээ Буянт-Ухаа хорооллын автобусны буудлаас Туул тосгон чиглэлийн автобусанд суусан. Автобусанд ороод Б бид хоёр хамгийн хойд талын урт сандал дээр суусан. Отгонцоож, Цэлмэг нар гол хавьд сандал дээр суусан юм. Тухайн үед автобусанд олон хүн байгаагүй ба цөөхөн хүнтэй байсан ингээд Биокомбинат орохоор яваад уруудаад “Сод Монгол” шатахуун түгээх станцын хажуугийн зам дээр байх хурд сааруулагч дээгүүр автобус хурдаа хасалгүй хурдтай гараад явсан ба Б бид хоёр хамгийн арын суудал дээрээс дээшээ суугаа чигээрээ ойж буусан.

Тэгэхэд Б “ёо ёо” гээд орилсон боловч буудал ойрхон байсан учраас автобус явсаар буудал дээр зогсоод хүмүүс буусан. Б бид хоёр тэр чигтээ сууж явсаар эцсийн буудал ороод, буцаад 120 мянгат орсон. Тэнд буухад Бийн “нуруу өвдөөд байна” гээд явж чадахгүй байсан ба нуруу хэсэгт нь овойж хавдсан байсан. Ингээд 120 мянгатаас Бийг таксигаар Гэмтлийн эмнэлэгт хүргэхэд “нуруу нь хугарсан байна” гээд шууд эмнэлэгт хэвтсэн юм. Автобус хурд сааруулагч дээгүүр гарахдаа хурдаа хасалгүй хурдтай гарсан учраас дээшээ харайсан юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10163 тоот актын:

1.2. Г.Б-ийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоодлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь тухайн осол хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

 

6. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 34 тоот:

1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг “зам тээврийн осол” гэж заасан тул тухайн осол нь зам тээврийн осол мөн.

2. 03-81 УБЧ улсын дугаартай автобусны жолооч С.С Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тухайн жолооч зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. Монгол улсын стандарт MNS 5968: 2009 “Хурд сааруулагч, Техникийн шаардлага, хэрэглэх дүрэм”-ийн 4.3 Үзэгдэх орчин хязгаарлагдсан үед гарцны өмнө Хүнд даацын ачааны автомашин явахад зөвшөөрөгдсөн замд зориулсан хурд сааруулагч өндөр нь 75 мм, өргөн 900 мм, өргөн нь зорчих хэсгийн өргөнтэй тэнцүү урттай тавигдана гэж заасан стандартад нийцэж байгаа эсэхийг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас тодруулах.

4. Шинжилгээ хийх явцад хэрэгт ач холбоголтой өөр зүйл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт /хэргийн 47-48х/,

 

7. “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 075158 дугаартай:

1. 03-81 УБЧ улсын дугаартай Daewoo маркийн BS-106 загварын автобус нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, зогсоолын тоормосны ажиллагаа, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, утаан дахь тортогжилтын хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Харин хурд хэмжигч, цахилгаан одометр ажиллахгүй, хөдөлгүүр бага зэрэг тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хурд хэмжигч /спидометр/, цахилгаан одометр /нийт явсан км заагч/ ажиллахгүй, хөдөлгүүр бага зэрэг тос гоожилттой эвдрэл гэмтэлтэй байна. Эдгээр эвдрэл гэмтлүүд нь техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

3. Уг тээврийн хэрэгслийн эдгээр эвдрэл гэмтлүүд нь тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Хурд хэмжигч ажиллахгүй үед замын хөдөлгөөнд оролцоход жолооч ямар замд хэдэн км/цагийн хурд сонгож явж буйгаа тогтоох боломжгүй болно.

5. Энэ автобус нь хийн тоормосны системтэй.

6. Хий хураалт сайн, хий алдалтгүй, накладууд жигд хэмжээтэй, тоног төхөөрөмжийн хэмжилт, туршилтын жолоодлогын үр дүнгээс үзэхэд тоормосны систем ямар нэг эвдрэлгүй хэвийн ажиллаж байлаа.” гэсэн дүгнэлт, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хэргийн 69-77х, 78/,

 

8. Хохирогч Г.Б-ийн ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 35-45х, 58-65х/,

9. Шүүгдэгч С.Сийг ажилд томилсон тухай “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Б/294 дугаартай  тушаал /хэргийн 34х/,

 

10. Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас, автотээврийн хэрэгслийн техник ашиглалтын хуудас баримтууд /хэргийн 29-30х, 31-32х/,

 

11. Жолоочийн лавлагаа мэдээлэл баримт /хэргийн 24х/,

 

12. Мөрдөн шалгах ажиллагааны явцад С.Сийн яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 06 цаг 40 минутанд Туул тосгоноос 120 мянгат ороод буцаад өгсөөд явж байтал Буянт-Ухаа1 хорооллоос одоо нэрийг нь мэдсэнээр Г.Б- гэх хөгшин хүн суусан. Тэгээд Биокомбинат орох замд автобусны наана байрлах хурд сааруулагч дээгүүр гарсан. Хурд сааруулагч дээгүүр гараад донслох үед хойно “хүн унаад бэртчихлээ” гэж хүмүүс хэлсэн. Тэгээд би автобусаа зогсоогоод тухай хүн дээр очиход хамгийн арын суудал дээр нэг ах сууж байсан ба “нуруу өвдөөд байна” гэж хэлж, урагшаа босоод “гайгүй болох байх” гээд суугаад явж байсан. 120 мянгатын автобусны буудал дээр ирээд түргэн тусламж дуудсан. Тэгээд “болохгүй бол гэртээ хариарай” гэж хэлээд 45.000 төгрөг өгөөд, гар утасныхаа дугаарыг өгсөн. Удалгүй “Гэмтэл Согог судлалын үндсэний төвд ирчихлээ, зураг авахуулах хэрэгтэй байна” гээд надаас 100.000 төгрөг авсан. Энэ үед би хамт явж үзүүлсэн.

Маргааш орой нь надруу 9111-тэй дугаараас нэг танихгүй эрэгтэй хүн залгаад намайг дарамтлаад “хүрч ирээд уулз, би чамайг ална” гээд байсан. Тэгээд л Цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй, эрүүл автомашин жолоодож явсан. Би 5-10км/ц хурдтай тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Одоо хохирогч Г.Б- ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн. Би хохирол төлбөрт 1.145.000 төгрөг нөхөн төлсөн юм.

Би тээврийн хэрэгсэл жолоодох “B, C, D, E” ангиллын хүчинтэй жолооны эрхийн үнэмлэхтэй. 2009 онд анх жолооч болж байсан. Тухайн үед миний жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан “Daewoo” маркийн 0381 УБЧ улсын дугаартай автомашин нь “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨУҮГ-ын машин. Осол гарах үед зам орчины нөхцөл байдал үзэгдэх орчин чөлөөтэй, хөдөлгөөний ачаалалгүй, зам түгжрэлгүй, цаг агаар дулаахан, зорчих хэсэг хуурай байсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 88-89х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 84х/ баримт, оршин суугаа хаягийн тодорхойлолт баримт хэргийн 25х/, иргэний үнэмлэхийн хуулбар баримт /хэргийн 26х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн, Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч С.С нь 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Морингийн Даваа, “Сод Монгол” Шатахуун түгээх станцын урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 03-81 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөн оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалтын “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг зөрчсөний улмаас тус зам дээр байрлуулсан хурд сааруулагч дээгүүр гарах үедээ тухайн үед сонгсон явдсан хурдаа сааруулалгүй гарснаас зам тээврийн осол гаргаж, уг автобус дотор зорчин явсан зорчигч  Г.Б- нь автобусны суудлаас огцом үсэрч, суун биедээ  “...бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл авч, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээр дурьдсан:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 03-06х/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 07-08х/, мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.Б-ийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хэргийн 12-13х, 55х/, хохирогч Г.Б-ийн ГССҮТөв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, эмчилгээний зардал төлбөртэй холбоотой хэрэгт гаргасан баримтууд /хэргийн 35-45х, 58-65х/, гэрч С.Мандалсайханы мэдүүлэг /хэргийн 16-17х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 10163 тоот актын: “...Г.Б-ийн биед бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал гэмтэл тогтоодлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй, дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь тухайн осол хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хэргийн 21х/,

- Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 01 сарын 21-ний өдрийн 34 тоот: “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг “зам тээврийн осол” гэж заасан тул тухайн осол нь зам тээврийн осол мөн, 03-81 УБЧ улсын дугаартай автобусны жолооч С.С Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасныг тухайн жолооч зөрчсөн байх үндэслэлтэй байна,...” гэсэн дүгнэлт  /хэргийн 47-48х/ болон шүүгдэгч С.Сийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 88-89х/ зэрэг бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан.

Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний авулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байхаар хуульчилсан.  

Шүүгдэгч С.С нь “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 03-81 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэн замын хөдөлгөөнд оролцохдоо 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Морингийн Даваа, “Сод Монгол” Шатахуун түгээх станцын урд замд байрлуулсан хурд сааруулагч дээгүүр гарахдаа хурдаа сааруулаагүйн улмаас уг автобусны зорчигчийн суудалд сууж явсан иргэн Г.Б- нь унан тусаж, түүний биед “...бүсэлхийн 2-р нугалмын их биеийн шахагдсан хугарал” бүхий хүндэвтэр хохирол учирсан зам тээврийн осол хэрэг гарсан, шүгдэгчийн энэхүү үйлдэл нь “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 заалтыг зөрчсөн, зам тээврийн осол мөн болох нь Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн  дүгнэлтээр тогтоогджээ.

Тээврийн прокуророос шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

Хэргийн шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.   

Иймд шүүгдэгч С.Сийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх үндэслэлтэй.

Түүнчлэн хэргийн шүүгдэгч С.С нь “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын 2 дугаар баазын тээвэрлэлт үйлчилгээний 3 дугаар хэлтэст тээврийн автобусны жолоочоор ажилладаг, зам тээврийн осолд холбогдох үедээ “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын эзэмшлийн “Daewoo BS106” маркийн 03-81 УБЧ улсын дугаартай автобусыг жолоодон нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх ажил үүргээ гүйцэтгэн явсан нь хэрэгт авагдсан “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирлын 2019 оны 07 сарын 02-ны өдрийн Б/294 дугаартай “С.Сийг ажилд авах тухай” тушаал /хэргийн 34х/, тээврийн хэрэгслийн техникийн хяналтын хуудас баримт /хэргийн 31-32х/, автотээврийн хэрэгслийн техник ашиглалтын хуудас /хэргийн 29-30х/ баримтаар тус тус тогтоогдсон тул  

тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч “Зорчигч тээврийн нэгтгэл” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг /итгэмждэгдсэн төлөөлөгч Ц.Баясгалан/ /хэргийн 91х, 92х/ 2019 оны 11 сарын 19-ний өдрийн Мөрдөгчийн тогтоолоор хэрэгт иргэний харицагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч С.С нь зам тээврийн осол хэргийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан хохирогч Г.Б-ийн эмчилгээний зардал болон бусад зардалд 1.145.000 /нэг сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг нөхөн төлсөн гэж мэдүүлсэн, хэрэгт хохирогч Г.Б-ээс хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгөхдөө: “...Жолооч залуу надад 145.000 төгрөг өгсөн.” гэж, мөн “...жолооч С.Сээс 1.0 сая төгрөг бэлнээр авсан нь үнэн. Гомдол саналгүй.” гэсэн хүсэлт /хэргийн 55х, 66х/ баримттай тул хэргийн хамт шийдвэрлэх шүүгдэгч С.С болон иргэний хариуцагч “Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-аас тус тус гаргуулах баримт бүхий хохирол, хор уршгийн нөхөн төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Г.Б- нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 74 дүгээр талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарч байна.  

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу хор уршгийн нөхөн төлбөрийг төлсөн зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.   

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ нь тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, эрүүгийн хариуцлага гаргаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.   

Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хохирогч Г.Б- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон    

 

                                                         ТОГТООХ нь:

 

1. Т овогт С-гийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Сд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.С нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт С.С нь хохирогч Г.Б-д 1.145.000 төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид эмчилгээ, үйлчилгээ хийлгэх шаардлагатай гэж үзвэл тухай бүрд нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт С.С нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Г.Б- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, иргэний хариуцагч нь шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан С.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   С.БАЗАРХАНД