| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0034/Э |
| Дугаар | 021 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ц.Отгонсүрэн |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 021
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ж-ы Эт холбогдох эрүүгийн 19100 2828 0838 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Ц.Отгонсүрэн, шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, И овогт Ж-ы Э /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч Ж.Э нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын амны орчим Х.А-тэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэрэг явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо надад нэмж хэлэх зүйл байхгүй байна. Би тухайн өдөр ажлын байран дээр байж байсан юм. Би хохирогч Х.А-г урьд өмнө харж байгаагүй, танихгүй. Тэгэхэд нэр усаа ч хэлэлгүй нэг залуу машины цонх маш хүчтэй цохисноо “чи гараад ир, чамд үзүүлэх юм байна уу” гээд маргаан үүсгэсэн. Нилээн ширүүн ааштай залуу байсан юм. Тэгээд л асуудал үүссэн. Эхлээд Х.А- нь намайг заамдаж авсан, дараагаар нь өөрөө хамаг хувцасаа тайлаад байсан.
Бид хоёр хэн аль нь буруутай байгаа, гэхдээ худал мэдүүлэг өгч болохгүй байх. Х.А- “миний гаран дээр 2-3 удаа дэвссэн” гэсэн байна лээ, тийм зүйл огт болоогүй. Бид хоёр ноцолдож байгаад газар унасан. Тэр үед газар гараараа тулаад, эвгүй унасан шиг санагдаж байна, ийм байдлаар хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирсан байх. Миний хувьд хэрэг гардаг өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан. Тухайн өдөр бид хоёр хоёулаа гэмтсэн. Х.А- миний эмзэг эрхтэнээс татаж чангаагаад, би 7 хоногийн турш хөндүүр өвчтэй явсан.
Би хохирогчид эмчилгээний зардалд 500.000 төгрөг шилжүүлсэн, гэхдээ хохирогч хэрэгт баримт гаргаж хохирол төлбөр нэхэмжлээгүй. Надад Х.А- “мессежээр эмчилгээний зардал шилжүүлээч ээ” гэхээр нь би тэр даруйд нь 500.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн барилга барьж байгаа газарт Газрын албанаас албан ёсны зөвшөөрлийг нь авсан байсан. Гэхдээ маргаан үүсэх үед миний гар дээр бичиг баримт байгаагүй.
Одоо би хийсэн хэрэгтээ харамсаж байна, хүний эрүүл мэндэд хохирол учруулчихаад өөрийгөө өмөөрч зогсмооргүй байгаа юм. Миний буруу, би 200 орчим ажилчдыг удирдаж ажилладаг болохоор аль болох өөрийгөө хянахыг хичээдэг.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 2828 0838 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.А-гийн хохирогчоор өгсөн:
“...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил руугаа явж байхад бариулж буй байшингийн орчимд шинээр дулааны шугамын жижиг байр барьж байсан. Тэгэхээр нь тэр хүмүүс дээр яваад очиход хариуцан бариулж байгаа гээд нэг залуу байсан. Мөн хажууд нь ажилчид нь байсан. Тэгэхээр нь би тэр залууд хандаж “чи зөвшөөрлийн бичгээ гаргаад ир, энэ манай газар” гэж хэлэхэд “зөвшөөрлийн бичиг яг одоогоор байхгүй байна” гэж хэлсэн.
Ингээд л бид хоёрын дунд маргаан үүсч тэр залуу намайг барьж аваад нүүрэн тус газарт гараараа олон удаа цохисон. Тэгэхээр нь би барилцаж аваад биеэ хамгаалах гэж тэр залуугийн бэлэг эрхтэний орчмоос нь базаад тавьсан. Гэтэл тэр залуу намайг доош дарж байгаад миний гар дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэр үед миний гар маш их өвдөж би гараа бариад “болиоч ээ” гэж гуйхад хажууд нь байсан нэг залуу салгасан. Тэгээд би шууд цагдаа дуудсан.
Миний биед Э гэдэг залуу гэмтэл учруулсан. Би эрхтнээс нь базсан нь үнэн, өөрийгөө хамгаалах гэж базсан юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гаргах санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би гар болон толгойн компьютер томографийн зураг авахуулсан байгаа. Өөрөөр баримт байхгүй, миний гар ердийн явцаар эдгэсэн. Эмчилгээний холбоотой ямар нэгэн баримт байхгүй, ганц нэг баримт байсан явцын дунд алга болсон байна лээ. Мөн надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хэн хэнийх нь буруу байгаа шүү дээ, энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна, би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ж.Хатанбаярын гэрчээр өгсөн:
“...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Арцатын амны орчим дулааны ЦТП-н байр барьж байсан юм. Гэтэл 15 цагийн орчим байсан байхаа, мопед загварын жижиг мотоциклтэй эрэгтэй хүн ирээд учиргүй уурлаж эхэлсэн. Ингээд захирал Этай уулзаад “зөвшөөрөлгүй газар юм хийлээ, бичиг баримт байна уу” гэх зэргээр учиргүй дайраад загнаад зандраад байсан. Сүүлдээ хэрүүл нилээн ширүүн болоод Э дарга нөгөө залуутай барилцаж аваад, харилцан цохилцоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Гэхдээ тэр залуу үнэхээр түргэн зантай, аймар хүн байна лээ. Ийм л явдал болсон. Тэр залуу Э.Эын эмзэг эрхтнээс нь базсан байсныг нь би харсан юм байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 сарын 03-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11630 тоот актын:
1. Х.А--н биед баруун гарын алганы 5-р ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт / хэргийн 20х/,
4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж.Эын гэрч, яллагдагчаар өгсөн:
“...Миний хувьд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын аманд дулааны ЦТП буюу дулааны шугамын жижиг байр бариулж байгаа юм. Уг үйл ажиллагаа нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны албан ёсны зөвшөөрөлтэйгээр хийж гүйцэтгэж байгаа. 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр уг газарт ажлаа хийгээд түр амраад машиндаа сууж байтал 15 цагийн орчим жижиг мопед /мотоцикль/-тэй эрэгтэй хүн ирээд хажууд зогссон.
Ингээд надад хандаж “миний газар дээр юм бариад байна, чамд үзүүлж харуулах зөвшөөрөл байна уу” гэхээр нь хариуд нь “надад зөвшөөрөл байгаа, гэхдээ яг одоо алга байна” гэж хэлээд өөрөөс нь “үзүүлэх бичиг баримт байгаа” эсэхийг асуухад ямар нэгэн бичиг баримт үзүүлээгүй. Ингээд л хоорондоо маргаж эхэлсэн. Гэхдээ тэр залуу үнэхээр түргэн ааш авиртай хүн байна лээ. Ингээд бид хоёр барилцаад, би тэр залууг ганц нэг удаа цохисон, энэ үед Хатанбаяр ирж салгасан.
Харин тэр залуу миний эмзэг эрхтнээс базаад татаад байсан. Тухайн үедээ миний эмзэг эрхтэн бараг 4 хоног хавдаж, хөндүүрлэж байгаад одоо эдгэсэн байгаа. Ингээд л салцгаасан. Гэхдээ бид хоёр тухайн үед цагдаа дээр ирээд ярилцаад “шүүх эмнэлэг энэ тэр гэж явахгүй, учир зүйгээ олцгооё” гэж тохирсон байсан. Гэвч өөрөө гүйж очоод шүүх эмнэлэгт үзүүлчихсэн байна. Тухайн үед ч би ч гэсэн үзүүлсэн бол надад гэмтэл гарах л байсан. Гэхдээ одоо маргаад яахав дээ. Хохирол мөнгийг нь төлөөд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна. Би шүүх эмнээлгт үзүүлэхгүй, цагдаад нэмж шалгуулах зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 50-51х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 28х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 30х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын аманд иргэн Х.А- нь “миний газар дээр барилга барих тусгай зөвшөөрөл бичиг баримт байна уу, харуул” гэхэд “зөвшөөрөл байгаа, одоогоор алга байна” гэснээс үүдэлтэй шүүгдэгч Ж.Э болон Х.А- нарын хооронд үл ойлголцол маргаан үүссэн, улмаар тэдгээр нь барьцалдан авч, шүүгдэгч Ж.Э нь хохирогч Х.А-г цохиж, зодон биед нь “...баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн чихэнд шарх гэмтэл, баруун гарын алганы 5-р ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- хохирогч Х.А-гийн: “...Би 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр ажил руугаа явж байхад бариулж буй байшингийн орчим шинээр дулааны шугамын жижиг байр барьж байсан. Тэгэхээр нь тэр хүмүүс дээр яваад очиход хариуцан бариулж байгаа гээд нэг залуу байсан. Мөн хажууд нь ажилчид нь байсан. ...Би тэр залууд хандаж “чи зөвшөөрлийн бичгээ гаргаад ир, энэ манай газар” гэж хэлэхэд “зөвшөөрлийн бичиг яг одоогоор байхгүй байна” гэж хэлсэн. Ингээд л бид хоёрын дунд маргаан үүсч тэр залуу намайг барьж аваад нүүрэн тус газарт гараараа олон удаа цохисон, ...би барилцаж аваад биеэ хамгаалах гэж тэр залуугийн бэлэг эрхтэний орчмоос нь базаад тавьсан. Гэтэл тэр залуу намайг доош дарж байгаад миний гар дээр хөлөөрөө 2-3 удаа дэвссэн. Тэр үед миний гар маш их өвдөж би гараа бариад “болиоч ээ” гэж гуйхад хажууд нь байсан нэг залуу салгасан. Тэгээд би шууд цагдаа дуудсан. Миний биед Э гэдэг залуу гэмтэл учруулсан. Би эрхтнээс нь базсан нь үнэн, өөрийгөө хамгаалах гэж базсан юм. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан, гаргах санал хүсэлт байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Би гар болон толгойн компьютер томографийн зураг авахуулсан байгаа. Өөрөөр баримт байхгүй, миний гар ердийн явцаар эдгэсэн. Эмчилгээний холбоотой ямар нэгэн баримт байхгүй, ганц нэг баримт байсан явцын дунд алга болсон байна лээ. Мөн надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Хэн хэнийх нь буруу байгаа шүү дээ, энэ хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдвэрлүүлмээр байна, би шүүх хуралд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 12-13х/,
- гэрч Ж.Хатанбаярын: “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Арцатын амны орчим дулааны ЦТП-н байр барьж байсан юм. Гэтэл 15 цагийн орчим байсан байхаа, мопед загварын жижиг мотоциклтэй эрэгтэй хүн ирээд учиргүй уурлаж эхэлсэн. Ингээд захирал Этай уулзаад “зөвшөөрөлгүй газар юм хийлээ, бичиг баримт байна уу” гэх зэргээр учиргүй дайраад загнаад зандраад байсан. Сүүлдээ хэрүүл нилээн ширүүн болоод Э дарга нөгөө залуутай барилцаж аваад, харилцан цохилцоод байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг салгасан. Гэхдээ тэр залуу үнэхээр түргэн зантай аймар хүн байна лээ. Ийм л явдал болсон. Тэр залуу Э.Эын эмзэг эрхтнээс нь базаж байсаныг нь би харсан юм байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 17-18х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 сарын 03-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 11630 тоот актын: “...Х.А--н биед баруун гарын алганы 5-р ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 20х/,
- шүүгдэгч Ж.Эын үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 50-51х, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Х.А-гийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...баруун гарын алганы 5-р ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхинд цус хуралт, баруун шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт цус хуралт, зулгаралт, зүүн чихэнд шарх гэмтэл.” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч Ж.Э түүнийг тодорхой сэдэлттэй маргааны улмаас цохиж зодсоны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас гэмтэл учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл бүхий хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Эын хохирогч Х.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Прокуророос шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Ж.Эыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Х.А--н эрүүл мэндэд учирсан “...баруун гарын алганы 5-р ясны хугарал , цус хуралт , зөөлөн эдийн няцрал , баруун нүдний дээд зовхи , доод зовхинд цус хуралт , баруун шанаанд зөөлөн эдийн няцрал , зүүн хацарт цус хуралт , зулгаралт , зүүн чихэнд шарх гэмтэл” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зохицуулсан байна.
Хэргийн хохирогч Х.А- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй хэдий ч шүүгдэгч Ж.Э нь хохирогч Х.А-гийн эмчилгээний зардал төлбөрт 500.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкин дахь 5099198828 дугаарын данснаас хохирогч Х.А-гийн 5029711697 дугарын данс руу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мобайл банкны үйлчилгээ ашиглан шилжүүлж нөхөн төлсөн нь шүүгдэгчээс хэрэгт гаргаж өгсөн Хаан банкны депозит дансны хуулга баримт, мөн хохирогч нь Х.Амартүвшийнгийн “гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй” талаарх хэрэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 13-14х,76х/ баримтаар тус тус нотлогдсон.
Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт нөхөн төлөх төлбөргүй гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.Э нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар /хэргийн 30х/ тогтоогдсон тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх, шүүгдэгч Ж.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулвал зохих эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан санал зэргийг шүүгдэгч Ж.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Энэ хэрэгт Ж.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. И овогт Ж-ы Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Эыг 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ж.Э нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтанд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт Ж.Э нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Х.А- нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Ж.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД