Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 0089

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Г.Д....н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Өндөрийнх овогт Г.........гийн Д....нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 0255 10976 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Өндөрийнх овогт Г.........гийн Д....н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, эмэгтэй, 23 настай, суурь боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн .......... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..........

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Г.Д....н нь 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, “М...........аг” хүнсний дэлгүүрийн хажууд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Л.О........дагтай маргалдаж түүний толгой хэсгээс нь үсдэж, газар унагааж зодож цохин эрүүл мэндэд нь “зулайн хуйх, зүүн гарын сарвуу, баруун шууны зөөлөн эдийн няцрал цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д....н мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв, дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...хэрэлдэж маргалдсан гэх газрыг хохирогч Л.О........дагаар заалгуулахад Сонгинохайрхан дүүргийн ..... гудамжны үзүүрт байрлах ногоон өнгийн хашааны урд талд болсон гэж зааж байх ба уг газрыг гэрэл зургийн аргаар бэхжүүлж авав. ...цааш үргэлжлүүлэн хохирогчийн ярьсан “Мөнхбулаг” гэх хүнсний дэлгүүрийг заалгуулахад уг хэрэг болсон гэх газраас 400 метрийн зайд Сонгинохайрхан дүүргийн ..... дугаар гудамжинд ертөнцийн зүгээр урагшаа харсан байдалтай байрлаж байх ба уг дэлгүүрийн зургийг гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 94-95),

2. Хохирогч Л.О........дагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр би нөхөр Б......нтай гэртээ хоёр шил архи уучхаад өдрийн 14 цагийн үед нөхрийн хамтаар ...”Мө....аг” гэдэг нэртэй хүнсний дэлгүүрээс хэрчсэн гурил авч хоол хийж идэхээр хамт явж байсан. Тэгээд дэлгүүрийн ойролцоо би гудамжинд байдаг машины дугуйн дээр суугаад, манай нөхөр Мөнхбулаг дэлгүүр лүү орсон. ...намайг сууж байтал нэг согтуу хүүхэн миний хажууд ирсэн...тэгээд юм асуугаад юм ярилцаад сууж байгаад яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, гэнэт бид хоёр үсдэлцээд авсан байсан. Би тэр хүүхнийг дийлэхгүй байсан болохоор тэр хүүхэн намайг доошоо үсдээд дарсан тэгтэл манай нөхөр Б......н дэлгүүрээс гарч ирээд намайг салгаж авсан. ...Би тухайн үед тэр эмэгтэйтэй ойр зуурын юм ярьж байснаа санаад байгаа...яг юунаас болж маргалдсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Би хэрэг болсон гэх өдөр цагдаагийн газар ирээд шууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлсэн. Тэгэхээр дүгнэлтэд учирсан гэмтлүүдийг надтай маргалдсан гэх эмэгтэй учруулсан...Би хэрэг болсон газар болон намайг зодсон хүнийг харвал танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91),  

3. Гэрч Э.Б......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр...дэлгүүр ороод гурил авчхаад буцаад гараад иртэл манай эхнэрийг нэг хүүхэн үсдээд газар дарсан байхаар нь би очиж салгаад эхнэрийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

4. Гэрч А.Н..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг цагдаагийн газар ирэхэд...О........дагийн үс нь өрвийчихсөн чих хавиар нь шалбарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад гудамжинд нэг охинд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97)

5. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5706 дугаар дүгнэлт:

“...Хэсэг газрын үзлэгт: Зулайн зүүн дээд хэсэг овойж хавдсан, 2х2см хэсэг газарт үс зулгаагдаж хүрэн улаан өнгөтэй болсон, 2 талын өвдөгний урд хэсэгт 0.5х2см, 4-5-н ширхэг хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн гарын сарвууны ар хэсэг, баруун шууны урд хэсэг овойж хавдсан...ДҮГНЭЛТ:

1. Л.О........дагийн биед зулайн хуйх, зүүн гарын сарвуу, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

6. Шинжээч эмч Ц.Оюу....нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Зулайн хуйх, зүүн гарын сарвуу баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун зүүн өвдөгний зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зулайн хуйхны цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлүүд нь бүгд шинэ гэмтэл байна. Шинэ гэмтлүүд нь 1-3 хоногт үүссэн гэмтлийг ойлгоно. Зулгаралт цус хуралт гэмтлүүд нь хүрэн улаан гэмтлүүд байсан байна. Зулайн хуйх, зүүн гарын сарвуу баруун шууны зөөлөн эдийн няцрал цус хуралт нь унахад үүсэх боломжгүй. Мөн өөрөө өөртөө учруулах боломжгүй гаднын хүч үйлчилж байж үүсэх боломжтой гэмтэл юм. ... 2019 оны 5 дугаар сарын 8-ны өдөр надад ирж үзүүлсэн учир хэрэг болсон гэх 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),  

7. Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-93),

- Оргодол эрэн сурвалжлах тухай бүртгэл (хавтаст хэргийн 56-58, 110-112), мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 59-62, 104-107, 113), прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухайн тогтоол (хавтаст хэргийн 116-117), прокурорын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн мөрдөн байцаалтыг сэргээх тухай тогтоол (хавтаст хэргийн 119), Шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэр (хавтаст хэргийн 121, 130, 134, 135-136),

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 28, 31), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 32, 36, 37, 73, 74), Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл мэдээллийн нэгдсэн системийн лавлагаа (хавтаст хэргийн 43-45) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Д....нд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар.

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д....нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг гаргав.

Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй шүүгдэгч нь мэтгэлцээгүй болно. 

Шүүгдэгч Г.Д....н нь Сонгинохайрхан дүүргийн ..... дүгээр гудамжны үзүүрт байрлах ногоон өнгийн хашааны урд “М.....г” хүнсний дэлгүүрийн хажууд, 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шалтаг шалтгаангүйгээр иргэн Л.О........дагтай маргалдан улмаар түүний толгойноос үсдэх, хоёр гараас нь барих зэргээр хүч хэрэглэн газар унагаж эрүүл мэндэд нь зулайн хуйх, зүүн гарын сарвуу, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтэл учруулсан болох нь

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлд “...хэрэлдэж маргалдсан гэх газрыг хохирогч Л.О........дагаар заалгуулахад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян Уулын 29 дүгээр гудамжны үзүүрт байрлах ногоон өнгийн хашааны урд талд... “Мөнхбулаг” гэх хүнсний дэлгүүр...с 400 метрийн зайд ...болсныг зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 94-95),

- Хохирогч Л.О........дагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 07-ны өдөр ...”Мөнхбулаг”  гэдэг нэртэй хүнсний ...дэлгүүрийн ойролцоо би гудамжинд байдаг машины дугуйн дээр ...сууж байтал нэг согтуу хүүхэн миний хажууд ирсэн...тэгээд юм асуугаад юм ярилцаад сууж байгаад яг юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна, гэнэт бид хоёр үсдэлцээд авсан...Би тэр хүүхнийг дийлэхгүй байсан болохоор тэр хүүхэн намайг доошоо үсдээд дарсан тэгтэл манай нөхөр Б......н дэлгүүрээс гарч ирээд намайг салгаж авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9),

“...Би хэрэг болсон гэх өдөр цагдаагийн газар ирээд шууд шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд очиж үзүүлсэн. Тэгэхээр дүгнэлтэд учирсан гэмтлүүдийг надтай маргалдсан гэх эмэгтэй учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 91), 

- Гэрч Э.Б......ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэлгүүр ороод гурил авчхаад буцаад гараад иртэл манай эхнэрийг нэг хүүхэн үсдээд газар дарсан байхаар нь би очиж салгаад эхнэрийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16),

- Гэрч А.Н..........яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг цагдаагийн газар ирэхэд...О........дагийн үс нь өрвийчихсөн чих хавиар нь шалбарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад гудамжинд нэг охинд зодуулсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 97)

- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 5706 дугаар дүгнэлт: “...1. Л.О........дагийн биед зулайн хуйх, зүүн гарын сарвуу, баруун шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун, зүүн өвдөгний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 18),

- Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 92-93) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Г.Д....н нь хууль зүйн хувьд танхайн сэдэлтээр, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгаан нөхцөлөөр, шууд санаатай үйлдлээр, хохирогч Л.О........дагийг үсдэж зодон гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Д....н нь хохирогч О........дагийн үснээс нь зулгааж, гараас нь барьж газар унагаасан болох нь хохирогч, гэрч нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон ба үсдүүлж газар унаснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Иймд шүүгдэгч Г.Д....н нь гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О........даг нь хавтаст хэрэгт эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй тэрээр мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “надад гомдол санал байхгүй...” (хавтаст хэргийн 8-9) гэх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч Г.Д....нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 624 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрч байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д....нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс Г.Д....нийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад удаа дараа саад учруулсан хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн санал болгосон дүгнэлтийг хүлээн авч ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Түүнчлэн шүүгдэгч Г.Д....нд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан тухайн ялын зорилгыг хангах, гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчийг хуульд заасны дагуу гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан тул Эрүүгийн хуульд зааснаар түүний нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг өдрийн 4 цагийн хугацаагаар тогтоож, тэрээр оногдуулсан ялыг биелүүлээгүй, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрсөн бол дээрх ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.Д....н нь энэ гэмт хэрэгтээ 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс (хавтаст хэргийн 137-138) мөн оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 12 хоног, 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 27 хоног буюу нийт 39 цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 39 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл хуульд зааснаар шүүгдэгчийн цагдан хорих талсан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож, цагдан хоригдсон нийт 39 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 312 цагаар тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

Түүнчлэн шүүхээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учир түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Эрүүгийн 1908 0255 10976 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.11, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Өн....йнх овогт Г.........гийн Д....нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцсугай,

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д....нийг 624 (зургаан зуун хорин дөрөв) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Д....н нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Д....нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүргийг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелэгдэж дуусах хүртэл хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч Г.Д....н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг тус тус анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д....ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 39 (гучин ес) хоногийг буюу нийтэд тустай ажил хийлгэх 312 цагийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Д....нд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.МӨНХЗУЛ