| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2020/0054/Э |
| Дугаар | 0109 |
| Огноо | 2020-02-06 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 0109
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч Д.Нямбат,
хохирогч Т.Б......д,
шүүгдэгч Э.Б.........нэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт Э......эгийн Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0626 51879 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Э......эгийн Б.........нэ, Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 1997 оны 02 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, ........... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ............
Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч Э.Б.........нэ нь 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ............ улсын дугаартай Тоёота Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг, улмаар тээврийн хэрэгсэл дотор байсан суудлын бүрээс, гар утасны дугаар бичдэг суурь, хөгжмийн антен, галын хор, хүрз зэрэг эд зүйлсийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлс болох хаалга онгойлгогч хийлэгч болон төмөр багажийг ашиглаж нийт 13.409.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:
1. Шүүгдэгч Э.Б.........нэ мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.
2. Хохирогч Т.Б......д мэдүүлэхдээ: “...2019 оны 2 дугаар сарын 06-ны орой 137 дугаар байрны гадна зогсоол дээр машины би зүүн тийш харуулан байрлуулсан. Тэгээд орой 21 цагийн үед гарч ирээд машинаа халаачихаад гэртээ орсон. Тэгээд өглөө 04 цагийн үед ажилдаа явах гээд гараад ирсэн чинь миний машин байхгүй байсан. Тэгээд цагдаа дуудаад тухайн байрны гадна талын камерыг шүүж үзэхэд орой 23 цаг 10 минутын орчимд миний машиныг онгойлгоод аваад явсан байсан...тэгээд миний машиныг цагдаа нар 72 цагийн дотор нар олж өгсөн. Тэгээд миний машиныг цагдаа нар авчирч өгсөн...” гэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:
1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн ......... ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоол байх ба хохирогчийн зааснаар өөрийн ....... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн “Toyota Prius” маркийн тээврийн хэрэгслээ ертөнцийн зүгээр хамар хэсгийг баруун тийш харуулан хөндлөн байрлуулсан гэх хэсэгт ...........улсын дугаартай ...тээврийн хэрэгсэл байрлуулсан байдалтай байв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6),
2. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр... Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа багаажийг онгойлгон үл мэдэгдэх зүйлс аваад алдагдсан гэх Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалган дээр очоод 23 цаг 23 минутад гар чийдэн тусгаж хаалгыг оролдож байгаад 23 цаг 25 минут 50 секундэд хаалгыг онгойлгоход алдагдсан гэх Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн аваарын гэрэл асаж унтарсны дараа 2 залуу Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дээр очив. ...23 цаг 31 минутад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд явсны дараа үлдсэн эрэгтэй хүн алдагдсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очин 23 цаг 36 минутад цонхны бүтээлгийг нь хуулан аваад 23 цаг 37 минутад хөдлөөд явав...” гэх баримт (хавтаст хэргийн 16),
3. Эд мөрийн баримтаар тооцох тогтоол (хавтаст хэргийн 17)
4. Хохирогч Т.Б......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 12 дугаар сарын 06-ны 17 цагийн үед өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 137 дугаар байрны баруун урд талын зогсоол дээр байрлуулчхаад гэртээ орсон. …12 дугаар сарын 07-ны шөнө 04 цагт ажилдаа явах гээд гарахад миний машин алга болчихсон байсан. ...Маргааш өдөр нь камерын бичлэг олж үзэхэд ногоон алаг өнгийн богино куртиктэй, цэнхэр жинсэн өмдтэй, саравчтай малгайтай, 160-165см орчим өндөртэй эрэгтэй хүн миний машиныг унаад явсан байсан...машинаа хүлээж авахад дотор нь байсан хүрз, утасны дугаар бичдэг суурь суудлын бүрээс зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан. Гадна талдаа ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
-“...эд зүйлийн үнэлгээгээр гарсан 309.900 төгрөгийг нэхэмжилж байна, хохирлоо барагдуулбал өөр гомдол санал байхгүй....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),
5. Гэрч Б.Б......хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн шөнө 22 цагийн үед ажлаа хийгээд явж байтал миний ажлын “Түлхүүр тааруулна” гэсэн “Facebook” хаягаар ...Э.БаярБ......д гэсэн хаягаас ... “...машинаа яаж онгойлгох вэ түлхүүрээ хаячихлаа” гэсэн тэгэхээр нь би “машиных нь марк, байршлыг асуутал” тэрээр “Toyota Prius-20, Москва хороолол ..... дугаар орц” гэхээр нь би “энгийн үү, смарт уу” гэтэл “хөдөөгөөс ахындаа ирээд түлхүүрээ хаячихлаа “S touring”” гэхээр нь би “80.000 төгрөг” гэсэн. Миний бичсэн чатууд утсан дээр хадгалагдсан байгаа. Тэгээд байж байтал 23 цаг 01 минутад миний 90....50 дугаарт .....гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “сая чат бичсэн хүн байна. Одоо хүрээд ирээч” гэхээр нь би шууд яваад очсон. Намайг очиход ногоон эрээн өнгийн куртиктэй, намхан, туранхай, хар өнгийн саравчтай малгайтай 25 орчим насны эрэгтэй хүн намайг...гадаа хүлээж байсан. Тэгээд.......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, урд салхины шилэн дээрээ даавуугаар хучсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод “энэ миний машин байгаа юм. Энийг онгойлгомоор байна, түлхүүрээ хаячихсан гэсэн. Тэгээд би өөрийнхөө ...Toyota Prius-30 маркийн машины багаажаас хаалга онгойлгодог төмөр, хийлдэг хийлэгч хоёрыг аваад Toyota Prius-20 машины ...жолооч талын урд талын хаалганы завсраар нь хийлэгчээ хийн хийлж хаалганд зай гаргаад төмрөөрөө түгжээг нь татаж онгойлгосон. Тэгээд... Toyota Prius-20-ын оношилгооны компьютерт өөрийн OBD-2 багажийг залгаад программыг нь уншуулж өөрт бэлэн байсан бэлдэц буюу Toyota Prius-20 түлхүүрийг тааруулж өгсөн. ....Надад Э.О............рав гэсэн жолооны болон иргэний үнэмлэх үзүүлснийг нь харьцуулаад хартал үнэмлэх дээрх зураг нь арай махлаг байсан. ...Би зургийг утсаараа дараад 80.000 төгрөгийн хөлс аваад явсан. ...Тухайн эрэгтэй хүнийг харвал би танина...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),
6. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Гэрч Б........нх ...түлхүүр тааруулж онгойлгуулсан гэх эрэгтэй нь бор царайтай, намхан нуруутай, шөвгөр урт царайтай, миний үеийн залуу байсан. ...1 дугаарын зураг дээр байгаа эрэгтэй мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21),
7. Гэрч Л.Д...........ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал Б.........нэ “ахаа би найзынхаа бичиг баримтгүй нэг машиныг аваад ирсэн нэг газар хашаанд аваачиж тавимаар байна” гэхээр нь ахынхаа эзэнгүй хашаанд хамт очиж тавьсан. Манай гэрт ирээд бид 2 хамт хоносон. Маргааш өглөө нь бид 2 нүүлгэлтийн ажилд яваад 20 цагийн үед тарсан. Маргааш нь Б.........нэ Toyota Prius-20 маркийн машины бичиг баримт худалдаж авна гэж зар тавиад тус зарынхаа дагуу хүмүүстэй холбогдож байсан. Тэгээд маргааш нь 1 дүгээр хорооллын 19 дүгээр байрны тэнд машины бичиг баримт хүнээс худалдаж авахаар боллоо хамт явъя гэхээр нь дагаж яваад цагдаа нарт баригдсан...хяналтын камерын бичлэгийг үзлээ бичлэгт байгаа хүн Б.........нэ мөн байна. Өмсөж явсан куртикийг тэр өдөр надаас гуйгаад өмсөөд явсан юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
8. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...улсын дугаар: ............, Марк, модель Toyota Prius, арлын дугаар NHW207687648, өмчлөгч Тувааны Б......д...” гэх баримт (хавтаст хэргийн 90),
9. “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн СХДЗ-19-949 дугаартай тайланд “...Toyota Prius-20 маркийн 2007 онд үйлдвэрлэгдсэн 2019 онд орж ирсэн автомашин...13.000.000 төгрөг” гэх баримт (хавтаст хэргийн 45),
- “Дамно” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн СХД3-19-959 дугаар хөрөнгийн үнэлгээний тайланд “...14 нэр төлийн эд зүйл ...309.900 төгрөг.” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 48-52)
10. Шүүгдэгч Э.Б.........нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 137 дугаар байрны баруун талын автомашины зогсоол дээр байсан ....... улсын дугаартай саарал өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин байсан. Тэгээд би автомашины хаалга онгойлгодог албан ёсны “Facebook” хаягтай хүнтэй холбогдож дуудлага өгсөн юм. ...Тэгтэл тэр машины хаалга онгойлгодог хүн ирээд ....... улсын дугаартай автомашиныг хаалгыг нээж өгөөд түлхүүр таниулж тааруулаад надад өгөхөөр нь би тооцоогоо хийсэн. Тэгээд би тэр машиныг асаагаад шууд 5 шарын цаана байрлах цэргийн хотхонд байдаг хамт ажилладаг Даваадоржийн ахынд очсон. ...Тэгээд ....... улсын дугаартай машины суудлын бүрээсийг нь аваад дотор байсан жижиг зүйлсийг суудлын бүрээсэнд хийгээд буцаад Даваадорж ахынд ирээд түр гарчхаад ирье гээд машинаас авсан суудлын бүрээс болон жижиг сажиг зүйлийг нь хогийн саванд хийж буцаад Даваадорж ахынд хоносон. Тэгээд маргааш нь Facebook дээр Toyota Prius-20 машины гэрчилгээ бичиг баримт худалдаж авна гэсэн зар тавиад нэг хүнтэй холбогдсон ба тэр хүн нь харин цагдаа байсан. ...би Б......х гэх хүнд миний машин байгаа юм түлхүүрээ хаячихлаа гэж хэлсэн. Харин Даваадорж ахад манай найзын машин байгаа юм эзэн нь хөдөө явчихсан түр намайг унаж бай гэж худлаа хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98),
11. Эд зүйл хураан авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 11), эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 12), сэжигтнийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тогтоол (хавтаст хэргийн 58), Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн прокурорын тогтоол (хавтаст хэргийн 62)
- Шүүгдэгч Э.Б.........нийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 65), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 86),ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 66), хохирол төлсөн баримт (хавтаст хэргийн 126) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Э.Б.........нэд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
I. Гэм буруугийн талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б.........нийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авахдаа учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч Э.Б.........нэ нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр Москва хорооллын 137 дугаар байрны гадна зогсоолоос, 2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед, Toyota Prius-20 маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийн хаалгыг “тээврийн хэрэгслийг хаалга онгойлгож, түлхүүр тааруулах үйлчилгээ” үзүүлдэг иргэнээр онгойлгуулан, тээврийн хэрэгслийн чиптэй буюу бичил долгион үүсгэн зөвхөн тухайн автомашиныг таньж асдаг түлхүүрийн бэлдцийг хийлгүүлэн авч хууль бусаар тухайн тээврийн хэрэгслийг худалдан борлуулах зорилгоор авч яван иргэн Т.Б......дод 13.409.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Москва хорооллын 137 дугаар байрны ертөнцийн зүгээр хойд талд байрлах автомашины зогсоол...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-6),
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр... Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч машиныхаа багаажийг онгойлгон үл мэдэгдэх зүйлс аваад алдагдсан гэх Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын урд хаалган дээр очоод 23 цаг 23 минутад гар чийдэн тусгаж хаалгыг оролдож байгаад 23 цаг 25 минут 50 секундэд хаалгыг онгойлгоход алдагдсан гэх Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгслийн аваарын гэрэл асаж унтарсны дараа 2 залуу Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл дээр очив. ...23 цаг 31 минутад Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл хөдлөөд явсны дараа үлдсэн эрэгтэй хүн алдагдсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очин 23 цаг 36 минутад цонхны бүтээлгийг нь хуулан аваад 23 цаг 37 минутад хөдлөөд явав...” гэх баримт (хавтаст хэргийн 16),
- Хохирогч Т.Б......дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2019 оны 12 дугаар сарын 06-ны 17 цагийн үед өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай Toyota Prius-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн тээврийн хэрэгслээ Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Москва хорооллын 137 дугаар байрны баруун урд талын зогсоол дээр байрлуулчхаад гэртээ орсон. …12 дугаар сарын 07-ны шөнө 04 цагт ажилдаа явах гээд гарахад миний машин алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26),
- Гэрч Б.Б......хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тухайн шөнө 22... “Facebook” хаягаар ...Э.БаярБ......д гэсэн хаягаас ... “...машинаа яаж онгойлгох вэ түлхүүрээ хаячихлаа” гэсэн тэгэхээр нь би “машиных нь марк, байршлыг асуутал” тэрээр “Toyota Prius-20, Москва хороолол 132 дугаар байрны 2 дугаар орц” гэхээр нь би “энгийн үү, смарт уу” гэтэл “хөдөөгөөс ахындаа ирээд түлхүүрээ хаячихлаа “S touring”” гэхээр нь би “80.000 төгрөг” гэсэн. ...23 цаг 01 минутад миний 90....50 дугаарт 86908448 гэсэн дугаараас нэг эрэгтэй хүн залгаад “сая чат бичсэн хүн байна. Одоо хүрээд ирээч” гэхээр нь би шууд яваад очсон. ...Тэгээд.......... улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн, урд салхины шилэн дээрээ даавуугаар хучсан Toyota Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл дээр очоод ...би өөрийнхөө ...Toyota Prius-30 маркийн машины багаажаас хаалга онгойлгодог төмөр, хийлдэг хийлэгч хоёрыг аваад Toyota Prius-20 машины ...жолооч талын урд талын хаалганы завсраар нь хийлэгчээ хийн хийлж хаалганд зай гаргаад төмрөөрөө түгжээг нь татаж онгойлгосон. Тэгээд... Toyota Prius-20-ын оношилгооны компьютерт өөрийн OBD-2 багажийг залгаад программыг нь уншуулж өөрт бэлэн байсан бэлдэц буюу Toyota Prius-20 түлхүүрийг тааруулж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),
- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд: “...Гэрч Б......х ...түлхүүр тааруулж онгойлгуулсан гэх эрэгтэй нь ...1 дугаарын зураг дээр байгаа эрэгтэй мөн байна...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 18-21),
- Гэрч Л.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны шөнө 02 цагийн үед гэртээ унтаж байтал Б.........нэ “ахаа би найзынхаа бичиг баримтгүй нэг машиныг аваад ирсэн нэг газар хашаанд аваачиж тавимаар байна” гэхээр нь ахынхаа эзэнгүй хашаанд хамт очиж тавьсан. ...Маргааш нь Б.........нэ Toyota Prius-20 маркийн машины бичиг баримт худалдаж авна гэж зар тавиад тус зарынхаа дагуу хүмүүстэй холбогдож байсан. ...хяналтын камерын ...бичлэгт байгаа хүн Б.........нэ мөн байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22),
- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбарт “...улсын дугаар: ...., Марк, модель Toyota Prius, арлын дугаар NHW207687648, өмчлөгч Тувааны Б......д...” гэх баримт (хавтаст хэргийн 90),
- “Дамно” ХХК-ийн 2019 оны ...СХДЗ-19-949, СХД3-19-959 дугаар хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45, 48-52),
- Шүүгдэгч Э.Б.........нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 06-ны орой 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо 137 дугаар байрны баруун талын автомашины зогсоол дээр байсан ....... улсын дугаартай саарал өнгийн Toyota Prius-20 маркийн автомашин байсан. Тэгээд би автомашины хаалга онгойлгодог албан ёсны “Facebook” хаягтай хүнтэй холбогдож дуудлага өгсөн юм. ...Тэгтэл машины хаалга онгойлгодог хүн ирээд ....... улсын дугаартай автомашиныг хаалгыг нээж өгөөд түлхүүр таниулж тааруулаад надад өгөхөөр нь би тооцоогоо хийсэн. Тэгээд би тэр машиныг асаагаад шууд 5 шарын цаана байрлах цэргийн хотхонд байдаг хамт ажилладаг Да....ийн ахынд очсон. ..Тэгээд маргааш нь Facebook дээр Toyota Prius-20 машины гэрчилгээ бичиг баримт худалдаж авна гэсэн зар тавиад нэг хүнтэй холбогдсон ба тэр хүн нь харин цагдаа байсан. ...би Б......х гэх хүнд миний машин байгаа юм түлхүүрээ хаячихлаа гэж хэлсэн. Харин Даваадорж ахад манай найзын машин байгаа юм эзэн нь хөдөө явчихсан түр намайг унаж бай гэж худлаа хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 96-98) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Б.........нэ нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр иргэн Т.Б......дын өмчлөлийн тээврийн хэрэгслийг онгойлгуулан, улмаар тухайн тээврийн хэрэгсэлд таарахгүй түлхүүрийг тааруулж ашигласан буюу зэвсгийн чанартай хэрэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэлд таарахгүй түлхүүрийн бэлдэц ашигласан нь зэвсгийн чанартай зүйлд хамаарах бөгөөд энэхүү бэлдэц байхгүй бол энэхүү гэмт хэргийг төгсгөж чадахгүй байжээ.
Тиймээс улсын яллагчаас шүүгдэгч Э.Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэг, заалтад зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.Б......дод 13.309.900 төгрөгийн хохирол учирсан байна. Үүнээс шүүгдэгч Т.Б.........нэ нь 13.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг биет байдлаар буцааж өгч, тээврийн хэрэгсэл дотроос авсан эд зүйлийн үнэлгээ болох 309.900 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Улсын яллагчаас шүүгдэгч Э.Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дүгнэлтийг,
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Б.........нэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлж барагдуулсан зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Б.........нийг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн шүүгдэгчид шүүхээс хорих ял оногдуулсантай холбогдуулан түүний дээрх хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Э.Б.........нэ нь шүүхийн зөвшөөрөлгүй 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс (хавтаст хэргийн 57-62) 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 2 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй.
Эрүүгийн 1908 0626 51879 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тэмдэглэж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Э......эгийн Б.........нийг бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Э.Б.........нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Б.........нийн биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б.........ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 2 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б.........нэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ