Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 0131

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

иргэдийн төлөөлөгч Я.Отгонжаргал,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Пүрэврагчаа,

улсын яллагч М.Амарзаяа (томилолтоор),

шүүгдэгч А.О.....ма, түүний өмгөөлөгч Г.Энхболд (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2663) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Боржигон овогт А......н О.....маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1908 0321 81632 дугаартай, 1 хавтаст хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт А......н О.....ма, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Баянбулаг суманд 1983 оны 5 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эмэгтэй, боловсролгүй, гоо сайханч мэргэжилтэй, “............оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..............

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч А.О.....ма нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр .................. тоотод хамтран амьдрагч Ч.М.........тыг хардалтын улмаас нуруун тус газарт нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирэхэд манай хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би нөхөр Ч.М.........т руу утсаар залгаад гэрийн хаалга онгорхой байна чи гэрт ирсэн юм уу гэж асуусан. Гэтэл манай нөхөр би гэрт очоогүй хулгай орсон юм биш үү гээд манай нөхөр цагдаа дуудсан. ...Тэгээд цагдаа нар явсны дараа гэртээ ороход манай гэрээс ямар нэгэн зүйл алдагдаагүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэртээ ороод би хүүхдээ хөхүүлээд сууж байхад нөхөр Ч.М.........тын гар утас нь дуугарсан. Тэгэхээр нь би Ч.М.........тын утсыг үзэх гэсэн боловч надад утсаа өгөөгүй. Тэгэхээр нь хэн залгаж байгаа юм бэ гэж асуусан чинь чамд хамаагүй гэж хэлээд утсаа надаас булааж аваад гараад явсан. Тэгэхээр нь би гэртээ үлдэхээс айгаад Ч.М.........тын араас гарсан чинь Ч.М.........т гадаа машинаа янзлаад зогсож байсан. Тэгэхээр нь би Ч.М.........т дээр очиход “...Ч.М.........т нь намайг чамшиг янхнаар яах юм, чамаас сайхан хүүхэн надад байна...” гэх хэлсэн. Мөн намайг “...эцэг, эхгүй, гуйлгачин...” гэж доромжилсон. Тэгээд миний гэнэт уур хүрээд юу болсон талаар санахгүй байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .................. тоот хашаа байх ба уг хашааны ...дотор ...байх модон грашны ...дээд талд цагаан цэнхэр өнгийн иштэй 27см урттай, ажлын хэсгийн урт нь 15см, иш нь 12см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон хутга байсныг шинжээч 6 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. ...хашааны гадна улаан өнгийн ачааны машин байх ба уг машины баруун талд нөхрөө хутгалсан гэх газрыг...гэрэл зургийн аргаар бэхжүүлэв...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10),

2. Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (хавтаст хэргийн 12),

3. Хохирогч Ч.М.........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчим би ажил дээрээ байж байхад манай эхнэр А.О.....ма над руу залгаад гэрт хулгайч орсон байна гэж надад хэлсэн. Тэгээд би удалгүй гэртэй...очтол манайд цагдаа нар ирсэн байсан. ...тэгээд би эхнэр А.О.....ма, хүү М.М..........л.н нартай гэртээ ороод байж байтал миний утас дуугарсан. Тэгтэл манай эхнэр А.О.....ма ...утас шүүрээд авсан. Тэгэхээр нь би буцааж авсан чинь “наад залгаад байгаа хүн чинь хэн юм бэ” гээд байхаар нь “манай арван жилийн хүүхэд байна” гэсэн. Тэгтэл манай эхнэр А.О.....ма уурлаж загнаад байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэгээд машиныхаа хажууд татлага янзлаад зогсож байтал эхнэр А.О.....ма араас дагаж гарч ирээд утсаа үзүүл гээд хэрэлдээд байхаар нь би уурлаад хэдэн хатуу үг хэлээд машиндаа суух гэтэл араас цохих шиг болсон эргээд хартал А.О.....ма өөрийнхөө гэдсэнд хутгалж байсан. ...миний утсанд дуудлага ирээд тэгээд манай эхнэр намайг хардаад хутгалсан...жижиг хар алаг иштэй хутга байсан...миний машины татлага орооцолдсон байсан болохоор татлага таслах гээд би гэрээс жижиг хутга авч гарч ирээд татлагаа тасалчхаад А.О.....маг гараад ирэхээр нь оруулчих гээд өгсөн...Миний баруун талын даланд 1 удаа хутгалсан...надад ямар нэгэн санал гомдол байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7575 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Нурууны баруун талд 3-4 хавирганы түвшинд нугалмын ойролцоох шугамаар босоо байрласан 2см шарханд 2ш мэс заслын оёдолтой. Эгмийн дунд шугамаар 2-3 хавирганы түвшин 1см шарханд мэс заслын оёдолтой..

Цэргийн төв эмнэлгийн 8967 тоот өвчний түүхээс: өвчний түүх нээсэн: 2019.06.15 Хэвтэх үеийн зовуурь: цээжний шархаар өвдөнө, амьсгал авахад цээжээр өвдөнө...бодит үзлэг: биеийн ерөнхий байдал дунд, ...цээжний ард далны хажуугийн шугамаар 3-4 хавирганы түвшинд гүн хатгагдсан шархтай, шархыг цэвэрлэж урсгуур тавьж боов. Онош: цээжний баруун хөндийд нэвтэрсэн хатгагдсан шарх.

2019.06.14-ний 22:55-д: ЦГХ-д: уушгины зураглал дотор зоноор олширсон, уг ерөнхий синусууд чөлөөтэй, зүрх томроогүй, плеврт хийгүй, шингэнгүй.

2019.06.15-ны 01:25-д: ЦГХ-д: Баруун уушги 1/3-р унасан...ДҮГНЭЛТ

1. Ч.М.........тын биед нугалмын ойролцоох шугамаар 3-4 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

5. Шүүгдэгч А.О.....магийн мөрдөн шалгах болон мөрдөн байцаалтад:

- Гэрчээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн .................. тоот гэртээ 19 цагийн орчим хүү М.М..........л.нтэй ...ирэхэд манай гэрийн цоожийг эвдэлсэн байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирж хэргийн газрын үзлэг хийж ...байхад манай нөхөр Ч.М.........т ирсэн. Цагдаа нар явсны дараа нөхөр Ч.М.........т, хүү М.М..........л.н...бид гурав гэртээ байж байтал нөхрийн утасны чат дуугарсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө утсыг автал нөхөр Ч.М.........т утсаа надаас булаагаад авсан. Тэгэхээр нь наад залгасан хүн чинь хэн юм бэ? утсыг чинь үзье гэсэн чинь надад үзүүлэхгүй байсан. Тэгээд би хүүхдээ хөхүүлээд сууж байтал нөхөр Ч.М.........т “би явлаа” гээд гарахаар нь “чи хаачих гэж байгаа юм бэ” гээд араас нь гарсан. Тэгээд гадаа байсан машиных нь хажууд очоод “наад утсаа үзүүл” гэтэл “чамд ямар хамаатай юм, ...эцэг, эхгүй өнчин муу янхан минь. Би чамаар юу хийхээ заалгахгүй, би чамаас сайхан хүүхэнтэй уулзах гэж байна.” гээд надаа утаснаасаа нэг хүүхний зураг үзүүлчхээд цаашаа эргэснийг санаж байна. Би тухайн үед маш их уурласан болохоор цаашаа юу болсныг санадаггүй юм. Нэг ухаан орсон чинь нөхөр утсаар ярьж байх шиг байсан, тэгснээ “намайг чи яаж байгаа юм бэ өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн” юу болж байгааг сайн ойлгож өгөхгүй байсан. Тэгээд нөхөр намайг “чи бас намайг хутгалчихсан гэж хэлсэн” тэгээд удалгүй түргэн ирээд бид хоёрыг аваад явсан... Би жижиг хар иштэй хутгаар Ч.М.........тыг хаана нь хэдэн удаа хутгалснаа санддаггүй юм аа эмнэлэг дээр очоод даланд нь нэг удаа хутгалагдсаныг мэдсэн. Тэр хутгыг...Ч.М.........т...гэрт оруулчих гэж өгсөн. ...Би өөрийгөө яагаад хутгалснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн ..... тоотод гэртээ 19 цагийн үед хүүхэд М.М..........л.нгийн хамт гэртээ ирэхэд гэрт хулгай орсон байхаар нь дуудлага өгөөд хамтран амьдрагч Ч.М.........т руу залгаж хурдан ирээрэй гэж хэлсэн. ...тэгээд байж байтал манай нөхрийн гар утас руу нь нэг хүн залгахаар нь би утсыг аваад үзэх гэтэл надад үзүүлэхгүй байсан. Тухайн үед бид хоёр гэрээс гарчихсан хашаан дотроо машины ард байсан. Тэгээд машины хажуу талд нь очтол дахиад утас нь дуугарахаар нь би эвээр ярья гэтэл утсаа үзүүлэхгүй байж байснаа надад нэг зураг үзүүлээд би энэ хүнтэй ярих гэж байна чамаас сайхан хүүхэн байна очиж уулзлаа явлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр надад ачааныхаа олсыг тасалж байсан хутгаа надад өгөөд энийг оруул гэхээр нь би хутгыг нь гартаа авснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би өөрийгөө хутгаар гэмтээж байсан ба манай нөхөр тухайн үед гэмтчихсэн байсан. Тэгээд манай нөхөр Ч.М.........т түргэн дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80),

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7576 дугаар дүгнэлт

“...Зовуурь: Шархаар өвдөнө, зүрх өвдөнө, салганана гэнэ....

Хэсэг газрын үзлэгт: Хэвлийн голд хүйсийн дээр хөндлөн байрласан 4см шарханд 3 ширхэг мэс заслын оёдолтой.

Цэргийн төв эмнэлгийн 8968 тоот өвчний түүхээс: ...хүйснээс дээш 1.5см урттай 4-6см гүн хатгагдсан шархтай, ...онош: хэвлийн өмнөд ханын гүн хатгагдсан шарх. ...ДҮГНЭЛТ.

1. А.О.....магийн биед хэвлийн өмнөд хананд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

7. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1174 дүгээр дүгнэлт

“...Сэтгэцийн байдал: Үзүүлэгч амьдралын түүхээ ярина. Болсон хэргийн талаар санахгүй байна гэнэ. Би ууг нь ийм зүйл хийхээр хүн биш гэнэ. Үзүүлэг уйлна. Нөхөр гомдолгүй гээд байгаа. Хэрэг явдал цагдаа дээр яваад байгаа. Тухайн үед цочмог уурласан. Тэгээд юмаа санахгүй байна гэнэ. ...Би уг нь нэг их уурлаад байдаггүй гэнэ. ...Дүгнэлт:

1. А.О.....ма нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

...6. А.О.....ма нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

...8. А.О.....ма нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-70),

8. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1364 дүгээр дүгнэлт

“...Болсон хэргийн талаар (өөрийн үгээр) Нөхөртэйгөө 2013 онд танилцаад бид 2-ын дундаас 1 хүүхэдтэй. Би өмнө амьдрал зохиож байсан. Нөхөр бид 2-ын харилцаа гайгүй байсан. Сүүлийн 1 жилийн хугацаанд маргалдаад багалзуур шахдаг, зоддог байсан. 2019.06 сарын үед орой ажлаа тараад хүүхдээ цэцэрлэгээс аваад гэртээ орсон чинь гэрийн хаалга онгорхой байсан. Тэгээд нөхөр лүгээ ярьсан чинь цагдаа дууд гэсэн. Тэгээд тэр орой хадам ах ээж байсан. Цагдаа ирээд юм бүртгээд байсан. Нөхөр орой гэртээ утсаар нь Wechataar нэг эмэгтэй хүн орж ирээд залгаад байсан. Нөхөр надаа утсаа өгөхгүй байсан. Нөхөр чам шиг хүнд ямар хамаатай юм. Тэгээд намайг элдвээр хэлээд байсан. Би эвээр юу болоод байгааг хэлчих гэсэн. Тэгсэн нөхөр намайг түлхээд гарч яваад нөхрийг wechat нь дуугараад нөхөр надад утсаа өгөхгүй байсан. Нөхөр надад чам шиг янхан биш чи цаашаа зайл гээд намайг түлхсэн. Тэгээд wechat нь байн байн дуугараад нөхөр энэ хутгыг цаашаа гэр рүүгээ оруулчих гэсэн. Би энэ хүүхэнтэй одоо уулзлаа гээд wechat-нд хүүхний зураг үзүүлсэн. Тэгээд хутгыг бариад хойшоо унах шиг болсон. Хутгыг барьсан байхад гар хөл аймар салгалаад 2 хөл дээрээ арай гэж зогсож байсан. Нэг мэдсэн түргэний тэрэг ирсэн байсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр ирсэн байсан. Би өөрийгөө гэмтээсэн байх гэж бодсон чинь нөхрийгөө гэмтээснээ мэдсэн. Нөхөр надад хэлэхдээ чи өөрийгөө гэмтээгээд тэгээд намайг гэмтээсэн гэсэн. Би тэр үйл явдлыг ерөөсөө санахгүй байгаа. Би өөрийгөө ингэснээ тэр орой санахгүй байгаа. Одоо ч санахгүй байна. Уг нь би тийм хүн биш гэнэ. Тэр үед сэтгэл санаа нөхөр намайг муухайгаар хэлээд тухайн үед цочмог уурласан. Нөхөр үүнийг оруулчих гэсэн, миний хутга бариад зогсож байсан тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй гэнэ, нөхөр ноднин нэг хүүхэнтэй явалдаж байгаад салсан. Тэр өдрөөс өмнө 2 хоногийн өмнө гэртээ хоноогүй. Би тэвчээд дуугүй өнгөрсөн. Бид 2 маргалдаад 15-20 минут болсон байх. Маргалдаж байхад нөхөр намайг түлхсэн...ДҮГНЭЛТ

1. А.О.....ма нь хэрэг болох үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89-91),

9. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралтын хуулбар (хавтаст хэргийн 108, 109),

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 94-103), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 46), хохирогчийн хүсэлт (хавтаст хэргийн 133), 

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэх лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 50, 54, 107), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47), Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 51), хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй эсэх талаарх холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 52, 55), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 55), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 92, 93), Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 132) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.О.....мад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт

Шүүгдэгч А.О.....ма нь 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Монлаагийн 5 дугаар гудамжны 1а тоотод хамтран амьдрагч Ч.М.........тыг “утсаа шүүрч авлаа, хэн залгаад байгаа юм” гэх зэргээр хардсаны улмаас Ч.М.........т нь “явлаа гэж” хэлэн гэрээсээ гарахад түүний араас даган гарсан байна. Ийнхүү даган гарахад Ч.М.........т нь өөрийн тээврийн хэрэгсэл дээр очин ачааны татлагат орооцолдсон утсыг хутгаар таслах үйлдэл хийж байхад А.О.....ма нь дахин дээрх маргааныг хийсэн байх бөгөөд энэ үед Ч.М.........т нь А.О.....мад “чамд ямар хамаатай юм, ...эцэг, эхгүй өнчин муу янхан минь. Би чамаар юу хийхээ заалгахгүй, би чамаас сайхан хүүхэнтэй уулзах гэж байна.” гэж хэлэн улмаар хэрэглэж байсан хутгаа түүнд өгч “гэртээ оруул” гэсэн шаардлага тавьж, түүний нэр төрд халджээ. Ийнхүү Ч.М.........т нь А.О.....магийн бие хүний нэр төрийг ичгүүр сонжуургүйгээр гутаан хүндээр доромжлоход А.О.....ма нь уурлан сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автан, өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болж Ч.М.........тын нурууны баруун талд 3-4 хавирганы түвшинд нугалмын ойролцоох шугамаар босоо байрлалтайгаар, мөн эгмийн дунд шугамаар 2-3 хавирганы түвшинд тус тус хутгалж улмаар өөрийн хүйснээс дээш 1.5см урттай 4-6см гүн хатгагдсан шарх үүсгэн, Ч.М.........тад хүнд хохирол учруулсан болох нь

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн .................. тоот хашаа байх ба уг хашааны ...дотор ...байх модон грашны ...дээд талд цагаан цэнхэр өнгийн иштэй 27см урттай, ажлын хэсгийн урт нь 15см, иш нь 12см урттай цус мэт зүйлээр бохирлогдсон хутга байсныг шинжээч 6 гэсэн дугаар тавьж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв....” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 07-10),

- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай тогтоол, хавсралтын хуулбар (хавтаст хэргийн 108, 109),

- Хохирогч Ч.М.........тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...эхнэр О.....ма, хүү М..........л.н нартай гэртээ ороод байж байтал миний утас дуугарсан. Тэгтэл манай эхнэр О.....ма ...утас шүүрээд авсан. Тэгэхээр нь би буцааж авсан чинь “наад залгаад байгаа хүн чинь хэн юм бэ” гээд байхаар нь “манай арван жилийн хүүхэд байна” гэсэн. Тэгтэл манай эхнэр О.....ма уурлаж загнаад байсан. Тэгэхээр нь би гараад явсан. Тэгээд машиныхаа хажууд татлага янзлаад зогсож байтал эхнэр О.....ма араас дагаад гарч ирээд утсаа үзүүл гээд хэрэлдээд байхаар нь би уурлаад хэдэн хатуу үг хэлээд машиндаа суух гэтэл араас цохих шиг болсон эргээд хартал О.....ма өөрийнхөө гэдсэнд хутгалж байсан. ...миний машины татлага орооцолдсон байсан болохоор татлага таслах гээд би гэрээс жижиг хутга авч гарч ирээд татлагаа тасалчхаад О.....маг гараад ирэхээр нь оруулчих гээд өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7575 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: Нурууны баруун талд 3-4 хавирганы түвшинд нугалмын ойролцоох шугамаар босоо байрласан 2см шарханд 2ш мэс заслын оёдолтой.  Эгмийн дунд шугамаар 2-3 хавирганы түвшин 1см шарханд мэс заслын оёдолтой...ДҮГНЭЛТ

1. Ч.М.........тын биед нугалмын ойролцоох шугамаар 3-4 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо. ...3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32),

- Шүүгдэгч А.О.....магийн мөрдөн шалгах болон мөрдөн байцаалтад:

- Гэрчээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: “...2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ...Сонгинохайрхан дүүргийн .................. тоот...нөхөр М..........т, хүү М..........л.н...бид гурав гэртээ байж байтал нөхрийн утасны чат дуугарсан. Тэгэхээр нь би нөхрийнхөө утсыг автал нөхөр М..........т утсаа надаас булаагаад авсан. Тэгэхээр нь наад залгасан хүн чинь хэн юм бэ? утсыг чинь үзье гэсэн чинь надад үзүүлэхгүй байсан. Тэгтэл...нөхөр М..........т “би явлаа” гээд гарахаар нь “чи хаачих гэж байгаа юм бэ” гээд араас нь гарсан. Тэгээд гадаа байсан машиных нь хажууд очоод “наад утсаа үзүүл” гэтэл “чамд ямар хамаатай юм, ...эцэг, эхгүй өнчин муу янхан минь. Би чамаар юу хийхээ заалгахгүй, би чамаас сайхан хүүхэнтэй уулзах гэж байна.” гээд надаа утаснаасаа нэг хүүхний зураг үзүүлчхээд цаашаа эргэснийг санаж байна. Би тухайн үед маш их уурласан болохоор цаашаа юу болсныг санадаггүй юм. Нэг ухаан орсон чинь нөхөр утсаар ярьж байх шиг байсан, тэгснээ “намайг чи яаж байгаа юм бэ өөрийгөө хутгалчихлаа гэж хэлсэн” юу болж байгааг сайн ойлгож өгөхгүй байсан. Тэгээд нөхөр намайг “чи бас намайг хутгалчихсан гэж хэлсэн” ... Би жижиг хар иштэй хутгаар М..........тыг хаана нь хэдэн удаа хутгалснаа санддаггүй юм аа эмнэлэг дээр очоод даланд нь нэг удаа хутгалагдсаныг мэдсэн. Тэр хутгыг...М..........т...гэрт оруулчих гэж өгсөн. ...Би өөрийгөө яагаад хутгалснаа санахгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22),

- Яллагдагчаар 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: “...манай нөхрийн гар утас руу нь нэг хүн залгахаар нь би утсыг аваад үзэх гэтэл надад үзүүлэхгүй байсан. ...машины хажуу талд нь очтол дахиад утас нь дуугарахаар нь би эвээр ярья гэтэл утсаа үзүүлэхгүй байж байснаа надад нэг зураг үзүүлээд би энэ хүнтэй ярих гэж байна чамаас сайхан хүүхэн байна очиж уулзлаа явлаа гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр надад ачааныхаа олсыг тасалж байсан хутгаа надад өгөөд энийг оруул гэхээр нь би хутгыг нь гартаа авснаа санаж байна. Тэгээд тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна. Нэг мэдэхэд би өөрийгөө хутгаар гэмтээж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79-80),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 7576 дугаар дүгнэлт ...1. А.О.....магийн биед хэвлийн өмнөд хананд шарх гэмтэл тогтоогдлоо....” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 29),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1174 дүгээр дүгнэлт ....8. А.О.....ма нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 68-70),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 1364 дүгээр дүгнэлт ...1. А.О.....ма нь хэрэг болох үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 89-91) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч А.О.....ма нь хардалтын сэдэлтээр, өөрийнх нь нэр хүндийг хүндээр доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд нурууны нугалмын ойролцоох шугамаар 3-4 хавирганы түвшинд цээжний хөндийд нэвтэрсэн шарх, цээжний баруун хөндийд хий хуралдалт бүхий хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн сэтгэцийн хүчтэй цорол болон гэмт хэрэг үйлдэх санаа гэнэт үүсэж хохирогчийг хэд хэдэн удаа хутгалсан, түүнчлэн өөрийн эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Тодруулбал шүүгдэгчийн өөрийн эрүүл мэндэд хүйснээс дээш 1.5см урттай 4-6см гүн хатгагдсан шарх үүсгэсэн нь сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтойг тод илэрхийлэхийн зэрэгцээ сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт болох “хэрэг болох үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна” гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан дээрх гэмт хэргийн шинжийг хангажээ.

Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.О.....маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх бүрэлдэхүүн дүгнэлт хийж шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.  

Энэ гэмт хэргийн улмаас Ч.М.........тын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх хэдий ч тэрээр гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэг болон бичгээр хүсэлт гаргаж илэрхийлсэн байна. Иймд шүүгдэгч А.О.....маг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч А.О.....маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутгыг устгуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс А.О.....ма нь анх удаа тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн байгаа тул түүнд хорих ял оногдуулахаар дүгнэлт гаргасныг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасны дагуу албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв. 

Шүүгдэгч А.О.....ма нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал болох гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр бага насны хүүхэдтэй, хохирогч нь гомдолгүй гэх нөхцөл байдлыг тус тус харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлж улсын яллагчийн дүгнэлтийг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.О.....маг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч А.О.....мад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэнтэй холбогдуулан түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, тэрээр боловсрол, мэдлэггүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тэссэн хугацаанд хүлээлгэх нь зохимжтой байна. Тодруулбал хуульд заасан дээрх үүргүүдийг хүлээлгэх нь шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлуулах, ёс суртахууны мэдлэг эзэмшүүлэх ач холбогдолтой юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цэнхэр өнгийн иштэй 27см урттай, өргөн нь 15см, иш нь 12см урттай хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, эрүүгийн 1908 0321 81632 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.О.....маг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт А......н О.....маг өөрийнх нь нэр төрийг гутаан доромжилсон хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.О.....мад мөн хуулийн 11.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.

4. Шүүгдэгч А.О.....мад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах сургалтад хамрагдах” мөн хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргүүдийг тэссэн хугацаанд хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.О.....ма нь тэссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг түүнд анхааруулсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан цэнхэр өнгийн иштэй 27см урттай, өргөн нь 15см, иш нь 12см урттай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.О.....мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

                          

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МӨНХЗУЛ

                                  ШҮҮГЧИД                                   Т.АЛТАНТУЯА           

                                                                                     Л.БААТАР