Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 022

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Үй-ийн Т, Ш овогт Б-ийн Т нарт холбогдох эрүүгийн 19100 2070 0877 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Гүнсэл, шүүгдэгч Б.Т, Ү.Т нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

1. Монгол Улсын иргэн, 1999 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван богд” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Үй-ийн Т /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 1998 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овогт Б-ийн Т /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-наас 31-нд шилжих өдрийн шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо иргэн Б.Т-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

                                        

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгч нарын “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй тул нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн үед бага зэрэг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Би хохирогч Т-ийг таньж мэдэхгүй. Ү.Т бид хоёр нийлж байгаад хохирогчид хохирол төлбөрт тооцон 500.000 төгрөгийг төлсөн. Шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан гэмтлүүдийг би учруулсан. Миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

2. Шүүгдэгч Ү.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Надад гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй тул нэмж ярих зүйл байхгүй байна. Би тухайн үед бага зэрэг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Хохирогч бид хоёроос тамхи нэхэж, хоргоож эхэлсэн тул бид хоёр түүнтэй маргалдсан. Хохирогч Т- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бид нараас хохирлын үлдэгдэл болох 200.000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзсан. Би өөрийн үйлдсэн гэмт хэрэгт гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 19100 2070 0877 дугаартай хэргээс:

 

1. Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Т-ийн хохирогчоор өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр манай гэрт Лхам-Ангараг ирсэн. Тэгээд бид  гэрт 0.5 литрийн савалгаатай “Соёрхол” нэртэй архи нэг шилийг хувааж уугаад найз Лхам-Ангараг “гэр рүүгээ явлаа” гээд ганцаараа нилээн согтуу гараад явсан. Би хэсэг хугацааны дараа араас нь гарч түүнийг явж чадах эсэхийг харахад Лхам-Ангараг манайхаас 2 гудамжны цаана, нэг халуун усны газрын урд суугаад байсан.

Тэгэхээр нь би түүний араас дагаад 20-30 метрийн зайтай явж байхад миний хажуугаар 4 залуу гарч явсан бөгөөд Лхам-Ангарагийн хажуугаар өнгөрч явсан. Тэгээд би найз Лхам-Ангарагийг “за, за хоёулаа манайх руу явъя” гэхэд тэр агсараад нөгөө 4 залуу байсан тоглоомын талбай руу явсан ба Лхам-Ангараг миний үгэнд орохгүй байхаар нь би түүний гэр рүү ахыг нь дуудах гэж явсан. Лхам-Ангарагийнд ороход ах нь сэрэхгүй унтаад байсан бөгөөд би буцаад гарахад нөгөө 4 залуу Лхам-Ангарагийг зодож байсан юм. Тэр үед нь би тэд нар дээр очоод нэгийг нь түлхэж унагахад, над руу дөрвүүлээ дайрсан.  

Ингээд байж байхад цэнхэр дээлтэй эмээ ирээд “та нар болиоч” гэхэд нөгөө залуучууд намайг зодохоо болиод яваад өгсөн. Тэгээд гэртээ харихад манай эхнэр цагдаад дуудлага өгсөн. Би халамцуу, Лхам-Ангараг нилээн согтуу байсан.

Харин тэр 4 залуу согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй, тэд эхлээд намайг цохиж унагаагаад, дараа нь нүд рүү өшиглөсөн. Тэгэхээр нь би доошоо хараад гараараа нүүрээ хамгаалаад хэвтэхэд дээрээс өшиглөөд цохиод байсан. Яг хэн нь миний хаана цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бүгдээрээ л цохисон. Би тухайн үед хэн нэгнийг цохиж зодоогүй. Тэр үед болсон үйл явдлыг цэнхэр дээлтэй эмээ харсан. Би түүнийг танихгүй болохоор хэн гэдэг, хаана амьдардагийг нь мэдэхгүй байна.

...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Намайг зодсон 4 залууг танихгүй, Лхам-Ангараг 2019 оны 10 дугаар сарын сүүлээр Солонгос Улс руу явсан. Учир нь түүний эхнэр нь Солонгос Улсад сурдаг бөгөөд эхнэр дээрээ очих гэж явсан. Лхам-Ангарагийн хашаанд түүний хамаатны ах Ундралбаярынх байдаг бөгөөд би тухайн үед Ундралбаяр ахыг сэрээх гээд дуудсан боловч сэрэхгүй байхаар нь би буцаад гараад явсан. Тухайн үйл явдлыг Ундрахбаяр мэдэхгүй, тэр унтаж байсан. Миний эмчилгээний зардалд 288.000 төгрөг гарсан. Мөн энэ хугацаанд ажилгүй гэртээ суусан. Иймд би 700.000 төгрөг нэхэмжилмээр байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 14-15х, 17х/,

 

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10545 дугаартай:

1. Б.Т--н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын 6, 7-р хавирганы цууралт, баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээж, зүүн даланд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хэргийн 39х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ү.Тын яллагдагчаар өгсөн:

“...2019 оны 8 дугаар сарын 30-ны орой 23 цагийн үед над руу найз Та залгаж “хаана яваа юм бэ, хальт уулзаад тамхилах уу” гэхээр нь би “за за” гэсэн. Ингээд Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны худгийн урд байх тоглоомын талбай дээр найз Та, Пүрэв-Очир нарын хамт уулзсан. Ингээд тамхи татаад байж байтал зүс таних манай хорооны 2 ах согтуу ирсэн. Тэгээд Бороо буюу Лхам-Ангараг гэх ах Тааагаас тамхи асуухад “байхгүй” гэхэд бид нар луу томроод байсан. Тэгээд тэр 2 ах цааш явсан бөгөөд Бороо нь орилоод дугуйн дээр суугаад байсан. Тэгтэл Пүрэв-Очир тэр ахыг гудамж руу нь оруулах санаатай очиход түүнийг шууд цохиод авсан.

Та бид хоёр салгах гээд очиход цаанаас нь Т- гэх ах ирээд Таыг түлхсэн юм уу, цохисон юм уу, ямар ч байсан газарт унагасан. Тэгэхээр нь Та, бид хоёр Т- гэх хүнийг зодсон. Энэ үед Пүрэв-Очир нөгөө Бороо гэх ахтай ноцолдож байсан. Тэгтэл нэг эмээ хүрч ирсэнээ “та нар больцгоо” гэхэд нь бид гурав болиод явсан. Лхам-Ангараг нь согтуу, Т- халамцуу байсан. Харин Та, Пүрэв-Очир бид гурав эрүүл байсан.

Би Т- гэх хүний толгой руу нь гараараа 4-5 удаа цохисон. Энэ үед Т- нүүрээ 2 гараараа хамгаалж байсан. Т-ийг газарт хэвтэж байхад Та нь түүний нуруу руу 3 удаа өшиглөсөн. Пүрэв-Очир, Билгүүн нар нь Т-ийг цохиогүй. Т- нь бид нарыг цохиж зодоогүй. Түүний толгойд учирсан гэмтлүүдийг би учруулсан, харин түүний нүүрнээс доошхи хэсгийн гэмтлийг Та учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 55х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Г.Ганчимэг /хэргийн 29х/, гэрч Р.Үйтүмэн /хэргийн 31х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Ү.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 65х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 67х/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хэргийн 70х,

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Тын яллагдагчаар өгсөн:

“...Би 2019 оны 8 дугаар сарын 30-ны орой 22 цагийн үед найз Пүрэв-Очир, Тү, Билгүүн нартай Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо байдаг тоглоомын талбай дээр уулзсан юм. Ингээд бид нар юм яриад сууж байхад манай ах Даваадоржийн найз Бороо /Лхам-Ангараг/ ганцаараа явж байхаар нь би “сайн уу ах” гэхэд “юу гэнээ, муу бацаан минь” гэсэн. Тэгэхээр нь би буцаад суухад Бороо ах бид нараас зайдуухан орилоод байсан. Бид нар юм яриад байж байхад Пүрэв-Очир нэг мэдэхэд Бороо ахтай муудалцаад зогсож байхаар нь би тэр хоёр дээр очоод салгах гэтэл миний араас нэг хүн ирээд намайг цохиж унагаасан. Би босоод ирэхэд намайг цохисон Т- гэх ахыг Тү газар унагааж байсан. Тэгэхээр нь би Т-ийн цээжин бие хэсэг руу 2 удаа өшиглөсөн. Тэгтэл нэг эмээ гарч ирээд “та нар больцгоо” гэхээр нь бид нар болиод явсан. Бороо нь нилээн согтуу, намайг танихгүй байсан ба Т- нь ч гэсэн согтуу байсан. Тухайн үед бид дөрөв 2.5 литрийн савалгаатай нэг сав пивийг  дөрвүүлээ хувааж уусан байсан. Би Т-ийн цээж рүү 2 удаа өшиглөсөн.

Пүрэв-Очир, Билгүүн нар нь Т-ийг цохиж зодоогүй. Т- миний нуруу руу нэг удаа гараараа цохисонд гомдол санал байхгүй. Би Т-ийн толгой хэсгээс доошхи гэмтлийг би учруулсан.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62х/ болон түүний хувийн байдалтай холбоотой гэрч Х.Бэх /хэргийн 33х/, гэрч Т.Даваадорж /хэргийн 35х/ нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Тын иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 71х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 73х/, Монгол Улсын Их Сургуулийн тодорхойлолт /хэргийн 75х/ зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэсэн болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг  бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой хэмээн дүгнэсэн болно.  

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо иргэн Б.Т-ийг “тамхи нэхэж, хоргоолоо” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, нуруу руу хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын 6, 7-р хавирганы цууралт, баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээж, зүүн даланд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-10х/, хохирогч Б.Т-ийн мэдүүлэг /хэргийн 14-15х, 17х/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 10545 дугаартай: “...Б.Т--н биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын 6, 7-р хавирганы цууралт, баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээж, зүүн даланд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 39х/,

- шүүгдэгч Б.Т, Ү.Т нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 55х, 62х/ нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо, Яармагийн шинэ эцсийн автобусны буудлын ойролцоо иргэн Б.Т-ийг “тамхи нэхэж, хоргоолоо” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, нуруу руу хөлөөрөө өшиглөх зэргээс зодсоны улмаас хэргийн хохирогч Б.Т-ийн биед шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын 6, 7-р хавирганы цууралт, баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээж, зүүн даланд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан нь нотлогдсон ба нэр бүхий шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нарын энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хэргийн шүүгдэгч Б.Т, Ү.Т нь хохирогч Б.Т-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хан-Уул дүүргийн прокуророос Б.Т, Ү.Т нарыг бүлэглэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэмээн дүгнэж, тэдний гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Иймд шүүгдэгч Б.Т, Ү.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй шүүх дүгнэв.    

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Т-ийн биед учирсан “тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн талын 6, 7-р хавирганы цууралт, баруун зовхинд шарх, цус хуралт, зулгаралт, хүзүү, цээж, зүүн даланд цус хуралт, баруун тохой, баруун шуунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхдээ холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Хэргийн шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь эмчилгээний болон бусад зардалд хохирогч Б.Т-ид 500.000 төгрөг нөхөн төлсөн нь хэрэгт хохирогчийн өгсөн: “Надад нэхэмжлэх зүйл байхгүй, би эмчилгээний зардалд 500.000 төгрөгийг бэлнээр хүлээж авсан” гэх мэдүүлэг /хэргийн 17х/ баримтаар нотлогдсон тул шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.    

 

Шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад тэмдэглэгдсэн /хэргийн 67х, 73х/ байна.

 

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол хор уршийг нөхөн төлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба тэдний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.    

    

Шүүх, шүүгдэгч Б.Т, Ү.Т нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Т, Ү.Т нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлсөн зэргийн хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй тэдний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчаас гаргасан саналын хүрээнд торгох ял шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т- нь “гомдол саналгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.    

 

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Б овогт Үй-ийн Т, Ш овогт Б-ийн Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ү.Т, Б.Т нарт тус бүрийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуу/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ү.Т, Б.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Ү.Т, Б.Т нар нь хохирогч Б.Т-ид 500.000 /таван зуун мянга/ төгрөг нөхөн төлснийг тэмдэглэж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт Ү.Т, Б.Т нар нь цагдан хоригдоогүй, тэдний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлс үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Т- нь “хохирол төлбөр нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ү.Т, Б.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 С.БАЗАРХАНД