| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Базарханд |
| Хэргийн индекс | 187/2020/0051/Э |
| Дугаар | 038 |
| Огноо | 2020-01-16 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Н.Пүрэвтогтох |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 038
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай ирүүлсэн Х овогт П-ийн Ж-д холбогдох эрүүгийн 19100 1179 0787 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Улсын яллагч Н.Пүрэвтогтох, шүүгдэгч П.Ж-гийн хууль ёсны төлөөлөгч Н.У, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ариунзориг нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1963 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Увс аймагт төрсөн, 56 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, охин, зээ нарын хамт амьдрах, хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:
- Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 133 дугаар шүүхийн тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Сэтгэцийн эмгэг судлалын тусгай тасагт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан, хэрэг хариуцах чадваргүй гэж тогтоогдсон, Х овогт П-ийн Ж- /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч П.Ж- нь согтуугаар 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-213 тоотод иргэн Д.Эг “эмнэлэгт эргэж ирсэнгүй” гэсэн шалтгаанаар толгойн тус газар архины шилээр цохиж, зүүн гарыг нь хугалж эрүүл мэндэд нь “зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, тархи доргилт, шанаанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч П.Ж-гийн хууль ёсны төлөөлөгч Н.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“...Би шүүх хуралдаанд эхийгээ төлөөлөөд ирсэн. Урьд нь манай ээж 2002 онд бензин цацаж айл шатааж байсан. Дараагаар нь 2011 онд хүнийг сандлаар цохиж зодоод, амь насыг хохироосон. Хүн амины хэрэгт шүүхээр орж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн ба 02 жил 06 сарын хугацаанд Шүүх сэтгэц эмгэг судлалын төв эмнэлгийн хуулийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан. Миний бие тухайн үед эмч, тасгийн эрхлэгчтэй нь ярьж байгаад ээжийгээ эмнэлгээс нь гаргаж авсан. Өдий хүртэлх хугацаанд би ээжийгээ асарч хамгаалсан боловч ээжийн маань өвчин нь улам хүндэрч, биеэ авч явах байдал нь дордож байгаа.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Э- нь манай хадам ээж байгаа юм. Энэ хоёр хоорондоо маргалдаж ийм асуудал үүссэн. Үүнээс гадна манай бага насны 2 хүүхэд маань аюултай нөхцөлд байна. Учир нь манай ээж хүүхдүүдийг маань шоглох, цохих гээд байдаг ба энэ үед нь би ээжийгээ түлхэж газар унагааж, хавирга нь хүртэл хугарч гэмтэж байсан тохиолдол байдаг. Үүнээс үүдэж би санаандгүй байдлаар хүн гэмтээж, хуулийн хариуцлага хүлээхдээ тулсан. Би байнга хүүхдүүдээ авч хамгаалах байранд очдог.
Би ээжийгээ асарч хамгаалахгүй гэж байгаа юм биш, одоогийн байдлаар би ээжийгээ асарч хамгаалж дийлэхгүй болоод байна. Би Иргэний шүүхэд асран хамгаалагчийн талаар хандсан боловч “80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай хүнийг таны асран хамгаалалтаас гаргахгүй” гэсэн хариу өгсөн. Гэхдээ би ээжийгээ орхиогүй, одоо сэтгэцийн эмнэлэгт хэвтэж, байнга очиж эргэдэг. Виза карт өгсөн, дансанд нь мөнгөө шилжүүлдэг. Ээжийгээ хажуудаа байлгах гэхээр хүүхдүүдэд маань аюултай байгаа учир хэцүү байна.
Нэг удаа намайг ажлаас ирэхэд ээж маань манай охиныг цохиж, ухаан алдуулсан байсан ба үүнээс болоод охин маань одоо хүртэл айдаг, шөнө орондоо шээдэг болсон. Ийм учраас манай ээжийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацааг нь сунгаж шийдвэрлэж өгнө үү.
Манай ээж Ж нь 3 хүүхэдтэй, би айлын том нь. Хоёр дүү маань хөдөө, орон нутагт байдаг. Бага нь жирэмсэн. Надаас өөр ээжийг харж хандах хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг,
Эрүүгийн 19100 1179 0787 дугаартай хэргээс:
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Эгийн хохирогчоор өгсөн:
“...Ж нь манай хүү Булгантамирын эхнэр Ц-ийн ээж нь байгаа юм. 2019 оны 4 сарын 22-ны өглөө 06 цаг болж байхад манай охин Золбоо хичээлдээ яваад, би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд хаалгаа түгжээд хэвтэж байхад хүн цонх нүдэхээр нь харахад манай худ Ж архи уучихсан, согтуу “хаалгаа онгойлгоорой” гэхээр нь би хаалгаа тайлж өгсөн. Тэгэхэд “хөгшин нь шөнөжин караокедоод, шартаж үхлээ” гэхээр нь би цай хийж өгөхөд “хоёулаа дэлгүүр онгойхоор архи авч ууя” гэсэн. Тэгээд бид хоёр жаахан байж байгаад дэлгүүр рүү хамт явсан ба дэлгүүрээс 2 лааз “Сэнгүүр” нэртэй пиво аваад гэртээ ирж уусан. Би пивоо уугаад талд нь оруулаад байж байхад Ж “энэ пиво чинь муу юм байна, архи авч ууя” гээд дахин дэлгүүр ороод “Их Монгол” гэсэн нэртэй архи нэг шилийг аваад, буцаж гэрт ирээд архиа хувааж уусан. Архиа ууж дуусаад Ж манай гэрээс гараад явсан юм. Орой 18 цаг өнгөрч байхад Ж бас дахин ирээд тал шил “Ерөөл” нэртэй архи барьчихсан, нилээн согтуу орж ирэхдээ “яагаад хаалга тайлж өгдөггүй юм бэ” гээд уурлаад, ширээн дээр байсан аяганд архиа хийгээд намайг “уу” гэхээр нь би “архи уухгүй” гэхэд Ж өөрөө ууж дуусаад, архины шилээ аваад миний толгой руу цохисон.
Миний толгойноос цус гарахаар нь би гараараа дарахад Ж намайг хэвтүүлж дээр гарч суугаад “чи намайг Шар хаданд 4 сар болоход эргээгүй” гээд миний гарыг арагш нь дарсан. Мөн “чиний толгойноос бага цус гарч байна” гээд дахин цохих гээд байснаа босч, бие засах гээд миний утсыг аваад явахаар нь би шүүгээнээсээ хутга, заазуураа авч нуусан. Учир нь “намайг гүйцээнэ” гээд байсан юм. Дараа нь би ухаан алдсан байсан, хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна.
Би Жг цохиж зодоогүй, тарган хүн болохоор над дээр гарч суухад нь хөдөлж чадаагүй. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, надад санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Ж намайг зодож учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Угийн гэрчээр өгсөн:
“...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим байх, ээж над руу яриад “би Э-гийн толгойг архины шилээр цохиод хагалчихлаа” гэхээр нь “наад хүн чинь амьд уу” гэхэд “энэ мууг гүйцээх гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламж болон цагдаа дуудсан. Мөн тухайн үед би захиалгаар хүний үс засаж байсан болохоор дуусгаад, хадам ээж Э-гийн гэрт очиход цагдаа болон түргэн тусламж ирж байсан. Харин цагдаа нар ээжийн хайсан боловч тэнд байгаагүй, гэрлүүгээ явсан байсан. Хадам ээж Э-гийн толгой нь хагарсан байсан юм. Ингээд орой нь гэртээ ирэхэд ээж ирчихсэн байхаар нь шууд Сэтгэцийн эмнэлэгт хүргэж өгсөн.
Манай ээж байнга хэрүүл маргаан гаргахгүй. Ер нь бол өөрт нь ямар нэгэн зүйл таалагдахгүй бол зан нь өөрчлөгддөг. Ээж маань анх 1983 онд анхны хүүхдээ гаргаад саванд нь хүүхдийнх нь ихэс нь үлдэж, хөөрөөд уг өвчний анхны шинж тэмдэг нь илэрсэн гэсэн. Мөн тэр жилээ буюу 1983 онд төрүүлсэн хүүхэд нь өнгөрчихсөн гэсэн. Энэ үйл явдал нь бас нөлөөлсөн гэж байсан. 2003 онд айл шатаасан хэргээр, 2012 онд хүнийг сандлаар цохиж алсан хэргээр тус тус шалгагдаж байсан. Ер нь бол архины хамааралтай болчихсон хүн л дээ. Гэрт байхаараа хүүхдүүдийг маань шоглоод байдаг...” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/,
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5042 тоот актын:
1. Д.Э-н биед зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, тархи доргилт, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хэргийн 19-20х/,
4. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 884 тоот актын:
1. П.Ж- нь DS: F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэгтэй байна. Энэ эмгэг нь 1983 онд төрсний дараа сэтгэл гутралын хам шинжээр эхэлсэн. П.Ж- нь хэрэг учрал болохоос өмнө DS: F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэгтэй байсан байна. П.Жимсэгийн DS: F25.2 Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр эмгэг нь айх 1983 онд төрсний дараа сэтгэл гутралын хам шинжээр эхэлсэн. Түүнээс хойш 1995 онд сэтгэцийн эмчийн хяналтанд орж ХЧА-г тогтоолгосон ба сүүлд 5 жил, жилд 1-5 удаа дахилт өгч хэвтэн эмчлүүлсэн байна.
2. П.Ж-гийн DS: F25.2 эмгэг нь удамшлын эмгэг болно.
3. П.Ж- нь юмыг зөвөөр тусган ойлгож, үнэн зөвөөр мэдүүлэг өгөх чадвар султай байна.
4. П.Ж- нь өөрийн үйлдлийн нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг жолоодох хянах чадваргүй байна.
5. П.Ж- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байна.
6. П.Ж-д эмнэлгийн чанартай албадлагыг энгийн тасагт авах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /хэргийн 1-р хавтас 23-30х/,
5. Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1295 тоот актын:
1. П.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг энгийн тасагт 1 жилийн хугацаатай авах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 86-91х/,
6. Хан-Уул дүүргийн 6 дугаар хороооны Хамтарсан багийн хурлын тэмдэглэл баримт /хэргийн 31-33х/,
7. Шүүгдэгч П.Ж-гийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хэвтэн эмчлүүлсэн талаархи мэдээлэл баримт /хэргийн 37-54х/,
8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч А.Оюунжаргалыг асуусан тэмдэглэлд:
“...П.Ж- нь 2019 оны 4 дүгээр сард манай эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ба би 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хяналтандаа авч эмчилж байна. Шизоаффектив эмгэгийн холимог хэлбэр гэсэн оношоор эмчлэгдэж байна. Орчуулбал сэтгэл хөөрөл, сэтгэл гутралын байдал хавсарсан сэтгэцийн өөрчлөлт гэсэн үг. Эмчилгээ нь одоогоор засрал, сайжралын байдалтай байгаа бөгөөд бүрэн эдгэрэхгүй. Шинжлэх ухаанд сэтгэцийн өвчнийг бүрэн эдгэрнэ гэж үздэггүй. Ар гэрээс нь хүн ирж уулзаж байгаагүй, 2 удаа утсаар холбоо барьж байсан бөгөөд П.Ж-г авахгүй, авах боломжгүй гэсэн тайлбар өгдөг. П.Ж-д анхаарал халамж сул байдаг. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 70х/,
9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.Ж-гийн яллагдагчаар өгсөн:
“...Э- намайг дуудаад байхаар нь би архи аваад очсон. Тэгэхэд миний охин болон бусад хүүхдүүдийг доромжлоод байхаар нь зодсон юм. Би яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 82х/ болон түүний хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 72х/, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хэргийн 73х/, шүүгдэгч П.Ж-гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 74х/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 4 сарын 19-ний өдрийн 133 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 96-97х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрхийг зөрчиж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй зэргээс шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.Ж-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч П.Ж- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн орчим Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхтийн 13-213 тоотод иргэн Д.Эг “эмнэлэгт эргэж ирсэнгүй” гэсэн үл ялих зүйлээр шалтаглан түүний толгой тус газарт архины шилээр цохих, зүүн гарыг мушгиж даргах зэргээр зодож биед нь “...зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, тархи доргилт, шанаанд зулгаралт” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан:
- хохирогч Д.Эгийн: “...Ж нь манай хүү Булгантамирын эхнэр Ц-ийн ээж нь байгаа юм. 2019 оны 4 сарын 22-ны өглөө 06 цаг болж байхад манай охин Золбоо хичээлдээ яваад, би гэртээ ганцаараа үлдсэн бөгөөд хаалгаа түгжээд хэвтэж байхад хүн цонх нүдэхээр нь харахад манай худ Ж архи уучихсан, согтуу “хаалгаа онгойлгоорой” гэхээр нь би хаалгаа тайлж өгсөн. Тэгэхэд “хөгшин нь шөнөжин караокедоод, шартаж үхлээ” гэхээр нь би цай хийж өгөхөд “хоёулаа дэлгүүр онгойхоор архи авч ууя” гэсэн. Тэгээд бид хоёр жаахан байж байгаад дэлгүүр рүү хамт явсан ба дэлгүүрээс 2 лааз “Сэнгүүр” нэртэй пиво аваад гэртээ ирж уусан. ...Орой 18 цаг өнгөрч байхад Ж тал шил “Ерөөл” нэртэй архи барьчихсан, нилээн согтуу орж ирэхдээ “яагаад хаалга тайлж өгдөггүй юм бэ” гээд уурлаад, ширээн дээр байсан аяганд архиа хийгээд намайг “уу” гэхээр нь би “архи уухгүй” гэхэд Ж өөрөө ууж дуусаад, архины шилээ аваад миний толгой руу цохисон.
Миний толгойноос цус гарахаар нь би гараараа дарахад Ж намайг хэвтүүлж миний дээр гарч суугаад “чи намайг Шар хадад 4 сар болоход эргээгүй” гээд миний гарыг арагш нь дарсан. Мөн “чиний толгойноос бага цус гарч байна” гээд дахин цохих гээд байснаа босоод бие засах гээд миний утсыг аваад явахаар нь би шүүгээнээс хутга, заазуураа авч нуусан. Учир нь “намайг гүйцээнэ” гээд байсан юм. Дараа нь би ухаан алдсан байсан, хэн цагдаа дуудсаныг мэдэхгүй байна. Би Жг цохиж зодоогүй, тарган хүн болохоор над дээр гарч суухад нь хөдөлж чадаагүй. Бид хоёрын хооронд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй. Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, надад санал хүсэлт байхгүй. Дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг Ж намайг зодож учруулсан. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 16-17х/,
- гэрч Н.Угийн: “...2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим байх, ээж над руу яриад “би Э-гийн толгойг архины шилээр цохиод хагалчихлаа” гэхээр нь “наад хүн чинь амьд уу” гэхэд “энэ мууг гүйцээх гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би түргэн тусламж болон цагдаа дуудсан. ...Хадам ээж Э-гийн толгой нь хагарсан байсан юм. Ингээд орой нь гэртээ ирэхэд ээж ирчихсэн байхаар нь шууд Сэтгэцийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...2003 онд айл шатаасан хэргээр, 2012 онд хүнийг сандлаар цохиж алсан хэргээр тус тус шалгагдаж байсан. Ер нь бол архины хамааралтай болчихсон хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хэргийн 62-63х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн: “...Д.Э-н зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, тархи доргилт, шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй.” гэсэн Хүний биед үзлэг хийсэн шинжилгээний 5042 тоот дүгнэлт /хэргийн 19-20х/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Хохирогч Д.Эгийн биед учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн богтос ясны хугарал, зулайд шарх, тархи доргилт, шанаанд зулгаралт.” бүхий хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгч П.Ж- түүнийг цохиж зодсоны улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үйлдлээр халдаж, эрүүл мэндэд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл бүхий хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Ж-гийн хохирогч Д.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,
мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд хэргийн хохирогч Х.Амартүвшин-н эрүүл мэндэд учирсан “...баруун гарын алганы 5-р ясны хугарал , цус хуралт , зөөлөн эдийн няцрал , баруун нүдний дээд зовхи , доод зовхинд цус хуралт , баруун шанаанд зөөлөн эдийн няцрал , зүүн хацарт цус хуралт , зулгаралт , зүүн чихэнд шарх гэмтэл” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохиролд тооцогдоно.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд ... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” бөгөөд” бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чавдар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч Д.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр нь хэрэгт хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгөхдөө “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” хэмээн мэдүүлж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй тул шүүгдэгч П.Ж-, түүний хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хохирол, төлбөргүй байна.
Хэргийн шүүгдэгч П.Ж- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг жолоодох хянах чадваргүй, сэтгэцийн эмчийн байнгын хяналтад байдаг нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 884 тоот шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-30х/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1295 тоот: “...П.Ж-д эмнэлгийн чадвартай албадлагын арга хэмжээг энгийн тасагт 1 жилийн хугацаатай авах шаардлагатай байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 86-91х/, эмчлэгч эмч А.Оюунжаргалын мэдүүлэг /хэргийн 70х/, түүний Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, хэвтэн эмчлүүлсэн талаархи мэдээлэл баримт /хэргийн 37-54х/ болон хууль ёсны төлөөлөгч Н.Угийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон ба П.Ж- нь урьд Эрүүгийн хуулийн /2002 оны/ тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж байсан Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 04 сарын 19-ний өдрийн 133 дугаартай шүүхийн тогтоол баримттай байна. /хэргийн 96-97х/
“Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдлын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцох бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааж хуульчилсан.
Прокуророос шүүгдэгч П.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд “шүүгдэгч П.Ж- нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй, өөрийн үйлдлийн нийгмийн хор, аюулыг ухамсарлан ойлгох, өөрийн үйлдлийг жолоодох, хянах чадваргүй, сэтгэцийн эмчийн байнгын хяналтад хэвтэн эмчлүүлж байгаа, түүнд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах шаардлагатай талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй хийсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт гарсан” зэргийг үндэслэн шүүгдэгчид эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх санал /хэргийн 106-107х/ гаргаж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрдэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан журам, зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.
Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадваргүй байсан, гэмт хэрэг үйлдсэний дараа хэрэг хариуцах чадваргүй болсон нөхцөлд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шийдвэр гаргана, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний төрөл, дэглэм, хугацааг шинжээчийн дүгнэлтийг харгалзан шүүх тогтоохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус заасан байна.
Иймд дээр дурьдсан үндэслэлээр шүүх, шүүгдэгч П.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, мөн зүйл, хэсэгт заасан ял оногдуулахгүйгээр эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчдийн дүгнэлт зэргийг харгалзан эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг 01 жил 06 сарын хугацаагаар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн тусгай тасагт тогтоож шийдвэрлэсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч П.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх явцад оношилгооны болон эмчилгээний туршилт хийхийг хориглож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг тэмдэглэх нь зүйтэй.
Энэ хэрэгт П.Ж- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл үгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 19.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 19.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт, 19.3 дугаар зүйлийн 6, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт П-ийн Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.4 дүгээр зүйлийн 1, 7 дахь хэсэгт тус тус баримтлан шүүгдэгч П.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв эмнэлгийн тусгай тасагт 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.
3. Шүүгдэгч П.Ж-д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх явцад оношилгооны болон эмчилгээний туршилт хийхийг хориглож, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг сунгах, өөрчлөх, зогсоох эсэхийг шинжээчийн дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг тэмдэглэсүгэй.
4. Энэ хэрэгт П.Ж- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Э нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАЗАРХАНД