Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 000101

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                    Хэргийн индекс 142/2017/0225/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

            Шүүх хуралдаанд: 

 

                       Прокурор                                           Ц.Мөнхтуяа

               Нарийн бичгийн дарга                 Н.Мөнх-Ундраа нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолтой Х. О-д холбогдох, 1725000910046 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч  Х.О-ын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Булган аймагт төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, техникч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 4, хүүхдүүдийн хамт, Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ФА 63122683 регистрийн дугаартай, Б овгийн Х. О.

 

Шүүгдэгч Х.Оюунтуяа нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум тоотод Г.Э-тэй маргалдан зодолдож Г.Э-ийн биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б овгийн Х.О хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1.д зааснаар шүүгдэгч Х.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.д зааснаар шүүгдэгч Х.О оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5.д зааснаар шүүгдэгч Х.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О урьд авсан хувийн баталгаа өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Х.О давж заалдах гомдолдоо:

 

Х.О миний бие нь 2017.06.21-ний өдөр Г.Э-тэй үл ойлголцон хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо муудалцаж, улмаар Г.Э нь намайг өөрийгөө зодсон гэж гүтгэж, цагдаа болон шүүхэд өргөдөл гомдол гаргасны улмаас шүүхээр шийтгүүлсэн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Анхнаасаа Г.Э.Ц-ийн нөхөр нь харанхуй шөнө 2-3 цагийн хооронд эзэнгүй байхад манайд ирж хашаанаас цонхны ялуу гуйлан мод ачаагүй бол би эднийд очиж хэрүүл маргаан хийхгүй байсан. Утас руу нь залгахад утсаа авахгүй болохоор нь гэрт нь өглөө 10-11 цагийн үед очсон.

 

Хашааны гаднаас нь дуудаад байхад гарч ирэхгүй болохоор нь би гэрт нь ороод чи яагаад харанхуй шөнө манай хашаанаас юм ачаад явж байгаа юм бэ гээд байж байтал эхнэр Г.Эрдэнэцэцэг нь гаднаас орж ирээд муу янхан минь чи яах гэж манайд ирж байгаа юм бэ? гээд хашгираад наад гичийгээ аваад гар гэж нөхрөө алгадаад цохиж байснаа түлээний хайрцагнаас мод аваад намайг баруун солгойгүй цохиод гэрээс гаргасан.

 

Ингээд хашааны хаалга хүртэл бид хоёр маргалдаж явсан гэтэл Э хаалганы модоор дахин намайг цохиж нүдний зүүн ясан дээр цохисны улмаас нүд хавдаж хөхөрсөн, гар мөр болон цээжний тус газарт олон тооны хөхрөлт үүссэн. Үүнээс болж би гэртээ хэд хоног хэвтсэн, хөгшин настай хүмүүс байна шүүх, цагдаа гэж яваад яахав гэж бодоод орхисон.

 

Гэтэл Э өөрөө намайг зодчихоод өргөдөл гомдол гаргаж явсаны улмаас би ялтан, хэрэгтэн болж байгаад гомдолтой байна. Нөхөртөө намайг өөр рүү нь утсаар ярьж, гэрт нь дахин очиж дарамталсан гэж худлаа хэлдэг. Яагаад намайг ингэж гүтгэж, хэрэгт холбогдуулж байгааг ойлгохгүй байна. Би эдгээр хүмүүстэй өш хонзон байхгүй.

 

Миний бие нь 4 хүүхдийнхээ хамт амжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлогтой, бие муутай байнгын асаргаатай байдаг хүүхэдтэй, хотруу байнга эмчилгээнд явдаг, миний хувийн байдлыг харгалзан үзэж оногдуулсан торгуулийн ялыг хөнгөлж өөрчилж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Г.Э давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа:

 

2017 оны 06 дугаар сарын 20-нд Х.О 13 цагийн үед манайд ирээд нөхрийг дуудаад, гэрт орж ирээд элдэв үгээр доромжлон бид 2-ын хооронд зодоон болж өнгөрсөн. Харин би нөхрөө алгадаж цохиогүй, түлээний модоор Х.О ч зодсон зүйл байхгүй. Энэ хүн 2012 оноос хэрэг гарах хүртэл манай нөхөртэй холбоотой байсан ба манайд олон удаа, эрүүл, согтуу ирж зодоон цохион их хийдэг байсан. Би Х.О хорооллын цагдаад 2-3 удаа дуудлага өгч, 5-6 удаа эрүүлжүүлэхэд баривчлуулж байсан. Би энэ хүнд 3 удаа зодуулсан.

 

Миний талаар давж заалдах шатны шүүхэд худал хэлж буруу ойлголт өгч байгаад гомдолтой байна гэжээ. 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ:

... Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан учир хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.О нь 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум  тоотод оршин суух Г.Э-нд очиж түүнтэй маргалдан зодолдож Г.Э биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох:

 

Хохирогч Г.Э-ийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :  

...О манай нөхөртэй холбоотой болоод олон жил болж байгаа.., тэр өдөр манай гэрт шууд орж ирээд манай нөхрийг унтаж байхад нь цүнхээрээ цохиод хэл ам хийж намайг доромжлоод байхаар нь би гэрээсээ хөөсөн..., Гэтэл нөгөө айлын хашаагаар орж ирээд хэрүүл хийгээд тархи, толгойгүй цохисон..., энэ хүн намайг гурван жил зовоож байна..., эрүүл, согтуу ирээд байнга зовоодог..., би эмчид үзүүлсэн..., нэхэмжлэх зүйлгүй..., дахиж намайг битгий дарамтлаасай л гэж бодож байна... гэсэн мэдүүлэг, 

 

Гэрч С.Лхамрагчаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

        ...тэр өдөр О ирээд хашааны гаднаас намайг дуудахаар нь би гараагүй..,тэгтэл гэрт орж ирээд яагаад хүний юм хэлэхгүй авсан бэ гээд цүнхээрээ намайг нэг удаа цохисон..., тэгээд манай эхнэр түүнийг гэрээс гар зайл гэж хөөгөөд модоор цохиод гаргасан..., тэр хоёр хэрэлдээд л гэрээс гарсан..., хашааны гаднаас О чулуу шидэж байсан.... энэ үед би хүүхэд тэвэрч байсан болохоор гэртээ орсон..., гэсэн мэдүүлэг,

 

Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 592 дугаартай :

 

Г.Эрдэнэцэцэгийн биед тархи доргилт үүссэн..., гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ..., эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна..., гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт зэргээр нотлогдож тогтоогдсон, түүний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв, анхан шатны шүүх шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан байна.

 

Шүүгдэгч Х.О шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт:

 

...Эрдэнэцэцэгийн нөхөр намайг гэртээ байхгүй эзэнгүй байхад манай хашаанаас цонхны мод ачаад явсан байсан бөгөөд би утсаар олон удаа залгасан боловч утсаа авахгүй болохоор нь өглөө гэрт нь очсон..., Гэрийн гадаа очоод дуудаад гарч ирэхгүй болохоор нь гэрт орсон чинь Эрдэнэцэцэг түлээний хайрцагнаасаа мод аваад намайг зодоод гэрээсээ хөөж гаргасан..., тухайн үед миний нүд хөхөрч хавдсан, цээж мөрний хэсэг их өвчтэй байсан..., би өдий насанд шүүх цагдаа гэж яваад яахав гэж бодоод эмнэлэгт үзүүлээгүй.., Гэтэл Эрдэнэцэцэг намайг зодчихоод би хэрэгтэн болсон байна би гомдолтой байна... гэж мэдүүлсэн,

 

.... Намайг гэм буруугүй байхад шүүх шийтгэсэн..., тухайн үед Эрдэнэцэцэг намайг зодсон би түүнийг зодоогүй учир гомдолтой..., дахин хэлэлцэж үнэн зөвийг олж өгнө үү..., гэсэн давж заалдах гомдол гаргасан боловч шүүгдэгч өөрийг нь гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтыг няцааж үгүйсгэсэн баримт гаргаж өгөөгүй хэрэгт энэ талаарх ямарч нотлох баримт авагдаагүй байна.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О-ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 266 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.О  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч, хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

               ШҮҮГЧИД                                                                             С.ЦЭЦЭГМАА

 

                                                                                                               Ц.ТУЯА