Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 33

 

 

 

 

 

2017 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 123/ШШ2017/0033

Төв аймаг

 

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Аурора Инвестмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг дарга,

Хариуцагч: Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  Тэргүүлэгчид

Хариуцагч: Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Аурора инвестмент” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Заантогтох, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Цэцгээ, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Аурора инвестмент” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дөлгөөн нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, өмгөөлөгч Б.Заантогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг “Оюу-1” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг Ашигт малтмалын кадастрын хэлтсээс бүртгэлийн №026697 дугаарт бүртгэн, дээрх талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн талбай байрших аймгийн Засаг даргаас санал авахаар хандсан. 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн 7/4480 тоот мэдэгдлээр манай хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал ирүүлсэн учир Кадастрын хэлтэс татгалзсан болохыг мэдэгдсэн. ... Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д "Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ.”, 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасан байдаг ба Монгол Улсын Дээд шүүхийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолын 9-д “Мөн зүйлийн 19.4-т заасан "хурлын санал" нь ...сум, дүүрэг болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тогтоол байна. Хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан "...татгалзсан хариу өгч болно" гэдгийг энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно" гэж тус тус заасан байхад Төв аймгийн Засаг даргын Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдөлд өгөх санал нь Ашигт малтмалын тухай хуулийн дээрх шаардлагыг огт хангаагүй, тухайн өргөдлийн талбай нь холбогдох хуулийн дагуу хориглосон, хязгаарласан, нөөцөд болон тусгай хэрэгцээнд авагдсан зүйл огт байхгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5 дахь хэсгийг зөрчсөн. ...Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны 89 тоот саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дахь заалт, Усан сан бүхий газар гэсэн. Энэ хуулийн зүйлд заасан бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар...отрын бэлчээр,зуслан намаржаа газарт, усан сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон заалт байхгүй. Аймгийн Засаг даргын 89 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газарт хамаарахгүй байна. Мөн Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ...Хурлын санал нь ...тусгай зөвшөөрөл олгохыг хэлэлцэж шийдвэрлэсэн сум...иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдааны тогтоол байна... гэж заасан байхад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 27-ны 41 дүгээр хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг зөрчсөн. Мөн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 53 тоот тогтоол буюу санал нь Улсын дээд шүүхийн дээрх тогтоолд зааснаар хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад бэлчээрийн даац ихэдсэн, багийн иргэдийн хурлаас уурхайн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэж иргэд 100 хувь саналаар дэмжсэн зэрэг үндэслэлээр татгалзсан нь Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчиж байна. Ийнхүү Аймгийн Засаг даргын 89 тоот санал нь хууль зүйн үндэслэлгүй, хууль зөрчсөн акт байна. Хариуцагчийн төлөөлөгч аймгийн Засаг дарга дэмжихгүй гэдэг саналаа компанид явуулдаггүй, Ашигт малтмалын газарт явуулдаг гэж хэлсэн болохоор манай байгууллага мэдсэн гэх үндэслэл байхгүй. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын явсан бичигт үзлэг хийхэд ямар нэгэн байдлаар мэдэгдсэн гэдэг нотлох баримт байхгүй байсан учраас хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж болохгүй. Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны 89 тоот санал, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Хуралдааны 41 дүгээр тэмдэглэлийн “Аурора Инвестмент” ХХК-д холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын Аурора Инвестмент ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 4-т заасны дагуу сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, саналыг харгалзан 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот "Аурора инвестмэнт" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй" гэсэн саналыг Ашигт малтмалын газарт уламжилсан. Холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас "дэмжихгүй" гэсэн санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас "дэмжиж" санал явуулах хууль зүйн үндэслэл байхгүй. Учир нь Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т аймаг нийслэлийн Засаг даргын бүрэн эрх, "30.1.13. харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх... гэж тодорхой заасан байдаг Санал өгөхөөр үүрэг олгосон заалт биш, эрх олгосон заалт байгаа. Иймээс саналаа өгсөн ч өгөөгүй байсан ч Ашигт малтмалын газраас эцсийн шийдвэрийг гаргана. Дэмжихгүй гэдэг саналаа өгсөнөөр шууд үр дагавар үүсгэсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Ашигт малтмалын газрын гаргасан шийдвэр нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг хөндөнө үү гэхээс аймгийн Засаг даргын санал эрх ашгийг хөндсөн шийдвэр болж чадахгүй. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзэж байна. Бүхэл бүтэн 2 жил гаруй өнгөрч байхад өргөдлийнхөө хариуг аваагүй гэдэг нь эргэлзээтэй. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар Монгол улсын иргэн нь эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхтэй. Үүний дагуу иргэд газраа эзэмшсэн. Төрийн байгууллагын зохих ёсны зөвшөөрөлтэйгээр олгогдсон газар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл явуулах боломжгүй. Төрийн байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцсэн байх ёстой. Эхэлж давуу эрхээ эдэлсэн иргэний эрх хайгуулын тусгай зөвшөөрлөөс болж хөндөгдөх ёсгүй. Тухайн иргэд нь тус газар дээрээ хэдэн үеэрээ амьдарсан байдаг. Өнгөрсөн он жилүүдийн хувьд өвөлжөө, хаваржааны газрыг кадастрын мэдээллийн санд оруулах боломжгүй байсан. 2017 оноос эхэлж оруулж эхэлсэн. Иймээс давхцалтай гэдэг нь харагдах ямарч боломжгүй байсан. Ашиглалтын зөвшөөрөл авах юм бол иргэдийн эрх ашиг хөндөгдөнө. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Энхбат, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Батцэцэг нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар зарим сумын нутаг дэвсгэрт хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд холбогдох сумд, мэргэжлийн байгууллагаас авсан санал, дүгнэлтийн талаар хэлэлцээд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж Тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар шийдэж, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад тэмдэглэлээр үүрэг өгсөн. Энэхүү хэлэлцсэн асуудалд "Аурора Инвестмент" ХХК-ны хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн мэдэгдэлд санал авах асуудал хамаарагдсан. Монгол улсын Үндсэн хуулийн 59-р зүйлийн 2-т зааснаар "Нутгийн өөрөө удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал, тухайн хуралдааны чөлөө цагт түүний Тэргүүлэгчид мөн", 62 дугаар зүйлийн 62.1-д "Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн шинж чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна", 62.2-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие дааж шийдвэрлэж болно" гэж аль ч шатны Хурлын эрх зүйн үндсийг тогтоосон бөгөөд аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд нь тухайн нутаг дэвсгэрийн иргэдээс сонгогдсон иргэдийн төлөөллийн байгууллага тул аливаа асуудалд тэдний эрх ашгийн үүднээс ханддаг. Ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа нь иргэдийн ялангуяа малчдын эрх ашгийг ямар нэгэн хэмжээгээр хөнддөг тул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай Ашигт малтмалын газрын мэдэгдэлд санал өгөхдөө тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон иргэд, малчдын саналыг тэргүүн ээлжинд харгалзан үздэг. Хуулинд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж зааснаас биш заавал тогтоол гаргаж саналаа өгнө гэж заагаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-д заасны дагуу аймгийн Засаг дарга Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч саналаа өгсөн нь хуульд нийцсэн. Мөн Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-д "харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх" гэж санал өгөх бүрэн эрхийг аймгийн Засаг даргад тусгайлан олгосон байх тул аймгийн Засаг даргын гаргасан "дэмжихгүй" саналыг хууль бус гэж үзэх боломжгүй юм. Дэлгэрхаан сумын нутгийн иргэд, малчдын язгуур эрх ашиг, малын бэлчээр хадлангийн талбай багасаж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  дарга Д.Цэцгээ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төв аймгийн Газрын харилцаа Барилга хот байгуулалтын газрын шинээр хүссэн хайгуулын тусгай зөвшөөрөлд санал авах тухай 2015 оны 11 сарын 09-ны өдрийн 07/786 тоот албан бичгээр ирүүлсэн саналын дагуу тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаан хийж 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолоор Оюу-1 нэртэй 1462,13 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй. Аурора Инвестмент ХХК-ны хайгуул хийхээр хүссэн талбайд 5 өрхийн өвөлжөө хаваржаа, 3 уст цэг, улаан дэлийн булаг байдаг. Тарган багийн малчдын усны ундарганы эх үүсвэр болсон Тарганы голтой ойрхон, бэлчээрийн гол нутаг учир ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг малчид эрс эсэргүүцдэг. Манай сумын нийт өрхийн 90 гаруй хувь нь мал аж ахуй эрхэлдэг. Сүүлийн жилүүдэд цөлжилт, элсний нүүдэл их хэмжээгээр явагдаж, газрын доройтол талхагдалтанд өртсөн тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасны дагуу Тарган багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 11 сарын 11-ний өдрийн 02 тоот тогтоолоор Аурора Инвестмент ХХК-ны хайгуул хийх хүсэлтийг "эс дэмжсэн" саналаа сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд уламжилсан. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал иргэдээ сонсож, ард түмнийхээ шийдвэрийг хүндэтгэн иргэдийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Аврора инвестмент” ХХК-иас тус шүүхэд хандан “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 026697 дугаарт бүртгэгдсэн Оюу-1 нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуульд заасны дагуу дэмжсэн санал гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “Аурора Инвестмент” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 22-ний өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-026697 /ХА-019715/ дугаарт бүртгэж анхан шатны шүүлт хийсний дараа “Дэлгэрхаан сумын Оюу-1 нэртэй 1462.13 гектар талбайд хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх талаар саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 6/8559 дугаар албан бичгээр Төв аймгийн Засаг даргад хүргүүлжээ[1]

Уг мэдэгдлийг Төв аймгийн Засаг дарга хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т зааснаар дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохыг хүсч буй талбай байрших Дэлгэрхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад[2] шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх саналаа ирүүлэхийг мэдэгдсэний дагуу тус сумын  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолоор “дэмжихгүй” санал хүргүүлсэн[3], тус тогтоолыг үндэслэн Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр тэмдэглэлээр “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэн, энэхүү шийдвэрийг үндэслэн албан ёсны саналыг хуулийн хугацаанд нь өгөхийг аймгийн Засаг даргад даалгасан[4]. Тухайн шийдвэрийг Төв аймгийн Засаг дарга  биелүүлж, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн “хайгуулын зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” тухай  2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 дугаартай саналыг 30 хоногийн дотор Ашигт малтмалын газарт хүргүүлсэн[5], Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 360 дугаар шийдвэрээр “аймгийн Засаг дарга дэмжихгүй санал ирүүлсэн” гэх үндэслэлээр өргөдлийн бүртгэлийн NE-026697 ХА-019715 дугаарт бүртгэгдсэн “Аврора инвестмент” ХХК-нд тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж[6], 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 7/4480 дугаартай албан бичгээр “хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” тухай мэдэгдлийг тус компанид мэдэгдсэн[7]  болох нь  хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Дэлгэрхаан сумын Оюу-1 нэртэй газарт “Аурора инвестент” ХХК-д  ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжих эсэх тухай асуудлыг тус сумын 1 дүгээр багийн иргэдийн Нийтийн Хурал 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн 2 дугаар тогтоолоор, мөн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 53 дугаар тогтоолоор, Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд 41 дүгээр тэмдэглэлээр Монгол улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5, долдугаар зүйлийн 5, арван зургаадугаар зүйлийн 2, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.12, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.2.1, Усны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-д заасныг үндэслэн “Аврора инвестмент” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй” хэмээн тус тус шийдвэрлэсэн байна. Эдгээр нь нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.1.8, 18 дугаар зүйлийн 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12-д тус тус зааснаар “нутаг дэвсгэрийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хамгаалах, зүй зохистой ашиглах, эзэмших тухай санал, хүсэлтийг хэлэлцэх, нутаг дэвсгэрийн тулгамдсан асуудал болон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлаар сум, дүүргийн Хурлын саналыг авч Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрээ Засаг даргад уламжлах” бүрэн эрхийн хүрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн, хуульд нийцсэн захиргааны актууд байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хууль болон Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагуудаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар санал өгөх үндэслэлийг тусгайлан тодорхойлж заагаагүй тул дээр нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн “сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 53 тоот тогтоол нь хуульд заасан үндэслэлээр татгалзах ёстой байхад бэлчээрийн даац ихэдсэн, багийн иргэдийн хурлаас уурхайн ямар ч үйл ажиллагаа явуулахгүй гэж иргэд 100 хувь саналаар дэмжсэн зэрэг үндэслэлээр татгалзсан нь Улсын дээд шүүхийн тогтоолыг зөрчсөн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Үүнээс гадна Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга ...сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх...” гэж зааснаас үзвэл ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн санал нь “тогтоол” хэлбэртэй байх тухай хуулиар тодорхойлон заагаагүй байх тул нэхэмжлэгч талын өмгөөлөгчийн “Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 9 дүгээр тогтоолын 9-д ...Хурлын Тэргүүлэгчдийн  хуралдааны тогтоол байна... гэж заасан байхад Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2015 оны 11 сарын 27-ны 41 дүгээр хуралдааны тэмдэглэлээр санал өгсөн нь дээрх шаардлагыг зөрчсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч, хариуцагч нар Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн талбай нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан болон Усан сан бүхий газартай давхцалтай эсэх талаар маргаагүй болно.

Харин нэхэмжлэгч тал Төв аймгийн Засаг даргын ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд өгсөн 89 тоот санал нь ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан газар, нөөцөд авсан газарт хамаарахгүй, Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж заасныг зөрчсөн гэж, хариуцагч тал  холбогдох сум болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс “дэмжихгүй” гэж санал ирсээр байхад аймгийн Засаг даргаас “дэмжиж” санал явуулах хууль зүйн үндэслэлгүй гэж маргажээ.

Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн Дэлгэрхаан сумын Оюу-1 нэртэй 1462.13 гектар талбайд ашигт малтмал эрэх хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, эрх бүхий байгууллагаас тухайн талбайг нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан гэх байдал нотлох баримтаар тогтоогдохгүй, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д заасан нийтээр ашиглах газар, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан иргэдийн эзэмшил ашиглалтад буй зуслан, намаржаа, өвөлжөө, хаваржааны газарт ашигт малтмал хайхыг хуулиар хориглоогүй байна. Харин Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно” гэж зааснаас үзвэл хууль тогтоогчоос аймгийн Засаг даргад хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч “болох” гэж эрх олгосон байгаагаас биш үүрэг болгоогүй байх тул аймгийн Засаг дарга нь хуульд заагаагүй үндэслэлээр ч татгалзах эрхтэй байна. Үүнээс гадна аймгийн Засаг дарга нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.1.13-т зааснаар  харьяалах нутаг дэвсгэрт нь ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход тухайн Хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрийг үндэслэн санал өгөх бүрэн эрхтэй байх бөгөөд Төв аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 41 дүгээр тэмдэглэлээр өгсөн шийдвэрийг  үндэслэн санал өгсөн байх тул Төв аймгийн Засаг даргын  89 тоот “дэмжихгүй” саналыг хууль зөрчсөн гэж үзэх  үндэслэлгүй байна. 

Дээрх нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны актууд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх бөгөөд тус актуудыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5, Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.2.з, 20 дугаар зүйлийн 20.1.7, 22 дугаар зүйлийн 22.1.12-дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Аврора инвестмент” ХХК-ний “Төв аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 89 тоот дэмжихгүй санал, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 41 дүгээр хуралдааны тэмдэглэлийн "Аурора инвестмент" ХХК-нд холбогдох хэсэг, Дэлгэрхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 53 тоот тогтоолын “Аурора инвестмент” ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.      

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                                   Ч.ОДСҮРЭН

 

 


[1] Хэргийн 65-р хуудас,

[2] Хэргийн 58-р хуудас,

[3] Хэргийн 46 дугаар хуудас,

[4] Хэргийн 64-65 дугаар хуудас,

[5] Хэргийн 66-р хуудас

[6]  Хэргийн 108-р хуудас,

[7] Хэргийн 9-р хуудас,