Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 30

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч                                        Б.Батзориг

                                Шүүгчид                                                      С.Оюунцэцэг

                                                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид:

            Нэхэмжлэгч                                                  Д.Буяннэмэх

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                       А.Отгонбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч                         Д.Эрдэнэ-Оргил

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батзаяа

Хамтран хариуцагчийн өмгөөлөгч        Л.Оюунсувд/он-лайн/

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Буяннэмэхийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын даргад холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин 580582 төгрөг гаргуулах тухай” тухай иргэний хэргийг  2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Д.Буяннэмэх анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд сонгон шалгаруулалтаар тэргүүлж нягтлан бодогчоор 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл ажилласан. Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 1/1086 албан тоотын дагуу суманд санхүүгийн алба байгуулагдан бүтэц орон тоонд өөрчлөлт орсны дагуу Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 тоот тушаалаар сумын Засаг даргын тамгын газарт шилжин очсон. Намайг ажилд оруулахгүй байсан тул би 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Төрийн албаны зөвлөлд ажилд эргүүлэн авах талаар бичгээр хүсэлт гаргасан юм. Төрийн албаны зөвлөл хүлээн аваад 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр зөвлөл ажилд эргүүлэн томил гэсэн шийдвэр өгсөн. Гэтэл Алтанбулаг сумын Засаг даргын тамгын газрын дарга уг шийдвэрийг биелүүлэхгүй байсаар байна. Алтанбулаг сумын Засаг даргын зөвлөл хуралдаад тухайн үед намайг ажилд тэнцэхгүй юм байна гэсэн шийдвэр гаргаж өгсөн. Түүнээс хойш энэ хугацаанд үнэхээр намайг ажилд тэнцэхгүй байна гэсэн шийдвэр гаргаад өгсөн бол би эрүүл мэндийн төвөөс шилжээд очсон байхад намайг ажилд маань буцаагаад авах тухай тушаал эсвэл ажлаас халаад ч юм уу шийдвэр гаргах ёстой байсан гэж би бодож байна. Миний хувьд ажилд тэнцэхгүй байна гэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ хугацаанд миний бие цалин хөлсгүй хохирч байна. Миний бие ам бүл 3. Нөхөр эрхэлсэн ажилгүй, бага насны хүүхэдтэй. Би өөрөө жирэмсэн юм. Иймд хууль журмын дагуу намайг ажилд эгүүлэн томилуулах шийдвэр гаргаж өгнө үү. Мөн ажилгүй байсан хугацааны цалин 580,582 төгрөг болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарах өдөр хүртэлх хугацааны цалинг нөхөн олгуулж өгнө үү...” гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

“...Тус сумын ЗДТГ-т Санхүүгийн алба шинээр 2016 он гараад байгуулагдах шаардлага бий болсон. Урьд онуудад суманд төрийн санч 1, төсвийн ня-бо 3 ажиллаж байсан. Үүнд:

1.Ня-бо Х.Алтанхүү- Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийг хариуцсан нийтдээ 60 гаруй албан хаагчидтай сумандаа томоохондоо тооцогддог сумын төсвийн илүү хувийг хамардаг.

2.Ня-бо Н.Эрдэнэцэцэг-ИТХ, ЗДТГ, 3-н баг, СМТөв, цэцэрлэгийг хариуцан ажилладаг.

3.Ня-бо М.Буяннэмэх-ЭМТ-ийг хариуцаж ажиллаж байсан. Энд 20 орчим хүн хамардаг хамгийн жижиг байгууллага. Ийм учир 3-н ня-богийн хоёрыг нь шинэ бүтцээр авч ажиллуулах болсон.

2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх ня-бо нарын талаар өөрсдийг нь болон байгууллага хариуцсан дарга, эрхлэгч, нарыг нь байлцуулан хуралдаж шийдвэр гаргасан. Төсөв хариуцсан ня-бо нар нь төрийн үйлчилгээний /ТҮ/ ангиллаар цалинждаг тул сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж уг албан тушаалд томилогдсон болно. Төсвийн мэргэжилтэний хувьд төрийн захиргаа /ТЗ/ ангиллаар цалинждаг тул Төрийн албаны шалгалтанд тэнцсэн хүнийг авч ажиллуулах шаардлагатай. Одоогоор түр хугацаагаар 1 хүнийг авч ажиллуулж байгаа ба ажлын байрны сул орон тооны захиалгаа холбогдох газарт явуулсан байх тул шалгалтанд тэнцсэн хүнийг ажиллуулах нь нээлттэй болно.

            Шийдвэрээр М.Буяннэмэхийг ажиллуулах боломжгүй гэсэн шийдвэр гарсан Засаг даргын зөвлөлийн хурлын материалыг хавсаргав...” гэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Би анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 495 дугаартай шийдвэрийн нотлох баримтыг хангахгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь ажиллаж байсан хүмүүсийг хэвээр ажиллуулах тухай Засгийн газрын тогтоол бий. Би Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтнаас Засаг даргын захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өөрийн биеэр очиж хуулбарлан авсан. Энэ баримт хавтаст хэрэгт авагдсан. Хариуцагч талаас үүнийг худлаа гэж огт хэлээгүй. Өмнө нь энэ хэрэг нэг удаа давах шатны шүүхээр орж байсан. Дээрх баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэдэг талаар огт яригдаагүй...” гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Сэлэнгэ аймагт санхүүгийн алба байгуулах тухай захирамж 4 хувь байсан. Засаг даргын туслахаас нь хуулбар үнэн гэсэн тэмдэг даруулаад уг баримтыг авсан. Дээрх захирамжтай холбоотой журам, санхүүгийн тодотгол хүртэл авагдсан. Засгийн газраас дээрхи албыг Сумын засаг даргын санхүүгээс санхүүжүүлж байхыг даалгасан. Гэтэл шүүх уг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасныг хангаагүй гэж үзсэн. Үүнд гомдолтой байна. Дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 30 дугаартай тогтоол дээр хүртэл бичгийн нотлох баримтыг тодорхой заасан. Энэ нотлох баримт хуульд заасан шаардлыг хангасан гэж үзэж байна. Хуульд заасан шаардлагын дагуу нотлох баримт гаргаж өгсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан шаардлага хангасан нотлох баримт гаргасан.

Урьд өмнө 2 удаагийн шүүх энэ нотлох баримтыг үгүйсгээгүй. Хуульд заасан эрхийг зөрчиж байна...” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаан өгсөн тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч тал нотлох баримт үнэлээгүй гэж гомдол гаргасан байна. Миний зүгээс нэхэмжлэгч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг буруу ойлгосон байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн уг баримтыг нотлох баримтаас хассан, харин нэхэмжлэгчийг уг ажилд тохирох тухай холбогдох баримтаа гаргаж өгөөгүй гэж шүүхээс үзсэн.

Санхүүгийн албанд 3 нягтлан шилжиж ирэхээс 2 орон тоо байсан. Ингээд 3 нягтлангаас хоёрыг нь Засаг дарга зөвлөлийн хурлыг хэлэлцүүлж 2 нягтлан шалгаруулж авсан. Шалгарсан  2 нягтлан нь урьд зөрчил гаргаагүй байсан.

М.Буяннэмэхийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 7, 7 дугаар зүйлийн 7.3  дахь хэсэгт заасныг дагуу гаргасан зөрчил дутагдлыг нь хууль, хяналтын байгууллагад өргөдөл гаргаж шалгуулсан. Ингэхдээ М.Буяннэмэхийг гэм буруугүй гэж цагаатгаагүй, харин хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. М.Буяннэмэх хэрвээ буруугүй байсан бол цагаатгасан дүгнэлт гарах байсан.  Нэхэмжлэгч өөрөө ажилд авахгүй байх талыг няцаах нотлох баримт гаргаж өгөөгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 165 дугаа зүйлд заасан үндэслэл байхгүй. Иймд мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэхь хэсэгт зааснаар хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Хамтран хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюунсувд давж заалдах шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа:

“...Энэ хэрэгт Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төв хамтран хариуцагчаар татагдсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухай хуульд заасан дагуу тайлбар гаргаж өгсөн. Засгийн газрын 316 дугаар Санхүүгийн алба байгуулах тухай тогтоол гарсны дагуу М.Буяннэмэхийг шилжүүлсэн. Түүнийг Сэлэнгэ аймгийн Засаг дарга албан тоотоор ажилд аваагүй учир энэ хэрэгт бид хамтран хариуцагч биш бөгөөд дээрх асуудалд оролцоогүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны ба үнэдэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан...” гэв.

 

Үндэслэх нь:

 

Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор  харьцуулан үнэлэх, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй  байна. Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт өгч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тамгын газарт холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан тухай гомдлыг шүүхэд гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. Хэргийг судлан үзвэл: Монгол улсын Засгийн газрын 2014 оны 326 дугаартай “Санхүүгийн алба байгуулах тухай”  тогтоолоор сумдад үйл ажиллагаа явуулж байгаа төсвийн байгууллагуудад санхүү, нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн үйлчилгээг хүргэх, сумын төсөв, санхүү, эдийн засаг, хөгжлийн бодлогын төлөвлөлт хариуцсан санхүүгийн алба байгуулахыг Сумын засаг даргын тамгын газарт үүрэг болгосон байна.

 Засгийн газрын 326 дугаартай  тогтоолыг үндэслэн Сэлэнгэ аймгийн засаг дарга сумдын засаг дарга нарт  Санхүүгийн албыг 2015 оны 12 сард багтааж байгуулах,  төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар одоо ажиллаж байгаа хүмүүсийг  Санхүүгийн албанд шилжүүлэн ажиллуулахыг 2015 оны 12 сарын 08-ны өдрийн 1/1086 дугаартай албан бичгээр мэдэгджээ. Дээрхи Засгийн газрын тогтоол болон аймгийн засаг даргын албан бичгийн дагуу  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд  2016 оны 01 сарын 08-ны өдөр  Санхүүгийн алба байгуулжээ.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвд нягтлан бодогчоор 2012  оны 02 сарын 01-ны өдрөөс эхлэн ажиллаж байсан бөгөөд суманд Санхүүгийн алба байгуулагдсантай холбогдуулан  Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 01 сарын 04-ны өдрийн тушаалаар түүнийг сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албанд  шилжүүлсэн байна. Гэтэл  Алтанбулаг сумын засаг даргын тамгын газрын дарга нь 2016 оны 01 сарын 11-ны өдрийн Б/02 дугаартай ажилд томилох тухай тушаалаар ЗДТГ-ын бүтэц, орон тоонд шинээр байгуулагдсан санхүүгийн албанд М.Буяннэмэхээс бусад шилжин ирсэн нягтлан бодогч нарыг  2016 оны 01 сарын 04-ны өдрөөс эхлэн томилсон байна.

  Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн орон тоо нь /М.Буяннэмэхийн ажиллаж байсан/ сумын тамгын газарт шинээр байгуулагдсан Санхүүгийн албанд шилжсэн байхад  Сумын засаг даргын тамгын газар нь  өнөөдрийг хүртэл М.Буяннэмэхийг ажилд нь томилоогүй бөгөөд ажилд нь яагаад томилохгүй болсон тухай  эрх зүйн ямар нэгэн акт гаргаагүй өнөөдрийг хүрчээ. Энэ үеэс эхлэн талуудын хооронд маргаан үүссэн байна.

Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь нэхэмжлэлийн шаардлагаа ЭМТөвийн нягтлан бодогчын орон тоо нь шинээр байгуулагдсан Санхүүгийн албанд шилсэн байхад намайг өнөөдрийг хүртэл ажилд томилоогүй тул өөрийгөө ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байна тайлбарладаг.

Харин хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тамгын газар нь М.Буяннэмэх нь Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчоор  ажиллаж байхдаа санхүүгийн хариуцлага алдсан, цаг ашиглалт муу, ёс зүйн алдаа гаргасан цаашид нягтлан бодогчоор ажиллах боломжгүй гэж сумын засаг даргын зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн гэж тайлбарладаг.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “ төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж заажээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т  Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болохоор заасан бөгөөд хөдөлмөрийн гэрээг  цуцлах болсон үндэслэлээ тодорхой зааж хөдөлмөрийн болон холбогдох  хууль тогтоомжыг баримтлах, ажилтан ажилдаа тэнцэхгүй болсон нь мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон, эсхүл ажлын хариуцлага алдсан тухай хууль хяналтын, мэргэжлийн  болон санхүүгийн эрх бүхий байгууллагын шалгалт зэргээр тогтоогдсон байхыг шаарддаг. 

Гэтэл хариуцагч Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар нь нэхэмжлэгч М.Буяннэмэхийн ажлын орон тоо хэвээр хадгалагдсаар атал түүнийг албан тушаалд нь томилохгүйгээр зөвхөн засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэлээр ажилдаа тэнцэхгүй алдаа дутагдал гаргасан гэж дүгнэн ямар нэгэн эрх зүйн акт гаргахгүйгээр ажилд нь томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд нэхэмжлэгч М.Буяннэмэхийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд нь эргүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар М.Буяннэмэхийн ажилгүй байсан хугацааны цалинг 2016 оны 01 сарын 04-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэлхи хугацаагаар тооцон гаргуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч М.Буяннэмэхийн цалинг хэрэг цугларсан нотлох баримт болох цалингийн цэс, цалингийн тодорхойлолт нйигмийн даатгалын дэвтэрийн хуулбар зэргийг үндэслэн сарын дундаж цалинг 580.584 төгрөгөөр тооцож 10 сарын хугацааны цалинг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Эрүүл мэндийн төвийг хамтран хариуцагчаар татан оролцуулжээ. Алтанбулаг сумд Санхүүгийн алба байгуулагдаж улмаар хамтран хариуцагч Эрүүл мэндийн төвийн нягтлан бодогчийн орон тоо Сумын засаг даргын тамгын газарт шилжсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч М.Буяннэмэхийн орон тооны хамт шилжүүлсэн нь хууль зөрчөөгүй, тус хэргийн  хариуцагч биш бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдэвэрлэх явцад нэхэмжлэгч М.Буяннэмэх нь Эрүүл мэндийн төвд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байхад анхан шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ дурьдсан атлаа тогтоох хэсэгтээ шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан  байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 сарын 15-ны өдрийн 495 дугаартай шийдвэрийн “Тогтоох” хэсгийн:  

1 дэх заалтыг:

“...1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар М.Буяннэмэхийг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын санхүүгийн албанд нягтлан бодогчийн ажилд нь эргүүлэн тогтоож, хамтран хариуцагч Эрүүл мэндийн төвд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн,

“11. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар  хариуцагч Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тамгын газраас 5.805.840 төгрөгийн цалин гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.”   гэсэн заалт  нэмж,

2 дахь заалтыг:

“...2.нэхэмжлэгч М.Буянэмэхийн нэхэмжлэл Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг  дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  хариуцагчаас 18067 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид олгож, мөн   89.777 төгрөг гаргуулан орон нутгийн оролгод оруулсугай...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Нэхэмжлэгч М.Буяннэмэх нь Улсын тэмдэгтийн хураамжийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  давж заалдах гомдол гаргах улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй. 

 

                                         ДАРГАЛАГЧ                   Б.БАТЗОРИГ

                                         ШҮҮГЧИД                       С.ОЮУНЦЭЦЭГ

                                                                                Г.ДАВААРЕНЧИН